Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 882

 

 

                                                           

 

 

 

   

    2019        11          15                                2019/ШЦТ/882

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Шижирболдын Зол-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1911018901019 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, ах, дүүгийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Зам Сүжийн 5-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ш З /РД:Н/,

Шүүгдэгч Ш.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.З нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотод иргэн Д.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь хууль бусаар нэвтэрч 49 инчийн Хайсэнсе “hisense” загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 719,920 төгрөгний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ш.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

          Шүүгдэгч Ш.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сард Д.Отгон гэх хүний барилгын ажил хувиараа хийдэг бригадад орж барилгын ажил болох арматур зангиддаг ажил хийдэг байсан. Тэгээд өөрийн гэр Төв аймгийн Баянчандмань суманд байдаг болохоор Улаанбаатар хотод байх айл байхгүй учир бригадын дарга Д.Отгоны гэрт ажиллаж байх хэсэг хугацаанд амьдарч байсан болохоор тэднийх гэрийнхээ хаалганы цоожийг зүүгээд дараад орхидог. Тэгээд уг цоожийг нь татахаар нь онгойдог болохыг нь мэддэг байсан. Тухайн  үед би цуг ажилладаг байсан Д.Амин-Эрдэнэ гэх охинд сайн болоод үерхэж байсан. Сүүлийн хэд хоног Д.Амин-Эрдэнэ гэртээ очоогүй байгаа ээжээс айгаад байна гээд ажилдаа явахгүй явахаар ажил дээр нь ээж нь ирнэ гээд байсан болохоор бид нар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа очихоо болиод буудалд байрлаж байсан. Би Д.Амин-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Гэрлээ нар тухайн үед хэд хоног ажилласан цалин хөлсийг авах ёстой байсан боловч ажлын гүйцэтгэл өнөө маргаашгүй орж ирнэ тэгэхээр нь цалин олгоно гэж байсан. Тэгээд бид нар 3 хоног буудалд байрлаад мөнгөгүй болоод буудлын мөнгө төлөх шаардлагатай болоод бригадын даргайтай ярих гэсэн боловч утсаа ломбарданд тавиаад утасгүй байсан болохоор байрлаж байсан буудлын өрөөнд Д.Амин-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ, Гэрлээ нарыг үлдээгээд байж бай би Отгонтой уулзаж цалингаа аваад ирнэ гэж хэлээд бригадын дарга Д.Отгоны гэрт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр очиход гэрт нь хүнгүй байх гэр цоожтой байхаар нь гэрийнх  нь  цоожийг онгойлгож сурсан болохоор гэрт ороод Д.Отгоныг хүлээгээд сууж байгаад ирэхгүй болохоор бүүр сүүлдээ аргаад бараад нэгэнт ирснийх зурагтыг нь авч яваад ойрхон ломбарданд тавиад цалингаа буухаар аваад эргээд авч өгнө гэж бодоод зурагтыг нь салгаж аваад зурагт байсан тавиур дээр нь өөрийн гараар бичиг бичиж үлдээгээд гэрээс нь гараад хаалганы цоожийг нь буцааж зүүгээд зурагтыг одоо яг  зааж чадахгүй байна, хүнсний нэгдүгээр дэлгүүр орчимд ломбарданд өөрийн бичиг баримтыг ашиглан 350,000 төгрөгөөр барьцаанд тавиад эргээд буудалдаа очиход Мөнх-Эрдэнэ байхгүй байсан. Тэгээд буудлын өрөөнд ороод Д.Амин-Эрдэнэ нараас асуухад Мөнх-Эрдэнэ түцний утсаар Отгонтой ярьсан чинь ирээд цалингаа ав гэж байна гээд цалин авахаар явсан гэж хэлсэн. Би ороод зурагт барьцаанд тавьж олсон мөнгөнөөс буудлын мөнгийг төлөөд гараад Мөнх-Эрдэнэтэй анх гарахдаа Сүхбаатарын талбай дээр уулзахаар тохирсон байсан болохоор буудлаас гарч талбай орж Мөнх-Эрдэнэтэй уулзсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ, Д.Амин-Эрдэнэ, Гэрлээ нарт Д.Отгоны зурагтыг хулгайлсан талаар яриагүй. Мөнгийг Эрдэнэтэд байдаг найз руугаа шилжүүлсэн. Намайг хүрээд ир гэж байна та нар явах уу гэсэн чинь тэгье гээд бид дөрөв автобусаар Эрдэнэт явсан.  Мөнх-Эрдэнэ цалингаа авах гээд ажиллаж байсан барилга дээр очиход Д.Амин-Эрдэний ээж барилгын хашааны үүдэнд нь эогсож байхаар нь би орж чадсангүй эргээд хүрээд ирсэн. Яагаад гэхээр Д.Амин-Эрдэнэ гэртээ очихгүй гээд байсан. Бид нартай явж байгааг мэдэж байсан болохоор намайг олж  өг гэж уурлана гээд буцаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Бид нар тэр өдрөө Эрдэнэт хот руу явж хоноод маргааш нь Мөнх-Эрдэнэ, Гэрлээ хоёр Улаанбаатар явлаа гээд түрүүлээд явсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Амин-Эрдэнийг “ээж түүнийг гэртээ ир” гээд байна гээд бид хоёр Улаанбаатар хотод ирэх болсон. Яагаад гэвэл энэ хугацаанд Даш-Оюун эгч намайг Отгоны гэрээс зурагт хулгайлсан талаар мэдээд цагдаагаас хайгаад байна гэж хэлсэн байсан. Би Улаанбаатар хотод ирээд Мөнх-Эрдэнэд хэргийн талаар хэлсэн. Би түүнтэй уулзаад зурагт ломбарданд тавьсан бичгийг өгөөд Даш-Оюун эгчээс айгаад өөрөө уулзаж чадаагүй. Даш-Оюун эгчид ломбардын хаягийг утсаар зааж өгөөд зурагтыг нь ломбарднаас аваад цагдаад хүлээлгэж өгөөд сүүлд нь би мөнгийг нь өгсөн...” гэх /хх-ийн 43-46х/,

Хохирогч Д.Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өглөө гэрээсээ 08 цагийн орчимд ажилдаа гарч яваад оройн 21 цагийн орчимд эрэгтэй дүү Ганзоригийн хамт гэртээ ирсэн. Манай гэрийн зурагт байхгүй болчихсон зурагтын тавиур дээр "уучлаарай" гэх утгатай зурвас үлдээсэн байсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай гэрийн хаалга цоожтой байсан, цоож нь татангуут онгойчихдог болохоор буцаагаад зүүчихсэн байсан. 2019 оны 04 дүгээр сараас хойш манай барилгын бригадад ажиллаж байсан Зол-Эрдэнийг сэжиглэж байна. Зол-Эрдэнэ зурагт авсан талаар Мөнх-Эрдэнэ бид нарт хэлсэн... гэх /хх-ийн 19-20х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Даш-Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний охин Д.Амин-Эрдэнэ нь Ш.З гэх залуутай хувиараа барилгын арматурын төмөр зангиддаг бригадад ажилладаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай охин Д.Амин-Эрдэнэ нь Ш.З бас нэг найзынхаа хамтаар байж байгаад Ш.З бригадынхаа даргатай уулзаж цалингаа авна гэж яваад удаагүй байж байтал нь Отгон гэх хүн нь залгаад ирж цалингаа аваарай гээд цуг ажиллаж байсан залууруу ярьсан байсан. Тэгээд удалгүй байж байхдаа Зол-Эрдэнэ нь мөнгөтэй болоод ирсэн байсан. Тэгээд охин Амин-Эрдэнэ нь цалингаа аваад ирсэн байна гэж эхлээд ойлгосон. Тэгээд тэр өдрөөс хойш охин Амин-Эрдэнэ, Ш.З нар нь нийлээд 1 сарын хугацаанд ор сураггүй алга болсон. Тэгээд хэд хоногийн дараа нь ажиллаж байсан газрынхаа хүний гэрээс нь Ш.З нь зурагтыг нь хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд сарын дараа нь Амин-Эрдэнэ нь ирээд Ш.Зтэй холбогдож утсаар ярьж байгаад уг зурагтыг нь байгаа ломбардыг заалгаж зурагтыг нь авахаар Ш.Зол-Эрдэнийг ломбардны хүнтэй нь яриулж байгаад алданги энэ тэрийг нь тооцуулаад авахад зурагтыг нь 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан хүү болон алдангийг нь тооцож төлөөд би өөрөөсөө 398,000 төгрөгөөр зурагтыг нь аваад гэртээ байлгаж байгаад цагдаад мэдэгдэж зурагтыг нь цагдаад хүлээлгэж өгсөн. Д.Амин-Эрдэнэ нь эхлээд уг зурагтыг Д.Зол-Эрдэнэ нь хулгайлж авч ломбарданд тавьсан талаар мэдээгүй байж байгаад сүүлд хэд хоногийн дараа нь Ш.З нь болсон зүйлийн талаар хэлж мэдсэн байсан ..." гэх /хх-ийн 23-24х/,

Гэрч Ч.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...би хохирогч Отгоны төрсөн дүү, би эгч Отгон, түүний нөхөр Оюунбаатар, охин Амин-Эрдэний хамт амьдардаг. Зол-Эрдэнэийг сайн танихгүй, манай ажлын бригадад 2 cap ажиллаж, манай гэрт амьдардаг байсан. 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй байж байгаад 07 дугаар сарын 07-нд манай гэрийн зурагтыг хулгайлаад аваад явсан байсан..." гэх /хх-ийн 25-26х/,

Гэрч Д.Амин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                "...Ямар ч байсан Мөнх-Эрдэнэ, Отгонтуяа бид нар цуг байж байхад Ш.З нь ганцаараа Отгоны гэр рүү явсан. Бид нараас салаад гэрт очиж зурагтыг хулгайлахдаа өөр хэн нэгний хамтаар очсон эсэхийг мэдэхгүй байна. Би Орхон аймагт байж байхдаа хулгай хийсэн талаар мэдсэн тэрнээс өмнө тийм зүйлийн талаар огт хэлээгүй..." гэх /хх-ийн 30-31х/,

Шүүгдэгч Ш.Зол-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 51х/,

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүх, шүүгдэгч Ш.Зол-Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 350,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Зд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангид зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Отгон нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Шижирболдын Зол-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.Зол-Эрдэнийг  1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ш.Зд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

4. Шүүгдэгч Ш.З бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД