Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                            Э.Энхбат

Хохирогч                          Б.Пүрэвдалай

Иргэний нэхэмжлэгч        Н.Ганхүлэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрд овогт Чойжилын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201718020017 хэргийн дугаартай, 149/2017/00025/Э индекстэй, 1 хавтастай  хэргийг ялтны гомдлоор  2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1975 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, зам ангид гагнуурчин хийдэг байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баян-Арцат 9 дүгээр баг, Партизаны 68 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Бүрд овогт Чойжилын Бат-Эрдэнэ /РД:МЗ 37502272/  

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Ч.Бат-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Спирт бал бурам ХХК-ны урд талын төв зам дээр өөрийн эзэмшлийн Хюндай соната-2 маркийн 90-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс ирж явсан Тоёота витз маркийн 10-31 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 27 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Бүрд овогтой Чойжилын Бат-Эрдэнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хасч, 01/нэг/ жил 02/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнэд оногдуулсан 01/нэг/ жил 02/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнээс бусдын эд хөрөнгө эрүүл мэдэд учирсан гэм хорын хохирол 908.878 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 47-1-1 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Пүрэвдалайд, 740.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Депогийн 11 тоотод оршин суух Боржигон овогт Нас-Очирын Ганхүлэгт тус тус олгуулж,

-Хохирогч, иргэний нэхэмжлэгч энэ зам тээврийн ослоос учирсан гэм хорыг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Ч.Бат-Эрдэний №347840 дугаартай “В,С” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалган,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн Хюндай соната-2 маркийн 90-87 СЭҮ улсын дугаартай  Ч.Бат-Эрдэний тээврийн хэрэгсэлийг Шүүхийн шийвдэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж уг тээврийн хэрэгсэлийн үнийн дүнгээс 908.878 төгрөгт холбогдох хэсгийг гаргуулж хохирогч Б.Пүрэвдалайд, 740.000 төгрөгт холбогдох хэсгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэгт тус тус олгуулж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүнийг эдлэх ялыг нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бат-Эрдэнэд урьд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүнийг эдлэх ялыг нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017.03.07-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ч.Бат-Эрдэнэ би Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдан шүүхээр ял шийтгэгдээд байна.  Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын  2 дугаар багийн Спиртийн урд талын замаар явж байхад урдаас ирж явсан тэр машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Би гэрлээ шилжүүл гэж дохиод тэр машинаас амжаад зүүн гар тийш эргэх боломжтой байна гэж үзээд дохиогоо өгөөд эргэтэл машинтай мөргөлдсөн. Би тухайн үед 100 грамм архи уусан байсан, архи уусан нь миний буруу. Гэхдээ тэр хохирогч гээд байгаа залуу Б.Пүрэвдалай мөн хүнд зэргийн согтолттой байхдаа машин жолоодож явсан байсан. Гэтэл энэ хэрэгт намайг 100 хувийн буруутай гэж ял шийтгэсэнд гомдолтой байна. Тиймээс сум дундын шүүхийн 2017.03.07-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолтой хэргийг дахин хянаж өгнө үү. хохирол төлбөрийг би мөн дангаараа төлөх боломжгүй.  Б.Пүрэвдалай хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байхад ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаад бомдолтой байна. Хохирлыг бид 2 хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн хувьд ээжийнх нь нэр дээр байдаг гэсэн. Тэр хүн тэгвэл яагаад тээврийн хэрэгсэл жодоодох эрхгүй хүнд машинаа өгч байдаг юм бэ? тиймээс энэ хэргийг дахин хянаж өгнө үү...” гэжээ.

Прокурор  давж заалдах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ч.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мандал сумын  нутаг дэвсгэрт төв асфальтан замд өөрийн эзэмшлийн Хюндай соната-2 маркийн    90-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Пүрэвдалайгийн жолоодон явсан  Тоёота витз маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, зам тээврийн осол ж, уг тээврийн гарсан болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл ослын хэмжилтийн бүдүүвч зураг техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогддог. Зам тээврийн осол Ч.Бат-Эрдэнэ урсгал сөрж орсны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн. Хэдийгээр хохирогч Б.Пүрэвдалай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь нотлогддог боловч тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан, нөхцлийг бүрдүүлээгүй, түүний үйлдэл нь захиргааны шинжтэй юм.

        Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байна...” гэжээ.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас            Ч.Бат-Эрдэнэ нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Спирт бал бурам” ХХК-ийн урд талын төв зам дээр өөрийн эзэмшлийн “Хюндай соната-2” маркийн 90-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс ирж явсан “Тоёота витз” маркийн 10-31 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүх 2017 оны 03 дугаар сарын    07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 27 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.Бат-Эрдэнийг  согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэячүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтны гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судалбал:

Ялтан Ч.Бат-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Спирт бал бурам” ХХК-ийн урд талын төв зам дээр өөрийн эзэмшлийн “Хюндай соната-2” маркийн 90-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс ирж явсан “Тоёота витз” маркийн 10-31 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Пүрэвдалай, иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэг нарынмөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Хажидмаа /хх-ийн 34-р хуудас/, Г.Хүрэлбаатар /хх-ийн 36-р хуудас/ нарын мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹48 /хх-ийн 44-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 985 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 01-р сарын 24-ний өдрийн 1418 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-р хуудас/, Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 22-23-р хуудас/, шүүгдэгч    Ч.Бат-Эрдэнийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “…Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…” гэж заасны дагуу ялтан Ч.Бат-Эрдэнийн гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялыг оногдуулсан байна.

        Ялтан Ч.Бат-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “Б.Пүрэвдалай согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байхад ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байна. Хохирлыг бид 2 хувааж төлөх ёстой” гэсэн  гомдлын үндэслэлийн дагуу хэргийг шинжлэн судлахад хэдийгээр Б.Пүрэвдалай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан боловч  тухайн гэмт хэрэг Ч.Бат-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь хэргийн материалын 65 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байх тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ