Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ХШТ/69

 

 

Б.З, Н.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчдийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Б.З, Н.Б нарт холбогдох 2419002550307 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн ... суманд төрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.З,

2.Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн .... суманд төрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Б

Шүүгдэгч Б.З, Н.Б нар бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газар Toyota prius 41 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “...” загварын металл хайгч, Yamahao загварын 220в-ын цахилгаан үүсгэвэр зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.З, Н.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...” загварын металл хайгч, Yamahao загварын цахилгаан үүсгэвэр зэргийг улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт ашигласан шүүгдэгч Б.З-гийн өмчлөлийн ...улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “... 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэж, 6, 7 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож, “улсын орлого болгохоор шийдвэрлэсэн “...” загварын металл хайгч, Yamahao загварын 220в-ын цахилгаан үүсгэвэр болон Б.З-гийн өмчлөлийн ... улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч нарт буцаан олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүх тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг улсын хэмжээнд хэрхэн хянан шийдвэрлэх талаарх хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд газрын хэвлий, байгалийн баялагт хууль бусаар халдахыг хориглон, төрийн хамгаалалтад авсан билээ. Хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт халдаж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэмт хэрэг юм.

Иймээс 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү үйлдлийг таслан зогсоож, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, Үндсэн хуульд заасан ард түмний эрх ашгийг хамгаалахаар “Хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох” гэмт хэргийг шинэчлэн, хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон тул энэхүү гэмт хэргийг хэрхэн ойлгож, хянан шийдвэрлэх, хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэл бүрд хариуцлага тооцон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгосноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чиглэсэн хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна.

Гэрч Ц.Б-н мэдүүлгээр алт гарсан гэх цуу ярианы улмаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “...” гэх газарт олон хүн, тээврийн хэрэгсэл цугларсан болох нь тогтоогддог. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.З, Н.Б нарын унаж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс металл хайгч, цахилгаан мотор илэрсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар “... Алт гарч байгаа газарт ирсэн, Золбоо бид хоёр машинтайгаа зугтаасан. Удалгүй машины дугуй хагарч зогсоод цагдаад баригдсан...” гэх мэдүүлгээр тэд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь тогтоогдсон.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.З, Н.Б нарыг алт хайсан, ашигласан, олборлосон гэх үйлдэл хийгээгүй, хийхийг завдсан үйлдэл тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт завдах ойлголт нь объектив шинжийн хувьд гэмт этгээд нь хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэсэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой.

Шүүгдэгч нар металл хайгч төхөөрөмж, газрын хэвлийд халдахад шаардлагатай эд зүйлсийг цуглуулан, тээврийн хэрэгсэлд ачин өөрсдийн оршин суух Өмнөговь аймгаас гарснаар гэмт хэрэгт бэлтгэх үе шат нь төгссөн бөгөөд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “...” гэх газарт хүрснээр гэмт үйлдлээ төгсгөх буюу газрын хэвлийд халдахад боломжтой нөхцөл байдал үүсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой аюул занал бий болсон. Харин энэхүү бодитой аюул занал нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалах хүчин зүйлээр буюу Цагдаагийн алба хаагч нарын үйл ажиллагаагаар таслан зогсоогдсон тул гэмт хэрэгт завдсаныг илэрхийлж байна.

Иймээс хууль бусаар ашигт малтмал олборлохоор тодорхой газарт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэх эд зүйлсийн хамт ирж байгаа хүний үйлдлийг хэрхэн ойлгох, зайлшгүй газрын хэвлийд халдаж, хохирол, хор уршгийг бий болгохыг хүлээж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эсэхийг тодорхойлох хууль хэрэглээг тогтоох шаардлагатай.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хэргийн хувьд Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр урьд 3 хэргийг хянан хэлэлцсэн. Эдгээр хэргүүд нь үйл баримтын хувьд нэг ижил бөгөөд “гэмт хэрэгт бэлтгэх үе шатанд тухайн этгээдийн хүсэл, зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа нь таслан зогсоогдсон байна” гэж дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасны дагуу практик тогтоосон тул гэмт хэрэгт завдсан гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжих боломжгүй байна.

Харин шүүгдэгч нарын гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хурааж улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдэхээр завдах, бэлтгэх нь гэмт хэрэг үйлдэх үе шатанд хамаардаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн тул уг хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалт буюу “... эд мөрийн баримтаар хураагдсан металл хайгч 1 ширхэг, хар өнгийн “Yamahao” маркийн цахилгаан үүсгэвэр 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулах” заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн байх тул магадлалын дээрх хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч Ж.Чимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын дүгнэлтэд “прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй. Өмнө нь энэ төрлийн 3 хэрэг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн тул хууль хэрэглээний практик тогтсон” гэх саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нар нь Өмнөговь аймагт мал маллан амьдардаг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлаа илэрхийлж, “торгох ялыг багасгаж, тээврийн хэрэгслийг буцаан олгож өгнө үү” гэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилсан. Б.З, Н.Б нар нь Н.Н-тай хамт явж байсан. Энэ хэргийг прокурор үндэслэлгүйгээр тусгаарлаж шийдвэрлэсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.З, Н.Б нарт холбогдох хэргийг “хууль хэрэглээний зөрүү байгаа эсэх”-ийг тогтоохоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Прокуророос Б.З, Н.Б нарыг бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Toyota prius 41 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр, “...” загварын металл хайгч, “Yamahao” загварын цахилгаан үүсгэвэр зэргийг ашиглан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, “...” гэх газар гар аргаар алт олборлохоор очсон боловч цагдаагийн байгууллага тухайн үйлдлийг таслан зогсоосон тул хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч нарын дээрх үйлдлийг бодитой тогтоож, хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан бус, уг гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт, шийдлийг гаргахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэгт бэлтгэх нь санаатай гэмт хэрэг үйлдэх эхний үе шат бөгөөд гэмт санаагаа бодитой хэрэгжүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх шинжээрээ завдалтаас ялгагдана. Гэмт хэрэг үйлдэх дараагийн үе шат болох завдалт нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлээ хэрэгжүүлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой халдлага, довтолгоон хийж эхэлсэн боловч өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг ойлгох нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн объектив талын шинж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаа бөгөөд ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялгаж авахыг хэлнэ.

4.Шүүгдэгч Б.З, Н.Б нар нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, “...” гэх газар гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай техник, хэрэгслийг урьдчилан зэхэж, өөрсдийн тээврийн хэрэгслээр тухайн газарт очиж, “Алт гарч байгаа” гэх газрыг асуун сураглаж яваад цагдаагийн байгууллагад саатуулагдсан, газрын гадаргуу, түүний хэвлийд халдах оролдлого хийгээгүй байх тул уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт бэлтгэх шатандаа таслан зогсоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З, Н.Б нарын хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүр 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

6.Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хуулийн жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэгт ашиглахыг завдсан техник хэрэгслийг шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болсон болно.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураахын зэрэгцээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулсан нь аливаа гэмт хэргээс хэн ч ашиг хүртэх ёсгүй гэсэн агуулга, үзэл санааны илэрхийлэл юм.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлохдоо бэлтгэх, завдах, төгс үйлдэх бүх үе шатыг хамааруулан хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас үзвэл гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт төгсөөгүй гэмт хэрэгт бэлтгэх, завдахад ашигласан техник, хэрэгсэл мөн адил хамаарна гэж ойлговол зохино.

Давж заалдах шатны шүүх “... ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ...” гэдгийг зөвхөн гэмт хэрэгт завдахдаа ашигласан техник, хэрэгсэл мэтээр явцуу хүрээнд тайлбарлажээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.З, Н.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн металл хайгч, цахилгаан үүсгэвэр зэргийг буцаан олгохоор заасан магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

7.Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд газрын хэвлийд халдсан, зонхилон уул уурхайн чиглэлийн ажилд зориулагдсан тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг ашигласан үйлдлүүд багтдаг болохыг анхаарвал зохино.

Шүүгдэгч нар нь “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон” давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “...” загварын металл хайгч, хар өнгийн “Yamahao” маркийн цахилгаан үүсгэвэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

Д.БАТБААТАР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН