Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ХШТ/77

 

                                                              Д.Н, Д.Б нарт холбогдох

                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Д.Н-ийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, иргэний хариуцагч болон шүүгдэгч Д.Б нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/1354 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/276 дугаар магадлалтай, Д.Н, Д.Б нарт холбогдох 2102002120013 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Н, 1965 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ****-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** дугаар хороолол, **** дугаар байрны **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч **** дүүргийн **** дугаар хороо, **** дүгээр байрны **** тоотод оршин суудаг, /РД: ****/,

Д.Б, 1973 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, **** дугаар байрны **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч **** дүүргийн **** дүгээр хороо, **** дахь амины орон сууцад оршин суудаг, /РД: ****/,

Шүүгдэгч Д.Н нь нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харьяа **** ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг тус тус хориглох заалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2-т “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.4-т “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яллагдагч Д.Б-тэй бүлэглэн түүний үүсгэн байгуулсан “****” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн 147,265,193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютерт томографын “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт “****” ХХК-ийн захирал Д.Б-тэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “****” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Б нь эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харьяа **** ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Н-тэй бүлэглэн өөрийн үүсгэн байгуулсан “****” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютерт томографын “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг “Итгэлт эстимэйт” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ огноог хуурамчаар гаргуулан, улмаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “**** ерөнхий захирал Д.Н-тэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “****” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.Н, Д.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “****” ХХК-ийн Капитрон банк дахь ****, ****, **** тоот данс, Улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй “****” ХХК,

“****” эмнэлгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хохирогч Эрүүл мэндийн яамны хууль ёсны төлөөлөгч Т.Х гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 13 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Н, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан байх ба Д.Н, Д.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 45.8 дугаар зүйлд зааснаар хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид, зарим гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн уг маргаан бүхий аппаратыг “****” ХХК-иас ****д бэлэглэсэн, харин тус аппаратыг шилжүүлэн зөөвөрлөх хэвийн ажиллуулахад гарах засвар үйлчилгээний зардалд нийт 400,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-тэй харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэхүү дүгнэлт нь “Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээ”-ний 2-т “Захиалагч нь ... ****-д нэн шаардлагатай Компьютерт томографын аппаратын нийлүүлэгч байгууллагаас ирүүлсэн саналыг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно”, 3-т “Захиалагч нь барааны нийлүүлэлтийн үнэ 400,000,000 төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлнэ. Гэрээний үнэд аппаратын үндсэн үнэ, угсралт, суурилуулалт, сургалтын зардал багтсан болно”, 7-д “Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна” гэсэн гэрээний заалтуудад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний үнэд аппаратын үндсэн үнэ багтсан гэж гэрээнд маш тодорхой заасан байхад зөвхөн мэдүүлэгт үндэслэн Компьютерт томографын аппаратыг Эрүүл мэндийн яам нь “****” ХХК-ийн “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ****-д шилжүүлэн суурилуулах замаар шийдвэрлэж, тус аппаратыг шилжүүлж, зөөвөрлөх, хэвийн ажиллуулахад гарах засвар үйлчилгээний зардалд нийт 400,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээ нь гэрээ байгуулагч этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүсгэх, шилжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд гэрээг ****-ийг төлөөлж захирал Д.Н, “****” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Б нар гарын үсэг зурсан. Гэрээний зорилго нь коронавирус цар тахал өвчний халдвар тархахаас сэргийлэх, халдварт өвчнийг эмчлэх, цааш халдварлахаас сэргийлэх зорилгоор аппарат худалдан авах явдал байсан бөгөөд гэрээний үндсэн зорилго биелэгдээгүй буюу аппарат байнга эвдэрч гэмтэж байсан, 12 дугаар сард гарсан гэмтлийн улмаас 23 сая орчим төгрөгийн зардал гарах нэхэмжлэл ****-т ирүүлсэн бөгөөд төлөөгүйгээс засагдаагүй, одоо ямар ч ажиллагаагүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Хэрвээ засварыг хариуцахаар 400,000,000 төгрөг авсан бол гэрээний нийлүүлэгч тал үүргээ биелүүлэх ёстой бөгөөд харин биелүүлээгүй нь уг гэрээ бэлэглэлийн гэрээ биш буюу аппаратыг хандивлаагүй гэдгийг давхар нотолж байна. Иймээс гэрээний үүргийн хэрэгжилт хангагдаагүй буюу Монгол Улсад тусламж үзүүлж байгаа олон улсын байгууллагын мөнгийг үр ашиггүй зарцуулсан, Монгол Улсын төрд итгэх итгэлийг алдагдуулсан, Монгол Улсад ноцтой хохирол учруулсан үйлдлийг гаргасан гэрээ байгуулсан албан тушаалтныг албаны бүрэн эрхээ ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж прокуророос эрүүгийн хэргийн шинжтэй гэж дүгнэсэн болно.

Давж заалдах шатны шүүх “... гэрээ байгуулахаас өмнө Эрүүл мэндийн яам, сайд болон “****” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд яриа хэлцэл хийгдэж, ...аппаратыг ****-д шилжүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх, төлбөр, түүнийг хэрхэн төлөх яриа хэлцэлд **** болон Д.Н оролцоогүй үйл баримт тогтоогдлоо” гэж дүгнэсэн. Прокуророос ЭМЯ-ыг буруутгаагүй шалтгаан нь Эрүүл мэндийн сайд Д.С “...Д.Б-г дуудаад шадар сайд Ө.Э-ий өрөөнд бид гурав уулзсан. Энэ үед Д.Б нь хуучин ашиглаж байсан компьютерт томографын аппарат байгаа, би нийгмийн хариуцлагын хүрээнд компьютерт томографын аппаратыг үнэ төлбөргүй өгье гэж хэлсэн. Харин тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт, мэргэжилтэн сургах өртөг гэж гарна. Түүнийг би авмаар байна, тооцоог гаргаж өгье гэж хэлсэн” гэж мэдүүлдэг, мөн сайдын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 дугаар албан бичигт “...**** эмнэлгээс ****-д “Рhilips Brilianсe CT16” компьютерт томографын аппарат хандивлаж, тус аппаратын суурилуулалтын зардал 130 сая, нэг жилийн урсгал засварын зардал 270 сая, нийт 400 сая төгрөгийг төсөвт өртөгтэй байна. Иймд тус эмнэлэгт компьютерт томографын оношилгоог нэвтрүүлэхэд шаардагдах дээрх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн албан бичиг хүргүүлсэн. Гэрээнээс өмнө энэ үйл явдал болсон ч хамгийн чухал нь Д.Б хэлснээсээ өөрөөр гэрээг хийж, аппаратын үндсэн үнийг суутгасан. Сайдын хувьд гэрээг байгуулаагүйгээс гадна хандивласан гэсэн өрөөсгөл ойлголттой байж, зөвхөн цаг үеийн шаардлагаар дэмжлэг хүссэн тул албаны эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон гэж дүгнэх боломжгүй юм. Иймээс энэ хэргийн улмаас учирсан хохирлыг гэрээ байгуулсан талууд хариуцах ёстой гэж байна.

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу ****-д шилжүүлж суурилуулан ажиллуулсан компьютерт томографын аппаратыг худалдан авсан гэх гэрээнд гарын үсэг зурснаас өөр байдлаар оролцоогүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар санхүүжилтийг “****” ХХК-д яаралтай олгуулахаар удаа дараа албан бичгүүд хүргүүлсэн нь ****-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13/806, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13/928 дугаартай албан бичгүүдээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, бусдад давуу байдал олгож, төрд хохиролтойгоор гэрээ байгуулан улмаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг идэвхтэй үйлдлээр хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Д.Н нь нийтийн албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг тус тус хориглосныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, 39 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гэснийг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д  заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2-т заасан батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.4-т заасан төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх гэснийг тус тус зөрчиж төрд хохиролтойгоор буюу ашиглагдахгүй болсон компьютерт томографын аппаратыг авахаар гэрээ хийсэн байна.

Энэ нь гэрч Т.Б-ийн “...“****” ХХК-иас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 02-03 дугаар сарын үед манай компанийн “****” эмнэлэг КТГ-ын аппаратаа шинэчилж байгаа тул бид одоо ашиглахгүй байгаа КТГ-ын аппаратыг улсад худалдах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ийн “...****-ийн захирал Д.Н шууд гэрээ байгуулах уг тохиолдолд Эрүүл мэндийн сайд ****-д худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах эрхийг тушаалаар шилжүүлнэ. Үүний дагуу Д.Н захиралд эрх үүсэх ба тэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог өөрөө тушаалаар байгуулж, худалдан авах ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдсан байх ёстой. Дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр Д.Н захирал “****” ХХК-тай гэрээ байгуулж холбогдох материалыг Азийн хөгжлийн банкны санхүүд хүргүүлж хянуулна. Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн санхүү нь манай Эрүүл мэндийн яамаар дамжуулан хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлнэ. Манай Эрүүл мэндийн яамаар дамжуулах хүсэлтийг заавал Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулан гарын үсэг зурна. ...би Д.Б гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, тэр бүү хэл утсаар ярьж байгаагүй. Би Д.Б болон өөр хэн нэгэн хүнд тухайн аппаратыг үнэлж ирүүлэх талаар огт хэлж ярьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, “Файн эстимэйт” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай “ ...2020 оны 04 дүгээр сард тус эмнэлгийн байранд байрлуулж, угсарсан ба холболтуудыг хийж үйл ажиллагаа явуулж байсан боловч өнөөдрийг хүртэл 10-аад удаагийн эвдрэл гэмтэл гарч хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард дахин гэмтэл гарснаас хойш засварлагдаагүй байдалтай байна, хэрэв үүнийг засварлахад 23 сая орчим төгрөгийн зардал гарах засварын нэхэмжлэл ирсэн байна, орлуулах өртөг нь худалдан авалтын үнэ, тээвэрлэлт, суурилуулалт зэрэг бүхий л зардлыг багтаасан бодит өртгийг үндэслэж байгаагаараа давуу талтай юм, хөрөнгийн зах зээлийн хандлагаар бодит үнэ цэнийг 147,265,193 төгрөг...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

Иймд гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна. Д.Б нь ашиглахаа байсан аппаратаа анх худалдан авсан үнээс 5,7 дахин их үнээр нийлүүлж хэт өндөр үнээр зарсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Компьютерт томографын аппаратыг “****” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас 50,350 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70,941,136 төгрөгөөр импортлон оруулж ирсэн бөгөөд тус аппаратыг 2006 онд үйлдвэрлэсэн, үйлдвэрлэгдсэнээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай компьютерт томографын аппаратыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээний үндсэн дээр 400,000,000 төгрөгөөр ****-д нийлүүлсэн бөгөөд аппарат байнгын засвар хийгдэж, ажлын шаардлага хангахгүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Прокуророос Д.Б-ийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютерт томографын “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг “Итгэлт эстимэйт” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ огноог хуурамчаар гаргуулан, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт “****-ийн ерөнхий захирал Д.Н-тэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “****” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад цагаатгах тогтоол болон магадлалд түүнийг цагаатгах үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас 2021 онд баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай 29 дүгээр тогтоолтой нийцээгүй шийдвэр гаргаснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...“****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь коронавирус гарсан цаг хугацаанд компьютерт томографын аппаратаа шинэчилж байгаа учраас хуучин аппаратаа худалдах хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавьж байсан байна. Коронавирус өвчний халдвар тархах эрсдэл үүссэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас Д.Б-д хандаж, “уушгины хатгалгааг оношлох компьютерт томографын аппаратыг ****-д үнэ төлбөргүй буюу хандиваар өгч тусламж үзүүлээч” гэсэн хүсэлтийг тавьсан. Д.Б уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эмнэлгийн дүрс оношилгооны төхөөрөмж болох компьютерт томографын аппаратыг ****-д 2020 оны 04 дүгээр сард суурилуулж өгсөн. Уг аппарат нь 1 жилийн хугацааны ашиглалтын явцад ойр ойрхон буюу нийт 8 удаа эвдрэл гэмтэл гарч, үүнээс шалтгаалан хожим бүр ашиглагдахгүй болсон. Үүний шалтгаан нь тухайн аппарат удаан хугацаанд ашиглагдсан байсан буюу хуучин, хүчин чадал муу, эвдрэл гэмтэл гарах өндөр эрсдэлтэй байсантай холбоотой болох нь тогтоогдсон байна. Яллах тал уг аппаратыг худалдсан гэж, өмгөөлөх тал харин үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгсөн буюу хандивласан гэсэн агуулгын зөрүүтэй асуудлаар мэтгэлцсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлэг болон зарим гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн “****” ХХК аппаратыг нийгмийн хариуцлагын хүрээнд хандиваар шилжүүлж өгсөн буюу бэлэглэсэн гэж дүгнэсэн. Гэвч энэхүү дүгнэлт нь ****-ийн ерөнхий захирал Д.Н, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарын гарын үсэг зурж баталсан компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний 2, 3, 7 дугаар заалтад тусгагдсан “400 сая төгрөг нь аппаратын үндсэн үнэ, суурилуулалт, сургалт, засварын зардлыг хамарсан” гэх нөхцөлтэй нийцэхгүй байна.

Тодруулбал, уг аппарат нь бэлэглэлээр шилжээгүй, ****-өөс аппаратыг засвар үйлчилгээний хамт худалдан авсан болох нь хэрэгт авагдсан гэрээнээс тодорхой харагдаж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хандиваар өгнө гэсэн аппарат үндсэн үнэ болох 147,2 сая төгрөгийн өртгөөсөө давсан зардлаар засвар үйлчилгээ хийх нөхцөлтэй тохиролцоо болж хувираад, хуучин аппаратыг худалдах гэсэн шүүгдэгч Д.Б-ийн ашиг сонирхол гүйцэлдсэн гэж үзэх нөхцөл тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, уг аппарат нь бэлэглэлээр шилжээгүй, худалдагдсан, мөн баталгаат 1 жилийн хугацаанд засвар үйлчилгээ үнэ төлбөргүй хийгдэх ёстой байтал баталгаат хугацаанд үндсэн үнээс нь давсан төлбөрөөр засвар үйлчилгээг хийх давуу эрхийг “****” ХХК гэрээгээр өөртөө олж авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад шаардагдах бараа, материалын шууд гэрээ байгуулан худалдан авах замаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг Эрүүл мэндийн яамны сайд болон Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрсөн. ****-ийн ерөнхий захирал Д.Н бие даан худалдан авах ажиллагааг зохион байгуулж, шууд гэрээ байгуулах эрхгүй, тус төвийн захиралд уг эрхийг олгосон сайдын шийдвэр гараагүй. Иймээс ****-ийн ерөнхий захирал Д.Н-г албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн хохиролтой нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэрээг байгуулж, улмаар 400 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийг нээж өгснөөр “****” ХХК-д эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэж дүгнэх үндэслэл бий болсон байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Н-ийн өмгөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Д.Б нь Эрүүл мэндийн яамд аппарат худалдах тухай хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж байгаагүй. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Б мэдүүлэгтээ хэлсэн боловч Эрүүл мэндийн яам болон Авлигатай тэмцэх газраас холбогдох материалуудыг авахад Д.Б-ийн компанийн зүгээс ямар нэгэн байдлаар худалдах хүсэлт илэрхийлсэн албан бичгийг явуулсан болох нь тогтоогдоогүй. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх аппаратыг бэлэглэхээр болсон гэх агуулга бүхий хэд хэдэн албан бичгүүд хэрэгт авагдсан.

Дээрх төхөөрөмжийг шинэ аппарат гэж өгөөгүй, өөрт илүү байгаа аппаратыг өгсөн. Тухайн үед Улсын 2-р эмнэлгийн даргаар ажиллаж байсан н.Энхболд, Эрүүл мэндийн сайд асан н.С, Шадар сайд асан н.Э нар Д.Б-г дуудан “онцгой нөхцөл байдал үүссэн тул нийгмийн хариуцлагын хүрээнд компанидаа байгаа илүү аппаратыг манай байгууллагад өгөх боломжтой юу” гэж хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч, тус төхөөрөмжийг зөөвөрлөх, байрлуулах, ажиллуулахад тодорхой хэмжээний урсгал зардал гарах тухай тайлбарласан. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ****-ийн захирал Д.Н, Д.Б нарын хооронд байгуулагдсан 01 дугаартай гэрээний үндсэн дээр санхүүжилт олгогдсон гэх боловч үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдсан ба магадлалын 20-25 дугаар хуудаст дурдагдсан байна. Иймээс компанид олгогдсон санхүүжилт гэрээний үндсэн дээр гараагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Прокурор “Эрүүл мэндийн яамнаас Д.Н-д худалдан авах эрх олгоогүй” гэж байна. Засгийн газрын 30 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайд, Шадар сайд нарт эрх олгогдсоны дагуу тэрээр Д.Н-д үүрэг өгч гэрээ байгуулагдсан болох нь гэрч н.С-ийн мэдүүлэг болон бусад албан бичгүүдээр нотлогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч болон шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хэргийн бодит байдлыг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг сайтар судалж тогтоох ёстой. Тендер явуулах нөхцөл байдал байгаагүй ба Монгол Улсад гамшиг нүүрлэсэн, үүнд манай улс бэлэн байгаагүй. Гэтэл прокурор зүгээр л Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль ярьж байна. Гэтэл тухайн үед Улсын хоёрдугаар эмнэлгийн дарга н.Энхболд Монгол Улсад халдвар тарахаас айж Д.Б-тэй уулзсан. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан. Томографын аппаратыг эзэмшиж байсан хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн хурал хийж, тус төхөөрөмжийг төрд хандивлах шийдвэр гаргасан. Энэ нь зүгээр нэг утас хүнд өгсөн шиг асуудал биш. Тухайн үед Монгол Улсад аппарат орж ирэх боломжгүй байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад 7,000,000,000 төгрөгөөр 4 аппарат худалдан авах тендер зарлаж, улмаар тус аппарат 2021 оны 12 дугаар сард орж ирсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сард аппаратыг нийлүүлнэ гэж 7,000,000,000 төгрөг авсан атлаа 2021 оны 12 дугаар сард авчирсан. Д.Б-ийн хандивласан аппарат нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу 400 гаруй хоног тасралтгүй ажилласан. Гэтэл прокурор “эвдэрхий хуучин аппарат өгсөн” гэж тайлбарлаж байна. Тус аппаратыг утас шиг май гээд өгдөггүй, 4-5 тонн жинтэй аппарат, цацраг туяа идэвхт бодис зэргийг зөөхөд маш өндөр зардал гардаг.

Түүнчлэн прокурор чөлөөт нөхцөлд байгаа мэтээр хууль, дүрэм баримтлах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл ****-д компьютерт томографын аппарат суулгах өрөө, тог цахилгааны үүсвэр, ажилтан байгаагүй. 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 15 хоногийн дотор 20 хүн баг зүүгээд хүнд үед тасралтгүй ажилласан. Прокурор 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээг чухалчилж тайлбарладаг боловч төхөөрөмж 04 дүгээр сарын 08-ны өдөр суурилагдсан байдаг. Тэр хооронд тендер зарлая гээд сууж байх боломжгүй байсан. Тухайн үед улсын хилээр тоног төхөөрөмж байтугай хүн ч орох боломжгүй байсан. Дэлхийн бүх улс хилээ хаасан, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрүүд бүгд захиалгаа цуцалсан байсан.

Эрүүл мэндийн сайд Д.Б-г дуудахад тэрээр очиж хуучин аппарат байгаа тухайгаа ярилцсан. Онцгой байдлын комисс руу явуулсан албан бичигт энэ тухай дурдагдсан байсан. Тодруулбал, суурилуулах үнэ, аппарат ажиллуулах зардал 270,000,000 төгрөг гэж дурдагдсан. Эрүүл мэндийн сайд асан н.С “маш их баярлалаа. Энэ төхөөрөмжийг нэг секунд ч зогсоож болохгүй. Монгол эх орныхоо төлөө байгаад баярлалаа” гэж хэлж байсан. Д.Б-ийн компани **** рүү 380 вольтын тог цахилгааныг татаж, тугалган цаасаар өрөөг нь янзалж, аппаратыг суурилуулсан. Компьютерт томографын аппаратын нэг утсыг нь буруу залгахад л ажиллахаа больдог. Д.Б энэ салбарт мэргэшсэн учраас н.Э түүнд хандсан. Үүнийг ямар учраас нийгмийн аюултай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

Прокурор “төхөөрөмж 8 удаа зогссон” гэж тайлбарлаж байна. 25 дугаар хавтаст хэргийн 120-136 дугаар талд үзлэг хийсэн баримт авагдсан. Аппарат ажиллуулахад шаардагддаг 380 вольтын тог 220 вольт болж хэлбэлзсэнээс доголддог. Намар модны хөвөн агааржуулагч руу нь орж битүүрдэг. Тус аппарат нь маш нарийн горимтой ба ажиллах горим болгоныг протокол үйлдэж зассан. Протокол нь 25 дугаар хавтаст хэргийн 120 дугаар талд авагдсан. Д.Б-ийн цахим шууданд үзлэг хийсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэлийн 71 дүгээр хуудаст тусгагдсан. Тус аппарат 1 жил 6 сарын хугацаанд ажилласан. Өмгөөлөгчийн зүгээс “энэ аппаратыг ажиллуулахад Эрүүл мэндийн яамнаас нэг төгрөг гаргасан бол би өмгөөлөхөө больё” гэж хэлж байсан. Энэ хугацаанд үйл ажиллагаа 11 хоног зогссон. Учир нь, сэлбэг шаардлагатай байсан, хил хаасан байсан бөгөөд сэлбэг авах ажиллагааг 11 хоногийн дотор маш яаралтай зохион байгуулсан.

Компьютерт томографын аппаратын жилийн зардал нь 20,000,000 гаруй төгрөг байсан ба энэ тухай баримт хэрэгт авагдсан. Түүнчлэн төхөөрөмжийг зөөвөрлөх зардал нь 130,000,000 төгрөг болсон. Үнийн хувьд өндөр санагдаж байгаа боловч өмнө жил Гэмтэл согог судлалын үндэсний төв яг адилхан аппаратыг Говьсүмбэр аймагт аваачиж тавьсан. Ингэхдээ 137,000,000 төгрөгийн зөөвөрлөлтийн зардал гаргасан ба дээрх зардалд өрөө тохижуулах, тугалган цаасаар засварлах 380 вольтын тог татах ажлын зардал багтсан. ****-д юу ч байхгүй, бүх зүйл шинээр эхэлсэн. Энэ ажлыг 10 хоногийн дотор хийж, Монгол Улсыг аюулаас сэргийлж чадсан.

Прокурор “Шүүх хэргийн бодит байдлыг нотлох баримтад үндэслэж тогтоогоогүй” гэсэн агуулгаар эсэргүүцэл гаргасан. Эрүүл мэндийн яам аппарат суулгуулсан атлаа гарсан зардлыг өгөхгүй. Зардлаа нэхэх үед н.Бямбасүрэн “тийм юм аваад ир, ийм юм аваад ир, энэ дээр гарын үсгээ зур” гэх хандлагатай байсан. Уг нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх бодитойгоор дүгнэсэн. Төсвийн хуультай холбоотой асуудлаар гомдол гаргаж, анхан шатны үнээсээ 5,7 дахин илүү үнээр өгсөн гэдэг. Гэтэд “****” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн протоколд Д.Б “төрдөө өгье, ковид илэрсэн байна” гэж ярьж байсан болох нь тусгагдсан. Хүний юмыг авчхаад эзэнд нь талархах ёстой л байтал шүүхээр хэдэн жил явуулж болохгүй. Д.Н-ийн хувьд, үгсэн хуйвалдаж, бүлэглэж, урьдчилсан тохиролцсон зүйл байхгүй. Эрүүл мэндийн яамнаас гэрээнд гарын үсэг гэсний дагуу гарын үсгээ зурсан. Энэ хэргийг судалж байхад нэг онцлог юм гарч ирсэн нь **** улсын төсвөөс санхүүждэг байсан. Тус эмнэлэг нь дандаа халдварын голомтод ажилладаг. Тэгэхээр хурдан төхөөрөмжөө авч тавихгүй бол улс орон даяар ковидын тархалтыг алдаж, маш олон хүний амь нас үрэгдэх эрсдэлтэй байсан. Д.Б-г 5,7 дахин үнэтэй төхөөрөмж шахсан гэж буруутгасан. Гэтэл энэ төхөөрөмжөөр 2,000,000,000 орчим төгрөгийн орлого олсон байдаг. Прокурор ямар учраас энэ нөхцөл байдлыг бичихгүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ хуулж, хяналтын журмаар эсэргүүцэл гаргасан болохыг ойлгохгүй байна. Зүй нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний ямар зөрүүтэй байдал бий болгосныг бичих ёстой байсан гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Зулбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...прокурор эсэргүүцэлдээ “Файн эстимэйт” компанийн үнэлгээний талаар дурдсан байна. Ингэхдээ “гэрээ нь тоног төхөөрөмж худалдах, сургалт авах үйлчилгээ авах агуулга бүхий нийлмэл гэрээ байсан” гэж тайлбарлаж байна. Гэхдээ “Файн эстимэйт” компани зөвхөн аппаратыг үнэлсэн. Тугалган цаас, 380-ын вольтын хүчдэлийн кабель, түүний эх үүсвэрийн тооцоог дээрх дүгнэлтэд оруулаагүй учраас хэрэгт авагдсан үнэлгээ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж эсэргүүцэлд дурдсан байна. Гэвч прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн тухай тодорхой дүгнэлт гаргаагүй. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар бичсэн прокурорын эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “****” ХХК өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ****-д зөөвөрлөн шилжүүлэх, түүнийг угсрах, засвар үйлчилгээний зардлыг 400,000,000 төгрөгөөр тодорхойлж, Эрүүл мэндийн яамтай зөвшилцөн гэрээ байгуулж, худалдах-худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн, Д.Н нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байсан нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

3.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын  гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг.

Харин хяналтын шатны шүүх нь хоёр шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

4.Яллагдагч, шүүгдэгч гэм буруутай, эсхүл буруугүй гэдгээ нотлох үүрэггүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь таамаглалд үндэслэж болохгүй, нотлох баримтыг нөхөх бүх боломж дууссан тохиолдолд зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нягтлах замаар шалган үнэлж гэмт хэргийн шинжийг үгүйсгэж, цагаатгаж шийдвэрлэх нь шударгаар шүүлгэх эрхийг бүрдүүлэгч чухал хэсэг мөн.

Прокуророос Д.Н-г нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харьяа ****-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад импортлон оруулж ирсэн 147,265,193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютерт томографын “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “****" ХХК-ийн захирал Д.Б-тэй 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан,

Д.Б-г эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ****-ийн ерөнхий захирал Д.Н-тэй бүлэглэн өөрийн үүсгэн байгуулсан "****” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютерт томографын “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****-ийн ерөнхий захирал Д.Н-тэй 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг  шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, цар тахлын хүнд хэцүү үед нийгмийн хариуцлагын хүрээнд компьютерт томографын “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Эрүүл мэндийн яамны харьяа ****-д хандивласан, тус аппаратыг үнэлээгүй, суурилуулалтын зардал 130,000,000 төгрөг, нэг жилийн урсгал засварын зардал 270,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгөөр тодорхойлж, энэ үнийн дүнг Эрүүл мэндийн яам зөвшөөрснөөр ****-д суурилуулсан гэх байдлаар өмнөх шатны шүүхүүдэд гэм буруугийн асуудлаар маргасаар иржээ.

5.Шүүхийн шийдвэр нь зөвхөн хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай.

Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.

Үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой.

6.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжилж, түүнийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлан судлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хянадаг.

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэрлэсэн байдлыг хэлнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол юм.

Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.

7.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” эсхүл “зориуд хэрэгжүүлэхгүй байх”, ингэснээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой тул эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох ёстой.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцож, түүндээ хүрсэн эсхүл хүссэн үр дүндээ зориуд хүргэсэн эсэх нь гэм буруугийн санаатай хэлбэрийн илэрхийлэл билээ.

Түүнчлэн, өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг тэдгээрийг өмчлөх эрхийг олж авах, ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрах гэсэн шунахай санаа зорилго эсвэл бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, бие биеэ хаацайлах зэрэг хувийн бусад сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох шаардлагатай болно.

8.Хоёр шатны шүүхээс хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд сэргээн тогтоож чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүл мэндийн яамны сайд Д.С-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 дугаартай Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Э-д хүргүүлсэн “...**** эмнэлгээс ****-д нийгмийн хариуцлагын хүрээнд Philips /16 slice/ компьютерт томографын аппарат хандивлаж, тус аппаратын суурилуулалтын зардал 130,0 сая /нэг зуун гуч/ төгрөг, нэг жилийн урсгал засварын зардал 270,0 сая /хоёр зуун дал/ төгрөг нийт 400,0 сая /дөрвөн зуун сая/ төгрөгийг төсөвт өртөгтэй болж байна. Иймд тус эмнэлэгт компьютерт томографын оношилгоог нэвтрүүлэхэд шаардагдах дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсье...” /21 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал/;

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай ****-ийн захирал Д.Н-д хүргүүлсэн “...Коронавируст халдвар /Covid 19/-ын үеийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай компьютерт томографын аппаратын хөрөнгө оруулалт болох 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж санхүүжилтийн хүсэлт холбогдох материалыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны дотор ирүүлнэ үү...”, /21 дүгээр хавтаст хэргийн 73, 5 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар тал/;

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/358 дугаартай "... Монгол Улсад Covid-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан “****” ХХК-ийн **** эмнэлгийн охин компани болох “****” ХХК-ийн нэр дээр ажиллаж байсан “Рhilips Brilianсe CT16” загварын компьютерт томографын аппаратыг бэлэглэлийн шугамаар, Эрүүл мэндийн яамнаас зөөврийн дижитал рентген аппарат 2 ширхэг дагалдах хэрэгслийн хамт тус тус нийлүүлэгдсэнийг мэдэгдэж байна...” /20 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр тал/;

Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 53-58 дугаар тал/, Монгол Улсын Сангийн яамны 400,0 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн баримт /20 дугаар хавтаст хэргийн 20-43 дугаар тал/;  

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.А-ын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай Сангийн яамны хөгжлийн газрын дарга И.Б-д хүргүүлсэн “Монгол Улсын сангийн яам, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан 0688-МОН:Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд ****, “****” ХХК нар компьютерт томографын иж бүрдэл /16 зүсэлттэй аппаратыг нийлүүлэх 400,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Нийлүүлэгч байгууллага 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”-аар тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн тул 400,000,000 төгрөгийг зохих журмын дагуу санхүүжилтийн эрхийг нээж өгнө үү...” гэх албан бичиг гэх албан бичгүүдээс гадна, хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар Монгол Улсад “хүний амь нас, эрүүл мэнд, ...хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол” бий болсон буюу коронавирус цар тахал өвчнийг халдварыг тархахаас сэргийлэх, халдварт өвчний тохиолдлуудыг эмчлэх, цааш халдварлан тархахаас сэргийлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас ****-д шаардлагатай байсан компьютерт томографын аппаратыг “****” ХХК өөрийн өмчлөлийн “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг хандивласныг хүлээн авч, тус аппаратын суурилуулалтын зардал 130,000,000 төгрөг, нэг жилийн урсгал засварын зардал 270,000,000 төгрөг нийт 400,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдсон байна. 

Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

9.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай “... Коронавируст халдварын үеийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай компьютерт томографын аппаратын хөрөнгө оруулалт болох 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж санхүүжилтийн хүсэлт холбогдох материалыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны дотор ирүүлнэ үү...” гэх албан бичгийг ****-ийн захирал Д.Н-д хүргүүлсэн байна.

Улмаар ****-ийн ерөнхий захирал Д.Н, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаартай “компьютерт томографын аппарат нийлүүлэх” гэрээг байгуулж, тухайн гэрээний 2 дахь заалтаар “...компьютерт томографын аппаратын нийлүүлэгч байгууллагаас ирүүлсэн үнийн саналыг үүгээр зөвшөөрөв...”, 3 дахь заалтаар “Захиалагч нь барааны нийлүүлэлтийн үнэ 400,000,000 төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлнэ. Гэрээний үнэд аппаратын үндсэн үнэ, угсралт, суурилуулалт, сургалтын зардал багтсан болно” гэж харилцан тохиролцсон хэдий ч тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актын 3 дахь хэсэгт компьютерт томографын аппарат, түүний дагалдах техник, хэрэгслийн тоо, үнийг нэг бүрчлэн тусгаж, нийт үнэ 400,000,000 төгрөг гэж бичигджээ.

Дээрх “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актад тусгагдсан үнэ 400,000,000 төгрөгийг үндэслэн санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “****” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн яам “****” ХХК-иас хандивласан “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ****-д хүлээлгэн өгөх, тус аппаратын суурилуулалтын зардал 130,000,000 төгрөг, нэг жилийн урсгал засварын зардал 270,000,000 төгрөг нийт 400,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байхад гэрээ болон тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актад томографын аппарат, түүний дагалдах техник, хэрэгслийн нийт үнэ 400,000,000 төгрөг гэж өөрчлөгдөх болсон шалтгаан, эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн, эсхүл гэрээний талууд өөрсдөө коронавирус цар тахал өвчнийг далимдуулан тоног төхөөрөмжийн үнийг дур мэдэн оруулж гэрээ байгуулсан эсэхийг тодруулалгүй орхигдуулсан нь буруу болжээ.

10.Анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу ****-д шилжүүлж суурилуулан ажиллуулсан компьютерт томографын аппаратыг худалдан авсан гэх гэрээнд гарын үсэг зурснаас өөр байдлаар оролцоогүй байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хуулийг зөрчсөн, хуулийг тэрээр дагаж мөрдөн шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо...” гэж дүгнэсэн байна.

Маргаан бүхий аппаратыг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр “****” ХХК нь импортолж оруулж ирсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 032/1016 тоот албан бичигт аппаратын үнийг 50,350 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70,941,136 үнэлгээтэйгээр бичигджээ.

Энэ хэрэгт гэрч Д.С “...нийгмийн хариуцлагын хүрээнд компьютерт томографыг үнэ төлбөргүй өгье гэж хэлсэн. Харин тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт, мэргэжилтэн сургах нийт өртөг гэж гарна. Түүнийг би авмаар байна, тооцоог гаргаж өгье гэж хэлсэн. ...Компьютерт томографын аппарат нь нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй боловч Д.Б-ээс гаргаж өгсөн тооцоо судалгааг манай яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Б над руу оруулж ирэхдээ тооцоо судалгааг нягталсан гэж хэлсэн. Үүнийг үндэслээд би албан бичиг хүргүүлсэн...”,

гэрч М.Л-ийн “...эмнэлэгт КТГ аппарат суурилагдсан, хэн суурилуулсан талаар мэдэхгүй, уг тоног төхөөрөмжийг эвдэрсэн үед нийлүүлсэн компани гэх “****” компаниас хэд хэдэн удаа ирж засвар үйлчилгээг хийсэн...”,

гэрч Г.О-ийн “...гэрээнд зааснаар ажлын хөлс нь НӨАТ-тай үнэ 20,287,000 төгрөг гэж тусгасан. ...би гэрээг харахад нийт 190м кабелийн утсыг газар ухаж булаад угсрах ажлыг хийсэн. Мөн төхөөрөмж байрлуулсан өрөөнд цахилгааны шит суурилуулаад татсан шугамтайгаа холбосон. Мөн станц дээр рубилк /таслах, залгах аппарат/ суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн...”,

гэрч Ч.Х-ын “...компьютерт томографын аппаратыг 400,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар би одоо л сонсож байна шүү дээ. Тухайн үед бидэнд Д.Б хэлэхдээ манай эмнэлэгт дээрх аппаратыг хандиваар бэлэглэж байгаа гэж хэлсэн ба ямар учраас 400,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар надад мэдэх зүйл үнэхээр алга, энэ талаар Д.Н, Д.Б нар өөрсдөө хэлэх байхаа. Бидэнд дээрх аппаратыг хандив тусламжаар авсан гэж ойлгуулж, актад гарын үсэг зуруулсан байж бодит байдал дээр 400,000,000 төгрөгөөр ямар учраас худалдаж авсан талаар үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд авагджээ.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар Коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4,2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.С, Сангийн сайд Ч.Х нарт даалгасны дагуу Эрүүл мэндийн сайдаас “****” ХХК-ийн хооронд байгуулсан хэлцлийн дагуу ****-д “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг шилжүүлэх, завсар үйлчилгээ, зөөвөрлөх зардалд 400,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх талаар талууд тохиролцсон ч “****” ХХК-ийн зүгээс тус зардлын нарийвчилсан тооцоог Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн гэж дүгнэхүйц баримт хэрэгт алга.

“****” ХХК-иас ****-д хүргүүлсэн “Тайлан мэдээ хүргүүлэх тухай” урсгал засварын төлөвлөгөөт хуваарь, засвар оношилгооны хүснэгтээс харахад хийж гүйцэтгэх ямар ажилд хэдий хэмжээний зардал гарах талаар бичигдээгүй, тэдгээрийг бодитой эсэх нь тодорхойгүй, Эрүүл мэндийн яам “****” ХХК-иас “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг зөөвөрлөх, завсар үйлчилгээ хийхэд гарах зардлыг хэрхэн яаж тооцож гаргасан, түүнчлэн тухайн үед ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компьютерт томографын аппарат суурилуулалт болон урсгал засварын зардлын төсвийг ямар техник, эдийн засгийн үнэлгээг хэрэглэн хэдий хэмжээнд тогтоож байсан жишиг болохуйц үнэлгээ, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хэрэглэж байсан “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тухайн үеийн зах зээлийн үнэ суурилуулалт, нэг жилийн урсгал засварын зардалд орсон эсэхийг хянах, тооцох нөхцөл энэ хэргийн хувьд бүрдээгүй байна.

Үүнээс гадна “****” ХХК-иас “Рhilips Brilianсe CT16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ****-д шилжүүлэн өгөх буюу суурилуулах, түүнээс хойш хийж гүйцэтгэсэн ажил, засвар үйлчилгээ бодиттой эсэх, тэдгээрийн хөлс, материалын үнэ, зардлыг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай.

11.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/1354 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/276 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Д.Н, Д.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ                                 Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                 Д.БАТБААТАР

                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ