| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0506/И |
| Дугаар | 131/ШШ2016/00570 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 131/ШШ2016/00570
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3022191 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Миний бие ******* сумын Засаг даргын тамгын газарт Боловсрол соёлын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэвч сумын ******* 2016 оны 04 сарын 04-ний өдрийн Б/04 тушаалаар нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан. Энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. 2016 оны 04 сарын 17-ны өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 06 сарын 02-ны шүүх хуралд өөрийн биеээр ирж чадаагүй тул шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаах шийдвэр гарсан. Иймд нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, 2014 оны 04 сарын 04-ний өдрөөс хойшхи хугацааны цалин нөхөн олгуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү? Миний нэг сарын цалин: 791 526, 4-р сард авах- 647 613, 5-р сард авах- 791 526, 6-р сард авах- 791 526, 7-р сард авах- 791 526 нийт 3 022 191 төгрөг нэхэмжилж байна. Миний бие 2009 оны 03 сарын 11-нд сумын төрийн сангийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, төрийн албыг нэр төртэй хариуцлагатай гүйцэтгэж байсан. 2013 оны хагас жилийн хяналт шинжилгээ, мониторингийн ажлын хэсгийг ирэхэд сумын засаг дарга нь сумын засаг даргын Тамгын газарт хуучин ажиллаж байсан төрийн албан хаагчидтай хамтран ажиллахгүй. Өөрийн багаа бүрдүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь тодорхой байсан болохоор би өргөдлөө гаргаж 2013.07.05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Дотоод журмын дагуу 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авсан нь үнэн. 2013.09.10-нд сургуулийн захирал дуудан боловсролын нягтлан бодогчоор ажиллаач гэсэн санал тавьсан. Би саналыг хүлээн авч 2013.09.11-нд боловсролын нягтлан бодогчоор томилогдон боловсролын байгууллагад орон тоогоор ажиллаж байгаад Засгийн газрын 2014.10.11-ний өдрийн 326 дугаар тогтоолоор сумд санхүүгийн алба байгуулах тухай шийдвэр гарч -т 2015.01.01-нээс эхлэн орон тоогоор шилжин ажилласан юм. МУҮХ-иар сонгох сонгогдох эрхийнхээ хүрээнд ******* сумын МАН-ын хорооны даргын сонгуульт ажлыг хүлээн авсан. Энэ хугацаанд улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй, төрийн ажил хэргийг санаатай болон санамсаргүйгээр зогсоож гацаасан удаа нэг ч байхгүй. Төрийн албан хаагч нь ард түмэндээ үйлчлэх төрийн үйлчилгээг үзүүлэх хэрэглэгчдийг мэдээллээр хангах үүргээ хууль журмын хүрээнд үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 10.6-дахь заалт нь төрийн захиргааны албан хаагчид хамаарах заалт гэж ойлгож байгаа. Төрийн албаны тухай хуулийн 11.5-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хуулиар тогтооно гэж заасан нь энэ хуулийн 10.6-дахь заалт төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамааралгүй юм. Яагаад гэвэл төрийн үйлчилгээний албан тушаалтан нь аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчөөр намаас нэр дэвшин сонгогдож, намын үйл ажиллагаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажилладагтай адилтган үзэж байгаа учраас би төрийн албаны болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна..гэжээ.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажлаас халсан тушаалын үндэслэлүүдийг үзэхэд Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгосон байна. Гэтэл энэ заалт нь байгууллагын төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилж чөлөөлөх заалт юм. Би бол ерөнхий нягтлан биш зүгээр байгууллагын нягтлан тул надад хамаагүй заалт юм. Мөн МУЗЗНДНТУТХ-ийн 33.4 дэх хэсгийг үндэслэсэн байна. Энэ заалт нь тамгын газрын орон тоо бүтэц зохион байгуулалт нэмэгдэж хасагдсан цалингийн сан хасагдсан тохиолдолд хэрэглэх заалт юм. Гэтэл намайг ажлаас халахдаа энэ зүйл хэсгийг барьсан нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг барьсан боловч уг хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчил дутагдлыг би гаргаагүй, үйл явдал болоогүй байтал 38.1.2-т заасныг барьж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Мөн хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан ажил олгогчоос ажилтанд сахилгын арга хэмжээ авах заалтыг удирдлага болгосон байна. Гэтэл би хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргаагүй болно. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.1-д заасныг зөрчсөн гэсэн байгаа. Гэтэл энэ хуулийн 4.1.2-т энэ хуулийн үйлчлэлд байгууллагын нягтлан хамаарахааргүй байгаа. Төрийн албан тухай хуулийн 10.6-д заасныг зөрчсөн гэсэн. Энэ заалт нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахгүй заалт гэж ойлгож байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан байгаа. Төрийн жинхэнэ албан тушаалтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтанд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж сонгуулийн үйл ажиллагаа, намын үйл ажиллагаанд оролцоод явдаг жишиг байдаг. Хэрвээ улс төрийн албан тушаалд сонгогдвол урьд эрхэлж байсан албан тушаалаасаа түдгэлзээд, татгалзаад явдаг. Би энэ жишгээр явсан гэж ойлгож байна. Би анх ******* даргатай тохиролцоод ажлаас гаргахыг хүсэж шаардаж байгаа бол би амралтаа аваад, 3 сарын тэтгэмж аваад гаръяа гээд тохирсон байсан. Гэтэл надад олгох 3 сарын тэтгэмжийг буруу томъёолж Иргэдийн хуралд танилцуулнаас болж хурлын төлөөлөгчид “Ажлаас чөлөөлөгдөөгүй хүнд тэтгэмж олгохоор томъёолсон, энэ хүн нь ажлаас халагдаагүй, гэмт хэрэг үйлдээгүй, зөрчил дутагдал гаргаагүй байхад тэтгэмж олгоно” гэсэн нь ойлгомжгүй байна, өөр дутагдалтай байгаа бензин шатахууны зардалд төсөвлөе гээд батлаагүй юм билээ. Миний хувьд бол Намын дарга гэдэг бол зүгээр л сонгуульт ажил юм. Энэ нь хуулиараа төрийн алба биш ямар нэгэн байдлаар давхар ажил эрхлээгүй юм. Иймд би төрийн албан тушаалыг улс төрийн албан тушаалтай давхар эрхлээгүй гэж ойлгож байна. Би үндсэн цалин болон үр дүнгийн гэрээний урамшуулал төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэрэг нийт 791526 төгрөг авч байсан. Үндсэн цалин бол 608457 төгрөгөөр тогтоогдож байсан. Дараа нь шатлал нэмэгдээл 633.000 орчим төгрөг болсон байгаа. Өргөдөл дээр 2014 он гэж буруу бичсэн байна. Зүй нь 2016 оны 04 сарын 04-нөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл цалингаа бодуулж авмаар байна. Нэхэмжлэл дээрээ би ийм утгаар бичсэн. Нэхэмжлэлээ 7 сард бичсэн болохоор 4-7 сарын цалин 3022191 төгрөг гэж бичсэн юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж ойлгож болно. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлнэ.Би бол 2004-2008 онд сумын ИХТ-ын дарга хийж байсан. Тэр үед би МАХН-ын гишүүн байсан. Дараа нь би төрийн сангийн төлөөлөгч болохдоо МАХН-ын гишүүнээсээ албан ёсоор түдгэлзсэн юм. Одоо би аль ч намын гишүүн биш. МАН-ын дэмжигч юм. Гэхдээ одоо ******* сумын МАН-ын хорооны даргын тамга тэмдэгийн хүлээн авсан байгаа. Намын дүрэмд намын дарга заавал намын батлах бүхий гишүүн байна гэсэн зүйл байхгүй..гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
З.******* нь 2004-2008 онд МАН-аас сумын ИТХ-ын дарга, 2008-2012 онд сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ба 2013 онд аймгийн төрийн сангийн дарга н.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар хамтран ажиллах боломжгүй тухайгаа хэлж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2013.09.12-нд сургуулийн захирал, сумын засаг дарга нартай зөвшилцөн сумын сургуулийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан болно. 2015 оноос санхүүгийн алба байгуулагдаж Тамгын газарт Боловсрол соёлын нягтлан бодогчоор ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан хугацаанд буюу 10 сарын 16-нд МАН-ын гишүүдийн хурлаар ыг намын даргаас нь чөлөөлж З.*******ийг намын даргаар сонгосон болно. Энэ шийдвэр нь төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэн хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, хэрвээ улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харъяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” хэмээн заасан заалтыг зөрчиж улс төрийн намын дарга болсон нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох боломж бүрдсэн гэж үзээд сумын засаг даргатай зөвшилцөн 6 сарын дараа ажлаас нь чөлөөлсөн. Энэ хугацаанд хууль зөрчин ажиллаж байгаа тухай биечлэн уулзаж удаа дараа хэлэхэд “3 сарын тэтгэмж суулгах юм бол өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөн ажлаас чөлөөлөгдөнө” гэсэн хариулт өгч байсан. 2016.03.29-ны өдрийн ИТХ-ын тодотголд З.*******ийн уг тэтгэмжийг оруулсан боловч Иргэдийн хурлаас өмнө нь ажлаасаа гарахдаа тэтгэмж авсан тул өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. 2013 онд төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхдөө 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан байна..гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын дагуу орж тэнцээд энэ ажил албан тушаалыг эрхэлж байна. Нэхэмжлэгчээс намайг энэ албан тушаалыг эрхлэх эрх зүйн чадамжгүй гэж хэлж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ албан тушаалд хууль бусаар томилогдоогүй. Төрийн албан тухай хуулийн 10.6-д заасныг үндэслэл болгон З.*******ийг ажлаас нь чөлөөлсөн. Уг зүйлд зааснаар улс төрийн албан тушаалаас бусад төрийн албан тушаалтанд улс төрийн намайн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байгаа. Иймд учраас ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарна түүнийг харж байж шийдэх болно.Одоо З.*******ийн ажлын байран дээр өөр хүн томилогдсон байгаа. Урьд нь энэ хүнийг МАН-ын гишүүн байсан эсэхийг би мэдэхгүй. Миний өмнөх -ын даргын тушаалаар боловсролын нягтлан бодогчоор томилсон байсан. Ер нь намын дарга гэдэг бол улс төрийн үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцдог юм. Хуулиараа улс төрийн албан тушаалд томилогдох гэж байгаа бол төрийн албанаас түдгэлзэх ёстой энэ үүргээ З.******* биелүүлээгүй ..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Баянхонгор аймгийн ******* сумын Боловсрол соёлын нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3022191 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 04 сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооцон гаргуулахыг хүсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь “Нэхэмжлэгч нь Төрийн албан тухай хуулийг ноцтой зөрчиж улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон тул ажлаас чөлөөлж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргажээ.
З.******* нь ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 сарын 05-ны өдрийн 07 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны Боловсрол соёлын нягтлан бодогчоор томилогдон, 2015 оны 01 сарын 15-ны өдөр ******* сумын -тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна.
Улмаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн З.******* нь Нийтийн албаны тухай хуулийн 18.1, Төрийн албаны тухай хуулийн 10.6-дахь заалтуудыг зөрчиж улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа үндэслэлээр ажлаас халжээ.
Ингэснээр нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хууль, тогтоомжид зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор шаардах эрх үүссэн байна.
З.******* нь 2016 оны 04 сарын 19-ний өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 06 сарын 02-ны өдөр 131/ШЗ2016/01456 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан ажлаас халагдсан тушаалаа гардан авснаас хойш шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хугацаа тасалдаагүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгч З.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзсэн үндэслэлийг тайлбарлавал:
Ажилтан З.*******ийг ажлаас чөлөөлсөн “Ажлаас халах тухай” Б/04 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зүйл хэсэгтэй тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна. Учир нь:
Ажил олгогч нь нэхэмжлэгч З.*******ийг “Ажлаас халах тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах заалтыг удирдлага болгон ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуулийг зөв ойлгож хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д .Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна..гэжээ.
Түүнчлэн ******* сумын Тамгын газрын ажилтнуудын 2013.05.27-ний өдрийн хурлаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 9-1-д Байгууллага нь хөдөлмөрийн гэрээ дотоод журам зөрчсөн хийвэл зохих ажлаа хийгээгүй ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар журамласан байна.
Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтан нь хөдөлмөрийн болон сахилгын /хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан/ ямар зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн хуулийн 131 зүйлд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, тушаалд бичээгүй байна.
Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111.5-д тодорхойлсон .
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт эрхийн акт буюу тушаал гаргах ба энэхүү тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж, хуулинд нийцсэн байхыг шаарддаг тул ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан тул ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх тохиолдолд уг хуулийн дээрх зүйл хэсгийг удирдлага болгох нь хуульд нийцэх юм.
Зүй нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ноцтой үндэслэл шалтгаануудын алиныг ажилтан гаргасан болох, гаргасан зөрчил нь нотлогдож, тогтоогдсон эсэх, тушаалд дурдсан зөрчил, удирдлага болгосон хуулийн зүйл заалт тохирч байх нь хууль зөрчигдөхгүй байх, цаашилбал ажилтныг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлснөөс үүсэх эрх зүйн үр дагаврууд болох “Ажилтанд ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж мэдэгдэх хуудас өгөх эсэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгогдох эсэх” зэрэг үр дагаврыг тооцох боломжгүй байдал үүсгэсэн байна.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан үндэслэлээ тайлбарлахдаа ажилтан нь Төрийн албаны үйлчилгээний албан тушаалд ажиллаж байж Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг зөрчин улсын төрийн намын үйл ажиллагаанд оролцсон нь ажлаас халах үндэслэл болсон гэжээ. Хэдийгээр Төрийн албаны тухай хуульд төрийн улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцохыг хориглосон боловч энэ нь түүнийг ажлаас халах үндэслэл болох талаар Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан зохицуулалт байхгүй юм. Ажлаас халах тухай Б/04 дугаар тушаалын 1 дэх хэсэгт З.******* нь Нийтийн албаны тухай хуулийн 18.1 дэх хэсгийг зөрчсөн гэжээ. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжид Нийтийн албаны тухай гэсэн хууль байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хэргийг шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 01-03 саруудад 791526 төгрөгийн цалин авч байсан болох нь нэхэмжлэгчийн 000235675 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний сүүлийн 3 сарын цалин болох Баянхонгор аймгийн ******* сумын -ын боловсрол, соёлын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа авч байсан 1 сарын цалин 791526+791526+791526= 2374578: 3 сар = 791526: 21.5 хоног = 36815 төгрөг/нэг өдрийн цалин/ болж байна.
Улмаар нэхэмжлэгч З.*******ийн ажилгүй байсан хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 101 хоногийн цалин 3718315 төгрөгийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар З.*******ийн 2016 оны 04 сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 сарын 31 ний өдөр хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* сумын -ын дарга *******т даалгах нь зүйтэй байна.
Иймд З.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын “Боловсрол соёлын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3718315 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимжтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын 3718315 төгрөгөнд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 74443 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3718315 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 74443 төгрөг нийт 144643 төгрөгийг гаргуулж улсын орлогод 70200 төгрөгийг оруулж, нэхэмжлэгчид 74443 төгрөгийг олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын “Боловсрол соёлын нягтлан бодогч”ийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3718315 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******ийн 2016 оны 04 сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын -ын дарга *******т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 74443 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 144643 төгрөгийг гаргуулж улсын орлогод 70200 төгрөгийг оруулж, нэхэмжлэгчид 74443 төгрөгийг олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ