| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0868/Э |
| Дугаар | 883 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 883
2019 11 18 2019/ШЦТ/883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжуут овогтой Ч Гд холбогдох эрүүгийн “1911022911136” дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймаг Баянхонгор сум 7 дугаар баг Цахир 9 дүгээр гудамж 10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шаргалжуут овогт Ч Г /РД:ВТ/,
Шүүгдэгч Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Компьютер Ланд" төвийн орчим хохирогч Э.Эрдэнэбаатарын "Тоёота Спринтер" маркийн автомашинд гээсэн 750,000 төгрөгний үнэ бүхий " Хуавэй пи” загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний машинд 2 эрэгтэй орж суугаад “Бөмбөгөр” худалдааны төвийн тэр хавьд буусан, дараа нь нэг эмэгтэй суугаад төв зам дагуу Улсын Их дэлгүүрийн урд буусан байх. Тэр 2 эрэгтэйг миний машинд гар утсаа орхиод буусныг тэр орой бол мэдээгүй, тухайн шөнө нь таксинд явж байгаад машиндаа унтчихаад өглөө нь босоод машинаа цэвэрлэх гэсэн чинь машины хойд талын суудалны баруун доод шалан дээр саарал гэртэй хөх “Хуавэй Пи” Смарт маркийн гар утас байхаар нь аваад харсан чинь унтарчихсан байхаар нь аваад 2 хоног өөр дээрээ байлгаж байгаад симийг нь гаргаад хаячихсан...гэх /хх- ийн 35-36х/,
Хохирогч Э.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 08 дугаар сарын 26-наас 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз Эрдэнэбатын хамтаар Барилгачдын талбайн
орчимд байрлах “Тайгер” нэртэй бааранд архи ууж сууж байгаад 04 цагийн орчимд
гараад бид хоёр манай ажил болох “Линк” нэртэй караокеруу орж дуу дуулах гээд
явсан юм. Таксинд суугаад явж байх үедээ ажилруугаа залгах үед манай ажил
ажиллахгүй хааж байна гэж байсан. Тэгээд би юу ч гэсэн ороод гаръя гэж бодоод
ажилруугаа орсон. Тэгээд ажилруугаа ороод өөрийн гар утасруугаа залгаж үзтэл
миний утас 1 удаа дуудаад авахгүй байсан дараа нь дахин залгатал миний утсыг
таслаар шууд унтраачихсан... гэх /хх-ийн 24х/,
Гэрч Б.Бат-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 сарын 01, 02 болохыг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр найз Өлзий-Орших болон танил ах Ганаагийн хамтаар Цайзын орчимд явж байгаах үед Ганаа ах “Хуавэй пи” смарт загварын гар утас олсон юм. Уг гар утсаа ломбарданд тавчихсан юм. Одоо харин авч чадахгүй байна гэхээр нь би хэдэн төгрөгт тавьсан юм гэхэд Ганаа ах 250,000 төгрөгөөр тавьсан гэхээр нь би аваад зарж болох уу гэхэд болно асуудал байхгүй гэж хэлсэн. Иймд нөгөөдөр нь 2019 оны 09 сарын 03-ны өдөр Хүнсний-1 дүгээр дэлгүүрийн орчимд байрлах ломбарданд нь Ганаа ахын хамтаар очих үед уг гар утсыг “Хуавэй пи” смарт загварын гар утас байсан. Уг гар утсыг би 268,000 төгрөгөөр худалдан аваад 1 хоног хэрэглээд эхнэр Жамбалсанжидад үлдээгээд зармаар байна гэж хэлээд хичээлдээ яваад орой нь ирэх үед манай эхнэр уг гар утсыг зарчихсан байсан. Хэдэн төгрөгөөр зарсан бэ гэж асуух үед 400,000 төгрөгөөр зарсан гэж байсан...гэх /хх-ийн 25-26х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Г нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хохирогч Э.Эрдэнэбаатарт хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул /хх-н 8х/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаргалжуут овогт Ч. Г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД