| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0167/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/172 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч З.Ризабек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч харахас овогт Загирагийн Ризабекэд холбогдох эрүүгийн 1936000000207 дугаартай, 178/2019/0168/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймаг Жаргалант сумын Рашаант багийн 36-3 тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 5-23 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ96110796 регистрийн дугаартай, Харахас ургийн овогт Загирагийн Ризабек
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч З.Ризабек нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт өдөр өөрийн хамтран амьдрагч болох иргэн Э.Сувдаатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 5-23 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 1995 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, ПД95110207 тоот регистрийн дугаартай/ Бор үхэрт овогт Эрдэнэбаатарын Сувдаа....... Би 2019 оны 10 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад манай нөхөр З.Ризабек согтуу гэрт ирээд хайрцагтай юм аваад гарахад нь чи наад харйцагтай юмаар яах гээд байгаа юм бэ гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд барьж явсан хайрцагтай юмаараа миний толгой руу цохисон. Тэгээд араас нь яваад бариад авахад миний толгой хэсэг рүү гар хөлөөрөө цохисон. Цохиж байх үед Адъяасүрэн ирээд салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /ХХ-10-11 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бахатхан...... 2019 оны 10 сарын 21-ний өдөр би Ризабек, түүний найз Адъяасүрэн нарын хамт бид гурав автомашины засварын газарт гурван шил 0.75 граммын Экс нэртэй архи уучихаад Ризабекийн гэрт очсон чинь эхнэр нь Ризабекийг архи ууж ирлээ гээд хэрүүл маргаан үүсгээд улмаар барилцаж авахаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд би Ризабекийг чи явчих гээд явуулсан ...гэх мэдүүлэгг /ХХ-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Адъяасүрэн...... 2019 оны 10 сарын 21-ний өдөр би хүр дүү Ризабек, түүний найз Бахатхан нарын хамт бид гурав автомашины засварын газарт гурван шил 0.75 граммын Экс нэртэй архи уучихаад гэртээ харьсан. Ризабекийн гэр манай гэр хоёр нэг хашаанд байдаг. Тэгээд Бахатхан бид хоёр гадаа тамхи татаад сууж байхад Ризабек гэртээ эхнэртэйгээ маргалдаад байхаар нь Бахатхан гэрт нь орсон...гэх мэдүүлэгг /ХХ-17 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн... Э.Сувдаагийн биед гэмтэл тогтоогдлоо. Э.Сувдаагийн биед хамрын уг хэсгээр цус хуралт, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт, хүзүүний урд хэсэгт зулгаралтууд, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүд, баруун талын 1, 2 дугаар шүдний хөдлөл, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Э.Сувдаагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Э.Сувдагийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Э.Сувдаагийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх 719 тоот дүгнэлт /хх-н 25 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч З.Ризабек нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Э.Сувдааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Ризабек нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч З.Ризабек нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр хохирогч Э.Сувдаатай маргалдаж улмаар биед хамрын уг хэсгээр цус хуралт, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт, хүзүүний урд хэсэгт зулгаралтууд, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүд, баруун талын 1, 2 дугаар шүдний хөдлөл, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 719 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй8 шүүгдэгч З.Ризабекийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар , ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч З.Ризабекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.Ризабек нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 34 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Ризабекэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Ризабекийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, Ховд аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 5/117 тоот тогтоолоор битүүжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн 40 инчийн Рентензо маркийн зурагтыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв.
Шүүхээс шүүгдэгч З.Ризабекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч З.Ризабекэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Ризабекэд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Ризабекэд оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1836000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Ризабек нь цагдан хоригдсон хоноггүй, Ховд аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 5/117 тоот тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн 40 инчийн Рентензо маркийн зурагтыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 35.5-1, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харахас овогт загирагийн Ризабекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харахас овогт загирагийн Ризабекэд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Ризабекэд оногдуулсан таван зуун мянган төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1836000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 5/117 тоот тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн 40 инчийн Рентензо маркийн зурагтыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч З.Ризабекэд тайлбарласугай
6. Шүүгдэгч З.Ризабекэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС