Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00349

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

 2019          11             20                                              2019/ШЦТ/349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 1938007190401 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Б.

Шүүгдэгч Л.Б- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 20 орчим км зайтай газарт ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.М-ын амь насыг хохироож, зорчин явсан Ц.Ш-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 20 орчим километр зайтай газарт “Ниссан ваннэте” маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урд явсан автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, буцаж эгнээгээ эзлэхдээ жолоодлого алдаж зорчих хэсгээс гарч, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа, онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан эхнэр Б.М-ын биед “гавлын ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, бага тархины аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун талын 1,2,3,4,5,6,7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушигны гадаргуу дахь цус хуралт, элэгний 5-р сегмент дэх няцрал, цээж болон хэвлийн хөндий дэх цус, зүүн бугалга, дух, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, баруун шуу, баруун зүүн сарвуу, хэвлий, умдаг, зүүн гуянд зулгаралт, зүүн бугалга, умдаг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий “гавал тархи, цээж хэвлийн хавсарсан “хүнд” гэмтэл учруулан амь насыг хохироож, мөн уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Ш-гийн эрүүл мэндэд зүүн дунд чөмгөнд далд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-12 дугаар хуудас/,

                 - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хх-ийн 13-15, 17-19 дүгээр хуудас/,

                 - Цогцос болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 дугаар хуудас/,

                 - Шүүгдэгч Л.Б-гийн ... дугаартай А, В ангиллын жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,

                 - Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний төрсөн дүү Т- хүнтэй сууж гэр бүл болоод хуримаа хийх гэж байсан болохоор аав ээж хоёр маань Мөрөн орж хуримын бэлтгэл хийхээр 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрсдийнхөө машинаар явсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 00 цаг болох гэж байхад манай том ах бид нар руу ярьж осол болсон талаар хэлсэн. Тэгээд бид осол болсон талаар мэдэж осол болсон газар нь ирж Тосонцэнгэлээс ээжийнхээ шарилыг аваад буцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шалгуулах зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-45 дугаар хуудас/,

                 - Хохирогч Ц.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Л.Б- ах, Б.М- эгч хоёрын хамт тэдний машинаар Мөрөнгөөс орой гарсан. Би цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд Мөрөнгөөс гараад Тосонцэнгэл өнгөрөөд явж байгаад машин шарвах шиг болоод унасан. Тухайн үед яг яагаад унасан гэдгийг би мэдэхгүй. Уг нь машин тийм хурдтай яваагүй. Миний зүүн хөл хугарсан. Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо биеийн байдал гайгүй. Нэхэмжлэх зүйл юу ч байхгүй гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

                 - Гэрч Л.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ослын газарт 19 цаг 30 минутад очсон. Очиход зам дээр машин унасан, замын шороо хөвөөн дээр эмэгтэй хүнийг хэвтүүлээд нүүрийг нь бүтээсэн, машины дэргэд нэг эмэгтэй хүн суусан байсан. Би очоод газарт хэвтэж байсан эмэгтэй хүнд үзлэг хийж чагнахад амин үзүүлэлтүүд бүгд зогссон, тархи баруун талаараа урагдсан, тархи нь гарсан, нүүр ам нь битүү цус болсон байсан. Би тэр хүнийг үзээд нас барсан нь илэрхий байсан болохоор тэнд нь орхиод машины цааш сууж байсан хүн дээр очсон. Тэр хүний зүүн хөл нь дунд чөмгөөрөө хугарсан, зүүн нүдний зовхинд нь ил шархтай. Баруун өвдөг шалбарсан,  хэвлийгээр зулгарсан байхаар нь үзлэг хийгээд машинд суулгасан. Тэр машины жолооч гэх ахимаг насны эрэгтэй хүний биеийн байдал хэвийн байсан тул хөл нь хугарсан хүнээ аваад сумын төв рүү явсан. Тэр эмэгтэй нас барсан нь тодорхой байсан. Цогцос нь хөрсөн байсан. Толгойн баруун хэсэг нь чихнийхээ ормоор урагдаад тархи нь гарсан байсан” гэх

мэдүүлэг/ хх-ийн 41-43 дугаар хуудас/,

                 - Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тосонцэнгэл сумаас зүүн тийш засмал замаар явж 18 цаг 51 минутанд сумын төвөөс 6 орчим км зайтай газарт тээврийн хэрэгсэл замын голд хажуугаараа унасан байхыг хараад очиход эмэгтэй хүн замын хажуу талд хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь шалгаад үзэхэд судасны цохилт мэдэгдэхгүй байсан. Тэгээд машиныг тойроод харахад нэг эмэгтэй хүн хагас суугаа байдалтай хөдөлгөөнгүй сууж байсан. Жолооч нь гэх эрэгтэй хүн болохоор замын хажууд хэвтэж байсан эмэгтэй хүний хажууд зогсож байсан. Тэгээд би тэр дор нь сумын эмнэлэгийн 70386203 дугаарын утсаар залгаж дуудлага өгч мэдэгдээд замыг хоёр талаас нь хаах зорилгоор зүүн талаас нь 20-30 м зайтай газарт ослын гурвалжин тэмдэг байршуулсан. Мөн баруун талаас ирэх хөдөлгөөнийг хаах зорилгоор гурвалжин тэмдэг тавиад хоёр талаас ирж байгаа машинуудын хөдөлгөөнийг зохицуулж замын хажуугийн зүүн талын хөвөөгөөр ээлж ээлжээр нь явуулсан. Тэгж байтал 19 цаг 30 минутын орчимд сумын төвөөс эмч ирээд замын хажууд хэвтэж байгаа эмэгтэй дээр эхэлж очиж үзээд нас барсан байна гэсэн. Тэгээд дараа нь машины ард сууж байсан эмэгтэй дээр очиж үзээд зөөвөрлөхөөр болж машиндаа оруулаад аваад явсан. Анх намайг очиход тэр эмэгтэйн толгойн баруун хэсэгт хонхойгоод цөмөрсөн, язарч урагдсан юм шиг цус нөж болсон байсан. Ер нь бол толгойн хэсэг нь маш их цус болсон байсан. Тэгээд үзэхэд амьсгал мэдэгдэхгүй, судас цохилохгүй байхаар нь жолоочид нь юмаар бүтээгээрэй гэж хэлээд хамгаалалтаа эхлүүлсэн. Би “юу болсон юм бэ” гэсэн чинь тэр эрэгтэй “ах нь дэлгүүрийн бараа ачиж явж байгаад машин гүйцэж түрүүлээд буцаж эгнээ рүүгээ орохдоо үрүүлээ алдаад уначихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

                 - Гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Их-Уул сум өнгөрөөд явж байтал манай эхнэрийн гар утас дугарахаар нь авсан чинь нэг танихгүй хүн аав чинь осолд орсон байна хурдан ирээрэй гэж хэлүүллээ гэхээр нь би буцаад Тосонцэнгэлийн зүгт явсан. Тэгээд явсаар байгаад ирэхэд Тосонцэнгэл сумаас жаахан зайтай газарт аавын машин зам дээр унасан байгаа харагдсан. Би давхиж ирээд машинаа зогсоогоод буугаад ирэхэд цагдаа ирсэн, зам хаасан байсан. Миний ирж байгаа талаас ослын тэмдэг тавьсан нөгөө талаасаа ч гэсэн ослын тэмдэг тавьчихсан ирж байгаа машин тэрэгнүүдийг хоёр тал руу дохиж зогсоож зохицуулж байсан. Би очоод машин руу дөхөх гэхээр намайг ойртуулахгүй байсан. Тэгж байтал сумын төвөөс машинтай эмч ирээд унасан машины тэр рүү очиход ээжийг машины ард тушаа замын хөвөөн дээр хэвтэж байгааг харсан. Эмчийг ирээд ээжийг үзэхээр нь би ойртоод очиход ээжийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд Ш-г үзээд машиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

                 - Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай: “1.2. Б.М-ын биед гавлын ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, бага тархины аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун талын 1,2,3,4,5,6,7-р хавирга, зүүн талын 1,2,3,4-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушигны гадаргуу дахь цус хуралт, элэгний 5-р сегмент дэх няцрал, цээж болон хэвлийн хөндий дэх цус, зүүн бугалга , баруун шуу богтос, баруун зүүн тахилзуур шаант ясны зөрүүтэй хугарал, дух, баруун чихний дэлбэн, баруун сарвууны дунд хуруу баруун зүүн өвдгөнд ил няцарсан шарх, хамрын нуруу, баруун шуу, баруун зүүн сарвуу, хэвлий, умдаг, зүүн гуянд зулгаралт, зүүн бугалга, умдаг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Харин хэвлий дэх зулгаралт, зүүн талын 1,2,3,4-р хавирга, баруун шуу богтос, баруун тахилзуур шаант ясны зөрүүтэй хугарал, баруун сарвууны дунд хуруу, баруун зүүн өвдгөнд ил няцарсан шарх нь нас барсаны дараа үүссэн гэмтэл байна. Энэ нь гэмтлийн эргэн тойрон хавдаж овойсон болон цус хуралт, өнгө зэрэг шинж тэмдэгүүд байгаагүй тул нас барсаны дараа үүссэн гэмтэл гэдэг нь тогтоогдож байна. ...5. Б.М-ын биед үүссэн гавал тархи болон цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-д заасан амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Б.М-ын биед үүссэн гэмтлүүд нь үхэлд хүргэх шууд хүргэсэн байна. ...9. Б.М- нь гавал тархи, цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-61 дүгээр хуудас/,

                 - 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн химийн шинжилгээний 89 дугаартай: Б.М-ын цуснаас “спиртийн зүйл илрээгүй” гэх хариу /хх-ийн 62 дугаар хуудас/,

                 - Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн: “1. Ц.Ш-гийн биед зүүн дунд чөмгөнд далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Ц.Ш-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

                 - Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай: “...Жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.3-д “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1- д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа, онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

                 - Б.М-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 99 дүгээр хуудас/,

                 - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлгийн дуудлага хүлээн авах бүртгэлийн хуулбар /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

                 - Шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 70 километр цагийн хурдтай явж байгаад урд байгаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 80 километр цагийн хурдтай болж хурдаа нэмсэн. Хянах самбараа харахад 80 километр цагийн хурдтай явж байгааг зааж байсан. Би машин гүйцэж түрүүлээд эргэж эгнээндээ орохдоо хэтэрхий дараад замаас гарчихсан, тэгээд машин унасан. Санал хүсэлт байхгүй, болсон явдалд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/” болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Б-, амь хохирогч Б.М- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 92 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Л.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Л.Б-гийн А, В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 94 дүгээр хуудас/,

- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт /хх-ийн 95 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Л.Б-гийн өмчлөлийн “Ниссан ванете” маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 96 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн

хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, жолоодох эрхийн сургалтыг зохион байгуулж буй байгууллага нь хангалтгүй сургалт явуулсан, зарим иргэдийн замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой, бусдад хүндэтгэлтэй хандаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Л.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 20 орчим километр зайтай газарт “Ниссан ваннэте” маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урд явсан автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, буцаж эгнээгээ эзлэхдээ жолоодлого алдаж зорчих хэсгээс гарч, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа, онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.М-ын биед “гавлын ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, бага тархины аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушигны гадаргуу дахь цус хуралт, элэгний 5-р сегмент дэх няцрал, цээж болон хэвлийн хөндий дэх цус, зүүн бугалга, дух, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, баруун шуу, баруун зүүн сарвуу, хэвлий, умдаг, зүүн гуянд зулгаралт, зүүн бугалга, умдаг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий “гавал тархи, цээж хэвлийн хавсарсан “хүнд” гэмтэл учруулан амь насыг хохироож, зорчиж явсан Ц.Ш-гийн эрүүл мэндэд зүүн дунд чөмгөнд далд хугарал бүхий “хүндэвтэр” хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-12 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15, 17-19 дүгээр хуудас/, цогцос болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-45 дугаар хуудас/, хохирогч Ц.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Л.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/ хх-ийн 41-43 дугаар хуудас/, гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-61 дүгээр хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн химийн шинжилгээний 89 дугаартай хариу /хх-ийн 62 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/, Б.М-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 99 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлгийн дуудлага хүлээн авах бүртгэлийн хуулбар /хх-ийн 106-107 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүйгээр бий болгож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Л.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь 1 хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тээвийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Ш-, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нар шүүгдэгч Л.Б-гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгчийн хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Л.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.Б-гийн А, В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Б-д тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Л.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.Б-гийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ