| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1178/Э |
| Дугаар | 1200 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1200
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Онолт, хохирогч Б.Б, шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04270 1417 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт П.Э, Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван Богд Вашёкү” ХХК-ийн ресторанд зөөгч ажилтай, ам бүл хоёр, 6 настай хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 3 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Саппоро” үйлчилгээний төвийн урд талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч болох Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, автомашины хаалгаар гарыг нь хавчиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч М овогт П.Э 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “Саппоро” үйлчилгээний төвийн урд замд албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч болох Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, гарыг нь автомашины хаалгаар хавчиж, бие махбодод нь “зүүн гарын сарвуу, баруун бугалга, шуун хаван, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч П.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу, зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд 03 цаг өнгөрч байхад Э найз 3 эмэгтэй болон 1 дуудлагын жолооч, бас нэг залуугийн хамт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машинаа байрлуулчихсан, Шөлөндөө хоолны газар луу орох гээд байж байхаар нь би “энд машинаа тавьж болохгүй” гэхэд “за” гэсэн боловч нэг эмэгтэй нь зорчих хэсэг дээр суучихсан бөөлжиж байхаар нь энэ хүнээ ав гэхэд мөн за гэсэн. Тэгээд явах гэж байтал Э чи яагаад бичлэг хийгээд байгаа юм гээд мөрдөс дээр байрлуулсан байсан камерыг маань гараараа цохиж унагаасан. Тэгээд Э машиндаа суух гэхээр нь би араас нь татах гэхэд хаалгаа хааж миний гарыг хавчсан юм. Надад одоо гомдол санал байхгүй, Э надаас уучлал гуйсан. Нэмж хэлэхэд Э бага насны хүүхэдтэйгээ амьдардаг юм билээ. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хэлэх гэж би ажлаасаа чөлөө аван шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн...” гэсэн мэдүүлэг;
3.Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө би эргүүлийн офицер, цагдаагийн ахмад У-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн харьяа нутаг дэвсгэрт Нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хоног бүрд тогтмол явагддаг “Эмзэг цэг” арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж ажилласан юм. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үүрийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн урд төв зам дээр 1 дүгээр эгнээнд буюу машин түр зогсох хориотой газар цагаан өнгийн Toyota Crown загварын автомашин зогсож байсан ба тухайн үед хажууд нь нэг согтуу эмэгтэй төв зам дээр машины зорчих хэсэгт сууж байсан. Тэр үед эргүүлийн машинтай хажууд нь ирж зогсоод тухайн машинд байсан хүмүүст хандаж гадаа байгаа эмэгтэйг оруулаарай гэсэн чинь тэр хүмүүс за гээд тэр эмэгтэйгээ суулгаж байтал хажуу талаас нь нэг эрэгтэй хүн “энд машинаа тавьж болохгүй юм уу яагаад энд машинаа тавьж болдоггүй юм бэ" гээд байсан. Би тэр хүнд нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй гээд тайлбарлаад байж байтал нэг туранхай эмэгтэй агсраад байсан. Тэгээд машинтайгаа хөдлөөд явах гэсэн чинь тэр агсраад байсан эмэгтэй ахмад У бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан ба тэр үед шаардлага биелүүлээгүй гээд камераар бичих гээд байж байтал тэр эмэгтэй миний энгэрийн камерыг аваад зам руу шидсэн юм. Тэгээд тэр эмэгтэй машиндаа суухаар нь араас нь очоод тэр эмэгтэйг буугаад ир гээд хэлсэн чинь буухгүй гээд байсан учир машиных нь хаалгыг нээгээд буулгах гэсэн чинь миний гарыг албаар 2-3 удаа машины хаалгаар хавчиж гэмтэл учруулсан...Миний зүүн гарын сарвууны зөөлөн эдэд хөхрөлт, няцралт үүссэн байсан...Тэр согтуу эрэгтэйд 1 дүгээр эгнээнд зогсож болохгүй талаар тайлбарлаж өгч байхад эмэгтэй хажуугаас орж ирж хэл амаар доромжилж, дараа нь энгэрийн камер авч шидэж эсэргүүцэл үзүүлсэн. Түүнийг саатуулж шалгах гэхэд машиндаа орж суугаад бууж ирэхгүй эсэргүүцэх явцдаа машины хаалгаар миний гарыг хавчсан... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, харин гартаа гипс тавиулсан, өвчин намдаах эм хэрэглэсэн, шүүх эмнэлгийн зардал, эмнэлэг хооронд эмчилгээ хийлгэж явахад зарцуулсан зэрэг 100,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18 дугаар хуудас);
4. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт “Эмзэг цэг” арга хэмжээнд үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хуваарь, томилгоо (хх-ийн 6-7-р хуудас), хохирогч Б.Б-ын албан тушаалын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан бичиг (хх-ийн 8-13 дугаар хуудас);
5. Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б машиндаа сууж байтал гэнэт нэг эмэгтэй гарч ирээд Б-ын энгэрийн камерыг шидчих шиг болсон. Тэгээд тэр эмэгтэй Б-ын энгэрийн камерыг шидчихээд зугтаагаад машиндаа суухад нь Б араас нь очоод тэр эмэгтэйг буулгах гэсэн чинь тэр эмэгтэй машиныхаа хаалгыг хаагаад гарыг нь гэмтээсэн, тэр үед тухайн эмэгтэйн найзуудад хандаж манай ажилтны гарыг нь хавчсан байна гэж хэлэхэд тоохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
6. Гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины зүүн талын хойд хаалгаар Э суусан байсан. Э хаалгыг хаах үед цагдаа хаалгыг хаалгахгүй гээд гараа хийх үедээ хавчуулсан. Э хүүе чи гараа аваач гээд байсан. Нөгөө цагдаа хаалга хаалгахгүй гээд гараа авахгүй байсан...би тэр үед У-той зууралдаад машинд оруулж байсан юм. Н надад дараа нь Э тэр гарыг нь хавчдаг цагдаатай маргалдаж байхдаа энгэрийнх нь камерыг авч газар шидсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9814 дугаартай: “...Б.Б биед зүүн гарын сарвуу, баруун бугалга, шуун хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 39 дүгээр хуудас);
8. Шинжээч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б-ын биед үүссэн гэмтлүүд нь хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл тус тусдаа хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд бөгөөд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь машины хаалганд хавчигдах үед үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);
9. Шүүгдэгч П.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60 дугаар хуудас);
10. Шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б гэдэг цагдаа би бичлэг хийж байна. Бичлэгээр асуудлыг баримтжуулна гэж хэлсэн. Би тэр цагдаа дээр очоод гарт нь байсан камерыг цохиход камер нь газар унасан. Тэр цагдаа машин дотроо жолооныхоо ард камераа бариад сууж байсан юм. Тэгтэл тэр Б гэдэг цагдаа бууж ирээд намайг барьж авах гээд миний гараас татсан. Б цагдаа над дээр ирээд машины хаалга онгойлгох гээд дээрээс нь гараараа татсан. Би тэгэхээр нь хаалгаа хаая гараа ав гэхэд тэр цагдаа авахгүй хаалга татаад намайг буугаад ир гээд байсан. Гарыг чинь хавчина шүү, гараа аваач гэж Ж хэлсэн. Тэгээд би хаалга хаах гэж татахад тэр цагдаагийн гар хавчигдсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч П.Э-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтад “...албан үүрэгтэй нь холбогдуулж...” гэж тус тус заасан боловч хууль тогтоогч мөн хуулийн тусгай ангид нийтийн алба (төрийн алба)-ны ашиг сонирхлын эсрэг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохдоо “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг тусгайлан хуульчилсан байх тул эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектын хувьд бие даасан гэмт хэрэг болгон тусад нь зүйлчилнэ.
Өөрөөр хэлбэл, хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нэг үйлдэл нь учирсан хохирол, хор уршгийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хоёр гэмт үйлдсэнд тооцож, нийлмэл гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” болон “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч П.Элбэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Э тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан тул энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн зургаан настай хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг хувийн байдал, мөн улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийтийн албанд учирсан хор уршиг, хууль сахиулагчийн эрүүл мэндийн хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Тогтоолд тусгайлан дурдахад, эрх зүйт төртэй буюу хуулийг дээдэлдэг улс орны иргэдэд хууль сахиулагчийн албан үүргийг хүндэтгэн харьцдаг, тэдний хууль ёсны хийгээд зүй ёсны шаардлагыг сахин биелүүлдэг эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг бөгөөд манай улс мөн эрх зүйт төртэйн хувьд иргэд, олон нийт нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэж, өөрсдийнхөө аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө зүтгэж буй тусгай албан хаагчдаа хүндлэх, хуулийг дээдлэх хандлагыг төлөвшүүлэх нь нэн чухал болохыг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаас, хуулиар бусдад хүч, албадлага хэрэглэх эрх хэмжээ олгогдсон хууль сахиулагчийн хувьд албан үүргээ гүйцэтгэхдээ харилцааны соёлтой, хүний эрхийн соргог мэдрэмжтэй, нөхцөл байдлыг бодитой үнэлэх дадлага туршлагатай байх нь мөн чухал.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг гурван сая нэг зуун тавин мянган төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч П.Э-ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М овогт П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Э-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг гурван сая нэг зуун тавин мянган төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Шүүгдэгч П.Э-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА