Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Г-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 1938005890388 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Г-,

Шүүгдэгч Б.Г-э нь 2019 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн задгайд байрлах иргэн Ш.Ц-гийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Б.Г-э гэгчтэй хамтран амьдраад 10 жил болж байгаа. Гэхдээ яг хамт байдаггүй тус тусдаа байдаг юм. Бид дундаасаа 3 настай хүүхэдтэй. Ган- Эрдэнэ суусан цагаасаа намайг зодож дарамталж ирсэн. Хүүхдээ хүртэл маш их зодож, дарамталж айдастай байлгадаг. Би өмнө нь олон удаа цагдаад хандаж байсан. 2019 оны 08 сарын 11-ний өдөр Ганаа эгчийнхээ гэрт аваачиж намайг албан хүчээр архи уулгаж, ямар ч хамаагүй хүнтэй хардаж зодож эхэлсэн. Би Андууд нэртэй нийтийн байранд өрөө түрээслэж амьдардаг. Тэр байрны машин угаадаг настай эрэгтэйтэй намайг хардаж дарамталсан. Эхлээд намайг зодож үсдэж, чирч гэрт оруулаад нүүр нүдгүй гараараа цохиод, өшиглөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Гэрч Ш.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...ГанЭрдэнэ, Б.М- хоёр Мөрөн сумын 13 дугаар багт Ш.Ц- гэдэг эгчийнхээ гэрт түр амьдарч байгаад цагдаад хандсанаасаа хойш тусдаа амьдрах болсон. Миний хүү Б.Г-ий маань зан чанарын хувьд гэвэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ шулуун шударга зантай, хүнтэй харилцаа сайтай, элдэв муухай ааш авир гаргаад байдаггүй. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн ааш авир гаргадаг юм шиг байна лээ. Хүү Б.Г-э маань архи байнгын уудаг, архины хамааралтай болчихоод байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Шүүгдэгч Б.Г-ий яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Манай эхнэр бид хоёр хамтран амьдраад 10 гаруй жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. 4-5 хоногийн өмнө 08 цаг болж байхад манай эхнэр ажилдаа явлаа гээд гараад явсан. 12 цагийн үед согтуу шил архи барьчихсан орж ирсэн. Тэгсэн чинь утас нь дуугарахаар нь сонсож байтал үл таних эрэгтэй хүн чи хаана байгаа юм бэ би өрөөндөө байна хүрээд ир гэсэн утгатай юм ярьсан. Тэгэхээр нь миний уур хүрээд одоо бүр хажууд эрэгтэй хүнтэй ярьдаг болоо шив дээ гээд баруун шанаа руу нь алгадчихсан. Өөрөө намайг үснээс зулгааж зөндөө зодсон. ...Өглөө босоод иртэл баруун нүдний зовхи нь цоорчихсон шүүс гараад байсан. Би одоо юу руу уначихсан юм болоо гээд өөрөө ярьж байсан. Тэгсэн чинь манай найз өнгөрчихлөө гээд бид нар гэрт нь очиж 2 хоног ажил хийж байтал эхнэр удаа дараа залгаад хаагуур яваад байгаа юм бэ ир гээд. Тэгээд эхнэр маань залгаад түүхий эдийн зах дээр байж бай гэхээр нь хүлээгээд байж байтал цагдаа дагуулж ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай: Б.М-ын биед зүүн нүдний алимны салстад, баруун, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацар, хэвлий, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.М-ын биед үүссэн гэмтэл гэмтлийн 3 зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/ зэрэг болно.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дүгнэлтийн зовиур хэсэгт доошоогоо их хэмжээний цус гарна, маш их зовиурлаж өвдөнө гэж хэлсэн тул хохирогч Б.МөнхУндрахын биед эмэгтэйчүүдийн үзлэгийг хийсэн. Үзлэг хийхэд үтрээний үүдэвч хэсэг улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Үзлэг хийх явцад үтрээнээс шингэн цус бага хэмжээгээр урсан гарч байсан ба толь тавьж үзэх боломжгүй байсан тул шалтгааныг тогтоох зорилгоор эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явуулсан боловч нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ороогүй, ЭХО-ний хариу авчраагүй тул шалтгааныг тодорхойлох боломжгүй учир дүгнэлт хэсэгт хавсаргаж бичээгүй гэх мэдүүлэг/хх-ийн 29-30-р тал/

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Г-э нь 2019 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн задгайд байрлах Ш.Ц-гийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрчөгсөн мэдүүлэг, хохирогч Б.М-ын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыгухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Хохирогч, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр бүлийнтаарамжгүй харилцаа, хардалт зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Б.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Г-эд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Г-ий гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.ГанЭрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хохирогч Б.М- нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938005890388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Б Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 400/дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн 193800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР