| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0158/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/161 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр, Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Елдэн овогт Амгалангийн Мөнх-Эрдэнэ,Тува овогт Дүгэрсүрэнгийн Отгонбаяр, Алаг адуу овогт Бямбадоржийн Билгүүн нарт холбогдох эрүүгийн 1936002430190 дугаартай, 178/2019/0158/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1999 оны 10 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд их сургуулийн биеийн тамирын багшийн ангийн 3-р курсын оюутан, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Эсба 80 айлын орон сууцны 38 тоотод оршин суух, ПЮ99100532 дугаарын регистртэй, Елдэн овогт Амгалангийн Мөнх-Эрдэнэ
2.Монгол улсын иргэн,1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд их сургуулийн нягтлан бодогчийн 2-р курсын оюутан, ам бүл-4, эцэг, эх, ах нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 5-18 тоотод оршин суух, ПЮ00220413 регистрийн дугаартай, Тува овогт Дүгэрсүрэнгийн Отгонбаяр
3. Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд их сургуулийн цахилгааны инженерийн 2-р курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9-18 тоотод оршин суух, ПЮ00220413 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Бямбадоржийн Билгүүн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой иргэн У.Энхбаяртай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Боржигон овогт Уламбаярын Энхбаярын / ПВ93112610 регистрийн дугаартай, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, агаарын нисгэгч мэргэжилтэй, Ховд аймгийн Прокурорын газарт жолооч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр найз Амарсайхан,Гантөмөр нарын хамт Итгэл бааранд орохоор очоод гадна нь тамхи татаад зогсож байтал Б.Билгүүн гэх миний таних хүүхэд ирээд согтуу дуудахаар нь очоод “эртхэн харьж амар” гэхэд “ чи намайг мэддэг юм уу хөгшин ковро минь “ гэж хэлэхээр нь түлхсэн чинь миний цамцнаас татаад урсан. Тэгэхээр нь Б.Билгүүний хацар луу 2 удаа алгадсан.Тэгээд бид нар Итгэл оролгүй “Х” club бааранд орохоор тэнд очтол Б.Билгүүнээ машинтай ирж зогсоод хэсэг залуучуудыг дуудаад “ нөгөө над руу бааварладаг хүн чинь энэ ш дээ” гэхэд Д.Болдоо, А.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр, Б.Билгүүн нар намайг тойрч зогсоод Д.Отгонбаяр нь намайг “ хоёулаа халзарчих уу” гэж хэлээд бид хоёр барилцаж аваад газарт хамт унахад Б.Билгүүн миний нүүр лүү өшиглсөн. Намайг босоод ирэхэд А.Мөнх-Эрдэнэ толгой руу цохисон.Д.Отгонбаяр нь миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би манарчихсан байж байгаад машин дотор сэргэсэн..... гэх мэдүүлэг / хэргийн 35-37-р хуудас/
Гэрч Д.Болдоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би машинаас буугаад очиход Д.Отгонбаяр У.Энхбаяр гэх ахтай ноцолдож байгаад салаад бид хоёр эргээд явж байтал У.Энхбаяр ах гүйж ирээд Д.Отгонбаярыг цохиход Д.Отгонбаяр газарт унасан. Би эргэж хараад мөр лүү түлхээд цохих гэхэд оноогүй.Тэгээд манай найзууд ирээд зодоон болсон.Тухайн үед би Амараатай маргалдаад зогсож байсан болохоор хэн яаж цохисныг сайн хараагүй... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/
Гэрч Х.Тэмүүлэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.Отгонбаяр У.Энхбаяр гэх ахтай Б.Билгүүнийг өмөөрөөд ноцолдож байгаад газарт хоёулаа унахад Б.Билгүүн хажуу талаас нь У.Энхбаяр ахын нүүр лүү өшиглөсөн.Тэгээд салаад Д.Отгонбаяр хувцсаа арчаад зогсож байтал У.Энхбаяр Д.Отгонбаярын шанаа руу цохиход Д.Отгонбаяр газарт унасан.Тэгтэл А.Мөнх-Эрдэнэ,Б.Болдоо, Б.Билгүүн нар тэд нартай ноцолдоод эхлэхээр нь би Д.Отгонбаярыг дагуулаад тэд нараас холдсон... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/
Гэрч М.Машбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.Билгүүн “Х” club баарны гадна У.Энхбаяр гэх ахын нуруу руу нь нэг удаа өшиглөсөн.Д.Отгонбаяр У.Энхбаяр хоёр хоорондоо ноцолдоод байсан, аль хэсэгт нь цохисныг хараагүй... гэх мэдүүлэг / хэргийн 47-48-р хуудас/
Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.Билгүүн У.Энхбаяртай Итгэл баарны гадаа маргаж байснаа “Х” club баарны гадаа ирж үргэлжлүүлсэн. А.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр, Б.Билгүүн нар У.Энхбаярын толгой, цээж, хөл рүү хэд хэдэн удаа гараараа цохиж өшиглөсөн. У.Энхбаяр Б.Билгүүний хацар луу 2 удаа алгадсан. Д.Отгонбаярын толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед У.Энхбаярын нүд шанаа, хамар, уруул нь хавдаж, хэсэг ухаан алдаад сэргэж ирээд шүд толгой өвдөөд байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 49-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн ... У.Энхбаярын биед хамрын таславчны муруйлт, баруун зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, цээж, баруун мөр, баруун шуу, баруун тохой, зүүн мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.У.Энхбаярын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. У.Энхбаярын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 59-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийн өгсөн... У.Энхбаяр, Д.Отгонбаяр хоёрыг газарт уначихсан ноцолдож байхад Б.Билгүүн очоод У.Энхбаяр ахын нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөхөд У.Энхбаяр ах босож ирээд Д.Отгонбаярын толгойн ар хэсэг рүү гараараа нэг цохиход Д.Отгонбаяр газарт унахаар нь би очоод У.Энхбаярыг тэврээд авсан.Тэгтэл У.Энхбаяр ах намайг түлхээд толгой руу цохичихоод буцаад Д.Отгонбаяр луу явахаар нь би У.Энхбаярын хүзүү, дал хэсэг рүү гараараа цохисон... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирол төлсөн... гэх мэдүүлэг / хэргийн 91-92-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаярын өгсөн...У.Энхбаяр ах араас гүйж ирээд миний хөлийг хамж аваад ноцолдоод бид хоёр хамтдаа газарт унасан.Тэгээд босч ирээд миний гэдэс рүү цохихоор нь би нуруу руу нь 2-3 удаа цохисон. Б.Билгүүн У.Энхбаяр ахын нүүр толгой руу нэг нэг удаа өшиглөсөн...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол төлсөн... гэх мэдүүлэг / хэргийн 96-97-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Билгүүний өгсөн...У.Энхбаяр ах хүмүүстэй ноцолдож байгаад газарт уначихсан байхаар нь би очоод баруун мөрөнд нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.Дахиад цохих гэхэд У.Энхбаяр ахын найз нь намайг тэврээд авсан.... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг хувааж төлсөн... гэх мэдүүлэг / хэргийн 102-103-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, А.Мөнх-Эрдэнэ, Б.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны орой “Х” баарны гадна бусадтай маргаан үүсгэж үл ялих зүйлээр шалтаглан У.Энхбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч У.Энхбаярын мэдүүлэг, тухайн зодоон болох үед хажууд нь байсан гэрч Д.Болдоо, Х.Тэмүүлэл,М.Машбат, Т.Лхагвасүрэн нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нар нь тухайн орой хамт баарны гадна хохирогч У.Энхбаяр Б.Билгүүнтэй маргаж зодолдсоноос найз нь болох Д.Отгонбаяр, А.Мөнх-Эрдэнэ нар Б.Билгүүнийг өмөөрч У.Энхбаярыг өшиглөж цохисноос У.Энхбаярын биед хамрын таславчны муруйлт,баруун зүүн, дээд, доод зовхинд цус хуралт,цээж, баруун мөр, баруун шуу, баруун тохой, зүүн мөр, зүүн тохойд зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учирсан хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн хохирогч У.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч У.Энхбаярын... миний эмчилгээний зардал 200000 төгрөгийг бэлнээр төлж, цаашид шүд хийлгэх 2 сая төгрөгийг 2019.11.15-ны өдөр хувааж төлөхөөр тохиролцлоо... гэх хүсэлт, шүүгдэгч нарын .... хохирогчид учирсан хохирлыг хувааж төлсөн. Цаашид гарах хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх мэдүүлгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хохирогч У.Энхбаярт эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хэргийн 107-109-р/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Билгүүний хувийн байдлын талаар Б.Мандалбаярын гэрчээр өгсөн...Б.Билгүүн нь цагаан цайлган сэтгэлтэй, ямарваа зүйлд тайван ханддаг,хүнд тусархуу, муу зуршилгүй, үг дуу цөөтэй даруухан хүүхэд байгаа юм.Ээж нь тэтгэвэрт, аав нь группэд, ах нь ажил эрхэлдэггүй...гэх мэдүүлэг ,
Шүүгдэгч Д.Отгонбаярын хувийн байдлын талаар М.Дүгэрсүрэнгийн гэрчээр өгсөн...Д.Отгонбаяр нь найрсаг, тусархуу, зан чанартай, шударга, даруу төлөв хүүхэд.... гэх мэдүүлэг
Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын талаар С.Болдбаатарын гэрчээр өгсөн ... А.Мөнх-Эрдэнэ нь аав ээж эгч, дүү нарын хамт амьдардаг. Аав ээж хоёр нь малчин.Сурлага сайтай, шударга, даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, элдэв муу зуршилгүй, урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан хохирол 200000 төгрөгийг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан.Цаашид гарах хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Улсын яллагчийн санал болгосон торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Бид нар оюутан учраас амьдралын боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ... гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарт дурван зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний 460000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1936002430190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 200000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Билгүүний эзэмшлийн Самсунг маркийн 43 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/111 дугаартай , шүүгдэгч Д.Отгонбаярын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуанг маркийн хөлдөөгч битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/109 дугаартай,шүүгдэгч А.Мөнх-Эрдэний эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэгдсэн ТСЛ маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/110 дугаартай прокурорын тогтоолуудыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээж, хохирогч У.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Елдэн овогт Амгалангийн Мөнх-Эрдэнэ, Тува овогт Дүгэрсүрэнгийн Отгонбаяр, Алаг адуу овогт Бямбадоржийн Билгүүн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Елдэн овогт Амгалангийн Мөнх-Эрдэнэ, Тува овогт Дүгэрсүрэнгийн Отгонбаяр, Алаг адуу овогт Бямбадоржийн Билгүүн нарыг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний 460000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарт оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 06 сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарт тайлбарласугай.
5.Эрүүгийн 1936002430190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 200000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч У.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Билгүүний эзэмшлийн Самсунг маркийн 43 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/111 дугаартай , шүүгдэгч Д.Отгонбаярын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуанг маркийн хөлдөөгч битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/109 дугаартай,шүүгдэгч А.Мөнх-Эрдэний эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэгдсэн ТСЛ маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/110 дугаартай прокурорын тогтоолуудыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Билгүүн, А.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС