Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/176

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч П.Алтаншагай нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагайд холбогдох эрүүгийн 19360000000206 дугаартай, 178/2019/0171/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 15-ны  өдөр  хүлээн  авч  2019 оны 11 сарын 18-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1992 оны 11 сарын 12-ны өдөр Ховд аймгийн  Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд  боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Ховд аймгийн Жаргалант  сумын Баатархайрхан багийн 7-28 тоотод  оршин суух,  аминдаа 600 толгой мал, гэр нэгийн   хөрөнгөтэй,  өвчний учир группт байдаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 03 сарын 23-ны 14/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар  3 жил 5 сарын хорих ялаар,  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн  127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгүүлсэн ПЮ92111215 дугаарын регистртэй, Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагай.

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч П.Алтаншагай нь  2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт  байрлах  “Х glab” бааранд хувиин таарамжгүй харьцааны  улмаас хохирогч Б.Энхбатын нүүрэн тус газар нь  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант   сумын Буянт багийн 16-06 тоотод   оршин суух, 1998  оны 10 сарын 22-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ПО98102211 дугаарын регистртэй Хойд  овогт  Батмөнхийн Энхбатын өгсөн...“   2019 оны 10 сарын 22-ны орой 23 цаг 30 минутын үед баар хаагаад тооцоогоо хийгээд зогсож байсан чинь манай найз Батгэрэл “тэнд сууж байгаа охины дугаар аваад ир” гэхээр нь очоод “дугаараа өгөөч” гээд зогсож байсан чинь цаанаас Занданмөнх гэх хүн ирээд юу болоод байна  гэж надаас асуухаар нь энэ охины дугаар авах гэсэн юм гэж хэлсэн. Манай найз Батгэрэл ирээд тоглож байсан юм ахаа гээд инээгээд бид 3 юм яриад зогсож байсан. Тэгсэн цаанаас П.Алтаншагай гэх хүн ирээд манай найз бид 2-ыг “муу бацаанууд минь зайлцгаа “ гэхээр нь би уучлаарай ахаа тоглож байсан юм гэж хэлээд эргээд цаашаа явж байсан чинь миний араас ирээд “хөөе сүнснүүд минь үхдэл болоогүй байсан дээрээ зайл” гэхээр нь манай найз Батгэрэл “та яасан” гэнээ гээд тэр 2 маргалдсан. Батгэрэлийг Занданмөнх, би Алтаншагай ахыг цааш нь салгаад аваад явсан чинь Алтаншагай гартаа пиво барьчихаад миний пиво дусчихлаа гээд шилээ доошоо тонгойлгоод надад өгөхөөр нь би аваад таны пиво дуусчихсан байна ш  дээ гэж хэлсэн.  Тэгтэл  миний  уруул хэсэгрүү гараа атгаж байгаад нэг цохиод авсан.  Тэгээд манай найз ирээд намайг салгаад Ц.Батгэрэл  цагдаа дуудчихсан. Уруул дээрээ 3 оёдол тавиулсан. 2 шүд хөдөлсөн ба шүд уруул өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6,12-13-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Ц.Батгэрэлийн гэрчээр өгсөн...2019 оны 10 сарын 22-ны орой 23 цаг 30 минутын үед “Х клуб” хаах гээд үйл ажиллагаа зогсоочихсон хүмүүсээ гаргаж байх хооронд би найз охинтойгоо текин дээр юм яриад зогсож байсан чинь манай найз Б.Энхбат ирээд “тэр цаана сууж байгаа охины дугаар би очоод аваад ирье” гээд хоорондоо тоглоод тэр охины дугаар авах гээд ширээн дээр суусан чинь Занданмөнх гэдэг хүн хамт сууж байснаа босож ирээд Энхбат руу юм хэлээд байхаар нь би очоод “уучлаарай” гэж хэлээд хамт зогсож байсан  чинь цаанаас Алтаншагай гэх хүн ирээд “та нар яагаад байгаа бацаанууд вэ” гэхээр нь бид 2 “уучлаарай” гэж хэлээд цаашаа явсан.  Алтаншагай гэх хүн бид  хоёр луу  “сүнснүүд минь зайлцгаа” гэж хэлэхээр нь бид 2 эргэж хараад “та яагаад бацаанууд минь яв гээд хэлчихэж болохгүй байгаа юм бэ” гэж хэлсэн.  Бид 2-ын өөдөөс” үхдэл болоогүй дээрээ зайлцгаа” гэхээр нь би та одоо яаж яриад байгаа юм бэ гэсэн чинь Занданмөнх ах намайг шууд тэврээд авсан.  Алтаншагай чимээгүй зогсож  байснаа гартаа барьж байсан пивоо тонгойлгоод миний ууж байсан пиво дуусчихлаа гэж хэлээд шилийг нь Энхбатад өгсөн. Тэгээд Энхбат аваад таны пиво дуусчихсан байна  ахаа гэж хэлсэн чинь  Энхбатыг шууд нүүрэн хэсэгт нь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь  Зандан ах бид 2 салгаж аваад бид хэд гараад зогсож байсан чинь манай найзын амнаас цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Юунаас болсон нь мэдэгдэхгүй миний пиво дуусчихлаа гэж хэлээд манай найзад пивоныхоо шилийг өгсөн. Тэгэхээр нь манай найз  таны  пиво дуусчихсан байна гэж хэлсэн чинь яасан нь мэдэгдэхгүй  шууд цохиод  унагаачихсан ...  гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 722 дугаартай...Б.Энхбатын биед гэмтэл тогтоогдлоо.

  Б.Энхбатын биед  дээд уруул хэсэгт шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун гадна хэсэгт зулгаралт., дээд эрүүний баруун талын1,2 дугаар шүдний хөдлөл, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Б.Энхбатын биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

Б.Энхбатын биед учирсан гэмтлүүд  нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Б.Энхбатын биед учирсан гэмтлүүд нь тухайн  хэрэг учралын үед үүссэн байх боломжтой

Б.Энхбатын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

Б.Энхбатын биед учирсан гэмтлүүд нь  шинээр үүссэн байна”... гэх дүгнэлт /хх-ийн 19-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 779 дугаартай... П.Алтаншагайн биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт/хх-ийн 22-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Алтаншагайн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Б.Энхбатыг  цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна.Миний буруу 2019 оны 10 сарын 22-ны өдөр “Х клаб” бааранд найзуудтайгаа пиво уугаад сууж байгаад ууж байсан пивоо бариад Б.Энхбаттай очиж уулзахад “танай найзын найз охины дугаарыг авна гээд би найзтайгаа нэг шил архины бооцоо тавьсан юмаа”гэхээр нь би “ чи юу гээд байгаа  юм бэ “ гээд маргалдаж байгаад миний  барьж байсан пивийг авч асгачихаад ахаа би пивийг асгачихлаа яах уу гээд 2-3 удаа хэлэхээр нь ямар их хүн шорддог юм гэж бодоод уур хүрээд ам руу нь 1 удаа мөргөсөн чинь Б.Энхбат хойшоо саваад гараараа газар тулаад босож ирсэн.  Тэгсэн чинь Батгэрэл найз Энхбатыгаа өмөөрөөрд над руу пивоны шил шидээд оноогүй. Энхбат миний толгойны ар тал руу атгасан гараараа 1 удаа нурууны гол руу 2 удаа гараараа цохиход бид 2 салцгаасан. Тэгээд ширээн дээрээ очоод сууж байтал” пизда, лалар чамайг ална гараад ир” гэж хэлээд пивоны шил над руу авч шидээд намайг оноогүй. Энхбат дахиж ирээд надтай маргалдаад барилцаж аваад миний  цамц тайлагдаад надаас салаад баарнаас гараад явсан.  Буцаж орж ирэхдээ цагдаа нартай хамт орж ирсэн. Би хөнгөн зэргийн, Б.Энхбат дунд зэргийн согтолттой байсан. Би нойрондоо татаж унадаг өвчин эмгэгтэй. 70 хувийн группд байдаг. Би Б.Энхбатад эм тариа болон шүдний зураг авахуулахад 15000 төгрөг төлсөн Тухайн үед Б.Энхбат надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлж байсан. Биед гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч П.Алтаншагай нь  2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 23-нд шилжих шөнө Ховд аймгийн  Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг   “Х кlab” бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Энхбаттай маргалдаж улмаар нүүрэн  тус газар нь гараараа цохиж,  эрүүл мэндэд нь... дээд уруул хэсэгт шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун гадна хэсэгт зулгаралт., дээд эрүүний баруун талын1,2 дугаар шүдний хөдлөл, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт ... гэх хөнгөн  гэмтэл учруулсан хэргийн  үйл баримт тогтоодсон.   

Шүүгдэгч П.Алтаншагайн  үйлдлийн улмаас...хохирогч Б.Энхбатын биед  дээд уруул хэсэгт шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун гадна хэсэгт зулгаралт., дэд эрүүний баруун талын 1,2 дугаар шүдний хөдлөл, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт...гэмтэл учирсан болох нь шинжээчийн 722 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч П.Алтаншагай нь  учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Энхбатын өгсөн...миний уруул хэсэг рүү гараа атгаж байгаад нэг цохиод авсан.  Уруул дээрээ 3 оёдол тавиулсан. 2 шүд хөдөлсөн ба шүд уруул өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6,12-13-рт/, Ц.Батгэрэлийн гэрчээр өгсөн... Энхбатыг шууд нүүрэн хэсэгт нь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь  Зандан ах бид 2 салгаж аваад бид хэд гараад зогсож байсан чинь манай найзын амнаас цус гараад байхаар нь би цагдаад дуудлага дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн14-15-рт/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч П.Алтаншагай нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч П.Алтаншагайгийн   2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 23-нд шилжих шөнө Ховд аймгйин Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт  байрлах  “Х glab” баааранд хувиин таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Энхбатыг нүүрэн тус газар нь  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч П.Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Хохирогч Б.Энхбат  нь  миний эрүүл мэндэд учирсан  хохирлын 15000 төгрөгийг П.Алтаншагай  төлж өгсөн,  надад ямар нэгэн гомдол санал байхгүй талаараа хэргийн 12-13 дугаар хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, байх тул шүүгдэгч П.Алтаншагайг  хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 15000 төгрөг төлсөн гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагай нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 03 сарын 23-ны 14/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар  3 жил 5 сарын хорих ялаар,  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн  127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн  31  дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Б.Даваанямын өгсөн... гэрч Б.Энхжаргалын П.Алтаншагай нь муу зуршил байхгүй ажилд сайн  шударга, үг дуу цөөтэй нийтэч зантай, ар гэрийнх нь амьдрал хүрэлцээний  хувьд тийм ч боломжийн бус дундаж. Гэрийнхэн нь Улаанбаатар хотод байдаг. Өөрөө энд байдаг ба улирлын чанартай барилга дээр ажилладаг. Хуримаа хийх гэж байгаа...гэх мэдүүлэг, гэрч Д.Дашдоржийн...Цагаан цайлган сэтгэлтэй хүнд муу юм бодддоггүй. Тусдаа гараагүй хуримаа удахгүй хийх гэж байгаа...гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагай нь , хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч П.Алтаншагай нь   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч П.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  найман зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний,  найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийгөө  өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон  найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний найман  мянган төгрөгөөр торгох  саналыг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлнө.  Хуримаа хийх гэж байгаа тул  хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

Шүүхээс шүүгдэгч П.Алтаншагайг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч П.Алтаншагайг найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Алтаншагайд оногдуулсан 800000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд  хэсэгчилэн  төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936000000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч   П.Алтаншагай нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 15000 төгрөг төлсөн   болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Алтаншагайд холбогдох  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагайг найман  зуун    нэгжтэй тэнцэх хэмжээний   найман зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагайд оногдуулсан найман зуун  мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд  хэсэгчилэн  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.Алтаншагайд тайлбарласугай.

5.Эрүүгийн 1936000000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Алтаншагай нь  цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 15000 төгрөг төлсөн болохыг  тус  тус дурдсугай.

6. Шүүгдэгч Төнхөн  овогт Пүрэвжавын Алтаншагайд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА