Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00160

 

 “Т Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01567 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02072 дугаар магадлалтай,

“Т Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

ЖКЗд холбогдох

Гэм хорын хохиролд 37 920 014 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр, хариуцагч ЖКЗ, хариуцагчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Мөнхбат миний бие 2010 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт гэдэг газарт 5 га газар чацарганы суулгац тарьж, усалгаа арчилгааг нь тогтмол хийснээр 2013 оноос жимс хурааж эхэлсэн бөгөөд жилдээ 5-6 тн орчим чацаргана хураан авч зах зээлийн ханшаар худалдаалж ирсэн. Гэтэл 2015 оны 5 сард манай хөрш ЖКЗ чацарганы талбайнхаа өвсийг шатааж байгаад гал алдаж манай 883 ширхэг чацарганы модыг шатааж надад 34 966 800 төгрөгийн хохирол учрууллаа. Түймэр гарах үед иргэн Б.Алтанцоож, М.Уранчимэг, Н.Мягмарсүрэн нарын хүмүүс талбай дээр байж галыг унтраалцсан тул дээрх болсон үйл явдлыг эдгээр хүмүүс гэрчлэх бөгөөд түймэр гарсны дараа болсон үйл явдлыг Онцгой байдлын ерөнхий газар мэдэгдэж, гал түймэр гарсан тухай акт гаргуулсан. Чацарганы мод 5 настай ид жимсээ өгч байсан бөгөөд чацарганы мод 15-20 жил насалж жилд 15-20 кг жимс өгдөг юм. Түймрийн улмаас 36 820 014 төгрөгийн хохирол учирсан. Д.Мөнхбат миний бие Хөрөнгийн үнэлгээний төвд ажлын хөлс 100000, өмгөөлөгчийн ажлын хөлс 1 000 000 төгрөг тус тус төлсөн тул гэм хорын хохирол нийт 37 920 014 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Мөнхбат нь 2013 оноос биш, харин 2014 оноос жимсээ хураасан. Түүнчлэн нэхэмжлэгч чацарганы суулгацдаа усалгаа бараг хийдэггүй, 2014 оны сүүлчээр тэдний худаг эвдэрч, 2015 оны 9 дүгээр сард худгаа засуулсан. Мөн 2015 оны 7 дугаар сар хүртэл бороо, хур ороогүйгээс түүний чацарганы модод нь сайн ногоорч ургаагүй. Үүний зэрэгцээ 1 ширхэг чацарганы мод 1 жилд 15-20 кг жимс өгдөггүй, харин 2 кг жимс өгдөг. Мөн2015 оны 5 дугаар сард гал гараагүй, харин 2015 оны 3 дугаар сард гарсан бөгөөд миний үйлдлээс бус, харин бусдын үйлдлээс гал гарсан. Тодруулбал, гал гарсан тэр өдөр гадаа салхи ихтэй байсан, үл таних хүмүүс машинтай ирж зам асуугаад явсан бөгөөд тэднийг явснаас хойш тун удалгүй гал гарсан. Миний үзэж байгаагаар машины яндангаас оч хаясан байж болох эсхүл тэд татаж байсан тамхины ишээ хаяснаас хуурай өвс шатаж, гал гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 883 ширхэг чацарганы мод шатсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ тоог хэрхэн тооцож тогтоосон нь тодорхой биш, ойлгомжгүй. Нөгөө талаар түүний чацарганы мод шатаагүй, мэргэжлийн байгууллагын хүмүүс шалгаж үзээд 200 ширхэг бут байснаас 60 ширхэг бут нь хэвийн ургаж байгаа, харин 140 ширхэг бут нь түймэр болон агротехнологи зөрчсөнөөс шалтгаалж, дээд хэсэг нь хатсан боловч үндэсний шижмээр сэргэн ургаж байна гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гал түймэр гарсан тухай актанд иргэн Цэнд хашааныхаа хуурай өвсийг шатааж байсан байна гэсэн нь үүнээс үүдэлтэй гал гарсан мэтээр түймрийн шалтгааныг тодорхойлжээ. Гэтэл гал ассан тэр өдөр би хашааныхаа хуурай өвсийг шатаагаагүй байхад ийм акт, дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Галын шинжээч галаас учирсан хохирлыг тогтоохдоо 883 ширхэг мод шатсан гэж дүгнэлт гаргасан нь илэрхий үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээч хэргийн газар очоогүй, модыг тоолоогүй байдал харагдаж байна. Гал гарсан тухай акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, нэг талын шинжтэй, хуурамч мэдээллийг үндэслэсэн, зохиомол гэж үзэх акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01567 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖКЗгаас 15 295 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Х”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 625 014 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02072 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг хасч, 15 295 000 гэснийг 2 793 000 гэж, 22 625 014 гэснийг 35 127 014 гэж, 2 дахь заалтад 120 460 гэснийг 59 638 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02072 дугаартай магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Т Х”ХХК нь 2010 онд Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас нийт 3500 ширхэг чацарганы суулгац худалдан авч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Ар гүнт дэх 5 га газарт суулгасан бөгөөд 3 жилийн дараа буюу 2013 оноос жимсээ өгч эхэлсэн. Хариуцагч ЖКЗгийн хашаанаас 2015 оны хавар гал алдсаны улмаас манай хашааруу гал дамжин нийт 798 чацарганы бут шатаж, дахин сэргэж, үр жимсээ өгөх боломжгүй болсон юм. Хариуцагч нь өөрийн үйлдлээс бус бусдын үйлдлээс болж уг галыг гарсан гэдэг бөгөөд үүнийгээ гэрч Уранчимэг, Түвшинбаяр, Ариунтунгалаг нараар нотлуулах гэсэн боловч тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, мөн гал гарсан тэр цаг хугацаанд нийт 8 хүн байсан хэдий ч тэдний дотор Түвшинбаяр, Ариунтунгалаг нар байгаагүй болох нь галыг унтраалцсан гэрч Батсуурь, Мягмарсүрэн, Алтансүх, Уранчимэг нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний тайлан, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн гаргасан шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 36 820 014 төгрөгийг, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, шинжээчид төлсөн төлбөр 100 000 төгрөгийг буюу нийт 37 920 014 төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн шинжээчдийн гаргасан дүгнэлт, шинжээч Ж.Очирын тайлбар, хариуцагчийн 1 бутнаас жилд 2кг жимс авдаг, 1кг жимсийг 3000 төгрөгөөр зардаг гэсэн тайлбаруудад үндэслэн 2015, 2016, 2017 онд ургац авах байсан ургац нь бидэнд учирсан бодит хохирол гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 15 295 000 төгрөгийг хангаж, үлдэх 22 625 014 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017 оны 9 сарын 15-ны өдөр хариуцагчийн давж заалдсан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд галын улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг шатсан 798 суулгацыг худалдаж авах үнэ 1 995 000 төгрөг, суулгац тариалах зардал 798 000 төгрөг гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 2 793 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Нэхэмжлэгчийн хувьд суулгацыг худалдан авч дахин суулгахад зарцуулсан төлбөрөөс гадна уг суулгацууд нь үр жимсээ өгтөл буюу гэм хор учруулахаас өмнө байсан байдалдаа очтол 3 жилийн хугацаа шаардагдах бөгөөд энэ 3 жилийн хугацаанд хураах байсан жимс маань бидэнд учирсан бодит хохирол юм. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шинжээчийн “2015, 2016, 2017 онд авах байсан ургацыг аваагүй нь гэм хороос учирсан бодит хохирол” гэсэн тайлбарыг болон “...суулгац суулгахад 3 жилийн дараа үр жимсээ өгнө...” гэсэн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2017/02072 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/01567 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т Х”ХХК хариуцагч ЖКЗд холбогдуулан гэм хорын хохиролд 37 920 014 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...гэм буруугүй тул хариуцахгүй...” гэсэн үндэслэлээр маргажээ.

            Анхан шатны шүүх ...хариуцагчаас 15 295 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх 2 793 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх чацарганы суулгац худалдан авах, суулгах үнийг хохиролд тооцсоноор хохирлыг бодитой тогтоож чадаагүй, ...бид чацарганы модыг дахин суулгаж 3 жилийн дараа ургацаа авах бөгөөд 3 жилийн турш олох байсан орлогоороо хохирох бодит байдлыг давж заалдах шатны шүүх дүгнээгүй нь буруу ...” тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хоёр шатны шүүх хариуцагч гэм буруутай эсэхийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510-д нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй тул магадлалыг хэвээр үлдээнэ.

“Т Х”ХХКомпани Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт дэх 5 га газрыг хууль ёсоор эзэмшиж, чацарганы аж ахуй эрхэлдэг байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сард хөрш зэргэлдээ газрын эзэмшигч, ЖКЗгийн хашаанаас гарсан гал түймрийн улмаас чацарганы 883 ширхэг мод шатаж хохирол учирсан, үүнд ЖКЗ чацарганы талбайн өвсийг шатааж байгаад гал алдсан гэм буруутай гэж үзэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн акт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, Б.Алтанцоож, М.Уранчимэг, Азка, Магнайбаатар, Мягмарсүрэн, Батсуурь нарын гаргасан тодорхойлолт гэсэн бичгийн баримтаар нотолно гэжээ. 

Шүүхээс томилогдсон шинжээч Хүнс хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн 883 ширхэг чацарганы мод бус 798 бут төөнөгдөж шатсан нь тогтоогдсон байна.

Харин хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч ЖКЗ нь тухайн өдөр өөрийн талбайн хогийг шатааж байхдаа гал алдсан гэх үйлдэл ямар ч баримтаар тогтоогдоогүй ба давж заалдах шатны шүүх “...гал хэний ямар үйлдлийн улмаас гарсан нь тодорхой бус, гэрч Ц.Түвшинбаяр, Д.Уранчимэг, Ч.Батсуурь, Н.Алтансүх нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй...” талаар дүгнэсэн атлаа “...хариуцагч өөрийн үйлдлээс бус, бусдын үйлдлээс гал гарсан гэх тайлбараа нотолж чадаагүй...” гэж үзэж, гэм буруутай гэж дүгнэсэн нь зөрчилтэй болсноос гадна зохигчдын нотолгооны үүргийг зөв тодорхойлоогүй байна.           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байгаа бол өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэм буруутай эсэхийг нотлох үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг болно. Нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахын тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй байна. Хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолж, нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй бол гэм хорыг хариуцах бөгөөд харин гэм буруугүй болохыг нотлоогүй нь “хариуцагч гэм буруутай болох”-ыг нотлох нэхэмжлэгчийн үүргийг чөлөөлөхгүй юм.  

            Хариуцагчийн хашаанаас гал гарсан үйл баримт тогтоогдсон боловч хариуцагч хог шатаах үедээ гал алдсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд хариуцагчийн гэм бурууг нотолж чадаагүй байна. Үүнд:

            Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн актад “...Цэнд нь /ЖКЗ/ хашааныхаа хуурай өвсийг шатааж байсан байна. ...Цэндийн хашаанаас ассан гал иргэн Мөнхбатын хашаа руу дамжиж шатсан..., ил галын улмаас түймэр гарсан байх магадлалтай...” гэж,  Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд “...гал түймрийн голомт нь иргэн Мөнхбатын эзэмшил газрын залгаа ертөнцийн зүгээр зүүн талын хашааны урд хэсэгт байсан, ...гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь ил галын улмаас гарсан байх үндэстэй байна...” гэж тусгасан боловч хариуцагч хог шатаасан, үүнээс гал гарсан эсэхийг хэрхэн тогтоосон, ил гал юунаас үүссэн болохыг тогтоогоогүй байна.

Б.Алтанцоож, М.Уранчимэг, Азка, Магнайбаатар, Мягмарсүрэн, Батсуурь нар Нийслэлийн Онцгой байдлыг газарт бичгээр тодорхойлолт /хх-7/ гаргасан боловч М.Уранчимэг, Н.Алтансүх, Ц.Түвшинбаяр, Ш.Ариунтунгалаг Мягмарсүрэн, Батсуурь нар шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хариуцагчийг хог шатааж байсныг хараагүй, ...харин хог шатаасан гэж бодсон..., хашааны урд хэсгээс эхэлж гал гарсан..., машинтай хүмүүс ирж Батсүмбэр орох зам асууж байсан..., хариуцагчийн хашаанаас гал гарч, нэхэмжлэгчийн чацарганы талбай руу орсон талаар гэрчилсэн байна. /хх-100, 101, 102, 105, 201/ Гэрч нарын мэдүүлгээр хариуцагч нь тухайн өдөр хог шатаасан, үүний улмаас гал алдсан гэх үйл баримт тогтоогдоогүй ба Онцгой байдлын ерөнхий газарт гаргасан тодорхойлолтод дурдсан үйл баримтыг үгүйсгэсэн байна. 

Хариуцагчийн хашаанаас гал гарсан нь хариуцагчийн гэм буруутай буюу санаатай эсвэл болгоомжгүй үйлдэлтэй холбоотой ямар нэгэн үйлдэл буюу хариуцагч хогоо шатааснаас гал алдсан үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийг гэм буруугүй гэж үзнэ. Гэм буруугүй этгээд бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.

Харин хариуцагч нь 2 793 000 төгрөг төлөхийг буюу магадлалыг зөвшөөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын зарчмын дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд  дүгнэлт хийдэг тул магадлалыг хэвээр үлдээв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02072 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 215 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                    ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА