| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0325/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/340 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-эд холбогдох эрүүгийн 1938005880438 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод хурим найр хийж байхад иргэн Б.Н-той маргалдан улмаар хамар луу гараараа цохиж, баруун, зүүн гуя руу хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод иргэн Б.Н-той маргалдан улмаар хамар луу гараараа цохиж, баруун, зүүн гуя руу хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005880438 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Туяацэцэгийн төрсөн дүүгийнх нь хурим найр Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод болсон юм. Би тухайн өдрийн 20 цагийн үед байхаа эхнэр Туяацэцэг хүүхдээ очиж авахаар очсон юм. Чулуун ахтай маргалдаад байж байхад Отгоо хажуунаас орж ирээд надтай маргалдсан. Отгоо надтай маргалдаж байхдаа хамарлуу маань нэг удаа гараараа цохиж, баруун, зүүн гуяруу маань хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед Отгоог өөрөөсөө холдуулах гэж байхдаа баруун гарынхаа чигчий хурууг тулгачихсан...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Отгонбаатар гээд буруу хэлсэн байна. Намайг цохисон хүнийг Бат-Өлзийгийн Бат-Эрдэнэ гэдэг, Бат-Эрдэнийг хүмүүс Отгоо гэж дууддаг...надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-20-р тал/
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 8 дугаар сарын 18-ний өдөр Мөрөн сумын ... тоотод байрлах манай хашаанд миний төрсөн дүү Бат-Эрдэнэ гэр барин тусдаа гарч хурим найраа хийсэн юм. Хурим найр болж байхад 19 цагийн үед байхаа /яг цагийг нь сайн санахгүй байна/ манай хүргэн Б.Н- ах хашаан дотор согтуу хүнтэй ам мурийчихаад гэрлүү гүйж орж ирээд төрсөн эгч Туяацэцэгийг маань явъя гэж хэлээд нүүрлүү нь алгадсанаа гарнаас нь угз татаж чирээд авч гарах гэж оролдсон. Тэр үед найранд ирсэн Энхтуяа Туяацэцэг эгчийг гаргаагүй. Тэгэхэд Б.Н- ганцаараа гараад явсан. Тэгж гарч явчихаад удалгүй төрсөн ах Батдоржийгоо дагуулж орж ирсэн. Б.Н-ийн төрсөн ах Батдорж нь хашаанд орж ирчихээд гэрийн үүдэнд ирснээ гараад ирцгээ, алаад өгье гэж хэлж байсан. Энэ хоёр ирж хэрүүл маргаан үүсгэснээс болж хурим найрын үил ажиллагаа тарсан. Би тухайн үед найранд ирсэн хүмүүсийг хүргэж өгөх гээд явсан. Намайг явсан хойгуур юу болсоныг мэдэхгүй байна. Намайг буцаж ирэхэд Батдорж, Б.Н- хоёр явчихсан байсан. Тухайн үед ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
Шүүгдэгч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Б.Н- ах ирээд хашаан дотор Чулуун ахтай маргалдаад байхаар нь би Б.Н- ахаа та одоо болилдоо гэхэд Б.Н- ах миний хоолойг боосон. Тэр үед би Б.Н- ахыг болиулах гээд түүний нүүрлүү гараараа түлхсэн. Тэгэхэд Б.Н- ах миний үгэнд орохгүй намайг унагаачихаад гэрлүү яваад орчихсон. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт гэх зүйл алга байна. Б.Н- ахын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь надтай ноцолдож байх үед үүссэн байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаартай: Б.Н-ийн биед хамар ясны цууралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун чигчий хуруу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Н-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/
Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хохирогч Б.Н-ийн биед үүссэн хамар ясны цууралт, хамрын нуруунд няцарсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад цус хуралт болон зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10- р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод хохирогч Б.Н-той маргалдан улмаар хамар луу гараараа цохиж, баруун, зүүн гуя руу 4 хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ /хх-ийн 51-р тал/хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч А.Батдоржийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 1938005880438 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их мэргэд овогт Бн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 193800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР