Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 33

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                              Даргалагч

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид                          Я.Туул

                                                                   Д.Буянжаргал

                    Оролцогчид:

                              Ялтны  өмгөөлөгч          Ө.Өлзиймаа

                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар   оролцож, 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын        10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гансүхийн Ганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618010049 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд  төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 15 дугаар байрны 87 тоотод оршин суух хаягтай, “Мицу гранд” барилгын компанид сангийн ажил хийж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: -Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаатай хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 08 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах,

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Гансүхийн Ганбаатар /РД:ТА-89112036/.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Шүүгдэгч Г.Ганбаатар нь:

- 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М.Хишигбат, Б.Өлзийбадрах нартай бүлэглэн машин механизм хэрэглэж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг “Жимстэй” хорооллын задгайд оршин суух иргэн Д.Нандинцэцэгийн гэрт орж 32 инчийн LCD зурагт, нокиа загварын гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 270.000 төгрөгийн,

-2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Улсын Их Дэлгүүрийн 1 дүгээр давхарын үнэт эдлэлийн тасгаас 19.1 грамм жинтэй 995 сорьцтой алтан бөгж хулгайлж 2.800.000 төгрөгийн,

-2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутагт байрлах Олон улсын худалдааны төвийн “Говь” ХХК-ны нэрийн барааны дэлгүүрээс эрэгтэй хүний ноолууран цамц хулгайлж 319.000 төгрөгийн хохирол учруулсан ба нийтдээ 3 удаагийн үйлдлээр бусдын 3.389.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан,

-2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 10 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэх, мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын цагдан хоригдсон 158 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Ганбаатараас 3.190.035 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Наранцэцэгт 1.871.035 төгрөгийг, хохирогч “Говь” ХК-д 319.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвабадамд 1.000.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Нандинцэцэгт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 15-00 УНР улсын дугаартай хар өнгийн “Верна Аксент” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Отгонбаярт буцаан олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатараас 1.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн торцов 1 ширхэг, жижиг цагаан цоож 1 ширхэгийг тус тус устгаж, энэ хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар сидийг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж  шийдвэрлэжээ.

Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч Г.Ганбаатар би 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Сайхан сумын сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Миний хувьд өөрийн хийсэн үйлдлийг чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүх хүртэл хохирлоо төлж чадалгүй явсаар бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй зэргийг анхан шатны шүүх  харгалзан үзэж миний эдлэх ялын хугацааг 03 жил 06 сараар тогтоон шийтгэсэн гэж ойлгож байна. Харин анхан шатны шүүхийн тогтоол гарснаас хойш бусдад учруулсан хохирлоо арилгасан тул миний эдлэх ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирол барагдуулсан тухай нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж өгнө... Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 04 дүгээр сарын 13-нд тус аймгийн Сайхан суманд хэрэгт холбогдоод цагдан хоригдож байгаад 2016 оны 04 дүгээр сарын      28-нд гарсан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл уг хэрэгт хамт оролцсон М.Хишигбат мөрдөн байцаалтын ажиллагаанд ирээгүй учир мөрдөн байцаагч н.Эрдэнэзул нь  Б.Өлзийбадрах бид 2-ыг явуулсан. Б.Өлзийбадрах бид 2 мөрдөн байцаагчтай байнга холбоотой байж байгаад 2016 оны 05 дугаар сарын     20-нд холбоо тасарсан. Намайг уг хэргээс оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжлах тогтоол 2016 оны 06 дугаар сарын 17-нд гарсан болох нь 1 дүгээр хавтасны 85 дугаар хуудаст тогтоогдсон байгаа. Би тухайн үед Дундговь аймагт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтад байсан. Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахмад н.Жаргалсайханд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт шалгагдаж байгаа хэргээ нэгтгэмээр байна гэсэн боловч шалгаж үзлээ тийм зүйл алга гэж мэдэгдсэн. Тухайн үед Хөтөлд хохирогч Д.Нандинцэцэгийн эд зүйлийг буцааж өгсөн болохоор хэрэгсэхгүй болсон гэж бодож байсан. Надтай дахиж н.Эрдэнэзул байцаагч холбоо бариагүй. Би байнга оршин суух хаягтаа байсан. Дундговь аймагт шалгагдаж байсан хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон...” гэжээ.

 Прокурор Н.Бадам давж заалдах шатны шүүхэд гаргасан  тайлбартаа:

 “...Г.Ганбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 2016 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бага бус хэмжээний буюу 3.389.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн хэрэгт шалгагдаж байх хугацаанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ганбаатарыг машин механизм ашиглан бүлэглэн, давтан бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг мөн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас зориуд зайлсхийж оргон зугтсан хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оноож, хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрэг хэлэлцэгдэх үед шүүгдэгч Г.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулаагүй тул оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Ө.Өлзиймаа би Г.Ганбаатарын эрх ашгийг хамгаалж оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөр төлөгдөөгүй гэдэг байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогоолыг хүндрүүлэх нөхцөл байдал болсон гэж үзэж байна. Онлайнаар шүүх хуралд оролцох хүсэлтийг явуулахдаа хохирогч, иргэний нэхэмжлэгч “Говь” хувьцаат компаний 319.000 төгрөгийн хохирлыг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн. Хохирогч нь Г.Ганбаатараас хохирол төлбөрөө бүрэн авсан, дахин нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр үйлдэж нотариатаар батлуулж шүүхэд хүргүүлсэн байгаа. Мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг Г.Ганбаатарын ээж 1.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч н.Наранцэцэгт Г.Ганбаатарын өмнөөс өгсөн. Төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар заалтад Г.Ганбаатарт гомдолгүй болсноо хууль хяналтын байгууллагад үүгээр хэлж байна гэсэн 2 баримтыг шүүхэд хүргүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан 3.100.000 төгрөгийн хохирлоос 1.319.000 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхийн дараа төлж дууссан. Хохирлоосоо зарим хэсгийг төлсөн байгаа байдлаас харгалзаад давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа энэ талаар дурьдаад, хулгайн үйлдэлтэй гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар Г.Ганбаатарт оногдуулсан ялыг 02 жил 06 сар болгон  1 жилийг хасаж тооцож өгнө үү гэж хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбаатарт оноосон ялыг багтааж, нийт эдлэх ялыг 02 жил 06 сар болгон өөрчилж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Г.Ганбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,  10 дугаартай шийтгэх тогтоолоор Гансүхийн Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэх, мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  байна.

Ялтны гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлахад:

Ялтан Г.Ганбаатар нь 3 удаагийн үйлдлээр бусдын 3.389.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан, хулгайн гэмт хэргийг давтан, бүлэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нандинцэцэг, Н.Наранцэцэг, иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабадам нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Оюун-Ундрам /1-р хх-ийн 141-142-р ху/, иргэний нэхэмжлэгч Б.Будсүрэн /1-р хх-ийн 17-р ху/, сэжигтэн М.Хишигбат /1-р хх-ийн 21 ху/, сэжигтэн Б.Өлзийбадрах /1-р хх-ийн 23 ху/ нарын мэдүүлэг,  Сайхан сумын Үнэлгээний комиссын үнэлгээ /1-р хх-ийн 28 ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ тогтоосон акт /1-р хх-ийн 47 ху/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон баримт /2-р хх-ийн 30-р ху/, машин битүүмжилсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-р ху/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганбаатартын өгсөн мэдүүлэг зэргээр,

-мөрдөн байцаалтаас зориуд, санаатай зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1-р хх-ийн 81-р ху/, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай Прокурорын 5/14 тогтоол /1-р хх-ийн 83-р ху/, Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Прокурорын 5/02 дугаартай тогтоол             /1-р хх-ийн 85-р ху/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах хугацааг тогтоох тухай 5/21 дугаартай тогтоол /1-р хх-ийн 87-р ху/, 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн Мөрдөн байцаагчийн даалгавар /1-р хх-ийн 107-р ху/, 10-р сарын 26-ны өдрийн Албан даалгаврын хариу /1-р хх-ийн 108-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “…хулгайн үйлдэлтэй гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар Г.Ганбаатарт оногдуулсан 03 жил 06 сарын хугаацаагаар хорих ялыг 02 жил 06 сар болгон  1 жилийг хасаж тооцож өгнө үү гэж хүсч байна.Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбаатарт оноосон ялыг багтааж, нийт эдлэх ялыг 02 жил 06 сар болгон өөрчилж өгнө үү” гэсэн гомдлын үндэслэл гаргасан боловч анхан шатны шүүх ялтан Г.Ганбаатарын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялыг оногдуулсан байх тул Г.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж  давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Ганбаатарын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч           Б.Оюун-Ундрамын “Г.Ганбаатараас нэхэмжилсэн ноолууран цамцны мөнгө, хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй.

Харин   хохирогч Н.Наранцэцэг, ялтан Г.Ганбаатарын эх Д.Наранцэцэг нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирлыг төлж барагдуулахаар тохирсон “Төлбөр барагдуулах тухай” гэрээг ирүүлсэн боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Г.Ганбаатар нь “Говь” ХХК-ны нэрийн барааны дэлгүүрээс хулгайлсан эрэгтэй хүний ноолууран цамцны үнэ 319.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оюун-Ундрам нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурьдсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                Б.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                                       Я.ТУУЛ

                                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ