| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0250/Э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0250/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Хохирогч Э.Г,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 193900..........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Э.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Э.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хэрлэнгийн 02-05 тоотод Цацаа гэдэг найзындаа найз Г, түүний нөхөр Гансүх, манай нөхөр Цолмондэлгэр нарын хамт архи ууж дуусгаад Г, Гансүх хоёр гараад явсан. Тэд нарыг явснаас хойш манай нөхөр Цолмондэлгэр, Цацаа бид гурав дэлгүүрээс 0.5 литрийн архи, лаазтай 1 ширхэг пиво аваад уугаад сууж байтал гэрийн гадаа Г ирээд хаалга тогшихоор нь Цацаа хаалгаа онгойлгож өгтөл Г нөхөр Гансүхийн хамт орж ирээд Г “Та нар муусайн намайг явуулаад архи уугаад та нар муу сайн хэзээ ийм байсан юм. Танай охиныг чинь мэднэ. Танай охин манай буудлаар явдаг” гээд надад агсам тавиад байсан. Тэгснээ намайг заамдаж аваад үснээс зулгаасан. Тэгэхээр нь би адилхан үснээс нь гараараа зуураад авсан. Тэгтэл намайг цамцаар маань боогоод байшингийн хаалганы дотор талд унагаагаад дээрээс маань цээжин дээр өвдөглөөд дараад байсан. Намайг газар унагааж дараад байх үед бид хоёр бие биеэ харилцан үсдэлцсэн байдалтай байсан. Тэр үед Г нөхөр Гансүхдээ энийг салгаадах гээд миний гарыг үснээсээ тавиулаад миний үснээс татаад чирээд тавихгүй байсан. Намайг нилээн удаан үсдээд байсан болохоор нь арай гэж гарыг нь тавиулаад Цацаагийн байшингаас гараад зугтааж гэртээ харьсан. Ингээд гэртээ хариад байхдаа охин Нандинцэцэгт намайг Г эгч нь зодлоо гэж хэлээд хэвтсэн. Ингээд шөнөжин цээжээр хөндүүрлэж өвдөөд хоносон. Өглөө нь босож чадахгүй хэвтэж байхад хадам аав Володя ирж, надад түргэн дуудаж өгсөн. Хадам орж ирээд яасан гэхээр нь хүнд зодуулсан гэж хэлсэн. Г-д зодуулсан гэдгээ хэлээгүй. Ингээд би эмнэлэгт 10 өдөр хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд эмнэлгийн зүгээс эм, тарианы эмчилгээ хийсэн боловч онош тодроогүй, харин бариачид үзүүлэхэд өвчүүний дотор талд цууралт өгсөн, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Би эмнэлгийн ор хоногийн мөнгө гэж 312.000 төгрөг төлсөн. Мөн өөрөө эм тарианд 140.000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/
Хохирогч Э.Г-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би эмчилгээний зардалд 312.000 төгрөг ор хоногийн мөнгө гэж нэгдсэн эмнэлэгт тушаасан. Би Д.Г-тай найзууд байгаа юм аа. Би найзаасаа эмчилгээний 312.000 төгрөг нэхэмжилнэ. Өөр мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Г надад боломжтой болохоор 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор эмчилгээний зардлыг маань төлж барагдуулна гэсэн. Би Д.Г-тай сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/
2. Гэрч Т.Бямбацацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байхад 12 цагийн үед Г, Цолмондэлгэр, Г, Гансүх нар ирсэн. Тэгээд бид нар юм ярьж байгаад 3, 4 шил архи уусан. Ингээд Г, нөхөр Гансүхийн хамт яваад өгсөн. Тэгээд төд удалгүй Г, Гансүх хоёр эргэж ирэхэд нь би хаалгаа дотроос нь түгжээд Г, Цолмондэлгэр хоёртой нэг шил 0.5 литрийн архи хувааж ууж байсан юм. Тэгээд та нар муусайн хаалгаа түгжээд архи булагнаж уулаа гэж Г уурласан. Тэгтэл Г чи манай охиныг буудлаар явдаг гэж хэлсэн гээд л шууд Г-г үсдээд, үснээс нь зулгаасан. Тэр үед Цолмондэлгэр тэр хоёрыг салгасан. Тэгтэл Ганчимэг дахин Г-г үсдсэн. Тэгтэл тэр хоёр шалан дээр унаад Г Г-ийн дээр гараад хоёр гараараа Г-гийн хоёр гарыг нь бариад цээжин дээр нь дараад байсан. Тэгээд хоёулаа больё гээд Г хэлж байсан. Би тэр үед гарчихаад ороод ирэхэд тэр хоёр зууралдахаа болиод хоорондоо хэрэлдээд байсан. Г, Г-ийн доор байхдаа хөл, гараараа зэрэг савчаад байсан. Г-г орон дээр сууж байхад нь Г цээжрүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэрнээс хойш Г цээж хөндүүр гээд надад харуулахад бага зэрэг цээжний хэсэгт хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал /
3. Гэрч В.Цолмондэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Г, найз Гансүх, Г нарын хамт танил Бямбацацрал эгчийнд тавуулаа 3 шил 0.75 литрийн архи уусан. Ингээд бид нар архи уугаад дуусаад байтал Гансүх, эхнэр Г-ийн хамт явлаа гээд явсан юм. Тэгтэл Бямбацацрал эгч 0.5 литрийн нэг шил архи гаргаад гэрээ дотроос нь түгжсэн. Ингээд бид нар архиа ууж эхлэж байтал Гансүх, Г хоёр гаднаас хаалга тогшоод Бямбацацрал эгч хаалгаа онгойлгоод оруулсан. Г та нар муусайн хаалгаа түгжиж архи уугаад булагнаад байх шив дээ гэж уурласан. Г орон дээр суусан. Тэгээд манай эхнэр тэр хоёр хоорондоо маргалдсан. Манай эхнэр Г чи манай охиныг буудлаар явдаг гэж ярьсан байна лээ гэж уурласан юм. Тэгж байгаад Г-г эхлээд үсдээд авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад гэрээс гараад гүйсэн. Би хэрүүл маргаанд орж байгаад цагдаа дээр очих байх гэж бодоод яваад өгсөн. Манай эхнэр Г-тай муудаж байхдаа цагдаа дуудна гээд бахираад байсан юм. Намайг явснаас хойш Г-гийг Г доороо хийгээд цээжин дээрээс нь дарсан гэж манай эхнэр надад ярьсан юм. Энэ асуудлаас болж манай эхнэр эмнэлэгт хэвтсэн. Цээжин дээр Г хүчтэй дарсан юм байлгүй, цээж хэсгээр их хөндүүр эмзэглэл ихтэй болсон. Эмнэлэгт очоод онош нь тодорхой олдож өгөхгүй байсан. Эмнэлэгт байхдаа Бэрх тосгонд очиж Жав гэдэг бариачид бариулсан. Цээжин дотуураа л зөөлөн эдийн гэмтэлтэй гэж эмч хэлсэн байна лээ. Намайг харахад Г, Г хоёр бие биенээ цохиж, өшиглөөгүй, харин хоорондоо үсдэлцсэн нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/
4. Насанд хүрээгүй гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г эгч бид хоёрыг Цацаа эгчийн гэрт очиход тэд байшингийн хаалгаа дотроосоо түгжсэн байсан. Нэлээд удаан хаалгыг цохисон. Манай аав Цолмондэлгэр хаалга онгойлгож өгсөн. Г эгч та нарын архинаас горьдож ирээгүй. Та нар надаас архи харамлалаа гэж тэнд байсан хүмүүс рүү уурлаж дайрсан. Би ээжийг гэртээ харья гэж хэлсэн. Ээжийг босох гэхээр Г эгч түлхэж суулгаад байсан. Г эгч манай ээж хоёр аймаар хэрэлдээд байсан. Тэгээд би ганцаараа буцаж гэртээ ирээд эгч Золзаяаг дагуулаад явах гэтэл Золзаяа эгч өөрсдөө ирэх байх гэсэн. Манай ээж 22 цагийн үед ганцаараа уйлчихсан орж ирсэн. Ээжийн өмсөж байсан цамц нь урагдсан байсан. Ээж Г-ийн үс нь сэгсийсэн, цээж нь улайсан байсан. Би ээжээс яасан талаар асуухад Г эгч чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Ээж гар утасгүй ирсэн байсан. Би эгч Золзаяагийн хамт Цацаа эгчийнд очиж гар утсыг нь авахаар очиход Цацаа эгчийн гэрт Г эгч, Гансүх ах, Цацаа эгч нар байсан...Ээж гэртээ ирээд амьсгал авч чадахгүй байна гээд уйлаад байсан. Шөнө тэгээд унтаж амарсан. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө ээж хөдөлж чадахгүй байна гэсэн. Энэ үед манай өвөө Володъя гэрт ирж эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №451 дугаартай:
-Э.Г-ийн биед цээжний урд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэсэн дүгнэлт /хх-ийн 29 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Г-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй /хх-ийн 8, 60 тал/, харин эмчилгээний зардалд 312000 төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүх хуралдааны явцад эвлэрч шүүгдэгч Д.Г нь эмчилгээний зардал болох 312000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул эмчилгээний зардал болох 312000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Г-т олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-аас 312000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогчид эмчилгээний зардал болох 312000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ