Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/241

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч:  И.М нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овгийн И М холбогдох 1912........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: , Ц овгийн И М /РД:/   

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч И.Мнь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Богино хамар гэх газар И.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун хацар, хамар духны зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:  

  Хохирогч И.Б өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Богино хамар гэх газар өөрийн нөхөр С айл саахалт байдаг Э болон түүний эхнэр А нарын хамтаар өвөлжөө рүүгээ нүүгээд гэр бариад байж байсан. Тэр үед манай төрсөн дүү М архи уусан бага зэргийн согтуу ирээд намайг шар авгай минь юу байна гээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгсэнээ намайг шууд заамдаж аваад гараараа миний толгой руу 3-4 удаа цохиж зодсон. Тэр үед хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үед Мманай ах Л түүний охин М нарын хамтаар явж байсан юм. Ямар шалтгааны улмаас зодсон эсэх талаар мэдэхгүй байна. Архи ууж ирээд надаас хэрүүл өдөж байгаад гэнэт намайг заамдаж аваад гараараа миний толгой нүүр нүд рүү 3-4 удаа цохиж зодсон. Тухайн үед миний нүүр нүд хавдсан үүдэн хоёр шүд хөдөлсөн байсан. Би тэр үед хэн нэгнийг цохиж зодоогүй. Мбага зэрэг халамцуухан байсан. Би их гомдолтой байна. Би эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл санаа нэр хүнд гутаасан учраас нэхэмжилж байна. Энэ талаар холбогдох баримт материал бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуу/ 

Хохирогч И.Б дахин өгсөн:...би өөрийн дүү М зодуулсаны улмаас тархи толгой өвдөөд тэгээд би Хасу манал эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа ор хоногийн мөнгө гэж 350.000 төгрөг тушаасан мөн би эм 13.000 төгрөгөөр авсан уг мөнгийг манай дүү төлж барагдуулсан надаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан түргэн шийдүүлмээр байна..гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/ 

Гэрч И.Л өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би дүү М хамтаар явж байгаад охин дүү Б гэрээр очсон. Тухайн үед Батсайхан өөрийн нөхөр болон найз нарын хамтаар өвөлжөөндөө буугаад гэрээ барьж байсан юм. Манай дүү М тэр үед архи уусан бага зэрэг халамцуу байсан. Тэгсэн юунаас болж хэрэлдсэн юм М Б нар хоорондоо маргалдаж байгаад гэнэт Мнь эгч Б гаа барьж аваад дал мөрнөөс нь татаж унагаагаад зууралдаад зодолдоод байхаар нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд л М бид  хоёр яваад өгсөн. Төрсөн эгч дүү хоёр л юм байгаан юунаас болсон юм бүү мэд. Барьцалдаж аваад зодолдоод байх үед нь би салгасан. Уг гэмтлийг М учруулсан байхдаа өөр хүмүүс зодоон цохион хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/ 

Гэрч А.А өгсөн:..тухайн үед би байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй юм. Манай нөхөр надад хэлэхдээ Батсайхан Мхоёр хоорондоо маргаад л гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн юм бол хэлж яриагүй. Манай охин Э хамт явж байсан гэхдээ бас надад ямар нэгэн зүйл огт яриагүй.  Манай охин Э нь Хангай суманд төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байгаа. Манай охин хэл ярианы бэрхшээлтэй, тархи толгойны жаахан асуудалтай учраас мэдүүлэг өгөх боломжгүй. Мёстой давгүй зантай хүүхэд байгаа юм. Ямар нэгэн муу муухай зуршилгүй томоотой л хүн шүү. Тухайн үед юу болсон юм жаахан маргаанаас л болсон байхдаа...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ 

И.М гэрчээр өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би ах Лхагважав түүний охин Мын хамтаар ах дүү нараараа явж бэлэгний хонь цуглуулах ажлаар явж байсан. Тэгээд С ахынд очсон тухайн үед С ахынх нүүдэл хийгээд гэрээ барьж байсан. Би жаахан халамцуухан явсан учраас өөрийн төрсөн эгч Б маргалдаад улмаар түүнийг барьж аваад нүүр толгойн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгаад би яваад өгсөн. Тухайн үед ийм л асуудал болсон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би тэр үед эгчдээ жаахан гомдож байсан тэгээд тэр үед ч бага зэрэг халамцуухан явж байгаад хэдэн үг хэлээд түүнээс болж маргалдаад тэгээд барьж аваад 2-3 удаа нүүр толгой орчимд нь цохиж зодсон. Өөр байдлаар бол гар хүрч зодоогүй. Би тухайн үед бага зэрэг халамцуухан л байсан. Надтай хамт Л ах түүний охин М нар явсан Сын ахынд С ах Э түүний эхнэр мөн манай эгч Б нар байсан. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй. Уг гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

И.М яллагдагчаар өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн ах Л түүний охин М нарын хамтаар Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Богино хамар гэх газарт байх өөрийн төрсөн эгч Б гэрт очсон. Тухайн үед манай хүргэн ах С нүүдэл суудал хийгээд өвөлжөөндөө буугаад гэрээ барьж байсан. Би тэр үед хэдэн айлаар архи уусан халамцуухан байсан. Тэгээд тэр үед өөрийн эгч Бүл ойлголцох байдлаас болж маргалдсан, уурандаа би өөрийн эгч Бг барьж аваад 2-3 удаа гараараа нүүр толгой орчимд цохиж зодсон. Тэр үед хамт байсан хүмүүс салгасан тэгээд би хэсэг байж байгаад тэндээс яваад өгсөн. Тухайн үед ийм л асуудал болсон. Би өөрийн эгч Б жаахан гомдоод байсан юм тэгээд үл ойлголцох байдлаас болоод маргаж ганц нэг удаа гарч хүрсэн. Би тухайн үед гараараа 2-3 удаа л цохиж алагдсан тэр үед хацар нүүр толгой орчимд нь л цохисон. Уг гэмтлийг би учруулсан. Би тэр үед бага зэрэг халамцуухан л байсан. Тухайн үед манай төрсөн ах Л байсан эгч Б нөхөр С болон өөр бас гэр барьж байсан хоёр хүн хамт байсан. Намайг Б цохиж зодоогүй. Батсайхан бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаартай дүгнэлт:

1. И.Б биед баруун хацар, хамар духны зүүн дээд хэсэгт цус хуралт, дээд 

үүдэн 2 шүд бага зэрэг хөдөлсөн, цээжний урд дээд хэсэг, баруун гарын сарвуунд жижиг зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн 

үйлдлээр үүснэ. 

3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 

4. Баруун хацар, хамар духны зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл нь нийтдээ Гэмтлийн 

зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Дээд үүдэн 2 шүд бага зэрэг хөдөлсөн, цээжний урд дээд хэсэг, баруун гарын сарвуунд жижиг зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуу/

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуу/ 

И.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 дугаар хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-39 хуу/

Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн 42 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48 дугаар хуу/

Хохирогч И.Б, шүүгдэгч И.М нарын хүсэлт /хх-ийн 45-46 дугаар хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч И.М холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Богино хамар гэх газар шүүгдэгч И.М нь хохирогч И.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд баруун хацар, хамар духны зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч И.М үйлдсэн болох нь хохирогч И.Б өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Богино хамар гэх газар өөрийн нөхөр С айл саахалт байдаг Э болон түүний эхнэр А нарын хамтаар өвөлжөөрүүгээ нүүгээд гэр бариад байж байсан. Тэр үед манай төрсөн дүү Мархи уусан бага зэргийн согтуу ирээд намайг шар авгай минь юу байна гээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгсэнээ намайг шууд заамдаж аваад гараараа миний толгой руу 3-4 удаа цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуу/, гэрч И.Л өгсөн:..манай дүү Мтэр үед архи уусан бага зэрэг халамцуу байсан. Тэгсэн юунаас болж хэрэлдсэн юм МБатсайхан нар хоорондоо маргалдаж байгаад гэнэт М эгч Б барьж аваад дал мөрнөөс нь татаж унагаагаад зууралдаад зодолдоод байхаар нь би дундуур нь ороод салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч И.М нь хохирогч И.Бг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс баруун хацар, хамар духны зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул И.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

  

Аймгийн Прокурорын газраас И.М үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.  

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 53-54 дүгээр хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч И.Мнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч И.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.    

Хохирогч И.Б нь “Хасу манал эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа ор хоногийн мөнгө гэж 350.000 төгрөг тушаасан мөн би эм 13.000 төгрөгөөр авсан уг мөнгийг манай дүү төлж барагдуулсан надаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/, мөн “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 46 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 48 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ц овгийн И М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мягмарсүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ОТГОНЦЭЦЭГ