Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

 

2019          11         28                                    2019/ШЦТ/988

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч О.Доржмаа, шүүгдэгч Г.Э түүний өмгөөлөгч Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүд овогт Гуугаагийн Эрдэнэбилэгт холдбогдох эрүүгийн “1909038621232” дугаартай, 185/2019/0991/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй Монгол Улсын Боловсролын их сургуульд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29 дүгээр байрны 65 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Гуугаагийн Эрдэнэбилэг /РД:АЭ71091173/,  

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр архидан согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Дашчойлон хийдийн харуулын байрны гадаа хийдийн ажилтан хийдийн ажилтан Ү.Баттулгатай маргалдаж, улмаар Ү.Баттулгын нүүрэн хэсэгт нэг удаа, өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи  доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүйгэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ү.Баттулгын:..нөгөө үл таних залуу шовгор холбосон хаалтыг өшиглөөд байхаар нь би дахин тэр хүнд хандаж чи одоо болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө үл таних залуу учир шалтгаангүй над дээр хүрч ирж хоолойг маань заамдаж боосон. Тэгэхээр нь би тэр үл таних залууг хөлөөрөө хавсраад газар унагаасан. Уг залуу нь газар унасан байхдаа хөлөөрөө миний хамар луу жийхэд миний хамарнаас цус гарч байсан. Дараа нь би хамраас цус гараад тогтохгүй байсан учраас хамраа дарж байхад нөгөө залуу дахин зүүн нүд рүү маань гараараа 2 удаа цохиж намайг гэмтээсэн гэх  мэдүүлэг /хх-н 4-5/,

         2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Ууганцэцэгийн:..2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18-19 цагийн хооронд би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашчойлин хийдийн дээр барилгын засварын ажлаа хийж гүйцэтгэж байсан Тухайн үед ажлаа хийж байгаад Ууганзаяа бид 2 гараад харуулын байр руу явж байсан. Харуулын байр руу очтол харуул ах Баттулгыг үл таних залуутай зууралдаад Баттулга ахыг цохисон байдалтай байж байхаар нь бид 2 тэр хоёрыг очиж салгасан гэх мэдүүлэг. /хх-н 15-16/.

         2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Мягмарболдын:...би лац ломбо болон бусад хаалга, үүд зэрэг зүйлсийг цоожлоод дугануудаа бүтэн тойроод гараад ирсэн чинь ахлах Баттулга үл таних хүнтэй зууралдсан байдалтай нөгөө үл таних хүн нь газар хэвтсэн, өөдөөс нь заамдсан байдалтай байсан. Энэ үед ахлах Баттулгын хамраас нь цус гоожсон, нүүр нь зүүн талынх нь нүд нь улайгаад хавдчихсан байсан. Ингээд би энэ үйл явдлыг хараад тэр хоёрыг салгаад Ууганцэцэг гэх засал хийдэг эмэгтэй цагдаа дуудсан үйл явдал болсон гэх  мэдүүлэг. /хх-н 17-18/,

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12550 тоот актын:

1.Ү.Баттулгын биед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт. /хх-н 20/,   

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хэргийн оролцогчид хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр архидан согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Дашчойлон хийдийн харуулын байрны гадаа хийдийн ажилтан хийдийн ажилтан Ү.Баттулгатай маргалдаж, улмаар Ү.Баттулгын нүүрэн хэсэгт нэг удаа, өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи  доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Ү.Баттулга, гэрч

О.Ууганцэцэг, Э.Мягмарболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12550 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Ү.Баттулга нь  Г.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх зүйлгүй, санал  гомдолгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. 1.Шүүгдэгч Бэсүд овогт Гуугаагийн Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийг  500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэгт оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэг нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрдэнэбилэгт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ