| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1167/Э |
| Дугаар | 1201 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1201
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00896 0398 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Н, Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, технологич инженер мэргэжилтэй, “Ган хийц” ХХК-д инженер ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 1 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Хустайн 1 дүгээр гудамж ** тоот хашааны урд талын замд “Хонда фит” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 3.4-ын “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-ын “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гудамжинд хэвтэж байсан А.Ч-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б.Н 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны Хустайн 1 дүгээр гудамж ** тоот хашааны урд замд “Honda Fit” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж, 3.4-т “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ... зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас гудамжинд согтуу хэвтэж байсан А.Ч-г дайрч, бие махбодод нь “...баруун 6-8 дугаар хавирга, зүүн 8-12 дугаар хавиргануудын хугарал, зүүн 6-8 дугаар хавирганы хоёрлосон хугарал, уушгины ар дэлбэнгийн няцрал, зүүн сүүжний дэлбээ ясны хугарал, зүүн тохойн үений болон хэвлийн шарх, зүүн ташааны зулгаралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч А.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Баянхошууны хөтөлд 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад тэндээс гэр лүүгээ ирсэн. Тэгээд гэрийн түлхүүр тавьдаг газар түлхүүрээ үзсэн чинь түлхүүр байхгүй байсан. Тэгээд би гэрээс гараад явснаа санаж байна. Тэрнээс хойш уусан архиндаа согтсон байх юм санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 2-4 дүгээр хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-6 дугаар хуудас), осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 5-6 дугаар хуудас);
4. Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 1 дүгээр гудамжинд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэлтэй гудамжаар уруудаад явж байтал миний өөдөөс ирж байсан машин 4-5 метрийн зайтай дөхөөд ирэхэд уг машины урд буфер доогуур хүн орж байгаа харагдсан би цонхоороо “хөөе зогсоорой машин доогуур чинь хүн орчихлоо” гээд хашхирсан чинь нөгөө машин зогссон. Би машинаас буугаад нөгөө машин дээр очиход нөгөө машины жолооч бууж ирж хараад бид хоёр машиныг нь өргөөд хойшлуулах гэтэл дийлээгүй тэр үед осол болсон газрын харалдаа хашаанаас хоёр хүн гарч ирээд бид нар хүн дайрсан машиныг өргөж байгаад машин доор байсан хүнийг гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
5. Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхрийнхөө машины урд суудалд суугаад явж байсан бөгөөд надад гудамжинд хэвтэж байгаа зүйл харагдаагүй. Би урагшаа хараад л урд суудалд суугаад явж байсан. Тэгтэл манай нөхөр гэнэт муухай чанга орилохоор нь юу болов гээд хартал өөдөөс ирж байсан машины доогуур хүн орчихсон тэр машин манай нөхрийг орилонгуут зогссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);
6. Гэрч Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би гудамжаар өгсөж явсан бөгөөд “Honda Fit” маркийн цагаан өнгийн автомашин нэг хүний дээгүүр гараад зогсчихсон байсан. Мөн эсрэг талаас нь гудамж уруудаж явсан машин ирээд зогсчихсон байсан бөгөөд “Honda Fit” маркийн машины жолооч тэр хүнийг гэрлийн гялбаанд харалгүй дайрчихлаа гэж ярьж байсан. Машинд дайруулсан хүний цээжин бие хэсэг нь машины мотор дор орчихсон толгой нь баруун урд дугуйны урд талд байсан би дугуйгаараа хүнийг дайраагүй зогссон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9511 дугаартай: “...А.Ч-ын биед баруун 6-8 дугаар хавирга, зүүн 8-12 дугаар хавиргануудын хугарал, зүүн 6-8 дугаар хавирганы хоёрлосон хугарал, уушгины ар дэлбэнгийн няцрал, зүүн сүүжний дэлбээ ясны хугарал, зүүн тохойн үе болон хэвлийн шарх, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 25 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас);
9. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэр лүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 1 дүгээр гудамжинд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт чиглэлтэй гудамжаар өгсөөд явж байтал миний өөдөөс нэг машин ирж байсан ба уг машинтай зөрөх гээд баруун гар тал руугаа шахаад машинтай зөрөх гээд явж байхад уг машины гэрэл гялбаад, дөхөөд ирэхэд уг машины жолооч хүн мөргөлөө гээд орилох үед миний машины урд буфер доор түг гээд нэг юм мөргөх чимээ гарсан. Машинаа зогсоогоод буугаад хартал машины буфер доор нэг согтуу эрэгтэй хүний толгой нь хойд зүгт харсан, гэдэс хэсэг нь моторын касчерт дарагдсан, зүүн мөр нь газар, баруун мөр нь машины доод хэсэгт шахагдсан байдалтай ёолоод хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Ч-ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.Н нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Н-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь хохирогчид нийт 685,664 төгрөгийг төлсөн талаарх баримт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн илтэд хууль бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн санал болгосон 700,000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин миний үйлчлүүлэгч гар дээрээ сард 500,000-600,000 төгрөгийн цалин авдаг тул торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тусгаж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн ам бүлийн тоо, цалин хөлс, орлогын хэмжээ, мөн эрүүгийн хариуцлагын талаарх талуудын саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Н-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА