| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0161/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/163 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Олхонууд овогт Жамъяндагвын Ганболдод холбогдох эрүүгийн 1936000000191 дугаартай, 178/2019/0160/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нью Минерал ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6-05 тоотод суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ74042611 регистрийн дугаартай, Олхонууд ургийн овогт Жамъяндавгын Ганболд
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ж.Ганболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Дамдинсүрэнтэй маргалдаж улмаар түүнийг цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-6 тоотод оршин суудаг, тусгай дунд боловсролтой, 1963 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, мэргэжил-кранист, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ПЮ63021094 тоот регистрийн дугаартай/ Мянгад овогт Шаравын Дамдинсүрэн....... М.Ганзоригийн өрөөнд Ганзориг, Ганбаа, Болдоо нас нэг танихгүй залуу дөрөв Ганзоригийн өрөөн согтуу сууж байсан ба би Ганзоригтой юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгтэл хажуу талаас Ганболд чиний үе өнгөрчихсөн ш дээ хөгшин төгцөг минь гэж хэлээд миний нүүр хэсэгт юугаар цохисон юм мэдэхгүй нэг удаа цохисон. Тэгээд миний амнаас цус гараад Болдоо над дээр ирээд таны уруулаас цус гараад байна эмнэлэг явъя гэж хэлэхэд нь би явахгүй гэж хэлээд, өөрөө би цагдаад дуудлага өгөөд хоёр цагдаа ирэхээр нь би цагдаа нартай хамт эмнэлэг явж дээд уруулдаа оёдол тавиулж цусаа тогтоолгосон гэх мэдүүлэг /ХХ-19-20 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нурланы...... Дамдинсүрэн согтуу орж ирээд Ганзоригтой та нар барилга барина гэж юу байдгийн гээд хэрүүл маргаан үүсгэж байснаа Дамдинсүрэн ширээн дээр байсан аяга болон өөр 2-3 шилэн хундага, чихрийн таваг аваад хагалаад байхлаар нь Ганболд чи одоо хэн бэ, энд орж ирээд орилоод агсам тавиад байдаг, бид нар юм яриад сууж байна гэж хэлэхэд Дамдинсүрэн чи юу юм бэ гөлөг минь, чи дуугүй бай гэж хэлээд Ганболд руу шилэн 1 ширхэг аяга аваад шидсэн, шидсэн аяга нь Ганболдыг онолгүй, хана оноод хагарсан. Тэгсэн Ганболд босоод Дамдинсүрэнтэй барилцаж аваад Дамдинсүрэнг Ганболд түлхээд унагаахад Дамдинсүрэн унаж босож ирэхэд түүний ам хамраас цус гарсан байна гэж бодоод эмнэлэг дуудъя гэхэд зүгээр архи ууна гэж хэлээд ширээн дээр гарсан цусаа цаасаар арчаад сууж байсан харин Ганболд гарч яваад араас нь би гараад явсан гэх мэдүүлэгг /ХХ-21 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Болдбаатар... 2019 оны 10 сарын 05-ны өдөр 16-17 цагийн орчимд Ганзоригтой уулзахаар түүний өрөөнд очиход Ганзориг, Цэнд-Аюуш, Ганболд нар байж байсан. Тэгээд намайг Ганзоригийн өрөөнд сууж байтал Дамдинсүрэн гаднаас ганцаараа согтуу орж ирээд муу сайн бааснууд та нар юу юм, нусгайнууд гэж хэлээд ширээн дээр байсан шилэн аяга болон бусад шилэн эдлэлүүдийг аваад хана луу болон Ганболд руу аваад шидэхээр нь Ганзоригт маргааш ирж уулзъя гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг/ХХ-22 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... Ш.Дамдинсүрэнгийн биед гэмтэл тогтоогдлоо Ш.Дамдинсүрэнгийн биед дээд уруул хэсэгт шарх, дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Ш.Дамдинсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ш.Дамдинсүрэнгийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ш.Дамдинсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Ш.Дамдинсүрэнгийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-н 26 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Ж.Ганболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Дамдинсүрэнтэй маргалдаж улмаар түүнийг цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ганболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Ж.Ганболд нь 2019 оны 10 сарын 05-ны өдөр хохирогч Ш.Дамдинсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь... дээд уруул хэсэгт шарх, дээд уруулын дотор хэсэгт шарх... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 669 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ганболдын үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Ганболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 34 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Хохирогч Ш.Дамдинсүрэнд эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 60 хуудсанд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа ба цаашид гарах зардалыг харилцан тохиролцсон тухай баримт хэргийн 53, 54 дүгээр хуудсанд авагдсан байна.
Шүүгдэгч Ж.Ганболд, хохирогч Ш.Дамдинсүрэн нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүмүүсийн хоорондын харьцааны соёлгүй байдлаас шалтгаалж хоорондоо маргалдаж улмаар зодоон үүссэн нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Ганболдын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 5/112 тоот Прокурорын тогтоолоор шүүгдэгч Ж.Ганболдын LG- маркын 55 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ганболдод гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, цаашид гарах зардлаа нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн бусад байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ганболдод дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ганболдод оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1836000000191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 5/112 тоот Прокурорын тогтоолоор шүүгдэгч Ж.Ганболдын LG- маркын 55 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 35.5-1, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхонууд овогт Жамъяндагвын Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Жамъяндагвын Ганболдод дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Жамъяндагвын Ганболдод оногдуулсан дөрвөн зуун жаран мянган төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1836000000191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Ганболд нь хохиролд 400.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 5/112 тоот Прокурорын тогтоолоор шүүгдэгч Ж.Ганболдын LG- маркын 55 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Ганболдод тайлбарласугай
6. Шүүгдэгч Ж.Ганболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС