Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00161

 

Ф ИХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02521 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2190 дүгээр магадлалтай,

Ф ИХХК-ний нэхэмжлэлтэй

О.Нод холбогдох

014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт гараж захиалагчтай хийх гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T нэмэлт гэрээг тус тус цуцлах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117 868 544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41 015 780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9 390 000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3 000 000 төгрөг, нийт 171 274 324 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхрын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ИХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80 000 000 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н нь урьдчилгаа 50 000 000 төгрөгийг төлж, тус компанитай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууцны захиалагчтай хийх FI/15D гэрээ”, түүний хавсралт болох гараж захиалагчтай хийх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Токиогийн гудамж 73 байр, 15 давхарын 95 тоот 157,09 м.кв дөрвөн өрөө орон сууцыг, зоорийн давхарт байрлах 30 000 000 төгрөгийн үнэ бүхий 16 тоот авто зогсоолын хамт, үлдэгдэл 360 157 800 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сард багтаан графикийн дагуу төлөхөөр тохиролцон зээлээр худалдан авч амьдарч байгаа боловч 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 30 000 000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах нэмэлт гэрээ байгуулж боломжит хугацаа олгосон боловч мөн л төлбөрөө төлөлгүй хохироож байна. Иймд талуудын байгуулсан орон сууцны захиалагчтай хийх FI/15D гэрээ, түүний хавсралт гараж захиалагчтай хийх гэрээ болон нэмэлт гэрээг тус тус цуцлах, гэрээний 2.6-д зааснаар орон сууц ашигласны төлбөр 117 868 544 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 5.2-т заасан торгууль 41 015 780 төгрөг, гараж ашигласны 9 390 000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3 000 000 төгрөг, нийт 171 274 324 төгрөг гаргуулж, тухайн орон сууц болон 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гүйцэтгэгч нь орон сууцны чанарт 36 сарын баталгаа өгөх, энэ хугацаанд барилгын үндсэн хийц, гадна дотор өрлөг, цонх, хаалга, дотоод засал, цахилгаан, сантехникийн төхөөрөмж, шугам тоноглолд илэрсэн согог гэмтэл ашиглалтын аливаа эвдрэлийг өөрийн зардлаар засварлах үүрэгтэй гэж заасан. Тус байрыг авах үед ашиглалтад ороод 1 жил болсон байсан ба албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, инженер н.Мөнхөө, менежер н.Түвшин нараас байрны түлхүүрийг авсан. Орон сууцны гадна бүргэд хаалга гацдаг гэмтэлтэй, ариун цэврийн өрөөний агааржуулалтын хоолойноос өмхий үнэр гардаг, цонхны дотор шил халтартаж бохирдсон гэх мэт доголдлыг хэлж байсан ч засвар үйлчилгээ хийж гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80 000 000 төгрөгийг иргэн О.Н надад буцаан өгсөн тохиолдолд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ИХХК-тай орон сууц захиалагчтай хийх гэрээ, гараж захиалагчтай хийх гэрээг тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 157,09 м.кв талбайтай орон сууц, 15 м.кв авто зогсоолын хамт нийт 410 157 800 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ИХХК-д 50 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдлийг график ёсоор 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний 50 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 105 078 900 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 105 078 900 төгрөг төлөх болсон. Үүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 30 000 000 төгрөг төлж, санхүүгийн хүндрэлтэй байдал, барилгын салбар хямралд орсон, бусдаас өр авлагаа авч чадахгүй байдал үүссэн зэргээс болж 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлөх нөхцлийн талаар нэмэлт гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул 2017 оны 01 сарын 24-ний өдөр 16 тоот авто зогсоолыг буцаан авсан. Мөн гэрээнүүдээ цуцлах мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ИХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80 000 000 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. Авто зогсоолыг буцаан авсан тул зогсоол чөлөөлөх шаардлагаас татгалзана. Хариуцагч нь орон сууцыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харилцан уулзаж нэмэлт гэрээ байгуулж хугацаа олгосон ч хэрэгжээгүй. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлвөл алдангийн 50 хувийг хөнгөлье гэсэн боловч төлөөгүй. Хариуцагч эд хөрөнгийн чанар ярьдаг, гэрээнд үүнийг зохицуулсан ба оршин суугчид нөлөөлсөн зүйл байхгүй. Тодорхой хэмжээний төлбөр төлвөл гэмтэл засварыг янзлаад өгье гэсэн. Түлхүүр хүлээж авснаас хойш гэмтэл гарвал захиалагч өөрөө хариуцахаар гэрээнд заасан учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэл болгож хариуцагчид шаардах эрх байхгүй. Хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол урьдчилж мэдэгдсэн байх заалт байдаг учраас уг эрхээ алдсан. Албан мэдэгдэл бичгээр хүргүүлж байсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.6 дахь хэсгийг үндэслэж орон сууцны захиалагчтай хийсэн гэрээ болон нэмэлт гэрээнүүдийг цуцлах, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7-д заасныг үндэслэж 117 868 544 төгрөгийн хохирол, 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийг үндэслэн гэрээ цуцалсны торгууль 41 015 780 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч үүргээ биелүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелүүлээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Орон сууцны төлбөрт төлсөн 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцанд өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч төлбөргүй амьдран ашиглаж, орох байсан орлогыг хааж хохирол учруулсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, гэрээний 2.6, 5.2 болон хуульд заасныг үндэслэн Ф ИХХК нь хариуцагчаас гаргуулах 171 274 324 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс суутган тооцох ёстой тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02521 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, орон сууц ашигласны төлбөр 117 868 544 төгрөг, торгууль 33 015 780 төгрөг, нийт 150 884 324 төгрөгийг хариуцагч О.Ноос гаргуулж нэхэмжлэгч Ф ИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 390 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Ф ИХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч О.Нод даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф ИХХК-аас гэрээний төлбөрт төлсөн 80 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Нод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 014 321 төгрөг, 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч О.Ноос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 912 372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ИХХК-д олгож, нэхэмжлэгч Ф ИХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 557 950 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Нод олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2190 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02521 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг болон уг орон сууц ашигласны төлбөр 46 500 000 төгрөгийг хариуцагч О.Ноос гаргуулж нэхэмжлэгч Ф ИХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 124 774 324 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 912 372 гэснийг 391 950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 912 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх хяналтын гомдолдоо: “Форум Инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Нод холбогдох 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх FI/15D-Т гэрээ, түүний хавсралт гараж захиалагчтай хийх гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-Т нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117 868 544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41 015 780 төгрөг, граж ашигласны төлбөр 9 390 000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3 000 000 төгрөг, нийт 171 274 324 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхрын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Форум Инвест” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02521 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Харин хариуцагч О.Н анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 2190 дугаартай магадлалыг гаргасан. Нэхэмжлэгч “Форум Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд Нэг. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын хүрээг мөн хуулийн 227.3 дах хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсныг дурьдаад “...нэхэмжлэгчээс татгалзсантай холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах болохоос урьдчилсан таамаг, тооцоо, тохиролцоонд үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй юм. Иймд гэрээний 2.6-д зааснаар гэрээний нийт үнийн дүн болох 380 157 800 төгрөгийн 0,05 хувиар тооцоход ...нийт 117 868 544 төгрөг болж байгааг хохиролд тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ. Гэвч манай “Форум Инвест” ХХК нь иргэн О.Ноос Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардах эрхтэй. Мөн ИХ-ийн 227 дугаар зүйлд заасан шаардах эрхийг манай “Форум Инвест” ХХК нь хэрэгжүүлэх боломжтойн дээр тус шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлыг арилгуулахад үйлчлэх бөгөөд ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол бий болохыг дараах байдлаар тодорхойлж байна. ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.3-д “…үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. “Форум Инвест” ХХК болон иргэн О.Н нарын хооронд байгуулсан орон сууц захиалагчтай хийх гэрээг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн. Тус гэрээ ёсоор манай зүгээс гэрээний зүйл болох орон сууцыг О.Нод шилжүүлсэн боловч орон сууцны үнийг төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй 3 жил буюу өнөөдрийг хүрсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг харуулж байна. Тус орон сууц захиалагчтай хийх FI/15D-Т гэрээний талууд нь зөвхөн “Форум Инвест” ХХК болон О.Н нар байсан тул үүрэг гүйцэтгэгч болох О.Н нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууц захиалгын үлдэгдэл төлбөрийг тохиролцсон хугацаанд графикийн дагуу төлсөн бол төлбөр төлөгдөх сүүлийн хугацаа болох 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөр манай талд бүрэн төлөгдөх байсан буюу зайлшгүй орох ёстой байсан орлого байх тул хохирол бий болсныг харуулна. Өөрөөр хэлбэл дээрх зохицуулалт нь төлбөрийг төлүүлэхээр нарийвчлан заасан үүрэг гүйцэтгэгчээс үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. Хоёр. Түүнчлэн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй байгуулахаар санал гаргаж байгаа аж ахуй эрхлэгч тал нь гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож, шаардах эрхийг өөртөө олгосон байвал тэрхүү заалт нь хүчин төгөлдөр бус байна”, талуудын байгуулсан гэрээний 2.6-д зааснаар “...нэхэмжлэгч тал шаардах эрхийг өөртөө олгосон гэж үзэх үндэслэлтэй” гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрх зүйн үндэслэлгүй болохыг дараах байдлаар тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6 дахь хэсэгт заасныг гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож, шаардах эрхийг өөртөө олгосон зохицуулалт гэж үзэх үндэслэлгүй. Учир нь: Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлын тухай хуульчилсан байх атал шүүхээс зардал болон хохирлыг нэг, ижил мэтээр ойлгон хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Тодруулбал: зардал нь сайн дурын шинжтэй байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч талыг үүргээ гүйцэтгэнэ гэж найдаж түүний өмнөөс гаргасан зардал байдгаараа хохирлоос ялгаатай тул манай компаний зүгээс О.Нтой байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээний 2.6-д зардлын тухай зохицуулаагүй бөгөөд тус гэрээний зохицуулалт нь захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ байгуулсан өдрөөс цуцалсан өдөр хүртэл олох ёстой байсан орлого буюу учирсан хохирлыг арилгуулахад чиглэсэн байсныг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна. Ийнхүү буруу дүгнэснээрээ хариуцагчаас 2017.01.24 ний өдөр хүртэл гараж ашигласан хохирол болох 9 390 000 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Гурав. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч болон зохигч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж магадлал гаргасан нь үндэслэлгүй болжээ. Тухайлбал: талууд Иргэний хуулийн 189.1 гэрээний чөлөөт байдал болон Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан асуудлаар огт маргаагүй бөгөөд хариуцагч талаас гэрээний аль нэгэн заалтыг хүчингүй болгуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, тайлбар татгалзлынхаа үндэслэлийг ийнхүү тайлбарлаагүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өөрийн үзэмжээр хуульд нийцсэн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн аж ахуйн нэгжийг үндэслэлгүй буруутгасан ялгавартай хандсан дүгнэлт хийж, гэрээний зарим нэгэн заалтыг хүчингүй мэтээр /гэрээний 2.6, 5.2 дах заалт/ дүгнэн эрх ашгийг нь хохироогоод зогсохгүй, эсрэгээрээ гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчийг нэг талыг баримтлан зөвтгөн хэргийн оролцогч нарт тэгш, шударга, эрх ашгаа шүүхээр хамгаалуулах хуулийн зарчмыг алдагдуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хэрэв гэрээний аль нэг тал үүргээ биелүүлэхгүйгээс үүдэн гэрээнээс татгалзсан тохиолдолд буруутай тал хохирол барагдуулах тухай тодорхой тохиролцоо харагдаж байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн 2190 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ф ИХХК нь хариуцагч О.Нод холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц болон гараж худалдах худалдан авах гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээг тус тус цуцлах, орон сууц ашигласны төлбөрт 117 868 544 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар торгуульд 41 015 780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9 390 000 төгрөг, гэрээг цуцалсны торгууль 3 000 000 төгрөг, нийт 171 274 324 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 95 тоот 157,09 м.кв 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь гараж ашигласны төлбөрт 9 390 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээ багасгасан тул шүүх нэхэмжлэл шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч О.Н нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талууд гэрээнээс татгалзсан гэж үзэж, гэрээний дагуу шилжүүлсэн 80 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх ...гэрээг цуцалж, хариуцагчаас 150 884 324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ...орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалган, сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчээс 80 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх ...хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, 150 884 324 төгрөг гэснийг 46 500 000 төгрөг болгож шийдвэрт ...өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хохирол буюу орох байсан орлогыг гэрээний тохиролцоонд үндэслэн зөв дүгнэж чадаагүй, ...нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлээгүй байхад дүгнэлт өгөөгүй...”, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг оновчтой тодорхойлж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, Ф ИХХК нь Баянзүрх дүүрэгт байрлах 73 дугаар байрны 95 тоот 157,09 м.кв 4 өрөө орон сууц, 15 м.кв талбай бүхий авто зогсоол, түүний өмчлөх эрхийг шилжүүлэх, О.Н орон сууцны үнэ 380 157 800 төгрөг, авто зогсоолын үнэ 30 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг харилцан хүлээсэн, худалдагч гэрээний зүйлийг 2015 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгсөн, хариуцагч орон сууцны төлбөрт 80 000 000 төгрөг төлсөн боловч талууд гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.  

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243, 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний харилцааг зөв тодорхойлж, гэрээнээс татгалзах үндэслэл, журам, гэрээнээс татгалзсны үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлага болох орон сууц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэрээний 2.6-д заасныг баримтлан гэрээний үнийн дүн 380 157 800 төгрөгийн 0.05 хувиар тооцоход хоногт 190 078 төгрөг, сард 5 702 367 төгрөг буюу орон сууц ашигласан бүх хугацаагаар тооцоход 117 868 544 төгрөг болно гэж тодорхойлжээ.

Талууд 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж, уг нэмэлт гэрээний 2.4-т “...гэрээг цуцлах тохиолдолд түрээсийн төлбөрийг сарын 1 500 000 төгрөгөөр тооцож авна...” гэж тохирсон тул давж заалдах шатны шүүх уг баримтад тулгуурлаж хохирлыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Харин Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан зохицуулалт тухайн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хууль биш тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талуудын тохиролцоог шүүх баримталсан нь хууль зөрчөөгүй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 680 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА