| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0826/Э |
| Дугаар | 896 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 896
2019 11 20 2019/ШЦТ/896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Х.Энхжаргал,
шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Дагвын Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 1903007260400 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэрэгжилтэй, Эрдэм транс ХХК-д жолооч, ам бүл 2 эхнэрийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 18а-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Сартуул овогт Дагвын Хүрэлбаатар /РД: ТЕ63032971/,
Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 07 минутын орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул-2” захын баруун талын замд “Эрдэм транс” ХХК-ын эзэмшлийн “Хюьндай АэроСити” маркийн 06-64 УБЕ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 46 настай, эмэгтэй С.Оюунцэцэгийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр ажлаа хийгээд автобус жолоодоод явж байсан, тухайн үед “Зайсан-Дэнжийн” мянгын чиглэлд 55 дугаартай “Нарантуул-2” худалдааны төвийн баруун замд автобусны буудал дээр явж байсан, автобусны буудал дээр зогсоод хүмүүсээ буулгаж суулгаж дуусчихаад 2 хаалгаа хаагаад хөдөлгөөнөө эхлээд хөдлөөд явтал хүмүүс орилсон, тэгтэл гэнэт автобусны баруун хойд дугуй юман дээгүүр гарах шиг болсон, тэгэхээр нь би шууд зогсоод автобуснаасаа буугаад очтол автобусны хойд талд хүн хөл хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан, тэгэхээр нь би шууд түргэн тусламж дуудсан, мөн араас нь цагдаад дуудлага өгсөн, тэгтэл удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө хүнийг үзээд Гэмтлийн эмнэлэгрүү аваад явсан, араас нь цагдаа нар ирээд осол болсон газарт үзлэг хэмжилт хийсэн. Тэгээд автобусыг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийсэн, Би тэгээд шууд замын цагдаа дээр очсон...” гэх /хх-ийн 118х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019-06-24-ний өдөр би хүүхдийнхээ ажил дээр байж байхад талийгаач С.Оюунцэцэгийн өмнө хамт амьдарч байсан эрэгтэйн төрсөн дүү гэх хүн, нэрийг нь мэдэхгүй байна. Надруу залгаад “Нарантуул-2” захын хажууд нэг хүн автобусад дайруулсан байна харсан чинь Оюунаа эгчтэй адилхан хүн байна. Та хурдан хүрээд ир гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би шууд очих гээд явж байтал над руу залгаад эмнэлэгийн машинтай эмч ирээд аваад явчихлаа та шууд гэмтдийн эмнэлэг дээр оч гэж хэлсэн. Тэгээд явж байхад хүүхэд нь ээжийнхээ ригестрийн дугаарыг суусан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад нас барсан гэж хэлсэн. Жолооч талаас нэхэмжилж байгаа 8,500,000 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх- ийн 32-38х/,
Иргэний хариуцагч Х.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Дараа нь жолооч Д.Х над руу залгаад хэлсэн. Манай байгууллага жолооч Д.Хыг өглөө ажилдаа гарахад нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч танилцуулан, гарын үсэг зуруулсан. Манай байгууллагын зүгээс бусдад учирсан хохирлыг шаардлагатай бол төлнө...” гэх /хх-ийн 71х/,
Гэрч Ц.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2019 оны 06 дугаар сарын 24-ний 09 цагаас хойш Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Хүчит шонхор захаар хүмүүсийн барааг зөөж өгөөд мөнгө аваад явж байсан. Тэгтэл 15 цагын орчим танил Оюунцэцэгтай таарсан. Оюунцэцэг бага зэрэг архи уучихсан байсан ба намайг автобусны буудал руу хүргээд өгөөч гэхээр нь түүнийг автобусны буудал хүргэж өгөх гээд явсан. Тэгээд бид 2 ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд автобус хүлээгээд зогссон. Тэгтэл нэг том оврын автобус урдаасаа хойшоо чиглэлтэй орж ирээд зогссон. Тэгээд Оюунцэцэг тэр автобус руу очоод арынх нь хаалгыг тогшоод зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь би хүчит шонхор зах руу алхаад явж байхад хүмүүс орлилдох шиг болсон. Тэгэхээр нь эргээд очтол Оюунцэцэг зам дээр хэвтсэн ойр орчим нь нилээн их цус болсон байдалтай байсан...” гэх / хх-ийн 74х/,
Гэрч Д.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Нарантуул” худалдааны төвийн баруун талд байрлах ажил дээрээ өдөр 14 цагийн орчим ажлаа хийгээд байж байсан. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй 2 автобусны буудал хойно нэг шил архи хувааж ууж байсан. Тэгээд удалгүй архиа ууж дуусаад автобусны буудлын зүүн талд байрлах төмөр дээр сууж байсан. Би тухайн үед замын эсрэг талын түц орох гээд ажлын хашаанаас гараад алхаж байсан. Тэгээд нөгөө 2-г сууж байхад автобусны буудал дээр автобус ирж зогсоод хүмүүсээ буулгаж суулгаад хөдлөх үед буудлын хажууд сууж байсан нөгөө эмэгтэй босоод автобусад суух гүйгээд автобусны урд хаалган дээр очих үед автобус хаалгаа хаасан. Тэгтэл нөгөө эмэгтэй автобусны урд хаалгыг гараараа тулж мөргөөд хойшоо саваад унасан. Тэгтэл нөгөө автобус зүүн гар тал руугаа жоохон дараад хөдлөөд урагш явсан. Газар унасан явган зорчигч хойшоо савж унаад 2 хөлөө тэнийлгээд автобусны доогуур 2 хөл нь орсон, тэгтэл автобус баруун хойд дугуйгаараа нөгөө эмэгтэй хүний бөгсөн бие дээгүүр гараад жаахан өнгөрөөд зогссон. Би буцаад түц рүү орсон. Би цагдаа нар үзлэг хийх үед хохирогч автобусад мөргүүлсэн болон газар унасан цэгийг зааж өгсөн..” гэх / хх-ийн 75-76х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14289 тоот дүгнэлт:
Талийгаач С.Оюунцэцэцэгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр аарцаг ясны Мальген хэлбэрийн хугарал, давсагны урагдал, зүүн тахилзуур ясны ил хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хамрын хянга, баруун бугалга, баруун түнх, цавь, гуя, зүүн сүүжний дэлбэн, зүүн түнх, баруун гуя шилбэ, баруун шагай, зүүн шилбэний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байх ба гэмтэл авсан дэс дарааллыг тогтоох боломжгүй.
Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Талийгаач нь С.Оюунцэцэг нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн Шокт орж нас баржээ.
Талийгаач С.Оюунцэцэг нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 90-93х/,
Техникийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаартай дүгнэлтэд:
“Hyundai Aerocity” маркийн 06-64 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч С.Оюунцэцэг нь МУ-н ЗХД-ын ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх /хх-ийн 107х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Хыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгч Д.Хыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаанд хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулах зан үйлд 8,506,000 төгрөг төлсөн баримт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Дагвын Хүрэлбаатар /РД: ТЕ63032971/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаанд хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД