Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч  Ш.Цэдэнбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Баавай овогт Шомбоны Цэдэнбалд холбогдох эрүүгийн 1936000000194 дугаартай, 178/2019/0161/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10  сарын 31-ний  өдөр  хүлээн  авч  2019 оны 11 сарын 04-ний  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Агаарын цэргийн 332 дугаар салбар цэргийн ангийн жолооч ажилтай, Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЭ81042510 регистрийн дугаартай, Баавай ургийн овогт Шомбоны Цэдэнбал 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 Шүүгдэгч Ш.Цэдэнбал нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай иргэн М.Отгончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Зэрэг сумын Алтан тээлийн 23 тоотод оршин суух, дээд боловсролтой, 1986 оны 07 сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, мэргэжил-их эмч, Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгчийн ажилтай, ПН86071407 тоот регистрийн дугаартай/  Цаст-Уулынхан овогт Магсарын Отгончимэг....... 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 8 цаг 30 минутын үед ажил дээр ирж өвчтөнгүүдийг үзэхээр хүн эмнэлгийн хоёрдугаар давхар руу гарч эрэгтэй өрөө рүү ороход Ш.Цэдэнбал сууж байсан юм. Тэгээд би Дагва гэдэг өвчтөнийг үзэж байхад Ш.Цэдэнбал надруу ээждээ бичиг авмаар байна гэж хэлэхээр нь би ямар бичиг вэ гэж асуухад асаргааны бичиг авмаар байна чи хэнд нь бичиг өгөөд хэнд нь бичиг өгдөггүй юм бэ гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би гар гэтэл чамайг доромжлохоор яадаг юм гэж босож ирээд миний гар луу цохихоор нь чи маргааш ирээд ав та согтуу байна гэж хэлээд түлхсэн юм. Тэгж байтал буцаж ирээд миний үснээс барьж аваад хана руу хоёр удаа хүчтэй мөргүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-19-20 хуудас/   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Дагвын...... Би Зэрэг сумын Хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 2019 оны 10 сарын 07-ны өдөр 08 цаг өнгөрөөд манай өрөөнд их эмч М.Отгончимэг орж ирээд миний даралтыг үзэж байхад Ш.Цэдэнбал ээжийгээ асаргаанд оруулмаар байна гэж хэлээд байсан. Тэгж байгаад Ш.Цэдэнбал нь их эмч М.Отгончимэгийн үснээс үсдэж аваад цохиод байх шиг байсан. Тэгээд гаднаас хүмүүс орж ирээд аваад гарсан. Би үснээс нь татаад үсдэж байхыг харсан гэх мэдүүлэг /ХХ-15-16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунчимэг... 2019 оны 10 сарын 07-ны өглөө би платандаа хэвтэж байхад миний дотор хутгалдаад байхаар нь би эрэгтэй плат руу ороход Ш.Цэдэнбал нь их эмч М.Отгончимэгийг үсдээд хана руу толгойг нь цохиж байсан ба хажууд нь байсан өвчтөнгүүд болиоч гэж хэлж байтал гаднаас их эмчийн нөхөр болох Ц.Азбилэг орж ирээд аваад явсан ... гэх мэдүүлэг/ХХ-17-18 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... М.Отгончимэгийн биед гэмтэл тогтоогдлоо М.Отгончимэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. М.Отгончимэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.Отгончимэгийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. М.Отгончимэгийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх  673 тоот дүгнэлт /хх-н 24 дүгээр хуудас/

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч Ш.Цэдэнбал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай иргэн М.Отгончимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Цэдэнбал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Ш.Цэдэнбал нь 2019 оны 10 сарын 07-ны өдөр хохирогч  М.Отгончимэгтэй маргалдаж улмаар биед нь... тархи доргилт гэмтэл...  гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 673 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Цэдэнбалын үйлдсэн дээрхи  гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...  гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Цэдэнбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

                              Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Цэдэнбал нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 39 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Хохирогч М.Отгончимэгт эмчилгээний зардалд 102500 төгрөгийг зардал гарсан ба шүүгэдэгч Ш.Цэдэнбал нь төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Ш.Цэдэнбалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ш.Цэдэнбалын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 5/114 тоот Прокурорын тогтоолоор шүүгдэгч Ш.Цэдэнбалын Мустанг-5 маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх  нь зүйтэй гэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Цэдэнбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Цэдэнбалд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн бусад байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Цэдэнбалд дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Цэдэнбалд оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1836000000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Цэдэнбал нь цагдан хоригдсон хоноггүй, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 5/114 тоот Прокурорын тогтоолоор шүүгдэгч Ш.Цэдэнбалын Мустанг-5 маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4,17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 35.5-1,  36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баавай овогт Шомбонгийн Цэдэнбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Баавай овогт Шомбонгийн Цэдэнбалд дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Баавай овогт Шомбонгийн Цэдэнбалд оногдуулсан дөрвөн зуун жаран мянган төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 1836000000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,  шүүгдэгч Ш.Цэдэнбалын Мустанг-5 маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ш.Цэдэнбалд тайлбарласугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.Цэдэнбалаас 102500 төгрөг гаргуулж хохирогч М.Отгончимэгт олгуулсугай.

7.Шүүгдэгч Ш.Цэдэнбалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС