Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч  М.Арслан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Тавиныхан овогт Мягмаржавын Арсланд холбогдох эрүүгийн 1936000000200 дугаартай, 178/2019/0161/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 07-ны  өдөр  хүлээн  авч  2019 оны 11 сарын 08-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 12-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПН84022716 регистрийн дугаартай, Тавиныхан ургийн овогт Мягмаржавын Арслан 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 Шүүгдэгч М.Арслан нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч Н.Уянгын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 12-4 тоотод оршин суух,  бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, 1996 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, Чанадаг гоймонгийн газар туслах тогооч ажилтай, ПЮ96072206 тоот регистрийн дугаартай/  Хойд овогт Нямдоржийн Уянга....... 2019 оны 10 сарын 03-ны өдөр Арслан над руу согтуу яриад байсан. Тэгэхээр нь би орой хүүхдээ авна чи харьж бай гэсэн. Тэгээд би ажлаасаа тараад автобусанд явж байгаад захын урд талаас Арслан суугаад явж байтал гэнэт миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд цохиод байхаар нь би 10 дугаар цэцэрлэг дээр буухад араас хамт бууж ирээд нуруу руу цохиод хашаа руу шахад байхаар нь би хүүхдээ авмаар байна гэхэд би авна чамд хүүхдээ өгөхгүй гээд араас чулуу шидээд чулуу нь оноогүй. Тэгээд цэцэрлэгээс хүүхдээ аваад гарч ирээд таксинд суух гэж байхад цагдаа нар ирээд Арсланг аваад явсан ... гэх мэдүүлэг /ХХ-21-22 дугаар хуудас/   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Батцэцэгийн...... би 2019 оны 10 сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд хүүхдээ цэцэрлэгээс аваад айлд хүргэж өгөх гээд явж байхад тахилт багийн нутаг дэвсгэрт нэг гудамжны хашааны буланд нэг эмэгтэй үс нь сэгсийчихсэн сууж байсан. Машиныхаа толинд харж байхад нэг эрэгтэй ирээд үснээс нь татаад цохиод байсан. Тэгээд хүүхдээ хүргэж өгчихөөд буцаад ирэхэд автобусны буудлын хажууд хамтдаа байсан ба эрэгтэй нь түүнийг цохиод байсан гэх мэдүүлэгг /ХХ-22-23 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... Н.Уянгын биед гэмтэл тогтоогдлоо Н.Уянгын биед тархи доргилт, баруун шанаа хэсэгт цус хуралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Н.Уянгын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Н.Уянгаагийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.Уянгын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх  657 тоот дүгнэлт /хх-н 27 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч М.Арслан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын тахилт багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Н.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Арслан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүгдэгч М.Арслан нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр   Н.Уянгатай маргалдаж улмаар тархи доргилт, баруун шанаа хэсэгт цус хуралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл...  гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 657 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Арслангийн үйлдсэн дээрхи  гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...  гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч М.Арсланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

                              Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Арслан нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь   хэргийн 35 дугаар  хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Арсланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Арслангийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх  нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Арслан нь өөрийгөө өмгөөлж: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад оногдуулах торгох ялыг 10 сарын хугацаанд барагдуулахаар зааж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч М.Арсланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Арсланд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Арсланд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Арсланд оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар түүний цалин хөлс, бусад орлого олох бомжийг харгалзан 10 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1836000000200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Арслан нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 35.5-1,  36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тавиныхан овогт Мягмаржавын Арсланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тавиныхан овогт Мягмаржавын Арсланд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Тавиныхан овогт Мягмаржавын Арсланд оногдуулсан зургаан зуун мянган төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 1836000000200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Арсланд тайлбарласугай

6. Шүүгдэгч М.Арсланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС