Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид                          Я.Туул

                                                                      Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                 Прокурор                         А.Энхтуяа

                              Ялтан                              С. Гансүх

                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар   оролцож, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон ялтны давж заалдах гомдлоор Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Улаан овогт Сүхбаатарын Гансүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201601000269 дугаартай, 148/2017/0055/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, “Есөн-Эрдэнэ” хотхоны 29-2-16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Улаан овогт Сүхбаатарын Гансүх /РД: ЧВ-74090814/,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.Гансүх нь:

-2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үд-Улаанбаатарын “364” дугаарын галт тэргээр Оросын холбооны улсын талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт”-оор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

Анхан шатны шүүх С.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 34 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Улаан овогт Сүхбаатарын Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх  хэсэгт заасан “...хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож,

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэж,

 -Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхэд оногдуулсан 03 сар 01 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлж,

 -Шүүгдэгч С.Гансүх нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй, болохыг тус тус дурьдаж, 

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “The north face” бичиглэлтэй улаан өнгийн цүнх, 2 ширхэг “Chocopie”-ийн хоосон хайрцаг, 6 ширхэг, ёотонгийн хоосон хайрцаг 12 ширхэг “Янта” майонезийн хоосон хайрцаг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэж үлдэх 5,56х45 мм-тэй  491 ширхэг сум, 7,62х39 мм-тэй  788 ширхэг сум, мөн 7,62х54 мм-тэй 994 ширхэг сум нийт 2273 ширхэг буюу 2.202.000 төгрөгний үнэ бүхий Оросын Холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн “Iphone” маркийн гар утсыг эзэмшигч С.Гансүхэд буцаан олгуулж,

 -Шүүгдэгч С.Гансүхэд урьд авсан бусдын даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Яллагдагч С.Гансүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үүд Улаанбаатарын 364 дугаарын галт тэргээр Оросын Холбооны Улсын талаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдлан ачаа тээшиндээ хийж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд 34 дүгээр шийтгэх тогтоол гаргасныг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авч, танилцлаа.

Шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар... нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 сумыг шинжилгээнд хэрэглэн, үлдэх 5.56x45 мм-тэй 491 ширхэг, 7.62x39 мм-тэй 788 ширхэг, 7.62x54 мм-тэй 994, нийт 2273 ширхэг Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумнуудыг худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь галт зэвсэг, сумыг худалдан борлуулах эрхгүй бөгөөд Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан сумыг хурааж, ажлын 15 өдрийн дотор Цагдаагийн байгууллагад хүргүүлнэ”, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/249 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглах журам”-ын 3.9-д “Хураагдсан галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт “Гүйлгээнд хориглосон эд зүйлийг зохих байгууллагад шилжүүлэх буюу устгах” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх уг сумнуудыг худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн дээрх хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэнийг шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт “...Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн” байдлаар алдаатай бичсэнийг зөвтгүүлэх шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэхь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын тэмдэглэх болон тогтоох хэсгийн 5-д өөрчлөлт оруулахаар мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж хүргүүлэв. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно...” гэжээ.

 

    Ялтан С.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Сүхбаатар овогтой Гансүх миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улан-Үд, Улаанбаатарын чиглэлд явсан 364 дугаартай галт тэргээр зорчихдоо Оросын холбооны улсаас ан, агнуурын зориулалт бүхий, 2.232.000 төгрөгний үнэ бүхий 2300 ширхэг сумыг нуун далдалж, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн минь үнэн.

Улмаар надад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан сонгох ялтай зүйл ангийн хүндээр нь буюу баривчлах ял оногдуулсныг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

С.Гансүх    миний бие нь ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод сарын 450.000 төгрөгийн түрүүсийн байранд амьдардаг, эхнэр маань ажилгүй өрхийн тодорхой орлого байхгүй, тэднийг маань надаас өөр тэжээн тэтгэх хүн байхгүй. Би ар гэрээ тэжээхийн тулд бүхий л хар, бор, хөлсний ажил хийж ар гэрээ авч явдаг, мөрдөн шалгагдаж байх хугацаандаа хог, хаягдлаас “Нефть” гаргаж авдаг тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Түүнийгээ ашиглан улс эх орондоо хэрэгтэй зүйл хийхийг хүсэж байна.

Мөн миний биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Би өнгөрсөн зун эмчийн үзлэгт орж, “Нойр булчирхай үрэвсэлтэй, цөс муудсан, элэг хатуурсан” гэсэн онош тавигдаж хоолны дэглэм барих шаардлагатай байгаа, гэтэл цагдан хорих байрны хоол надад хурцдаж, нойр булчирхай цөс байнга өвдөж байна.

Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр саад учруулаагүй, бусдад төлөх төлбөргүй анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал байгааг харгалзан үзэж тухайн сонгох ялтай зүйл хэсгийн хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсч байгааг минь хүлээж авна уу...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа:

…Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна…гэв.

Ялтан С.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хийсэн гэмт хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Харамсаад барахгүй байна. Би эмнэлэгт хэвтэж  эмчлүүлээд тариа хийлгээд гайгүй байсан чинь  саатуулах байрны хоол хүнс таарахгүй нойр булчирхай өвдөж, эргээд эрүүл мэнд муудаад байна. Иймд миний эдлэх үлдсэн хоногийг албадан ажил хийлгэж өгөөч гэж хүсч байна гэв.

Тодорхойлох нь:

С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үд-Улаанбаатарын “364” дугаарын галт тэргээр Оросын холбооны улсын талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт”-оор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт  Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 34 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх  хэсэгт заасан “...хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, түүний эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “The north face” бичиглэлтэй улаан өнгийн цүнх, 2 ширхэг “Chocopie”-ийн хоосон хайрцаг, 6 ширхэг, ёотонгийн хоосон хайрцаг 12 ширхэг “Янта” майонезийн хоосон хайрцаг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэж үлдэх 5,56х45 мм-тэй  491 ширхэг сум, 7,62х39 мм-тэй  788 ширхэг сум, мөн 7,62х54 мм-тэй 994 ширхэг сум нийт 2273 ширхэг буюу 2.202.000 төгрөгний үнэ бүхий Оросын Холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дээд шатны прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 тоот эсэргүүцэл, ялтны 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн давж заалдах гомдлын дагуу С.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад:

 С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үд-Улаанбаатарын “364” дугаарын галт тэргээр Оросын холбооны улсын талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт”-оор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь ялтан С.Гансүхийн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 65, 68, 70, 2-р хх-ийн 137-141-р ху/, гэрч С.Отгонбаяр /2-р хх-ийн 27-31-р ху/, Б.Пүрэвдамба /2-р хх-ийн     38-39-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5 тоот дүгнэлт /2-р хх-ийн 042-44-р ху/, Эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 030-032-р ху/, Үзлэгийн тэмдэглэлийн хавсралт    /1-р хх-ийн 03-051-р ху/, Эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 059-060-р ху/, үзлэгийн тэмдэглэлийн хавсралт /1-р хх-ийн 061-068-р ху/, ВЕБ сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 069-070-р ху/, Үзлэгийн тэмдэглэлийн хавсралт /1-р хх-ийн 071-078-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан баривчлах ялын  доод хэмжээ болох 03 сар 01 хоногийн /гурван сар нэг хоног/ баривчлах ял ногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, шүүхээс оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл, түүнтэй холбоотой  баримтууд хэрэгт авагдаагүй байх тул  энэ талаар гаргасан ялтан С.Гансүхийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Харин Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт:

“23.1.Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ…,

23.1.4 дэх хэсэгт

23.1.4. гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол…,

23.3 дахь хэсэгт

23.3. Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална…,  гэж заасан байхад анхан шатны шүүх нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэж үлдэх 5,56х45 мм-тэй  491 ширхэг сум, 7,62х39 мм-тэй  788 ширхэг сум, мөн 7,62х54 мм-тэй 994 ширхэг сум нийт 2273 ширхэг буюу 2.202.000 төгрөгний үнэ бүхий Оросын Холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас…яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж алдаатай бичсэн зөрчил гаргасан боловч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар дээрхи зөрчлийг арилгах боломжгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой тусгаж, дахин энэ төрлийн алдаа дахин гаргахгүй байх талаар анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан С.Гансүхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

5 дахь заалтыг:

“5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “The north face” бичиглэлтэй улаан өнгийн цүнх, 2 ширхэг “Chocopie”-ийн хоосон хайрцаг, 6 ширхэг, ёотонгийн хоосон хайрцаг 12 ширхэг “Янта” майонезийн хоосон хайрцаг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэж, үлдэх 5,56х45 мм-тэй  491 ширхэг сум, 7,62х39 мм-тэй  788 ширхэг сум, мөн 7,62х54 мм-тэй 994 ширхэг сум нийт 2273 ширхэг буюу 2.202.000 төгрөгний үнэ бүхий Оросын Холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  хурааж улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан С.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ                                Б.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                               Д.БУЯНЖАРГАЛ