| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0571/И |
| Дугаар | 131/ШШ2016/00584 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00584
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******, *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б. ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* 1962 онд ******* суманд төрсөн. Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт савлагчаар 1984 оноос ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Автозамын ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын ангийн даргын тушаалаар тус газар карьерын сахиулаар ажилд орсон. Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын анги нь 1992 онд хувьчлагдаж ******* нэртэй компани болсон тул 1992 оны 08 сарын 20-ны өдрөөс ******* компанид сахиулаар ажиллах болсон. Ингээд тус компанид 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан юм. Энэ хооронд ажиллаж байсан ******* компанийн нэр болон компанийн нэр болон компанийн хэлбэр нь 2 удаа өөрчлөгдснөөс болоод тамга тэмдэг нь мөн өөрчлөгдөж хөдөлмөрийн дэвтэрт дөрвөлжин болон дугуй тамга дарагдсан тул уг тамгын зөрүүг гаргаж , шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох хэрэгтэй болсон юм. Иймээс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Автозамын ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын ангид карьерын сахиулаар ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн 113602 дугаартай ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтэрт миний төрсөн огноог 1963 он гэж буруу бичсэн байх тул мөн тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* мөн болохыг мөн тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 0375783 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013.03.12-ны өдрийн 107 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.03.25-ны өдрийн 215 дугаар албан бичиг, 566273 дугаартай МҮЭ-гишүүний бат илэрхийлэл, Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1989.10.10-ны өдрийн 101 дугаар тушаал, Б.*******гийн 1981.01.01, 1986.03.31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Авто замын Ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангид карьерын сахиулаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013.03.12-ны өдрийн 107 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.03.25-ны өдрийн 215 дугаар албан бичиг, 566273 дугаартай МҮЭ-гишүүний бат илэрхийлэл, Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангийн даргын 1989.10.10-ны өдрийн 101 дугаар тушаал, Б.*******гийн 1981.01.01, 1986.03.31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн *******ын *******гийн нэрээр бичигдсэн 1986 оны 03 сарын 31-ний өдрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд
Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн өөрийн болон эцгийн нэр, ажилласан түүх зэрэг нь Б.*******гийн хувийн байдалтай тохирсон байна. Гагцхүү уг дэвтэрт Б.*******гийн төрсөн огноог 1963 гэж зөрүүтэй бичсэн байна.
Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлтийг иргэдээс шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эндээс үзвэл Б.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж төрсөн огноог зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 113602 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Авто замын Ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангид карьерын сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ