| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1147/Э |
| Дугаар | 1198 |
| Огноо | 2019-11-27 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 1198
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сүхчулуун /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Н.Уламбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овгийн П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03656 1136 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овгийн П.Ц-т, Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Мон-Лаагийн ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:
Булган аймгийн ардын хэсгийн 2-р шүүхийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн А дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар,
Булган аймгийн шүүхийн 1978 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 88 дугаар зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар,
Булган аймгийн шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 02 жил 05 сарын хорих ялаар,
Булган аймгийн Сум дундын шүүхийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 30-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 15 дугаар гудамжны ** тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ын биед “бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд” зэрэг олон тооны гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алсан, мөн 2019 оны 02 дугаар сард, 2019 оны 06 дугаар сард, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ч овгийн П.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лааны 15 дугаар гудамжны ** тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б-ыг бие махбодод нь “бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд” зэрэг олон тооны гэмтэл үүсгэн өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож буюу онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч П.Ц-ын шүүх хуралдаанд: “...Нэмж мэдүүлэх шаардлагагүй... Би энэ гэмтлийг учруулсан нь үнэн. 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр талийгаач нэг найзтайгаа хамт ирсэн. Гэрт орж ирээд “таксины мөнгө өг” гэхээр нь би өөрт байсан мөнгөө өгөөд надад 7000 төгрөг үлдсэн. Талийгаач “архи олоод ир” гэхээр нь Д-ийг архинд явуулсан. Бид хоёр тэр архийг хувааж уусан. Би “чи яагаад тэнээд байдаг юм бэ?, гэрт байвал бай, байхгүй бол одоо яв” гэж хэлтэл талийгаач “Чи юу гээд хуцаад байгаа юм, энэ гэрт чинь би байна. Хар өвгөн минь чи нэг харвачихсан юм чинь дахиад харваад үхнэ. Үхээд талийгаачийнхаа араас явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм” гэхэд “хуцаж бай чи, миний юу ярих чамд ямар хамаатай юм, чи юу гээд байгаа юм, битгий хуцаад бай” гээд намайг цүнхээрээ ороолгосон. Тэгэхээр нь миний уур хүрээд цүнхнээс нь барьж аваад хоёр удаа салтааны дунд өшиглөсөн, хоёр удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Талийгаач 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө манай гэрт ирсэн. Над руу утсаар яриад “эгчийгээ ирээд ав” гэж хэлдэг. Тэрнээс манай эгч зодуулаад гэр орноосоо явдаг хүн биш. Манай дүү ч гар хүрдэггүй, би ч гар хүрдэггүй. Манайд байж байхад гэв гэнэт утас нь дуугараад байдаг. Би “ямар хүн залгаад байгаа юм, надад дугаарыг нь өгчих, гэр нь хаана байдаг юм” гэхэд “Мон-Лаа”-д байдаг гэж хэлсэн. Нэг өдөр манай эгч Ц-ын гэрт байхдаа над руу залгаад “эгчийгээ ирээд ав, “Мон-Лаа”-д байна гэж залгасан. Би “та яаг хаанаа байна, би очоод авъя” гэхээр “за байж байгаарай, байж байгаарай” гэж хэлээд утсаа салгачихдаг. Буцаагаад залгах гэхээр дугаараа нууцлаад залгадаг учраас би буцаагаад залгаж чаддаггүй. Манай эгч манай дүүгийнд 2 сарын хугацаанд байсан. Тэгэхэд Ц-т утсаар залгаж дуудаад эгч яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа нүүр ам нь хөхөрчихсөн ирдэг. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манайд ирэхдээ нүүрэндээ ямар ч шарх сорви байхгүй байсан. 6 дугаар сарын 01-ний өдөр бүгд гэр бүлээрээ гадуур явсан. Манай гэрт 2-3 хоносон. Тэгээд эгчийн утас нь дуугараад “миний картыг авсан байна, ална аа та нарыг” гэж хэлж байсан. Эгч явахгүй бол болохгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Сүүлд нь 7 дугаар сард манай эгчийн хоёр найз руу залгаад “найзыгаа ирээд ав, танай найз чинь согтуу байна” гэж хэлэхээр хоёр найз нь очиж авах гээд явж байхад Баянхошууны тэр хавьд дугуй нь хагарсан гэсэн. Дугуйгаа нөхүүлчхээд буцаагаад Ц-т руу залгахад “танай найз чинь гараад явчихсан, одоо манайд битгий ирээрэй” гэж хэлэхээр нь буцаад явсан гэж хэлсэн. Яг тэр үед талийгчийг алчихсан байсан юм байна лээ. Би гомдолтой байна. 2 жоохон охин нь манай дүү дээр байдаг. Баримтаар гаргаж өгсөн оршуулгын зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл: (1 хх-ийн 18-24 дугаар хуудас), хэргийн газраас бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 25-39 дүгээр хуудас), цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 40-43 дугаар хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 44-67 дугаар хуудас), гар утсыг түр хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 72-76 дугаар хуудас);
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...амь хохирогч Б. Б нь миний төрсөн эгч. Надад болсон хэргийн талаар мэдэх юм байхгүй. Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цагдаагаас нэг хүн яриад намайг цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилтай байсан болохоор нь эхнэр Э.А-г очиж уулзаад юу болсныг нь мэдээдэх гэж явуулаад удаагүй байж байтал манай эхнэр над руу залгаад Б эгч нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би орондоо тэрэг гаргаад яваад очъё гэж хэлээд ажлаа зохицуулаад ирж байгаа нь энэ. Тэрнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй ...” “...Талийгаачийн зардалд нийтдээ 8,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн. Энэ мөнгийг талийгаачийн амь насыг хохироосон хүнээс нэхэмжилж гаргуулан хоёр хүүхэд нь олгуулах хүсэлтэй байна ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 102, 105 дугаар хуудас);
5. Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Их тамир констракшн” ХХК-д мужаан ажилтай бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөө 07 цаг 15 минутын орчимд ажилдаа явах гээд гэрээсээ гарсан бөгөөд ажлаа хийж байгаад орой 19 цаг 10 минутын орчимд ажлаасаа тараад 20 цаг 16 минутын орчимд гэртээ ирсэн. 21 цаг өнгөрч байх үед Ц-т ах намайг дуудахаар нь би тэдний гэрт яваад ортол гэрийнх нь хаалга нугасаараа салчихсан байхаар нь яагаад хаалгаа салгачихсан юм бэ гэтэл намайг “наад хаалгаа янзалчих” гэхээр нь хаалганых нь нугасыг хоногт нь оруулж хийж өгөөд гэрт нь яваад ортол Ц-т ах гэрийн баруун талд газар, түүний хамтран амьдрагч Б хөнжил дээгүүрээ нөмөрчихсөн унтаж байх шиг л байсан. Тэгтэл Ц-т ах чи ахдаа нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би надад мөнгө байхгүй байна гэтэл наад бурхан дээр чинь мөнгө байгаа гэхээр нь тэр мөнгийг аваад тоолсон чинь 6 ширхэг мянгатын дэвсгэрт байхаар нь авч гэр лүүгээ орж хоол цайгаа идэж уучхаад ойролцоогоор 5 минут орчим болоод дэлгүүр орж 6500 төгрөгөөр хараа архи 1 шилийг аваад буцаад хашааны хаалганы гадаа иртэл Ц-т ах бие засаад зогсож байсан. Тэгээд гэрт нь ортол Б унтаж байсан. Би дэлгүүрээс авсан архинаас задалж Ц-т ахад 1 хийж өгчхөөд “за ингээд унтаарай” гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл 20-30 минутын дараа Ц-т ах “Д энэ хүн үхчихсэн байсан” гэхээр нь би гэр рүү нь ортол Ц-т ах “энэ хүн үхчихлээ” гэж хэлээд Б рүү заахаар нь би дөхөж очоод хартал цээж нь ил гарчихсан байхаар нь зүрхний хэсэгт нь дарж үзтэл амьсгалахгүй мөн хамраас нь амьсгалж байгаа эсэхийг шалгатал амьсгалахгүй байсан. Тэгтэл Ц-т ах “цагдаа дуудъя” гэж хэлээд цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 108-110 дугаар хуудас);
6. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч боссон юм. Тэгээд байж байтал хашаанд хамт амьдардаг Ц-т ах гэрээсээ гарч ирээд “ах нь зайсан явлаа шүү” гэж хэлээд ганцаараа хашаанаас гараад явсан. Удалгүй 2-3 цагийн дараа буцаад ганцаараа хүрч ирээд таньдаг хүнээрээ хүргүүллээ гэж байсан. Ц-т ах гэртээ ирснээсээ хойш орж гараад яваад байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа нөгөөх чинь ирж байна гээд хамтран амьдрагчаа хэлж байсан. 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Д ажлаасаа ирээд аяга хоол идчихээд байж байтал Ц ах дуудаад нэг шил архи аваад аваад өг гэнээ гээд хашаанаас гарсан. Тэгээд архийг нь авч ирж өгчхөөд яг унтах гэж байтал Ц ах гэрийн гаднаас дуудаад Д гараад хартал Ц ах гэртээ дагуулж ороод “нөгөө эмэгтэй үхчихлээ" гээд орилоод сандарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд Д чихээрээ чагнатал амьсгалахгүй байсан. Тэгээд Ц ах дуудлага дуудсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 112-113 дугаар хуудас);
7. Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр А гээд эгчийндээ Яармагт очиж хоночхоод 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоолоо идэх гээд байж байхад хашааны хаалга дуугарахад Ц гарч харчхаад Г ах Ц ахынх руу орлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй аав ажлаасаа ирээд хоол ундаа идэж уучхаад Цогт ах нь 6,000 төгрөгөөр архи аваад ир гэж байна, аав нь дэлгүүр орлоо гээд явсан. Тэгээд удалгүй аав ирээд авчраад өгчихлөө гээд гэртээ ороод ирсэн. Би 22 цагийн үед унтсан байх, тэгээд унтаж байгаад шөнө 01 цаг өнгөрч байх үед сэрэхэд аав, ээж хоёр унтаагүй сэрүүн байсан. Яагаад унтахгүй байгаа юм гэсэн чинь “хажуу талын айлд хүн үхсэн, цагдаа болоод байж байна, миний охин унт унт” гэсэн. Тэгээд цагдаа нар шалгаж дууссан бололтой явж байсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 115 дугаар хуудас);
8. Насанд хүрээгүй гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр ээжтэйгээ гэртээ байсан. Манай хашаанд Ц ах гэртээ байсан. Ц ах хашаанаасаа орж гараад л яваад байсан. Ц ахынд ямар нэгэн хэрүүл маргаан болсон дуу чимээ сонсогдоогүй. Г ах орой ирсэн. Г ахын дараа аав ажлаа тараад ирсэн. Аав Ц ахынд нэг орчхоод гэртээ орж ирж байсан. Ц ах өчигдөр ах нь зүгээрээ гээд архи уусан байдалтай алхаад явж байсан ...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 117 дугаар хуудас);
9. Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг 07 минутад над руу Ц ах яриад ах нь шартаад байна, ажил чинь хэзээ дуусах юм бэ гэхээр нь би орой л ажил дуусна ш дээ гэж хэлэхэд орой ажлаа тараад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Ц ахынд 20 цаг өнгөрөөгөөд очсон. Ц ахын гэр нь манайхтай ойрхон, 3 гудамжны зайтай байдаг. Ц ахын гэрийн амбаарын хаалга дотроосоо түгжээтэй байсан. Би амбаарынх нь хаалгыг тогшиход Ц ах хэн бэ гэхээр нь би цаашлуулаад хариу хэлэхгүй нүдээд байсан чинь ямар пизда вэ гэж байсан. Тэгээд би хариу хэлэлгүй хуруугаараа тогшоод байсан чинь Ц ах амбаарын хаалгаа онгойлгосон. Цогт ах 0.33 литрийн архи аваад өгчих гэхээр нь битгий балайраад бай, согтуу байж яах гэсэн юм бэ гэж би хэлсэн. Та одоо наад архиа болиоч гэхэд манай хүү С эхнэр авах гэж байгаа, би 2-3 хоноод Гурван булаг явна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарсан. Ц ах нэлээн согтуу байсан. Ц ахын гэрт ороход гэрийнхээ хаяаг сөхсөн, гэрийн баруун талд сервант руу толгойгоо тулгаад баруун ор дагасан байдалтай газраар ор зассан байсан. Уг орон дээр Б унтаж байсан. Б дэр дэрлэсэн, нүүр, бие хэсэг нь цаашаа харсан байдалтай, дээгүүрээ саарал алаг байсан байх судалтай хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Би Ц ахад та энэ хүүхнийг ирснээс хойш байнга архи ууж байна шүү гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр би энэ хүүхэнгүй бол байж чадахаа байчхаж гэж хэлж байсан. Б цаашаа хараад унтаж байсан. Зүүн гар нь наашаа цаашаа хөнжил дотроо хөдлөөд байгаа харагдсан. Б янз бүрийн дуу авиа гаргаагүй, ямар ч үг яриа гаргаагүй ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 119-120 дугаар хуудас);
10. Гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийг хүргэж өгөхөд урд хэсэгтээ зурагтай цагаан өнгийн футболк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн гуталтай, ягаан өнгийн хөхөвчтэй байсан. Намайг хүргэж өгөхөд хувцас нь цэвэрхэн, ямар нэгэн бохирдсон зүйл байгаагүй ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 125 дугаар хуудас);
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1598 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний: “...Талийгаачид бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. Хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт нь хатуу, шулуун мохоо зүйлээр бэлгийн их уруулын шархаар оруулж хэвлий, хоёр гуяны урд гадаргуугаас өөхлөгийг салгаж гэмтээхэд үүснэ. Дээрх гэмтлүүд нь амьд байхад нь үүссэн байна. Хэрэв эмнэлгийн тусламжийг эрт авсан бол амь нас аврагдана. Талийгаач нь спиртийн архаг хордлоготой байжээ. Энэ өвчин нь үхэлд нөлөөлөхгүй. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цус нь 3-р бүлэг байна. Амны хөндий, үтрээ шулуун гэдэснээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. Талийгаач нь бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлтөөс цус алдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 149-156 дугаар хуудас);
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4108 дугаартай Бактериологийн шинжилгээний шинжээчийн: “...Б.Б нь тэмбүү өвчний архаг халдвартай байна. Б. Б-ын цус нь АВО системээр В(Ш) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 165 дугаар хуудас);
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8746 дугаартай шинжээчийн: “...П. Ц нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. П. Ц нь хурьцал үйлдэх чадвартай. Шодойн хэмжээ иллэг хийхийн өмнө 6x3,5см иллэг хийсний дараа 7x3,5см хэмжээтэй байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 177 дугаар хуудас);
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8733 дугаартай хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн: “...П.Ц-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 179 дүгээр хуудас);
15. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01- ний 4084 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн хулдаасны хэсэг 3 ширхэг, хусаж авсан цус мэт зүйл гэж хаягласан нунтаг толбонд цус илэрсэн. Улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн хулдаасны хэсэг 3 ширхэг, хусаж авсан цус мэт зүйл гэж хаягласан нунтаг толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн хулдаасны хэсэг 3 ширхэг, хусаж авсан цус мэт зүйл гэж хаягласан нунтаг толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо биологийн 4703 дугаартай Б.Бүрэнжаргал гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 210 дугаар хуудас);
16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4085 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд “№93 дугаартай цэнхэр өнгийн гудаснаас авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой цэнхэр өнгийн даавууны хэсэг, “гэр доторх 92 дугаартай бор шаргал өнгийн хөнжлөөс бэхжүүлж авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. “№93 дугаартай цэнхэр өнгийн гудаснаас авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой цэнхэр өнгийн даавууны хэсэг, “гэр доторх 92 дугаартай бор шаргал өнгийн хөнжлөөс бэхжүүлж авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо биологийн 4703 дугаартай Б.Б гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 213 дугаар хуудас);
17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4083 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хашаан дотор хувин доторх цус мэт зүйл гэж хаягласан марил шингээн толбо, хашаан дотор байсан цагаан хувингаас авсан цус мэт зүйл гэж хаягласан марльд толбо, №96 гэрийн үүдэнд байсан цус мэт зүйл гэж хаягласан толбо, гэр дотор байсан шар өнгийн шүүгээнээс авсан дээж гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбо, гэр дотор байсан угаалгын машинаас авсан дээж гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд цус илэрсэн. Гэр дотор байсан угаалгын машинаас авсан дээж гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Гэр дотор байсан угаалгын машинаас авсан дээж гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо биологийн 4703 дугаартай Б.Б гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хашаан дотор хувин доторх цус мэт зүйл гэж хаягласан марльд шингээн толбо, хашаан дотор байсан цагаан хувингаас авсан цус мэт зүйл гэж хаягласан марльд толбо, №96 гэрийн үүдэнд байсан цус мэт зүйл гэж хаягласан толбо, гэр дотор байсан шар өнгийн шүүгээнээс авсан дээж гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд илэрсэн цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул ДНХ- ийн шинжилгээнд тэнцэхгүй байна ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 224-225 дугаар хуудас);
18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн 4095 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал эрээн том хивсний хэсэг, жижиг улаан өнгийн хивсний хэсэг, цэнхэр даавууны хэсэг, эрээн өнгийн даавуу, эрээн өнгийн хөнжлийн даавуунд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Шаргал эрээн том хивсний хэсэг, жижиг улаан өнгийн хивсний хэсэг, цэнхэр даавууны хэсэг, эрээн өнгийн даавуу, эрээн өнгийн хөнжлийн даавуунд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн 4703 дугаартай Б. Б-ын гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 240-241 дүгээр хуудас);
19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн 4074 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан хүрэн өнгийн зүйл нь эд байна. Эд нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний эд байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан хүрэн өнгийн эдийн ДНХ-ийн тогтцоороо биологийн 4703 дугаартай Б. Б гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 249 дүгээр хуудас);
20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09- ний 4241 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хар болон цагаан эрээн судалтай оруулгатай хар өнгийн цүнх дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Хар болон цагаан эрээн судалтай оруулгатай хар өнгийн цүнх дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцоороо биологийн 4703 дугаартай Б.Бүрэнжаргал гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 10 дугаар хуудас);
21. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3650 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна. Шинжилгээнд дотоожинд гарсан
3.7x1 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Уг уранхай үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй ...” гэсэн дүгнэлт (2-р хх-ийн 15 дугаар хуудас);
22. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3649 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын: Цагаан футболконд гарсан 2.5см, хар өмдөнд гарсан 32см, 11см, 3см хэмжээтэй уранхай татаж чангаах зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Цагаан футболконд гарсан 6х5мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан байна. Дээрх уранхай, цоорхой үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 22-23 дугаар хуудас);
23. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4099 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн DCN 2017 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн футболк, цагаан өнгийн энгэртэй ар хэсэг сааран өнгийн нүүр хэсэгтэй зурагтай футболк, урд хэсэг цагаан улаан өнгийн оруулгатай хар өнгийн шорт, хар өнгийн эмэгтэй хүний өмд, хар өнгийн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. DCN 2017 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн футболк, цагаан өнгийн энгэртэй ар хэсэг саарал өнгийн нүүр хэсэгтэй зурагтай футболк, урд хэсэг цагаан улаан өнгийн оруулгатай хар өнгийн шоорт, хар өнгийн эмэгтэй хүний өмд, хар өнгийн хос гутал дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б. Б-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хар хөх өнгийн хөх өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 27-28 дугаар хуудас);
24. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн: “...П.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. П.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна. П.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах шинж тэмдэг илрэх боломж багатай байна. П.Ц-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно ...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 44-46 дугаар хуудас);
25. Шинжээч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогчийн биед учирсан бэлгийн их уруул дахь хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд нь хөнгөн, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амьд байсан хугацааг нарийн тогтоох боломжгүй. Хүнд зэргийн согтолттой амь хохирогчийн хувьд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, ухаангүй байсан. Ямар нэгэн дуу чимээ гаргаж чадахгүй. Согтолтгүй байсан бол маш их өвдөнө. Бэлгийн их уруулын хоёр шарх нь доороос дээш чиглэлд хүч үйлчлэхэд үүснэ. Хэвлий хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг булчингийн хальс хоорондын хөндийрөл шарх нь доороос дээш, гуяны чиглэлд хүч үйлчлэхэд үүснэ. 1-2 голчтой Өргөнтэй 20 орчим см урттай, нимгэвтэр хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлдэл хөдөлгөөнөөр үүснэ. Зураг дээрх хаалганы өнцөг, өнцөг хэсгийн төмрөөр үүсгэгдэхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 154-155 дугаар хуудас);
26. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч Б нь манай гэрээр болон манай дүү Д-ийн гэрээр амьдардаг. 2 охиныг нь Д хараад амь хохирогч маань нэг өвгөнтэй хамт амьдардаг сураг гараад байдаг байсан. Амь хохирогч Б-ыг хүүхдийн баяраар манай гэрт байхад нь гар утас руу нь хүн залгаад “карттай мөнгө төгрөг аваад явчихлаа, алнаа” гэж орилоод байсан гэж манай эхнэр надад хэлсэн. Тэр хамт амьдарч байсан өвгөн нь их зодож барьдаг байсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 102 дугаар хуудас);
27. Гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 10 жилийн өмнө найз Б-ийн гэрт Б-тай танилцаж байсан. Тэрнээс хойш найз нөхөд болсон. 2019 оны 02 дугаар сарын үед гэрт охин Х, охиныхоо найз залуугийн хамт ирсэн. Тухайн үед манайд ирээд “манай нөхөр намайг хардаад хувцас хунар шатаагаад гэрээс гаргахгүй зодоод байдаг” гэж надад хэлж байсан. Би тэр өдөр Б-ыг гэрт нь хүргэж өгөхдөө нөхөр нь зоддог талаар нь хэлэх гэж нөхөртэйгөө Б болон охин Х, Х-ийн найз залуугийн хамт гэрт нь очиход нөхөр нь тайван уур уцааргүй байсан болохоор нь хэлж чадаагүй. Тэрнээс хойш Б 2019 оны 06 дугаар сарын дундуур зодуулчихлаа гээд нүүр нүд нь хавдчихсан гэрт ирсэн. Би тухайн үед зургийг нь өөрийн утсан дээрээ аваад цагдаад өгнө гэхэд Б гуйгаад хэлүүлээгүй. Зураг нь байгаа, танд үзүүлж болно. Тэрнээс хойш уулзалгүй байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд манай гэрт танихгүй цагаан өнгийн машинтай залуутай ирсэн. Бид 4 хоол хийж идчихээд 2 шил архи уусан. Б найзтайгаа хамт машин дотроо амарсан. Маргааш нь бид хэд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нуурын эрэг дээр очиж архи уугаад явах гэхэд Бүрэнжаргал явахгүй болохоор нь үлдээгээд явсан. Тэгтэл Б “манай нөхөр рүү залгаад намайг ирээд ав гээд хэлээдэх” гэж утсаар ярихаар нь нөхөр рүү нь хэлэхэд та нар өөрсдөө такси бариад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дуудаад гэрт нь таксигаар хүргэж өгөхөд нөхөр нь тосож аваад “янхан пизда чинь” гээд эхнэрээ дагуулаад уурлаад явсан. Нөхөр нь дуу нь чангарчихсан согтууруулах ундаа хэрэглэчихсэн юм шиг санагдсан. Тэгээд гэртээ байж байхад Б-ийн нөхөр Ц залгаад манай эхнэр галзуураад байхаар нь галзуугийн эмнэлэг дуудаад өгчихлөө гэж хэлсэн. Б-г хамт явсан найз нь эмнэлгүүдээр хайгаад олоогүй. Манай гэрт 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирэхдээ өмнө нь нөхөртөө зодуулсан хавдар нь буухгүй байна гэж хэлж байсан. Миний харснаар ямар нэгэн гэмтэл шарх, хөх няц болсон зүйл байгаагүй. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Ц нь маш их ууртай, муу банзал авгай гээд мөр рүү нь түлхээд нудраад түлхээд байсан. Б нөхөртөө зодуулаад халшраад гэрээсээ зугтаадаг байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 122-123 дугаар хуудас) ...Талийгаач манайд 2-3 удаа нөхөртөө зодуулчихлаа гээд ирж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 123 дугаар хуудас);
28. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байсан чинь 12 цагийн үед Б 50 гаруй насны нэг ахтай 2 шил архи барьчихсан ирсэн. Тэгээд архиа хувааж уугаад 23 цаг болж байхад эхнэр бид 2 гэртээ амарч, Б дагуулж ирсэн ахтайгаа машинд унтаж амарсан. Маргааш нь бид нар нууран дээр очиж архи уугаад дагуулж ирсэн ах ажилтай гээд яваад өгсөн. Эхнэр бид 2 явъя гэхэд явахгүй байхаар нь сандал дээр үлдээгээд явсан. Санаа зовоод эргэж явж очоод гэрт нь хүргэж өгтөл талийгаачийн хамтран амьдрагч Ц гэх ах гарч ирээд таксины мөнгө төлчхөөд талийгаач Б-ыг “янхан гичий минь” манай гэрээс зайл" гэж хэлэх хэлэхгүй үгээр харааж доромжлоод “та нар новшнууд зайл” гэхээр нь бид 2 явсан. Тэгээд орой гэртээ байж байсан чинь Ц гэх хүн манай эхнэр О рүү залгаж “Б-ыг алгадаад унагаачихсан чинь сэрэхгүй байна. Би түргэний эмч, шар хадны эмч дуудсан. Энэ хүн чинь 2 удаа бүртгэлтэй хүн байна” гээд утсаа салгасан. Тэгээд манай эхнэр буцаад залгахад эмнэлэг ирээд аваад явчихсан” гэж хэлээд өөр юу ч ярихгүй утсаа тасалсан. Би Б-ыг сайн танихгүй. Миний мэдэхийн Б манай гэрт одоогоос 1 сар гаруйн өмнө Цогтод зодуулчихсан гээд аймаар болчихсон ирж байсан. Тухайн үед манай эхнэр О цагдаад хэлж бариул гэж хэлтэл Б “яах юм бэ, найз нь цагдаад хэлбэл дахиад зодуулна гээд байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 127-128 дугаар хуудас);
29. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын сарын 14-ний өдөр гэртээ байж байтал Б над руу залгаад би цуг байдаг нөхрөөсөө зугтаад гараад ирлээ, манай нэг найз дуудаад байна, чи ганц шил архи авчих, хоёулаа очъё гэж хэлсэн. Тэгээд бид 2 О гэдэг эмэгтэйн гэрт очсон. Тэгээд архи уугаад сууж байхад О “чи олон гайгүй найзуудтай юм байна. Заавал тэр өвгөнийд очиж зодуулан байж яах гээд байгаа юм бэ, Б-д ямар ч хувцас нэмэргүй, нөгөө өвгөн нь хардаад ураад хаячихдаг юм” гэж хэлж байсан. Б тэгэхэд нь надад ямар очих газар байх биш дээ, тэр өвгөн чинь намайг аргалаад архи авч өгөөд байдаг юм гэж хэлж байсан. Б тэр өдөр уулзахад нүүр нь битүү хавдартай, хоёр нүдний доод зовхи нь хөхөрсөн байдалтай байсан ба би харчхаад нөгөө Цогт гэх хүн нь зодож дээ гэж бодоод юм асуулгүй өнгөрсөн. Өмнө нь Б-тай уулзаж байхад Б хэлэхдээ “Цогт гэх хүнтэй 2018 оны 08 сард танилцсан, тэрнээс хойш уг хүн нь архи авч өгөөд байлгаад байдаг, хамтран амьдрагч байгаа, намайг гараад явахаар хардаад зодоод, хувцас хунар урж хаяад байдаг” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 130-131 дүгээр хуудас);
30. Насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь миний төрсөн эх байгаа юм. Би бага байсан учир ээжийн амьдралын талаар сайн хэлж мэдэхгүй. Манай аав намайг багад нас барсан. Ээж нь миний мэдэхээр 2018 оны 12 дугаар сарын орчимд над руу залгаад “би энд нэг хүнтэй амьдарч байгаа” гэж ярьж байсан ба түүнээс хойш уг Ц гэх хүнтэй хамтран амьдрах болсон. Түүнээс хойш би дүүгийн хамт ээжийн төрсөн дүү Д ахтайгаа амьдрах болсон ба ээж уг Ц гэх хүнтэйгээ хамтран амьдарч байсан. Би хааяа хааяадаа багцаагаар 7 хоногтоо нэг удаа ч юм уу уг айлд очиж ээжтэйгээ уулздаг байсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын эхээр ээж хүнд зодуулсан гэж над руу хэлсэн. Тэгээд хэнд зодуулсан гэдгээ хэлээгүй ба тэр орой нь би Ц ахынд очиход ээж байсан ба нүүр нь гахайн хавдартай болчихсон юм шиг хоёр хацар нь хавдсан байдалтай болчихсон байсан. Сүүлд 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орчимд ээж над руу залгаад “Х-ийн төрсөн өдөр боллоо яана аа” гэхээр нь би “би Х-тай холбоо барихаараа ярья” хэлж байсан. Тэгтэл тэр өдөр нь Ц ах над руу яриад “ээж чинь Х-ийн төрсөн өдөр гэж хэлээд гараад явчихлаа ирсэн үү” гэж ярьсан. Тэгэхээр нь би ирээгүй гэдгийг нь хэлсэн. Ээж над руу хүний утсаар яриад Э ахтай чинь уулзсан байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш нэг ч удаа яриагүй. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ц ах над руу яриад “ээжтэйгээ холбоо барьсан уу яасан, ирээгүй байна” гэхээр нь би “ээжтэй холбоо бариагүй, би дүүтэйгээ найзындаа байна” гэж хэлсэн чинь “за за ах нь маргааш дүүд нь хувцас авч өгөөд хоолонд оруулъя, дүүгийнх нь төрсөн өдрийн бэлэг шүү” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Ц ах утсаар ярьж байгаад Х бид хоёртой Хархорин зах дээр уулзаад Х-д хувцас авч өгөөд бид хоёрыг хоолонд оруулаад явахдаа “ээжийгээ гадуур явсан гэж Д ахдаа битгий хэлээрэй, ээжтэйгээ уулзаад дөрвүүлээ гадуур явсан гэж хэлээрэй, тэгэхгүй бол буруугаар ойлгох байх шүү” гэж хэлсэн. Тэгээд би Д ахад хэлэхдээ ээжтэй уулзсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 133 дугаар хуудас);
31. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тэр хоёрыг хамтран амьдардаг гэж боддог. Миний мэдэхээр Б гэдэг эмэгтэй нь Ц-ын гэрт 2018 оны 09-10 дугаар сарын үед ирсэн. Түүнээс хойш гэрт нь байхаар болсон. Б нь Ц ахын гэрт байнга байдаг байсан ба Б-ын хүүхдүүд нь ирж хоноод явдаг байсан. Ц ах манай гэрт орж ирэхдээ “энэ хүүхэн надад хань болчихвол зүгээр байх юм” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 144-145 дугаар хуудас);
32. Шүүгдэгч П.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 78 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1хх-ийн 79-108 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тал дээр маргахгүй байна. Би үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс гэм буруу дээр маргаагүй гэдгийг хэлж байна. Тэрээр анхнаасаа л гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлгээ өгч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ирсэн. Гэхдээ зүйлчлэлийн хувьд дараах зүйлийг хэлье. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг давхар зүйлчилж байгааг ойлгохгүй байна. Хууль тогтоогчоос хүний амь нас хохироох гэмт хэргийг онц хэрцгий аргаар гээд хүндрүүлж тогтоосон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн онц харгис хэрцгий аргаар гэдэг нь орж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар давхар зүйлчилж байгааг хууль хэрэглээний хувьд тохиромжгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч хохирлыг төлж, талийгаачийн хоёр хүүхдэд цаашид дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн. Тиймээс давхардуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор шүүгдэгч П.Ц-ыг 2019 оны 02 дугаар сард, 2019 оны 06 дугаар сард, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэж дүгнэсэн бөгөөд энэ үйлдлийг Эрүүгийн хээлийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч П.Цогт нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөн оны 2, 6 дугаар сард амь хохирогч Б.Б-ын биед халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хоёр удаагийн давтамжтай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Учир нь, хууль тогтоогч уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:” гэж заасан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялгаж зүйлчлэх хууль зүйн гол шинж болсон бөгөөд байнга гэдэг нь хууль зүйн хувьд гэмт үйлдэл гурав буюу түүнээс дээш удаа давтагдсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч П.Ц-ын 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б-ыг алсан үйлдэл нь тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарах тул нийлмэл гэмт хэрэг гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл (шударга ёсны зарчим)-ийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж зааснаар гэр бүлийн хүчирхийллийн нэгэн үйлдлийг хоёр өөр гэмт хэргийн шинж болгон зүйлчлэх боломжгүй.
Эрүүгийн эрх зүйд зарим гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг. Ийнхүү нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой бөгөөд төгссөн гэмт хэрэг нь эхэлсэн гэмт хэргээсээ ямагт хүндрэх шинжийг агуулсан байх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Ц-ын 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй сүүлийн үйлдэл нь эцэстээ хүнийг алах гэмт хэргээр төгсжээ.
Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч П.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл учирсан бөгөөд тэрээр бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлтөөс цус алдаж нас барсан байх тул хүнийг алах гэмт хэргийн онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч П.Ц нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ амь хохирогч гаднаас ирэхдээ хоёр хүнээр хүргүүлж ирсэн бөгөөд хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүхийн шинжилгээний дүгнэлтээр спиртийн архаг хордлоготой, хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон, мөн гэрч А.Д амь хохирогчийг гаднаас ирснээс хойш удалгүй шүүгдэгч П.Ц-д орсон байх бөгөөд “...Б хөнжил толгой дээгүүрээ нөмөрчихсөн унтаж байх шиг байсан...”-ыг гэрчилсэн байх тул хохирогчийг бие хамгаалах чадваргүй байсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” шинжийг бүрэн хангаж байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч П.Ц-г “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Ц-с 8,157,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, хууль ёсны төлөөлөгч Б.Б нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Ц-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...онц харгис хэрцгий аргаар...”, 1.6 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж...” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байх тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцоогүйг дурдах нь зүйн хэрэг.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч П.Ц-ын урьдчилан цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл, учруулсан хор хохирол, болон эд хөрөнгийн хохирол нөхөн төлөгдөөгүй. Хохирогч хохирсон хэвээрээ үлдсэн. Харин шүүгдэгч зөвхөн төлөхөө л илэрхийлж байна. Шүүгдэгч онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байх үед нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан байна. Тиймээс хохирогч тал гомдолтой байна. Шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оноох саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь өмнө 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Гэвч хууль хэрэглээний хувьд ял шийтгэлгүйд тооцох боломжтой байна. Шүүгдэгч нь өндөр насны тэтгэвэрт байдаг. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд цагдан хорих 0461 дүгээр ангид байхдаа эмчилгээ авч, эмнэлгийн хяналтад байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс бүх насаар нь хорих ял санал болгож байна. Шүүгдэгч өнөөдөр хэдэн настай билээ, эрүүл мэнд нь ямар байгаа билээ. Шүүгдэгчийн хувьд 10 жил, 15 жил байсан ч гэсэн энэ нь сэтгэл зүйн хувьд хүнд тусах нь ойлгомжтой. Цааш хэдэн жил амьдрах нь эргэлзээтэй асуудал байна. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд боломжтой гэх хамгийн бага ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн талуудаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, мөн шүүгдэгчийн насны байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хорин жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.
Үйлдэгдсэн гэмт хэргийн арга, шинж, шүүгдэгчийн урьд 5 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлөөгүй байгааг тус тус харгалзан шүүгдэгч П.Ц-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сэжигтнээр 1 хоног, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 119 хоног, нийт 120 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45 см урттай мод, шар иштэй хутга, хар өнгийн хуванцар үсний хавчаар, хар өнгийн резин боолт, 14 ширхэг тамхины иш, гудаснаас авсан дээж болох даавууны хэсэг, хөнжлөөс авсан дээж болох даавууны хэсэг, амь хохирогч Б.Б-ын толгойн болон умдгийн үс, баруун, зүүн суганы үс, хувин доторх угаадаснаас болон гадаргуугаас бинтэд шингээж авсан дээж, хуванцар хуруу саванд битүүмжилсэн гэрийн үүднээс бэхжүүлсэн цус мэт зүйлийн дээж, шар өнгийн шүүгээнээс бэхжүүлсэн цус мэт зүйлийн дээж, угаалгын машин дээрээс бэхжүүлсэн цус мэт зүйлийн дээж, хөх иштэй цаасны хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаасны 3 хэсэг дээж, цаасанд битүүмжилсэн хулдааснаас хусаж авсан цус мэт зүйлийн дээж, хэргийн газраас бэхжүүлсэн үс, дэгээ төмөр, галын хайч, модон иштэй алх, хар өнгийн иштэй хайч, 0.35 литрийн 2 ширхэг архины лонх, ундааны савтай шингэн угаадас, шинжилгээ хийгдсэн амь хохирогч Б.Бүрэнжаргалын махны хэсэг, 37х79см хэмжээтэй улаан өнгийн даавуун уут, З6х30см хэмжээтэй эрээн алчуурын тал хэсэг, 39х39см хэмжээтэй шар алчуур, 19.5x13см хэмжээтэй ширдгийн хэсэг, 46х73см хэмжээтэй улаан хүрэн өнгөтэй алчуур, 17х4.5см хэмжээтэй хивсний хэсэг, 65х65см хэмжээтэй цагаан өнгийн алчуур, 32х42см хэмжээтэй цусаар бохирлогдсон даавууны хэсэг, цэнхэр өнгийн судал, rock paper scissors бичиглэлтэй хөнжлийн углаа болон дэвсгэр даавуу, Л.Ц-ын баруун гарын хурууны З ш хумс, зүүн гарын хурууны 4 ш хумс, амь хохирогч Б.Б-ын гарын 10 хурууны хумс, баруун, зүүн хөлийн хумс, баруун, зүүн гарын хөвөнд авсан арчдас, баруун, зүүн гар, хөлийн арчдас, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх, гэрийн хаалганаас авсан арчдас бүхий бинт, NEKE бичиглэлтэй хар өнгийн пүүз, саарал өнгийн углааш, эмэгтэй хүний хар өнгийн гутал, улаан өнгийн богино өмд, хоёр хажуу талаараа бичиглэл бүхий эмэгтэй хүний хар өнгийн өмд, цэнхэр өнгийн дотоож, ВСN бичиглэлтэй цагаан өнгийн футболк, урд хэсэгтээ эмэгтэй хүний зурагтай цагаан өнгийн футболк, цэнхэр өнгийн жийнс өмд, ногоон өнгийн суурьтай, шоо хээ бүхий задгай энгэр захтай цамц, хар саарал дотоож, Puma бичиглэлтэй оймс, хар өнгийн пүүз, цэнхэр өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ц-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Ч овогт П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч П.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хорин жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-д оногдуулсан хорин жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-ын цагдан хоригдсон 120 (нэг зуун хорь) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-с 8,157,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, хууль ёсны төлөөлөгч Б.Б нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт нэрлэн заасан эд зүйлсийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ц-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.Ц-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Ц-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
М.МӨНХБААТАР