| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0168/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/173 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ч.Энхсүх, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Баянхайрхан ургийн овогт Чулуунбатын Энхсүхэд холбогдох, 178/2019/0111/э/ индекстэй, 1936000000199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 05 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багг оршин суух хаягтай, одоогоор Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 24-10 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПН00251412 регистрийн дугаартай, Баянхайрхан ургийн овогт Чулуунбатын Энхсүх
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Ч.Энхсүх нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Бишгарамын эзэмшлийн “Хүлэг” нэртэй мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн хатан түнгэл 24 айлын орон сууцны 10 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, ард дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ПП81013017 дугаарын регистртэй/ Шаргай овогт Рагчаасүрэнгийн Бишгарамын өгсөн... Би 2019 оны 10 сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад 10 цагийн үед гэрээсээ гараад төв бараан захын дээд талд байдаг баз болох Ж.Баатаржавын хашаанд байсан тээврийн хэрэгсэлдээ үйлчилгээ хийгээд 15 цагийн үед техникийн зах аас сэлбэг авах гээд өөрийн эзэмшлийн улаан өнгийн Хүлэг нэртэй мотоцикльтэй ирээд Эрка эгчийн гуанзыг түшүүлээд тавьчихаад зах ороод найз Хүрэлчулуунтай таараад мэнд ус болоод байж байтал Хүрэлчулуун миний машин Манханы наад талд эвдрээд асахгүй байна хамт яваад чирэлцээд ирээч гэхээр нь тэгье гээд дагаад явсан. Тэгээд шөнө 3 цагийн үед аймгийн төв орж ирээд мотоциклээ авах гэхэд байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Одоо мотоциклээ бүрэн бүтэн хүлээгээд авсан ... гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Энхсүхийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2019 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед найз Ц.Ням-Очир, О.Ууганбаатар хоёрын хамтаар Гэрэл төвд биллиард тоглож байгаад төв захын дээд талаар алхаад явж байхад манай найз Ууганбаатар би явлаа гээд салаад явчихсан юм. Тэгээд Ц.Ням-Очир бид хоёр цааш явж байтал “Эрка эгчийн гуанз" нэртэй зоогийн газрын үүдэнд улаан өнгийн “Хүлэг” нэртэй мотоцикл байхаар нь би харж байгаад найз Ц.Ням-Очирт манай ахын мотоцикль байна гэж хэлээд очиж асаагаад найз Ц.Ням-Очирыг араараа суулгаад Ц.Ням-Очирын хашааны гадна очоод хажуу талын айлын хашааг түшүүлж орхичихоод Ц.Ням- Очирын гэрт ороод унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед босоод хашаанаас ганцаараа гараад ирэхэд оройн унаж авч ирж тавьсан газарт мотоцикл байж байхаар нь алга болчхож магадгүй гэж бодоод миний таньдаг ах Өлзийбаярын хашаанд аваачиж тавьчихаад цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж бодсон юм. Өлзийбаяр ахын хашаанд ирэхэд Өлзийбаяр ах гэртэй байхгүй байхаар нь мотоциклоо хашаанд нь үлдээгээд цагдаагийн байгууллага руу явж байтал “Их буян” захын ойролцоо цагдаагийн алба хаагч таараад чи урд орой мотоцикп захын дээд талаас аваад явсан уу? гэж асуухаар нь би тийм ээ би тэр мотоциклыг захын дээд талаас хүний мотоцикльтой андуураад аваад явчихсан байна гэж худлаа хэлсэн. Тэгээд намайг дагуулаад Өлзийбаяр ахын хашаанаас мотоцикль аваад цагдаагийн байгууллага дээр авч ирээд надаас болсон хэргийн талаар асуухаар нь би болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн. Тухайн үед би цагдаагийн байгууллагад мэдэгдье гэсэн бодолтой явж байсан юм ... гэх мэдүүлэг
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Энхсүхийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Энхсүх нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Энхсүхийг бусдын эд хөрөнгийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Бишгарамын өгсөн... шүүгдэгч Ч.Энхсүх нь мотоциклийг бүрэн бүтэн буцааж өгсөн нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ч.Энхсүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохиролыг төлсөн байх тул 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Энхсүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 51 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ч.Энхсүх нь бусдын эд хөрөнгийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Энхсүх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Энхсүхэд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Энхсүхэд тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн 1936000000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Баянхайрхан ургийн овогт Чулуунбатын Энхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Энхсүхийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн 1936000000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Энхсүхэд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Энхсүхэд тайлбарласугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Энхсүхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС