Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 34

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

 Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

 Шүүгчид                            Я.Туул

                                                                     Д.Буянжаргал

             Оролцогчид:

                             Прокурор                            А.Золзаяа

                             Шүүгдэгчийн өмгөөлөгч    Д.Эрдэнэ-Оргил

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Сайндайн Тулгаад холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000049 дугаартай, 148/2017/0030/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд  төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг 205 тоотод оршин суух хаягтай, төмөр замын Сүхбаатар өртөөнд бригадын дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Сайндайн Тулгаа /РД:ОЭ-84091114/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч С.Тулгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Ч.Наранбаттай архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас Ч.Наранбатыг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх С.Тулгаад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 89 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Сайндайн Тулгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгө гэмтэл санаатай учруулах” гэм хэрэгт холбогдогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан хохирогч шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Тулгаа нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж,

-Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тулгаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд  төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Боржигон овгийн Сайндайн Тулгаад холбогдох Эрүүгийн хэргийн 201718000049 дугаартай хэрэгт прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэцээд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянан хэлэлцсэн бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч С.Тулгаа нь архи уусан үедээ өөрийн гэртээ багийн засаг даргын сонгуулийн талаар ярилцаж байгаад хэл амаа үл ололцон маргалдаж, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой хохирогч Ч.Наранбаттай зодолдсоноос түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алиманд цус хурсан, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд язралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Учруулсан гэмтэл шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлэг шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгийн талаар хэргийн оролцогчдын дунд маргаангүй байна. Ийм учир шүүгдэгч С.Тулгааг дээрх гэмт хэргийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай урчруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байна гэж үзэхээр байгаа ч хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал хүсэлтийг хэрэг бүртгэлтийн болон прокурорын шатанд гаргасан байгааг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэхийг хүссэн байдлуудыг харгалзан хүлээж авах үндэслэл байна гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол Эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан байна. Мөн дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт тодорхойлжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт гэмт хэргийг С.Тулгаа нь согтуугаар үйлдсэн байна. Эдгээрээс харахад хуулийн дээрх заалтуудыг хэрэглэхэд “болно”, “болохгүй” гэсэн эргэлзээ байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хууль хэрэглэх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг баримталж хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг тохиромжтой гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг хянавал:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай захирамж нь хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

1.Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь заалт буюу “энэ хуулийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар нотлох баримт Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд дурдсан хугацааны дотор шинээр илэрвэл уг хэргийг сэргээн шалгаж болно” гэх хуулийн заалтыг дурьдсан нь ойлгомжгүй байна.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон захирамж гаргасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл энэ заалт нь “шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, түүнд ял оногдуулах, шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах, сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн бүрэн эрхийн асуудлыг хуульчилсан байхад гэм буруутай гэж үзэж шүүх эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон атлаа дээрх хуулийн заалтыг баримтлан захирамж гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэх шаардлагыг хангаагүй байна.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн “гэм буруугүйд тооцох” хуулийн заалт бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу шүүгдэгчийг гэм буруугүйд тооцон, шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий заалт юм. Гэтэл шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн буюу гэм буруугүй гэмт хэрэг үйлдээгүй этгээдийг гэмт хэргийн хохирогчтой эвлэрүүлж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн хариу тайлбартаа:

“...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйл нэр томъёоны тодорхойлолт хэсгийн 5.1.25 дахь хэсэгт шүүгчийн захирамж гэж эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ холбогдуулж гаргасан цагаатгах, шийтгэх тогтоолоос бусад шүүгч дангаараа гаргасан шийдвэрийг хэлнэ гэжээ.

Шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүх хуралдааны үед мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон. Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Наранбат бичгээр хүсэлт гаргаж С.Тулгаатай сайн дураараа эвлэрч байна, санал гомдол байхгүй, надад учруулсан гэм хороо бүрэн арилгасан, миний хохирлыг барагдуулсан С.Тулгаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан байдаг. Хэрэг бүртгэгч уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг хангасан тогтоол гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, саналаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны 03 дугаартай тогтоолоор прокурорт хүргүүлсэн нь хэргийн материалд байдаг. Хэрэг бүртгэлтийн шатанд уг хэргийг хуулийн дагуу сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байсан. Харин прокурор өөрөө хууль хэрэгжүүлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байтал сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг баримталж, хэрэг бүртгэгчийн хууль ёсны саналыг хэрэгсэхгүй болгосон.

      Харин шүүгч энэ хууль зөрчсөн байдлыг соргогоор харж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хэрэгжүүлж шүүгдэгчид хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлэсэн нь шударга шийдвэр болсон гэж үзэж байна.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийг практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэх талаар Монгол улсын Дээд шүүхээс 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор албан ёсны тайлбар гаргасан байдаг. Уг тайлбарт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч яллагдагтай эвлэрсэн бол шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн холбогдох хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана гэсэн байдаг.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль тогтоомжуудад нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Захирамжийн тодорхойлох хэсэгт 208 дугаар зүйлийн 208.3 гэж бичигдсэн явдал нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Учир нь захирамжийн тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж зөв бичигдсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 322 дугаар зүйлийн 322.2 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй байгаа учир улсын яллагчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр гаргасан эсэргүүцлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүхийн шийдвэр ба тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлд зааснаар дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдсэн дүгнэлтийг хийсэн. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байгаа. Цагаатгах байр суурьтай дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Гэм буруугийн асуудлыг шийдээд шүүхээс шийтгэх тогтоол гарах ёстой байтал шүүгчийн захирамж гарган энэ хэргийг шийдсэн нь үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин  хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай захирамжийг хуулийн шаардлага хангасан, үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн 15 тоот, 35 тоот гэсэн 2 тайлбар гарсан байна. 35 дугаар тайлбарт шүүхэд шилжүүлэх захирамж гарахаас өмнө эвлэрсэн тохиолдолд захирамжаар хэрэгсэхгүй болгоно, шүүхэд шилжүүлэх захирамж гарсны дараа эвлэрсэн бол шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас дүн шинжилгээ хийж үзэхэд хэрэг бүртгэлийн шатанд буюу  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эвлэрсэн байдаг. Эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт тавьсан байдаг. Ийм учраас талууд захирамж гарахаас өмнө эвлэрсэн болохоор захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзэж байна.

…Хэргийн материалд согтуурсан тухай баримт байдаггүй. Иймд захирамжийн дүгнэлт хэсэгт зөв дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

С.Тулгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Ч.Наранбаттай архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас Ч.Наранбатыг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.Тулгаад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 89 дугаартай шүүхийн шүүгчийн захирамжаар

-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Сайндайн Тулгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгө гэмтэл санаатай учруулах” гэм хэрэгт холбогдогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан хохирогч шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Тулгаа нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Улсын яллагчийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот эсэргүүцлийн дагуу С.Тулгаад холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 89 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...”, мөн хуулийн 290, 294 гэсэн  заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс С.Тулгаад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул улсын яллагчийн эсэргүүцэлд заасан бусад асуудлууд, түүний гэм буруугийн талаар ямар нэгэн дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,317 дугаар зүйлийн 317.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдааны шатнаас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Тулгаад урьд авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай

 

 

                                       ДАРГАЛАГЧ                               Б.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                       Д.БУЯНЖАРГАЛ