| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2431001500137 |
| Дугаар | 2025/ХШТ/79 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ХШТ/79
Х.Ө-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Х.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дүгээр магадлалтай, Х.Ө-д холбогдох 2431001500137 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.Ө нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Ө-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө-аас 15,851,953 төгрөг гаргуулж, улсын төсөвт 5,891,953 төгрөг, “А” ХХК-д 9,960,000 төгрөг тус тус олгож, Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 852,502 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Ө хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие болсон үйл баримт болон холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар огт маргаагүй, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Одоо 52 настай, өмнө нь гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байгаагүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан 21,659,455 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүл мэндийн хувьд хөлөө хугалж, эмнэлгийн байгууллагад удаан хугацаагаар эмчлүүлсэн, цаашид эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зохих шатлалын эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх зэрэг зайлшгүй шалтгаанаас гадна, тэтгэвэрт гарах насанд хүрээгүй тул ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа авч явах шаардлагыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.
Мөн энэ хэрэг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэх нөхцөл бий эсэхийг анхаарч үзнэ үү. Учир нь, тухайн үйлдэл 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааг хамаарч байх ба Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 2 жил болгож багасган, 5,400 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Х.Ө хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд би биедээ хүнд гэмтэл авсан учраас хэрэгт авагдсан материал үзэж, судлах боломжгүй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаж байна.
1.Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн шалгаснаар 3 зүйлд буруутгагдсан. Мөрдөгч миний хэргийг шалгахдаа өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн илтэд гомдол гаргагчийн гомдлыг батлах зорилготойгоор шалгасан гэж үзэж байна. мөрдөгч нь хэргийн холбогдогч болон гомдол гаргагч нараас мэдүүлэгч авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүхээр нотлогдоогүй хэргийг нотлогдсон мэтээр хэлж, тулган шаардаж байсан нь баримтаар батлагдах болно. Намайг анх мэдүүлэг өгөхөөр орох үед мөрдөгч “угаасаа тодорхой, та ял үүрээд явчих юм байна, ажлаа өг” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн хувийн шийдвэрээр хандсан. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
2.Мөн намайг “А” ХХК-аас овьёос, цэвэр цагаан будаа авч албан тушаалын байдлаа урвуулан өөртөө давуу байдал бий болгосон гэж үзсэн. Би тухайн компаниас аваагүй. Харин Ч гэдэг хүнээс авсан. “А” ХХК-ийн өмнө жилийн өнжмөл овьёос бөгөөд бүх будаа нь чийг авсан тул тус компани агуулахаасаа будаагаа гаргаж хаяад, өнжмөл овьёосоо ард иргэдэд тарааж өгсөн. Тухайн үед Ч хувийн журмаар намайг дуудаж, “Чи энэ овьёосыг юм болгож авбал ав, авахгүй бол тэр биз” гэж хэлээд өгсөн. Гэтэл үүнд нотлох баримтыг нөхөн үйлдэж хэрэгт хавсаргасан. Овьёос уу, будаа юу гэдгийг огт шалгаагүй. Үүнтэй холбоотойгоор хэргийн оролцогчид худал мэдүүлсэн, мөн хуурамч баримт үйлдэж өгсөн зэрэг нь илэрхий байсан.
3.Би өөрийн авах ёстой авлагаа хүнээс авсны төлөө гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаа бөгөөд үүнийг ялгаж салгаагүйд маш их гомдолтой байна. Мөрдөгчийн хэрэг шалгасан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Энэ гомдлоо дэмжиж оролцож байна гэжээ.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Х.Ө-д холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэргийн зүйлчлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тодруулбал, шүүгдэгч Х.Ө нь Сэлэнгэ аймгийн .... сумын ..... цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа, багш, туслах багшийн ажлын үр дүнг шалгуур үзүүлэлтээр үнэлж, дүгнэн ур чадварын нэмэгдэл олгох эсэхийг шийдвэрлэх албан үүрэг, бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, 9 багшид 42 удаагийн ур чадварын нэмэгдлийг бодитоор дүгнэн олгох биш, зөвхөн өөртөө захиран зарцуулах зорилгоор 8,058,455 төгрөгийн нэмэгдлийг олгож, 7,205,953 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, энэ хэргийн зүйлчлэл тохирчээ.
Харин цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг засаж, тохижуулах хандив нэрийдлээр “А” ХХК-ийн захирал Ч-аас авсан 16,7 тонн овьёосыг 9,960,000 төгрөгөөр борлуулж, хувьдаа захиран зарцуулсан. Мөн цэцэрлэгт хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүн худалдан авахаар “И” ХХК-тай гэрээ байгуулж, холбогдох нэхэмжлэлийн дагуу 3,641,000 төгрөгийг шилжүүлсний дараа гэрээгээ цуцалж, мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн данс руу шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөө барагдуулахад зарцуулж, улмаар гэмт үйлдлээ нуун далдлах, хууль ёсны мэтээр харагдуулах зорилгоор аваагүй тоглоом, хэрэглэгдэхүүнийг авсан мэт орлогод бүртгэж, баримтыг нөхөн бүрдүүлсэн зэрэг эдгээр үйлдлүүдийн анхны сэдэлт, санаа зорилго, үйлдлийн арга нь залилах гэмт хэрэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон мөнгөн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчээс албадан гаргуулах байсныг гэмт хэргийн хохиролд тооцон шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.
Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Х.Ө-ы гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.Шүүгдэгч Х.Ө нь Сэлэнгэ аймгийн .... сумын .... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-аас цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайн тохижилтод зориулж хандив болгон өгсөн овьёос, будааг холбогдох хууль, журмын дагуу байгууллагын данс бүртгэлд оруулахгүйгээр иргэн Ч.Д-д 9,960,000 төгрөгөөр худалдаж, өөрийн дансаар мөнгийг шилжүүлэн авсан,
цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаартай тушаалуудаар 9 багшид нийт 42 удаагийн үйлдлээр авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгож, улсын төсөвт 8,058,455 төгрөгийн хохирол учруулснаас 6,332,000 төгрөгийг өөртөө буцаан шилжүүлэн авч, 873,953 төгрөгийг зээлийн өрөндөө суутгасан,
2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “И” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүний үнэд 3,641,000 төгрөг шилжүүлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн захирал Н.Х-д гэрээ цуцлах талаар утсаар мэдэгдэж, дээрх мөнгийг нөхөр Н.Э-ын дансаар авч бусдад төлөх өрөндөө захиран зарцуулсан хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зөрүүгүй тогтоожээ.
3.Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд цугларсан, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
4.Харин Х.Ө-ы дээрх үйлдлүүдийг анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэхдээ адил төстэй бусад гэмт хэргийн шинжид хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болов.
5.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулахдаа төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан үйлдэл нь албан тушаалын эсрэг гэмт хэрэг боловч шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал олж авсан нь зарим тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй ижил төстэй шинжийг агуулдаг.
Төрийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунахай сэдэлтээр завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг, эсхүл албан тушаалын гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгийн алинаар нь зүйлчлэхээс хамаарч гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсэж болох тул ялгагдах шинжийг зөв тодорхойлохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байдал, үүний улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэгт зохих хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хууль болон гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг санаатайгаар, шунахай сэдэлтээр, бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд шилжүүлэн авахаас гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.
Хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг шунахай сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдэд шилжүүлж шамшигдуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Нийтийн албан тушаалтан өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн болон байгууллагын өмч, хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших”-аас гадна 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зарим шинжийг давхар агуулдаг тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.4 болон 22.1 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэхгүй бөгөөд харин нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх шунахай сэдэлтээр, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэх арга болдог.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь тухайн төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй онцлогтой.
6.Шүүгдэгч Х.Ө нь “А” ХХК-аас цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулан өгсөн хандивын будааг зохих журмын дагуу байгууллагын орлогод бүртгэлгүй, бусдад худалдан борлуулж мөнгийг нь хувийн дансаар авсан үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бусад үйлдлүүдтэй хамт зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэлт хийлгүй бүхэлд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөөгүй байна.
7.Иймд хууль хэрэглээний дээрх алдааг хяналтын шатны шүүхээс зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Х.Ө-ы хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Ө-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ