Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00034

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Б.Г-н  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт   холбогдох

            “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/99 дугаартай “Б.Г-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,  нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.         

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Нэхэмжлэгч  Г миний бие нь Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 онд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж байсан. Миний бие нь 2016.02.02-ны өдөр Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Төрийн жинхэнэ албан хаагч юм. 2013 оноос хойш ажиллахдаа эрхэлэн ажилдаа хариуцлагатай, идэвхи санаачлагатай хандаж, Монгол улсын хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллаж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Үр дүнгийн гэрээг “хангалттай сайн” дүгнүүлж байсан.

            ...2016 оны 10-р сарын 25-ны өдрийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын Б/99 тоот тушаалаар 2016-10-25ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэхь заалт, Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.6, 23-р зүйлийн 23.4, 27-р зүйлийн 27.2.4 дэхь заалт, МУ-ын Засгийн Газрын 2016 оны 09-р тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дүрмийн 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас маань чөлөөлсөн.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө надад мэдэгдэх ёстой байсан боловчийнхүү надад огт мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

            ... Иймд 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Г намайг ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайбартаа:“ Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа:“ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хоёр байгууллагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар бүтэц, орон тоо батлагдсан.

            Хуучнаар Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан мэргэжилтэн Б.Г-г Төрийн албаны тухай хуулийн 23.4-д заасан үндэслэлээр 2016 оны 10 сарын 25-ны өдөр ажлаас нь чөлөөлж 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

            Төрийн албаны тухай хуулийн 39.4-д “..гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албанй төв байгуулагад 1 сарын дотор гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс ройш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгуулагад гаргана.” Гэж тус тус заасан. Б.Г нь 2017.01.17-ны өдөр Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан байдаг. Хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 109.2-д заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр байгууллага нэгдэхээс өмнө Б.Г-н албан тушаалд гурван мэрэгжилтэнтэй байсан. Мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлал гэсэн ажил албан тушаал байсан. 3 албан тушаал байж байгаад нэгдээд нэг болсон. Тухайн үед хамгийн сайн шаардлагыг хангаж байсан мэргэжилтэн нь одоо ажиллаж байна. Б.Г-н хувьд тусгай болон нийтлэг шаардлагад арай хүрэхгүй байсан. Тэдгээрийг үндэслээд Б.Г-т танилцуулахад би бодож байгаад хариугаа хэлье гэсэн. 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж хэлсэн. Түүний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг Д.Мөнхзул хангаж байсан учраас ажилд авсан. Б.Г өөрөө чөлөөлөгдье, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг авъя гэсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. Иймд тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Б.Г нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгуулагад 1 сарын дотор гаргана.” гэж тус тус заасны дагуу Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна. Б.Г 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна гэж шүүх үзсэн.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.Г-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” болгон өөрчилсөн байна. Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулж,  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21  дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог батлах” тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Орхон аймгийн Хдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоог баталжээ. 

 

            Нэхэмжлэгч Б.Г Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ хариуцсан мэрэгжилнээр ажиллаж байсан ба нэхэмжлэгчийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/99 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат нэхэмжлэгч Б.Г-г ажлаас чөлөөлөх тухай дээрхи тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар , нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн”  гэж заасныг үндэслэл болгосон нь төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх байсныг зөрчсөн.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулийн зохицуулна.” гэж заасан учраас энэ заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих заалтыг хэрэглэсэн гэж тайлбарласан хэдий ч төрийн албан хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-аар зохицуулсан  байна.

            Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж  заасныг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгч Б.Г-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлал гэсэн ажил албан тушаалд  ажиллаж байсан 3 мэргэжилтнүүдээс хуулинд заасны дагуу хариуцагч ажлын хэсэг томилон, дүгнэлт гаргуулан, дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан мэргэжилтнийг сонгох байсан. Гэтэл дээрхи мэргэжилтнүүдийг дүгнэсэн, тэдгээрээс ямар шалгуураар Д.Мөнхзул мэргэжилтэнг шалгаруулж авсан нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байгаа нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            Иймээс захиргааны байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, төрийн албан хаагчийн хувьд хангагдах нэмэлт баталгааг алдагдуулсан гэж үзлээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэгч Б.Г-н орон тоон дээр 3 хүн байсан ба хамгийн сайн ажиллаж байсан  Д.Мөнхзулыг тухайн орон тоон дээр авч үлдсэн гэж тайлбарласан боловч  2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр Д.Мөнхзул нэхэмжлэгч Б.Г-ээс доогуур үнэлгээгээр үнэлэгдсэн  байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Г-г “ ... ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлоогүй, Б.Г ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй гэж тайлбарласан бөгөөд энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй тул түүнийг “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж үзэх үндэслэлгүй юм.

            Учир нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолын 9,  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-т  “... ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.” гэж тус тус тайлбарласан ба Б.Г нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр  гаргаагүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбаруудаар тогтоогдсон болно.

            Иймээс Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-г  урьд эрхэлж байсан Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу Б.Г-н ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 11 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан нэхэмжлэгчид олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Г-н ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. 

                       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн                            106.1,  106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Г-г Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт  өмнө эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Г-н ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 1 сарын 5509943 төгрөгөөр тооцож нийт  5.973.676 /таван сая есөн зуун далан гурван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

 

            4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА