Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 231

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0246/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Э.Мичидмаа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                          Ч.А  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д  холбогдох 193900.........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ч.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Ширээгийн булаг” гэх газраас иргэн С.Т-ын 14 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 11.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Бор хоолой” гэх газраас иргэн С.Т-ын 5 тооны адууг хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Бор хоолой” гэх газраас иргэн С.Т-ын 5 тооны адууг, 2019 оны 06 дугаар сарын 30-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Ширээгийн булаг” гэх газраас иргэн С.Т-ын 14 тооны адууг хулгайлж нийт 16.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний адуунууд байсан. Тэгээд би 28-ны өдөр адуугаа тойроогүй хонио ноослоод 29-ний орой адуугаа хайж яваад олоогүй. Тэгээд 30-ны өдөр мөн адуугаа хайгаад хүн амьтнаас сураглаад бас л олоогүй учраас өөр сум руу орчихсон юм болов уу гээд Хэнтий аймгийн Идэрмэг баг хүртэл явж үзсэн. Хугацаа алдаж хэд хоноод би Хэнтий аймгийн цагдаагийн газарт тэмдэглүүлсэн юм. Яг хэдний өдөр цагдаад хандсанаа сайн санахгүй байна...Тэгээд дараа нь Мөнххаан сумын цагдаад хэлж тэмдэглүүлсэн. Тэгээд Хэнтий аймгийн цагдаагийн газраас өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 02-нд над руу залгаж дуудсан. Би 38 тооны адуу алдсан...Манай адууны бэлчээр газар нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Заан ширээгийн уул, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Бор хоолой гээд хоёр сумын зааг газар юм. Би адуугаа алдаад эрээд явж байхдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Бор хоолой гэх газар оршин суудаг Дошиг гэж дууддаг хүний хүүгээс адуугаа сурахад өчигдөр манай зүүн дээр байсан гэж хэлсэн. Өнөөдөр харагдахгүй байна холдоогүй байлгүй дээ гэж хэлж нэг сураг гарсан юм. Өөр ямар нэгэн сураг гараагүй. Тэгээд би адуугаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Бор хоолой гэх газраас алдчихсан гэж бодож байна...14-н  морьдоо үнэлэх юм бол 1 адуу нь 1.200.000 төгрөг байгаа. Нөгөө 18-н зүс ижил зэгэл хонгор гүү,  байдаснууд маань бол нэг нь 1.000.000 төгрөг байна байх, унагануудаа нэг бүрийг нь 200.000 төгрөгөөр нийт 36.000.000 төгрөгөөр алдсан адуугаа үнэлж байна...А намайг адуугаа алдчихаад эрэл сурал болж байгааг мэдэж байгаа бөгөөд надад хэлэхгүй байгаад нь маш их гомдолтой байна... Миний малаас А захиран зарцуулах эрхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ 

 “... Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хоолой” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр адуугаа бүртгэхэд миний хонгор халзан азаргатай адуу байсан. Би адуугаа нүд үзэж, тэр өдөр тоолоогүй. 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд хонгор халзан азаргатай адуугаа хайгаад олоогүй. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн мал нядалгааны газарт шар хээр морь-1, бор хээр морь-1, улаан хээр морь-1, хонгор халзан морь-1, цагаан бор морь-2, шарга морь-1,  хонгор морь-1, хув хар азарган үрээ-1, хонгор халзан үрээ-1, хонгор халзан байдас-1, цагаан хонгор байдас-2, хонгор байдас нийт 14 тооны адуу нь нядлуулсан байсан.  Одоо хонгор азарга-1, халтар байдас-1, хонгор байдас-1, унагатай гүү-6 нийт 15 тооны адууны сураг маань өчигдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хүрээгийн уулын ар талд Хэрлэн голын бургасанд сураг гарсан. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 38 тооны адуу алдсан гэж буруу мэдүүлсэн байна. Нийт хонгор азаргатай 29 тооны адуу байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/

“...Би алдсан 29 тооны адуунаасаа Хонгор азаргатай 15 тооны адууг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хэрлэн голын салаанаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олсон. Одоо 14 тооны адуу байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

“...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Заан ширээ” гэх газарт мал маллаж амьдардаг. Би нийт 108 тооны адуутай. Тэгтэл 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хонгор зүсмийн бүдүүн морь-3, хонгор халзан соёолон 1, зээрд халзан хязаалан-1 нийт 5 тооны адууг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Заан ширээ” гэх газраас алдсан. Ойр орчмын айл өрөхөөс асууж хайсан боловч олдоогүй...Би А гэх миний төрсөн дүүгийн хүүхдийг сэжиглэж байна...Зах зээлийн ханшаар үнэлнэ. Би гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/

 “...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хоолой” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө азаргатай адуунаас салангад явдаг хонгор морь-3, хонгор халзан соёолон-1, зээрд халзан хязаалан үрээ-1 нийт 5 тооны адуугаа алдсан. Үүний дараа хонгор халзан азаргатай 29 тооны адуу алдсан. Би 5 тооны адуугаа алдахаас өмнө 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэхэд бүрэн байсан. Маргааш өглөө нь байхгүй болсон байсан. Тэгтэл Ч.А гэх миний төрсөн дүүгийн хүүхэд хулгайлсан байсан. Энэ хүүхэд бол миний малыг захиран зарцуулах эрхгүй этгээд юм...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/

2. Гэрчээр Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өглөө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Түмэндэмбэрэл” хайрханы урд өвөрт байрлах гэрээсээ гараад баруун урагш 30-40 км зайд яваад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Ширээгийн булаг” гэх газарт очсон. Тэнд Т ахын 29 тооны хонгор азаргатай, зөв талын гуя, ташаан толгой дээрээ нүдтэй саран тамгатай адуу байхаар нь баруун хойшоо 20 орчим километр хөөгөөд Бор хоолойд тууж явсан адуугаа үлдээгээд гэррүүгээ явсан. Би гэрээсээ гарахын өмнө адуу туулцах хүн олоод өгөөч гэж Мөнх-Алдарын 99301913 дугаарын утасруу залгаад хэдэн морь борлуулах гэсэн юм. Цуг адуу туулцах хүн олоод ирээч гээд Мөнх-Алдар руу залгасан байсан юм. Намайг гэрт очоод байхад Мөнх-Алдар нэг танихгүй хүн дагуулаад ирсэн. Тэгээд би эхнэр Мичидмааг Мөнх-Алдараар Хэнтий аймаг руу явуулсан. Гэрт эхнэрийн хоёр дүү болон миний охин Авралмаа нар үлдсэн юм. Би Мөнх-Алдарын дагуулж ирсэн Батболор гэх хүнийг ардаа суулгаад өөрийн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоо жолоодоод Бор хоолойд үлдээсэн хонгор азаргатай адуу руу очсон. Эхлээд бүдүүн морьдыг салгаж хөөх гээд чадаагүй. Тэгээд болохгүй болохоор нь 29 тооны адууг бүгдийг нь хөөсөн. Тэгээд шөнө Хэрлэн голын урд талд айлын хаваржаанд тууж ирсэн 29 тооны адуугаа хашсан. Тэгээд Батболортой юм ярьж хоносон. Тэр үед хулгайн адуу гэдгийг хэлсэн. Тэгтэл Батболор надад “Баригдвал баараа өөрөө даагаарай” гэж хэлсэн. Тэгээд өглөө эрт шарга хээр морь-1, бор хээр морь-1, улаан хээр морь-1, хонгор халзан морь-1, цагаан бор морь-2, шарга морь-1, хонгор морь-1, хув хар азарган үрээ-1, хонгор халзан үрээ-1, хонгор халзан байдас-1, цагаан хонгор байдас-2, хонгор байдас нийт  14 тооны адууг ялгасан. Голоор тууж гаргахын тулд морь унах хэрэгтэй болоод ялгасан морьноос номхон хээр морь, хонгор халзан морийг барьж Батболорын хамтаар зайдан унасан. Тэгээд 12 адуугаа зайдуу гаргаж байгаад үлдсэн адууг хашаанаас гаргаж Хэрлэн голын бургасруу оруулаад орхисон. Тэгээд Батболор дээр очиж цааш адуугаа туугаад Батбаярын гадаа очсон .Тэгээд би Батбаярын гадаа үлдээд Батбаяр, Батболор нар 14 адууг бойнд оруулахаар цааш туугаад явсан. Би Хэрлэн голын урд талд үлдээсэн мотоциклоо аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ ирээд Батбаяр руу залгаж бичиг авсан уу? гэж асуухад “Одоо бойнд оруулах гэж байна. Бичиг авчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад аймгийн төв рүү явсан. Нараагийн бойн дээр ирэхэд 14 тооны адуу бойнд орчихсон байсан. Тэгээд Даваадулам гэх ченжид адуугаа зарахад 14.000.000 төгрөг болсон. Тэгээд би үүнээс Батбаяр, Батбаярын эхнэрийн нүдэн дээр Мөнх-Алдарт 1.400.000 төгрөг өгсөн. 5.000.000 төгрөгийг ангийн багш Цэнд-Аюушд өгсөн. Бусад мөнгөө өөрөө зарцуулсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/

 “...Эхлээд бол бүдүүн адууг туухаар очсон боловч бүдүүн адуугаа бусад нь дагаад байхаар нь хашиж бүдүүн адууг авах зорилгоор 29 адууг хөөсөн. Тэгээд би 14 тооны адууг хашиж ялгаж авсан. Би хохирлоо төлчихсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/

 “...Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Түмэндэмбэрэл уулынхаа зүүн хойно Хэрлэн голын урд талд зусаж байсан юм.  Тэгээд манай эхнэр Ч.Мичидмаа нь Улаанбаатар хотод байхдаа ажиллаж байсан газраасаа цалингийн зээл авчихсан байсныг би ажлаас нь гаргаад би зээлийг чинь төлнө гэж хэлээд хөдөө мал маллаж, тусдаа гарч хамт байна гэж хэлээд ажлаас нь гаргачихсан байсан юм. Тэгээд би эхнэрээ авчираад аав ээждээ хэлж гэр бариулж, 2019 оны 06 дугаар сарын 07-нд тусдаа гарсан юм. Тэгээд манай эхнэрийн цалингийн зээл төлөх болоод мөнгөний хэрэг гараад би хүнээс мөнгө сурсан боловч олдоогүй юм. Тэгээд аавын төрсөн ах болох Т-ын адуунаас тусдаа явдаг хонгор халзан зүсмийн соёолон насны морь, зээрд халзан зүсмийн хязаалан үрээ, хонгор халзан зүсмийн соёолон насны морь зүүн гар талын хойд хөл бэлэвсэн, Сартай хонгор зүсмийн соёолон насны морь, зэгэл хонгор халзан зүсмийн бүдүүн морь бүгд зүүн гар талын гуяндаа нүдтэй дан сар , ташаан дээрээ мөн нүдтэй сар, баруун гар талынхаа ташаан дээр мөн нүдтэй саран тамгатай эдгээр адууг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг Хөндлөнгийн айраг гэх газраас бэлчээрт байхад нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны орой 17 цаг өнгөрч байхад байх цэнхэр өнгийн Даюун маркийн улсын дугааргүй, мотоциклоор хөөж Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Унганы ам” гэх газар авчраад эзэнгүй чулуун хороонд хашиж орхиод маргааш өглөө нь аймгаас Батнасан, Онихуай гэж дууддаг Ганбаяр ах нарыг машинтай нь дуудаж адуу байгаа газраа аваачиж адуугаа ачаад Хэнтий аймаг орж Нараагийн бойнд оруулсан. Тэгэхдээ малын бичгийг малаа зарсан ченж Ширчинд миний өөрийн морьд байгаа юм. Би өөрөө малын “А” дансгүй байгаа. Учир нь саяхан тусдаа гарсан учраас малын “А” данс нээлгэж амжаагүй юм. Ямар нэгэн асуудал байхгүй. Хулгайн мал биш гэж хэлсэн. Тэгээд Ширчинд 5 адуугаа нийт 3.600.000 төгрөгөөр зарж борлуулаад мөнгөө 600.000 төгрөгийг нь бэлэн авч 3.000.000 төгрөгийг нь эхнэр Мичидмаагийн дансаар авсан. Тэгээд эхнэр мөнгөөрөө зээлээ төлсөн. Батнаран ахад хөлс гэж 140.000 төгрөг бэлнээр өгсөн. Батнаран ах 13-00 ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машинтай юм. Ганбаяр, Батнаран ах нар хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би тэр хоёрт манай тамгатай адуу байгаа биздээ гэж хэлж байсан. Тэр хоёр манай адууны тамгийг мэддэг юм. Тэгээд надад итгэсэн байх. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны орой 17 цаг өнгөрөөгөөд гэрээсээ адуугаа харна гэж гараад шууд “Ширээгийн булаг” гэх газарт очоод урд толгой дээр нь Т ахын зэгэл хонгор зүсмийн азаргатай адуу байхаар нь очиж морьд, байдас, дан үрээг нь ялгаж хөөх гэтэл адуу нь салахгүй байхаар нь бүгдийг нь хамт хөөгөөд Хэнтий аймгаас зүүн тийш 6-7 км зайтай эзэнгүй айлын саравч байхаар нь адуугаа бүгдийг нь хашиж байгаад азарга, унагатай гүүнүүдийг нь ялгаж гаргаад 14 тооны адууг нь үлдээгээд Батаа ахын 98708909 утас руу Батаа ахтай ярья гэхэд эхнэр Оюунгэрэл нь утсыг нь аваад Батаа ах чинь согтуу унтаж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь дахин Батбаяр ахын утас руу залгаад “Та надад малын бичиг аваад өгчих. Би малын “А” дансгүй учир болохгүй байна. Саяхан гэр барьж найр хийхдээ хүнээс мөнгө зээлсэн байсан учир хүмүүс мөнгөө нэхээд байна. Та 14 адууны бичиг аваад өгчих” гэж гуйсан чинь Батбаяр ах хулгайн адуу биш биздээ гэхээр нь би “хулгайн адуу биш ээ өчигдөр тантай ярих гэсэн чинь танай эхнэр утсыг чинь аваад таныг согтуу унтаж байна гээд байсан юм. Тэгээд би өглөө эрт залгаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь Батбаяр ах би гүүрээр гараад очьё гэсэн. Тэгэхдээ би Батбаяр ахыг ирэхдээ эмээлтэй ирээрэй гэсэн. Тэгээд Батбаяр ах ногоон өнгийн мотоцикльтой  ирээд манай голын урд мотоциклоо орхиод би хээр зүсмийн морь, Батбаяр ах том хонгор халзан зүсмийн морь барьж унаад бусад адууг нь нэг нэгээр барьж хүзүүгээр нь холбоод наашаа явж байхад төмстэй хар үрээ нь холбоогоо тасалчихаар нь би шууд хөөж гол гаргаад аймгийн зүүн захын Нараагийн бойны хашаанд оруулж барьсан. Тэгээд бойны хашаанд байхад нь малын бичгийг Батбаяр ахын эхнэр Оюунгэрэл авсан байх. Би бойны хашаанд оруулж өгөөд яваад өгсөн. Тэгсэн Оюунгэрэл эгч над руу залгаад цагдаа ирээд бойнд оруулахгүй байлгаж байна бай гэж байна. Чи яваад тамгаа аваад ир гэсэн юм. Тэгээд би тамгандаа яваад орой 18 цагийн үед ирсэн. Тэгэхэд бойнд оруулаад дуусаж байсан. Тэгээд би Батбаяр ахын эхнэр Оюунгэрэлээс бэлнээр 10.500.000 төгрөг тоолж аваад үлдэгдэл мөнгө нь хүрэхгүй байна маргааш авахаар болсон гэж хэлэхээр нь за за гээд тэр хоёроос салаад найз Сүхболдтой утсаар яриад найз Баярхүүгийнд очиж хоносон. Гэрт нь хүн байгаагүй. Гэрийнх нь түлхүүрийг хамаатнаас нь авсан юм. Тэгээд маргааш өглөө нь Оюунгэрэл эгч 10 цаг өнгөрөөгөөд “Эвт” худалдааны төвийн АТМ-ээс үлдэгдэл 3.600.000 төгрөг авч өгсөн. Тэгээд би мөнгөө аваад ангийн багш Цэнд-Аюушаас авсан 2.500.000 төгрөгөө 4.500.000 төгрөг болгож өгсөн юм. Би Цэнд-Аюуш багшаас анх 2.500.000 төгрөг авахдаа шүдлэн насны ямаа өгнө гэж 2019 оны 03 дугаар сард авсан юм. Тухайн үед нэг ямаагаа 25000 төгрөгөөр бодож 100 ямаа өгнө гэж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөхдөө ямааны мах үнэтэй болоод байна. Мөнгийг нь өгье гэж хэлээд эхэлж 4.500.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг нэмж өгсөн юм. Тэгээд үлдэгдэл мөнгөөрөө гэртээ нарны аккумлятор, толь, ойр зуурын хувцас болон хэрэглээний эд зүйлс авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/

 “...Би 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Бор хоолой” гэх газраас өөрийн аавын төрсөн ах Т-ын адуунаас хонгор морь-3, хонгор халзан соёолон насны морь-1, зээрд халзан хязаалан үрээ-1 нийт 5 тооны адууг салангад явж байхад нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклоор тууж хулгайлж Ганбаярын хонины хашаанд хашсан. Өглөө эрт Ганбаяраар аймаг руу ачуулах унаа олуулж Хэнтий аймаг руу ачуулж Ширчин гэх ченжид зарсан. Тэр 5 адууны мөнгө 3.600.000 төгрөг болсон. Тэгээд 3.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Мичидмаагийн дансруу хийлгэсэн. Тэгээд эхнэртээ бол өөрийн адуунаас ажиллаж зарлаа гэж хэлсэн. Би 600.000 төгрөгийг бэлнээр авч зарцуулсан...Би Түмэннаст гэх хүн дээр 3 настайгаасаа өссөн. Тэгээд 18 нас хүрээд цэрэгт явж ирээд Түмэннаст гуай дээр очоогүй. Уг нь  би энэ адуунуудыг өөрөө унаж эдэлдэг байсан юм. Тэгээд өөрөө хэлэхгүйгээр хэрэглэж болно гэж бодоод хулгайлчихсан юм... Би Ганбаяр ахаар унаа олуулсан юм. Жолоочийн нэрийг нь Батнасан гэх хүн байсан...Би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/ 

 “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ буруу ярьж байсан. Сүүлийн мэдүүлэгтээ үнэнээр нь хэлсэн. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Заан ширээ” уулын зүүн хойд тал Бор хоолойн зүүн талд байрлах Хөндлөнгийн айраг, Бор хоолой хоёрын завсар нутгаас авсан. Энэ газар бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг юм байна лээ...Би хохирлоо төлчихсөн...Би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн  60-61 тал/

3. Гэрч М.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Адуу зарсаны ар дээр буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А Мөнх-Алдарт мөнгө өгч байхыг харсан. Миний бодож байгаагаар 1.000.000 төгрөг өгсөн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63, 65 тал/”

 

4. Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би адууны махны мөнгө гэж бэлнээр 10.000.000 төгрөг А-д авч өгсөн. Тэр мөнгөнөөс Мөнх-Алдарт мөнгө өгч байгаа харагдсан. Би яг нарийн тоог бол мэдэхгүй байна . Нүдэн баримжаагаар 1.000.000 орчим төгрөг өгсөн байх. Би адууны махны мөнгө болох үлдэгдэл 3.650.000 төгрөгийг маргааш нь нөхөр М.Батбаярын дансруу хийлгэж картнаас нь 3.000.000 төгрөгийг Анжкад өгсөн. 650.000 төгрөгийг нөхрийн ах Цогтбаярт өгсөн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 тал/“

5. Гэрч Т.Эрдэнэдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газарт иргэдээс ирсэн мал мах, болон хөдөөгүүр хаягаар явж амьд мал худалдан авч борлуулдаг юм...Би тухайн үед мөнгийг нь дансруу хийе гэсэн чинь нөгөө хүүхэн бэлнээр авъя гээд байсан бөгөөд миний мөнгө бэлнээр хүрэхгүй байсан учир 10.500.000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 3.508.000 төгрөгийг маргааш нь би махаа зарж байгаад хүний данснаас дансруу нь хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 тал/”

6.  Гэрч П.Мөнх-Алдарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр хугацааг нь сайн санахгүй байна. А  гэх залуу өглөө 08 цагийн орчимд надруу утсаар залгаад “Эхнэр хүүхдийг маань хөдөө гэрээс аваад аймаг хүргээд өгөөч. Тэгээд хэдэн адуу аймаг руу оруулж зарах гэсэн юм. Мөнгийг нь өгөөд цуг туулцах хүн олоод өгөөч гээд дахин дахин залгаад байхаар нь би өөрийн хамаатны ах Батболорт “Хүнд адуу туулцаад өгчих. Мөнгийг нь өгнө гэж байна” гэж хэлтэл ах зөвшөөрсөн. Тэгээд би ахыг гэрээс нь аваад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах А-ийн гэрт нь очиж Батболорыг буулгаад А-ийн эхнэр хүүхдийг нь аваад аймаг хүргэж өгсөн. Тэрнээс хойш А-тай холбогдоогүй. Дараа Батболортой уулзаж ярилцахдаа тэр туусан адуу малны талаар огт асуугаагүй. Би ямар учиртай адуу хөөсөн талаар мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71 тал/

7.  Гэрч М.Батболорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр өглөө 11 цагийн орчимд Мөнх-Алдар манайд ирээд надад хандаж “Хэдэн адуу туулцаад өгөөч хүн нь хөлсийг нь өгнө гэж байна” гэж хэлэхээр нь зөвшөөрч Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагруу явсан. Аймгаас 100 орчим километр зүүн урагшаа явсан. Тэгээд намайг очиход А эхнэр, хүүхдийн хамтаар гэртээ байсан. А-ийн эхнэр хүүхдийг Мөнх-Алдар Хэнтий аймаг руу аваад буцсан . Тэгээд Мөнх-Алдарыг хөдөлснөөс хойш удалгүй ногоон өнгийн /өнгийг нь сайн санахгүй байна/ даюун маркийн мотоцикльтой А-ийн хамтаар /цагийг нь сайн мэдэхгүй байна/ гэрийнх нь гаднаас баруун урагшаа 30 орчим километр яваад засмал замын хойд талд ирсэн. Засмал замын хойд талд хуучин зам ангийн байгууламж байсан. Тэр зам ангиас баруун хойд талд хонгор азаргатай 20 орчим тооны зөв талын ташаан толгой, гуян дээрээ нүдтэй саран тамгатай адуунуудыг баруун хойд зүгт хөөсөн. Хөөж яваад шөнийн 23 цагийн орчимд голын урд талд нэг айлын хаваржаанд тууж явсан адуугаа хашсан. Тэгээд А бид хоёр адуугаа манаад хоносон. Өглөө 07 цагийн орчимд бүдүүн адуунуудыг нь А-ийн хамтаар ялгасан. Бүдүүн болон сувай адууг нь ялгахад 14 тооны адуу болсон. Тэр дундаас 2 номхон морь А бариад хазаарласан. Тэгээд бид хоёр зайдан унаад үлдсэн адуугаа туугаад голын салаа гарахад голын хойд эрэг дээр Батаа гэх айл байсан. Шууд тэднийд очсон. Батаагийн гэрээс 2 эмээл авсан. Анжка голын урд үлдээсэн мотоциклоо авна гээд Батаагийн гэрт үлдсэн. Тэгээд Батаа бид хоёр 14 тооны адууг хөөгөөд Хэнтий аймгийн төвийн хамгийн зүүн талд байрлах бойнд өдөр 12-13 цагийн орчимд ирсэн. Тэгээд Батаа надад 40.000 төгрөг хөлс гэж өгсөн. Тэр үед цагдаагаас Батжаргал гэдэг хүн ирээд тэр адууг шалгаад байхаар нь би хулгайн адуу ирсэн байна гэж бодсон. Би хөлс болох 40.000 төгрөг аваад шууд гэртээ харьсан... Амьдралын эрхээр өөрийн адуугаа махлаж зарж байгаа юм гэж хэлсэн... Бойн дээр цагдаа ирэхээр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-76 тал/

8. Гэрч Э.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад 5.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 1,2-ны орчимд бол өгсөн нь үнэн. 2019 оны 03 дугаар сарын эхээр надаас 100 борлон худалдаж авч өгнө гэж гуйсаар байгаад 2.500.000 төгрөг авсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын эхээр ирэхдээ “Би шинэ гэр бариад мал авах боломжгүй болчихлоо. Таньд одооны ханшаар 100 борлонгийн мөнгөө өгчихье тэгэх үү” гэхээр нь би “Би хүнд борлон авч өгнө гээд наад мөнгийг чинь гуйж авсан юм ш дээ. Чи авч өгөх боломжгүй юм уу?” гэж асуухад “Би өөрөө шинэ гэр бариад тусдаа гарсан. Өөрөө  мал авах санаатай байгаа учир боломжгүй байна” гэж хэлэхээр нь “За тэгүүл тэгдээ” гэж хэлээд 5.000.000 төгрөгийг авсан. Би А-ийг хулгай хийх хүүхэд биш гэж боддог юм...Би цагдаа дээр ирээд А-ийг хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байгааг мэдлээ. Надад өгсөн 5.000.000 төгрөгнөөс анх зээлсэн 2.500.000 төгрөгийг аваад үлдэгдлийг хүлээлгэж өгье. Би тэр мөнгийг огт үрээгүй. Дансанд хийсэн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/”

9. Гэрч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2016 оноос эхэлж Баянхутаг сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байна...Танина...Миний хариуцдаг “Заан ширээ” гэх газарт амьдардаг юм...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг бөгөөд “Заан ширээ” уулынхаа зүүн хойд талд байдаг юм...Тиймээ А  буруу ярьсан байна. Хөндлөнгийн айраг гэх газар бол Заан ширээ уулаас зүүн хойд зүгт байдаг. Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/ ”

10. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 14060033 дугаартай: “...14 тооны адууны зах зээлийн үнэлгээг 11.650.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-110 тал/”

11.  Гэрч Б.Ширчингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газарт иргэдээс ирсэн мал махыг үнэ тохирч худалдан авч Улаанбаатар хот “Хүчит шонхор” зах руу явуулж зарж борлуулдаг ажил хийдэг юм...Би А-ээс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 тооны адууг худалдан авч байсан. Өөр ямар нэгэн мал мах худалдан авч байгаагүй. Дээрх адууны зүс гэвэл голдуу хонгор зүсмийн адуу байсан. Би нэг бүрчлэн зүсэлж мэдэхгүй байна. Мал эмнэлгийн бичиг авахдаа бүх адууных нь зургийг ачиж ирсэн машинтай нь А-ийг өөрийг нь зогсоож байгаад авахуулсан байгаа. Адуу нь бүгд ижилхэн тамгатай байсан. Тамга нь дан цэгтэй саран тамгатай байсан. Уг адууг надад зарахдаа би саяхан шинэ гэр барьж айл болоод Малын “А”  дансаа нээлгэж амжаагүй учраас малын бичиг авч чадахгүй байна. Та бичиг аргалаад өгөөч гэхэд нь би “дараа нь ам хэл болвол яах юм бэ” гэсэн чинь А “Би өөрийнхөө адууг зарж байгаа юм.Та санаа зоволтгүй. Бүгд ижил тамгатай. Манай адуу. Хулгайн адуу биш” гэж хэлээд гуйгаад байхаар нь би А-ийг малын “А” дансаа нээлгэж амжаагүй юм байна гэж ойлгоод мөн бүгд ижил тамгатай адуу байхаар нь нөхөр Г.Амаржаргалын нэр дээр мал эмнэлгийн бичиг авч адууных нь зургийг нэг нэгээр нь авч А-ийг ирсэн машинтай нь хамт зургийг нь авч угаалган цагдаагаар бичгээ баталгаажуулж адуу нь нийт 538 кг болж 6500 төгрөгөөр бодож нийт 3.600.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь эхнэрийнх нь дансруу 2.000.000 төгрөгийг нь хийж үлдэгдэл 1.600.000 төгрөгийг нь өөрт нь өгсөн. Дансны дугаарыг нь бол одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/

12.  Гэрч Г.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг гэрт байж байхад манай эхнэр Ширчин танил А гэдэг хүнээс 5 адууны махыг нийт 3.600.000 төгрөгөөр авсан байсан. 2.000.000 төгрөгийг нь би “Эвт” худалдааны төвийн “”Хаан банк”-ны АТМ-ээс эхнэрийн 5638022195 дугаарын данснаас А-ийн эхнэрийн дансруу хийсэн. Одоо тухайн дансыг санахгүй байна. Үлдсэн 1.600.000 төгрөгийг нь бэлнээр А өөрөө аваад явсан...Малын бичиггүй гэхээр нь манай эхнэр бойны малын эмч Шүрэнцэцэгээс авсан байсан...Манай эхнэрээс А нь өөрийнхөө адуунаас авчирсан юм .Та малын бичиг аваад өгчих гээд гуйгаад байхаар нь авч өгсөн гэж манай эхнэр надад хэлсэн. Хулгайн малын мах гэж мэдээгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 тал/

13.  Гэрч Ц.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би тухайн өдөр өөрөө жолоодож явсан. Би 13-00 ХЭА улсын дугаартай автомашинаар ачаа ачиж мөнгө олдог юм. Тэр өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баагийн хоолой” гэх газраас газарт оршин суух Онихуай хочит Ганбаяр надруу утсаар залгаад “Ачаа ачих уу” гэхээр нь би “ачъя” гээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баагийн хоолой” гэх газарт Ганбаярын гэрийн гадаа очсон. Би ачаа ачихаар Ганбаярын гэр рүү явахдаа эхнэр Наранчимэгийг дагуулж явсан. Намайг очиход гэрт нь Ганбаяр, эхнэр, хүүхдүүд нь мөн А хочит А нар байсан. Ганбаярын гэрийн гадаа 5 тооны адуу хонины хашаан дотор нь уясан байсан. Тэгээд тэр 5 тооны адууг Ганбаяр, А бид гурав ачих гээд чадахгүй байж байхад нэг танихгүй залуу малд явж байгаа гээд ирэхээр нь А адуу ачилцаад өг гэж гуйсан. Бид 4 адуугаа ачсан. Адуугаа ачиж дуусгаад эхнэр Наранчимэг болон адууны эзэн гэх А гэх залуугийн хамтаар Хэнтий аймгийн чиглэлд явсан. Тэгээд А-аас явах замдаа гарал үүслийн бичгийг нь асуухад “Ямар ч асуудал байхгүй. Бичгийг нь хүн авчихсан. Тосоод хүлээгээд байж байгаа” гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвийн урд талын Хэрлэнгийн гүүрний урд 1 км орчим зайд приус-10 маркийн саарал өнгийн автомашинтай махны ченж гэх 1 хүүхэн араас дагаад яв гээд гүүрээр оруулсан. Тэр үед цагдаа байгаагүй. Тэгээд Нараагийн бойн дээр адууг буулгасан...Би тэр А гэгчийг сайн танихгүй зүс мэднэ. Аав нь Бааяа гэх хүн байдаг юм. Өөрсдөө давгүй малтай хүмүүс гэж мэддэг учир тэр 5 тооны адууг ачсан юм...А өөрөө гарал үүслийн бичиг аймгаас авах юм гээд яриад байхаар нь итгээд ачсан юм ...Ачуулж байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-88/

14.  Гэрч Ц.Мичидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын дундуур хурдан удмын азаргаа 5 тооны адуугаар солиж зарсан гээд 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би тэр үед хотод биеэ үзүүлж явж байсан юм. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр миний бие өвдсөн юм. Тэр үед А  адуу зарж мөнгө олъё гэж ярьж байсан. Тэгээд аймгаас Мөнх-Алдар ах танихгүй хүнтэй цуг саарал өнгийн приус маркийн автомашинтай манай гэрт 11-12 цагийн орчимд ирсэн. Тэгээд тэр танихгүй хүнээ үлдээчихээд намайг охинтой минь аваад Хэнтий аймаг явсан. Гэрт Мичиднаран 14 настай, Мөнххүслэн 9 настай хоёр хүүхэд болон А, тэр танихгүй ах  4 үлдсэн. А ярихдаа “Араач чинь хэдэн адуу туугаад оруулж заръя даа” гэж хэлээд үлдсэн. Тэгээд араас 1 хоногийн дараа аймаг дээр ирсэн. Ирэхдээ хэдэн адуу зарсан гээд 1.500.000 төгрөг өгчихөөд хөдөө байгаа хэд хэцүүдлээ гээд яваад өгсөн. Мөн 2019 оны 08 дугаар сарын эхээр өөрийн адуунаас зарлаа гээд 3 тооны адуу зарсан . Тэр нь 1 сая гаран төгрөг болсон. Тэр 3 адууг хөдөө гаднаас Сүхээ ахын автомашинд ачиж авч ирсэн. Өөр адуу мал зарсан талаар мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-97 тал/

15. Гэрч А.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би бага байхаас нь мэднэ.Миний хуурай дүү байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өглөө эрт А 5 тооны адууг манай хонины хашаанд хашсан байсан. Намайг “Ачуулах машин олоод өгөөч. Мөнгөний хэрэг гарчихаад өөрийн хэдэн адуугаа зарах гэсэн юм”  гэхээр нь би танил Батнаранруу ярьж зуучилж өгсөн. Манай гэр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бор хоолой” гэх газарт байдаг...Үгүй ээ мэдээгүй...Хонгор голдуу адуу байсан. Бүгд өөрийнх нь сартай нүдэн тамгатай адуу байсан. Ганцаараа хөөж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-91 тал/

16. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14060033 дугаартай: ”...5 тооны адууны зах зээлийн үнэлгээг 4.400.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 113-114 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ч.А-ийн  бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-д 16.050.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ч.А нь бусдад учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогч С.Т-ын /хх-ийн 48, 49 тал/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Ч.А гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклыг  ашигласан байх тул хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 38 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Г-ийг  бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-лд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.А-ийн баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 38 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.    

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.А-лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.          

 

 

ДАРГАЛАГЧ                            Д.ГАНЗОРИГ