Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 00032

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.Н

            Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

 

            “Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн  үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2017/0007/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.       

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Миний бие Б.Н Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Сум, багийн хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа явах замдаа халтирч унан өвдөгнийхөө тойгийг гэмтээн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өвчтэй байсан. Намайг өвчтэй байхад байгууллагын орлогч дарга Н.Нэргүй утсаар “Чиний нэр орон тооны цомхтголд орох нэрсэд орсон, ирж тушаалаа гаргуулаарай. Чамайг өвчтэй байгаа болохоор тушаалыг чинь гаргаж болохгүй байна” гэж хэлэхэд нь би гишгэж чадахгүй байгаагаа хэлсэн. Үүнээс 2 хоногийн дараа хүний нөөцийн мэргэжилтэн Батбаатар утсаар “Хэрэв чи явж чадахгүй байгаа бол танай гэрт чинь очиж өргөдлийг чинь авъя гэж тулган шаардаж бусад цомхтголд орсон хүмүүс чинь чамайг хүлээгээд тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй байна” гэж дарамталсан. Миний бие байгууллагын удирдлагууддаа “Миний ажлын байр цомхтгогдоогүй би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсан болохоор ажлын байрандаа үлдэх хүсэлтээ хэлж, ар гэрийн амьдрал ахуйгаа минь бодолцон ажилд маань үлдээхийг учирлан гуйсан ч 2016 оны 12 дугаар сарын 01-нд халагдах тушаалыг өгсөн.

 Намайг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол төрийн албанаас түр чөлөөлнө.” Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө  тохиолдолд  бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Миний бие улс төрийн болон үйлчилгээний албан тушаалд томилогдоогүй байгууллагын хөрөнгөөр мэргэжил дээшлүүлж суралцаагүй, мөн байгууллагын зүгээс өөр албан тушаалд томилоогүй, байгууллага маань татан буугдаж ор үндэсгүй алга болчхоогүй, түүнчлэн 2 байгууллага нэгдсэн ч миний эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй хэвээр хадгалагдаж үлдсэн тул дээрх хуулийн заалтуудыг баримтлан намайг ажлаас халсныг үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь ард иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэгч, хэрэгжүүлэгч байгууллага атал байгууллагынхаа ганц ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, хууль бус захиргааны акт гарган ажилгүй болгож байгаад нь үнэхээр харамсаж байна.

Иймд Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн  үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбатын шүүхэд ирүүлсэн  тайлбарт: “Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хоёр байгууллагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний орон тоо 15  болж 10 орон тоогоор цөөрч батлагдсан. Б.Н нь акттай байж байгаад актны хугацаа дуусч газрын дарга Х.Эрдэнэбаттай ирж уулзан дахин эмчилгээгээ сунгаж хийлгэх шаардлагатай байна, цаашид ажил хийх боломжгүй байна, иймд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгээ аваад ажлаасаа чөлөөлөгдье хэмээн өөрөө хүсэлтээ гаргасан. Энэ үед даргын өрөөнд нягтлан П.Наран хамт байсан бөгөөд өөрөө хүсэлтээ гаргасныг нотлох гэрч юм. Ийнхүү Б.Н-г өөрийнх нь хүсэлтээр Төрийн албаны тухай хуулийн  23.4-д заасан үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлж 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Б.Н өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 39.4-д “...гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”  гэж тус тус заасан. Б.Н нь 2017.01.13-ны өдөр Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан байдаг. Хуулийн хугацаа хэтэрсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 109.2-д заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм байхгүй. Нэхэмжлэгч өөрөө өвчтэй байж байгаад 2 байгууллага нэгтгэх үед ажлаас халагдах хүсэлтээ амаар гаргасан байдаг. Тиймээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоод ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б. нь “Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн  үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1], шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийг шийдвэрлэв.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс “Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэсэн, миний эрхэлж байсан “Суманд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байрны нэр “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн ч тухайн ажлын байранд 15 мэргэжилтэн ажиллахаар болж бүтэц орон тоо батлагдаж ирсэн байхад...,  мөн  өвчтэй гэртээ байхад байгууллагын орлогч дарга Н.Нэргүй, хүний нөөцийн мэргэжилтэн Батбаатар нараас орон тооны цомхтголд орох нэрсэд чиний нэр орсон, чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэж шахсан..., Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан  ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж,

Хариуцагч болон түүний төлөөлөгч нараас “Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс гэсэн хоёр байгууллагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний орон тоо 15  болж 10 орон тоогоор цөөрч батлагдсан... Б.Н-г өөрийнх нь хүсэлтээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.4-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон нь үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

            Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг.

            Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Б.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/120 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/ төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй хууль бус захиргааны акт болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна. Үүнд:

            1.Хариуцагч нь Б.Н-г ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.4  /... бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол... /, 27 дугаар зүйлийн 27.2.4 /... өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно/-т заасныг тус тус үндэслэсэн, “...бүтцийн  өөрчлөлт орж орон тоо хасагдсан, Б.Н нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар гаргасан...” гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй  гэж дүгнэв.

            Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот  тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулж,  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор[2] аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд /хэрэгжүүлэгч агентлаг/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичгийн[3] дагуу Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус  Б/36[4], Б/46[5]  тоот тушаалаар байгууллагын ажилтан, албан хаагч нараа Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21[6] тоот тушаалаар  “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн” 15 орон тоотой байхаар баталжээ.

 

            2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж заасан ба Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан нь байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд төрийн байгууллагыг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсан гэж үзнэ.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 “...эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн хуулийн зохицуулалт нь тухайн эрхэлж буй албан тушаал /ажлын байр/-ын орон тоо үгүй болсон тохиолдолд баримтлах хуулийн шаардлага юм.

            Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай  Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д:  “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан.

            3.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна.

            Энэ нь “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт юм.

            “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн  2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд:

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр  төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар, тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно гэж, мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...”  гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр  байхыг хэлнэ.

            Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн” 15 байхаар орон тоо цөөрч, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр батлагдан ирсэн /талууд энэ талаар маргаагүй/ байхад ямар нэгэн сонгон шалгаруулалт хийлгүйгээр Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.

            Хариуцагчаас “...Б.Н нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлоогүй, Б.Н нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй гэх бөгөөд энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй тул түүнийг “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж үзэх үндэслэлгүй юм.

            Учир нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолын 9,  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-т тус тус “... ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж тайлбарласан бөгөөд Б.Н нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр  гаргаагүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбаруудаар тогтоогдсон болно.

            Иймд нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат/-ын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/120 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Н-г Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр томилох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу Б.Н-н ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл нийт 10 сар 09 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан нэхэмжлэгчид олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Н-н ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагын нягтлан бодогчид даалгах нь зүйтэй гэж үзэв. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Н ажлаас чөлөөлөх тухай” Б/120 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Н-г Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн”-ээр томилохыг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Н-н ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх 10 сар 09 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1 сарын 509948 /таван зуун есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг 00 мөнгө/  төгрөгөөр тооцож нийт  4798143 /дөрвөн сая долоон зуун ерэн найман мянга нэг зуун дөчин гурван төгрөг 00 мөнгө/ төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулан хуульд заасан татвар, хураамж шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ

                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] ХХ-ийн 1, 2 дугаар тал

[2] ХХ-ийн 164-165 дугаар тал

[3] ХХ-ийн 55 дугаар тал

[4] ХХ-ийн 56-59  дүгээр тал

[5] ХХ-ийн 60-62 дугаар тал

[6] ХХ-ийн 63 дугаар хуудасны ар тал