| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2019/00051/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 53
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Г гийн Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1937000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг суманд 1968 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, РД: , Ц овогт Г гийн Г .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 59-02 ХОҮ улсын дугаартай “Ниссан тирано” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт мөн дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 12.4-д заасан тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Р.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутагт баригдаж байгаа шинэ Хөшөөт тосгоны барилгын цементний хэв угсрах ажил хийхээр 09 цагт очоод 17 цагийн орчим Цэцэг сумын төв орж ирээд буцаад “Лю ди ван” ХХК дээр очоод шинэ Хөшөөт тосгон ороод хэв авах гэсэн чинь хамгаалагч нь оруулахгүй байхаар нь Цэцэг сум руу явж байгаад замдаа машинтайгаа онхолдсон. Ниссан тирано 59-02 ХОА улсын дугаартай машиныг би жолоодоод надтай хамт Р.Эрдэнэбат явж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...тэр өдөр Хөшөөтийн шинэ тосгонд ирэхэд 2-3 согтуу хүн байсан. Тэдний дундаас Р.Эрдэнэбатыг аваад явж байгаад зам тээврийн осол гарсан. Ослын шалтгаан хурд хэтрүүлснээс болсон гэсэн дүгнэлт гарсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Р.Эрдэнэбатын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ослын улмаас баруун өвдөг бяцарч баруун талын 3 хавирга хугарч сээр яс цуурсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 415 тоот шинжээчийн:
1.Р.Эрдэнэбатын биед гэмтэл тогтоогдлоо.
2.Р.Эрдэнэбатын биед баруун хөлийн тойг ясны бяцарсан хугарал, зулай хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, 2 нүдний алиманд цус хуралт, баруун хацар хэсэгт зулгаралтын сорви, хамар хэсэгт зулгаралтын сорви, дээд уруул хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун тохой хэсэгт зулгаралтууд бүсэлхийн нугалам хэсгийн гадаргууд зулгаралтууд, доод уруулын дотор талд зулгаралтын сорви, баруун шагайн үе хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.Р.Эрдэнэбатын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Р.Эрдэнэбатын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна
5.Р.Эрдэнэбатын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6.Р.Эрдэнэбатын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 102 тоот шинжээчийн:
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 105 тоот шинжээчийн:
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 101 тоот шинжээчийн:
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 104 тоот шинжээчийн:
- эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол
- эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл
- хохирлын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Г нь нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 59-02 ХОҮ улсын дугаартай “Ниссан тирано” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт мөн дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзантээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 12.4-д заасан тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Р.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Эрдэнэбатын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.
Шүүгдэгч Г.Г нь улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас өөрийн биед хүнд гэмтэл авсан, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Г гийн Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г гийн Г ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 10 тооны ямаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.