Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1091

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03311 1257 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт П.А, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Тунамал үйлс” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл тав, эцэг, эх, ах нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт оршин суудаг, регистрийн дугаар **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.А 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол керамик тоосгоны үйлдвэрийн хашаан дотор иргэн С.Б-тай “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Г овогт П.А нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол керамик тоосгоны үйлдвэрийн хашаан дотор иргэн С.Б-ын хууль бус халдлага довтолгооноос өөрийгөө хамгаалан түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.А-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Монгол керамик тоосгоны үйлдвэрт би хохирогчтой хамт ажилладаг байсан юм. Тэгээд тухайн үед нэг эгч явж байхаар нь танай найз чинь явж байна гэж хэлсэн чинь эргэж хараад шууд миний баруун шанаа болон нүүр лүү мөргөсөн. Хохирогч Б намайг эхэлж зодсон. Тэгээд намайг заамдсан байх үед нь би хохирогчийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон юм. Над руу дайраад байсан болохоор нь би цохисон бөгөөд цохихгүйгээр салах боломж байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би А-гийн шанаа руу гараараа цохиж толгойгоороо мөргөсөн. Мөн цамцны захаас нь зуурч хүзүүг нь урсан. Тэрээр намайг төмрөөр цохисон зүйл байхгүй. Би урьд өгсөн мэдүүлэгтээ дутуу хэлчихсэн байна. А-г цохисон үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхэд ямар нэгэн татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11, 14 дүгээр хуудас);

3. Гэрч Р.Н-ийн “...би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажил болох Монгол керамик тоосгоны үйлдвэрт өөрийн ажил болох тоосго тоолох ажлаа хийгээд байж байсан чинь С.Б, А хоёр хоорондоо маргалдаад бие биеийнхээ цамцны захаас зуурч аваад С.Б, А-г толгойгоороо нэг удаа нүүр лүү нь мөргөсөн. Тэгсэн чинь А гараараа С.Б-ын нүүр, хамар орчим руу нэг удаа цохисон. С.Б-ын хамраас цус гараад “чи намайг доромжлоо биз дээ” гэж маргалдаж байгаад салсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас);

4. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9953 дугаартай: “...П.А-гийн биед хүзүүнд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэзээ үссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт;

5. Шүүгдэгч П.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 64 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас), хохирогч С.Б-ын Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгуулсан шийтгэлийн хуудас (хх-ийн 79 дүгээр хуудас);

6. П.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр ажиллаж байсан чинь нэг эгч...явахаар нь би тоглоод Б ахад “танай найз чинь энд явж байна шүү дээ” гэсэн чинь уурлаж миний баруун шанаа руу цохиод, толгойгоороо мөргөсөн. Тэгээд би зөрүүлээд Б-ын нүүр лүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.А нь иргэн С.Б-тай “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заасан нь хүний өөрийгөө хамгаалах төрөлх мөн чанар, жам ёсны үндсэн эрхийг баталгаажуулсан явдал юм.

Хохирогчоор тогтоогдсон С.Б өөрийг нь шооллоо гэсэн үл ялих шалтгаанаар П.А-гийн эрх чөлөөнд халдан довтолсон, харин шүүгдэгч П.А уг довтолгоог үргэлжилж байх үед хариу нэг удаа цохиж гэмтэл учруулсан нөхцөл байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан С.Б хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг, гэрч Р.Нийн мэдүүлэг, хохирогч С.Б-ын Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгуулсан шийтгэлийн хуудас, шүүгдэгч П.А-гийн урьд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, мөн түүний хоолойд гэмтэл учирсныг нотолсон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.А-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд халдлага довтолгоо хийсэн С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохгүй.

Хохирогчийг шоолсон гэх нөхцөл байдлын тухайд хамт ажилладаг эршүүд харагдах эмэгтэйг найз охин чинь явж байна гэж хэлсний төлөө хүний эрх чөлөөнд халдан довтолсон хохирогчийн үйлдэл нь илтэд хууль бус шинжтэй байна.

Иймд шүүгдэгч П.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй хэмээн шүүх дүгнэлээ.

Хохирлын хувьд шүүгдэгч П.А нь сайн дураараа төлсөн тул шүүх хөндөхгүй орхиж, харин иргэний журмаар буцаан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.А-д холбогдох эрүүгийн 1908 03311 1257 дугаартай хэргийг “аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г овогт П.А-г цагаатгасугай.

2.Шүүгдэгч П.А хохирогч С.Б-д сайн дураараа нөхөн төлсөн 800,000 төгрөгийг шүүх хөндөлгүй орхиж, харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буцаан нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3.Шүүгдэгч П.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4.Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА