| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0167/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/166 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг
Шүүгдэгч Р.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Нэргүй холбогдох эрүүгийн 1936002440197 дугаартай, 178/2019/0162/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт оршин суух, ПЖ87050707 регистрийн дугаартай, Тавинаахан овогт Ранзандангийн Нэргүй.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Нэргүй нь Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр “Шар хадны дөрөлж” гэх нэртэй газар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 15-88 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ч.Даржаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.Нэргүйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол дээр тогтоосон актанд ... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Шар хадны дөрөлж” гэх нэртэй газар 15-88 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Р.Нэргүй нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 3.4б-д заасан “ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт / хэргийн 12-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн...Уг зам тээрийн осол болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Шар хадны дөрөлж” гэх нэртэй газар засмал зам дээр болсон байв. Цагаан өнгийн 15-88 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын зүүн талд баруун талаараа хажуулдсан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн-8-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн / хэргийн 24-р хуудас/
Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-23-р хуудас
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: миний хүү Ч.Даржаа нь 2019 оны 09 сарын 11-нд Мөст суманд хүүхдийн сэвлэг үргээх арга хэмжээнд оролцоод Ховд аймаг руу эхнэрийн хамт 15-88 ХОҮ улсын дугаартай машинтайгаа гарсан. Тэгтэл орой 19 цагийн үед бэр Р.Нэргүй танихгүй утасны дугаараас над руу залгаад осол гарсныг хэлсэн. Ар гэрээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг / хэргийн 36-р хуудас/
Гэрч Т.Цагаанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дугаар сарын 11-ний өдөр би Манхан сум өнгөрөөд явтал хажуугаар цагаан өнгийн приус-20 гүйцэд түрүүлээд нэлээн хурдтай өнгөрсөн. Тэгээд нэг хар машинтай уралдаад байх шиг байсан. Гэтэл цагаан машин шарвах шиг болоод 3-4 удаа өнхөрсөн ба 2 дахь өнхөрөлтөнд нэг хүн шидэгдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 39-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн ...талийгаачийн биед духны зүүн хэсгээс арагшаа явж чамархайн яс хүрч доош суурь ясны чулуулаг яс хүрсэн хугарал, чамархай ясны сэтэрсэн хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт баруун сарвуу, баруун ташаан толгой, баруун өвдөг, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгөнд зулгаралт, эрүүний орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач ослын улмаас гавал тархины битүү гэмтэл авч амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна... гэх дүгнэлт / хэргийн 84-р хуудас/
2019 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн... 15-88 ХОҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Р.Нэргүй нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 3.4б-д заасан “ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 13.3 “ гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна... гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Нэргүй нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр “Шар хадны дөрөлж” гэх нэртэй газар өөрийн эзэмшлийн 15-88ХОҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ч.Даржаагийн амь нас болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Чулуунбаатарын мэдүүлэг, гэрч Т.Цагаан цоож, Х.Ержан нарын мэдүүлэг, Замын цагдаагийн 51 дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 48, 51 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Р.Нэргүйгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “ шүүгдэгч Р.Нэргүй нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол.. учирсан эсхүл хохирол учирах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь тул болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Р.Нэргүй нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдаа хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч Р.Нэргүйг Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь хохирсон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Амь хохирогч Ч.Даржаа нь шүүгдэгч Р.Нэргүй нар нь эхнэр нөхөр болох нь гэрлэлт бүртэгсэн нотариатаар баталгаажуулсан хуулбараар /хх-13х/ тогтоож байгаа ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.Чулуунбаатараас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санлгүй гэсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.Нэргүй нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-114х/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Нэргүйн хувийн байдлын талаар гэрч Р.Цэцгээ, Ч.Төрөө нарын мэдүүлэг / хх- 150,151-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Р.Нэргүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Р.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагар хасч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч Р.Нэргүй нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, Р.Нэргүй нь 3 настай 8 настай охинтойгоо хамт амьдардаг зэрэг хувийн байдал болон мөн хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Р.Нэргүйг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч оногдуулсан 01 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Нэргүй нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Нэргүйн өмчлөлийн ТСЛ маркын зурагт битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/113 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, шүүгдэгчийн 808978 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.1, 36.2, 36.6-36.8 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тавинаахан овогт Ранзандангийн Нэргүйг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Р.Нэргүйд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Р.Нэргүйд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч Р.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Нэргүйн өмчлөлийн ТСЛ маркын зурагт битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/113 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.
5.Шүүгдэгч Р.Нэргүйд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Р.Нэргүйн 808978 дугаартай жолоочийн үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Р.Нэргүйд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС