| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0842/Э |
| Дугаар | 852 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 852
2019 11 07 2019/ШЦТ/852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Лхагвадашийн Хишигбаярт холбогдох эрүүгийн 1911026171087 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сум 16-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хатигин овгийн Л Х /РД: ЛМ/,
Шүүгдэгч Л.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсрэгт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны гадна Л.Билгүүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чихний дэлбээнд цус хуралт, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, зүүн эгэм, мөр, баруун даланд цус хуралт, баруун зүүн гарын тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр зүйлийн 26-ны өдрийн 23 цаг өнгөрөөд би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” бааранд ганцаараа орсон юм. Тухайн үед манай найз ирэх байсан болохоор ганцаараа ороод үйлчлүүлж байгаад найз Алтанбаттай тааралдсан юм. Алтанбат ганцаараа явж байсан. Ингээд бид хоёр 2-3 пиво авч уугаад бүжиглээд байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө буюу 02 цагийн орчимд тамхи татах гээд Алтанбатын хамт гарсан юм. Гадаа тамхи татаад байж байтал миний үл таних нүдний шилтэй одоо гомдол гаргаад байгаа Билгүүн гэх залуу нэг үл таних залуутай маргалдаад зодолдож байхаар нь би нэг залууг битгий боль гээд хэлтэл үгийн зөрүүгүй намайг цохиод авсан юм. Ингээд бид хоёр ноцолдоод бид хоёр харилцан цохилцсон юм. Ингээд байж байтал цагдаа ирээд намайг болон манай найзыг эрүүлжүүлэх байранд хүргэсэн юм. Манай найз Алтанбат нь зодоонд оролцоогүй юм...” гэх /хх-ийн 15х/,
Хохирогч Л.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” бааранд 02 цагийн орчимд пиво захиалчихаад гадаа гараад тамхилж байтал манай найз Батжаргалаас үл таних залуу тамхи асуугаад байсан юм. Яг юунаас болж маргалдсан талаараа санахгүй байгаа бөгөөд үл таних залуу намайг цохиж аваад доош нь дараад миний нүүр болон толгой хэсэгт өшиглөөд байсан юм...” гэх /хх-ийн 8-11х/,
Гэрч Б.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед манай найз Билгүүн манай гэрт ирээд гарч 1-2 пиво ууя гэсэн болохоор хамтдаа 6 буудлын “Өсөх” төв орж нэг шил 0,5 граммын архи хувааж уусан бөгөөд тэндээсээ 00 цаг өнгөрч байхад гарахад “Өсөх” төвийн урд талд байдаг нэг караоке орж манай найз Билгүүн бид хоёр орж дуулчихаад 30 минут орчмын дараа гараад харих гэж яваад замаараа нэг шил пиво уухаар болоод “Дуулга” баар луу ороод нэг нэг шил пиво аваад гарсан бөгөөд гадаа нэг үл таних залуу надаас тамхи нэхсэн бөгөөд тэгээд залуу муудалцах гээд байсан бөгөөд Билгүүнийг цохиод байсан. Энэ үед би цагдаагийн газарт очиж цагдаа дуудсан юм ...” гэх /хх-ийн 19-20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11814 дугаар дүгнэлт:
Л.Билгүүний биед хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чихний дэлбээнд цус хуралт, хүзүү, зүүн чихний дэлбэнд, дагзны хуйх, зүүн эгэм, мөр, баруун даланд цус хуралт, баруун, зүүн гарын тохойнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 22х/,
Шүүгдэгч Л.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/,
Хохирогч Л.Билгүүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 43х/,
Шүүгдэгч Л.Хын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 44х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Хыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигин овгийн Лхагвадашийн Хишигбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД