| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0256/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0256/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох 1939................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: А.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багийн нутаг “Барх дов” гэх газарт иргэн Э.М-г хүүхдээ загиналаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багийн нутаг “Барх дов” гэх газарт иргэн Э.М-ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Батширээт сумынхаа төв орчихоод буцаад ойролцоогоор 16-17 цагийн үед хөдөө гэртээ ирэхэд гэрт маань миний дагавар хоёр охин болох А, А нар нь манай сумын Г гэх залуутай гурвуулаа байж байсан. Тэгээд би гэртээ ирээд А-д хандан нөхрийнхөө утсыг авъя гэхэд А нь өгөхгүй байгаад байсан. Тэгэхэд Г хажуунаас орж ирээд “чи яагаад хүүхэд загнаад дарамтлаад байгаа юм бэ” гээд миний нүүр рүү гараараа шууд цохисон. Тэгээд намайг түлхэж унагаагаад дээр маань өвдөглөж суучихаад миний нүүр рүү дахин 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
2. Гэрч М.А-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ өөрийн төрсөн дүү болох А, хамаатны ах Г нарын хамт байж байхад ойролцоогоор 16-17 цагийн үед манай хойд ээж болох М нь улаан галзуу байдалтай. Шүлс амаа үсчүүлээд гаднаас гэрт орж ирсэн. Тэгээд надад хандан утсаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би М эгчид хандан “надад утас байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд М эгч учир зүггүй уурлаад намайг пиздаа гэх зэргээр харааж доромжлоод надруу аяга авч шидсэн. Тэгэхээр нь би Г ахын араар нь орсон юм. Тэгэхэд Г ах уурлаад М эгчид хандан “та яагаад хүүхдүүдайлгаж, дарамтлаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд М эгч Г ахад хандан чамд хамаагүй гээд орилж хашгичаад эхэлсэн. Тэгээд М эгч заазуур билүү хутга гартаа барьчихаад дүү бид хоёрыг айлгахад Г ах уурлаад М эгчийг цохичихсон юм. Тэгэхэд М эгч бүүр илүү уурлаад Г ахын дээлнээс нь зуурчихаад Г ах руу дайраад байсан. Тэгэхэд Г ах М эгчийг боль гээд уурандаа нүүр рүү нь 2-3 удаа цохисон...Тухайн үед Г нь дүү бид хоёрыг өмөөрөөд л М эгчийг зодож цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
3. Гэрчээр А. Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өглөө хөдөө гэртээ байж байгаад сумын төв орох гээд гэрээсээ явсан юм. Тэгээд замд явж байхад бороо ороод би Цэвээнцэрэн ахын гэрт очсон юм...Би Цэвээнцэрэн ахын гэрт нь ирээд амраад хэвтэж байтал ойролцоогоор 16-17 цагийн үед Цэвээнцэрэн ахтай хамтран амьдардаг М гэх эмэгтэй архи уучихсан бололтой, их ширүүн байдалтай гаднаас орж ирсэн. Тэгээд М нь Цэвээнцэрэн ахын охин болох А-д хандан утсаа өг гэж хэлсэн. Тэгэхэд А нь байхгүй гээд өгөөгүй. Тэгтэл М нь уурлаад А-ыг загнаад пиздаа минь гээд хараагаад дарамтлаад байх шиг байхаар нь би М-д хандан чи яагаад хүүхэд дарамтлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд М нь надад хандан чамд хамаагүй. Пиздаа минь гээд намайг хараасан. Тэгэхээр нь би уурлаад л М-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм...Тухайн үед М нь Цэвээнцэрэн ахын хоёр охиныг нь тайван байлгахгүй, харааж загнаад дарамтлаад байхаар нь л миний уур хүрээд М-ыг цохичихсон юм. Би тухайн үед М-ыг гараараа л цохисон бөгөөд өөр ямар нэгэн зүйлээр бол цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаартай:
- Э.М-ын биед зүүн хөмсөг, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 21, 58 тал/ гэсэн тул шүүгдэгч А.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ