Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:174/2019/0248/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                       М.Мичидмаа,

Улсын яллагч                                                       М.Гэрэлбадрах,

Шүүгдэгч өмгөөлөгч                                          Д.Зулаа /онлайнаар/,

Шүүгдэгч                                                               Б.Б

    

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1930... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25 нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Цайртын 2 дугаар байрны 202 тоотод өсвөр насны Х.Ц-г зодож, гарын хурууг заазуураар огтолно хэмээн айлган сүрдүүлж, хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25 нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Цайртын 2 дугаар байрны 202 тоотод өсвөр насны Х.Цыг зодож, гарын хурууг заазуураар огтолно хэмээн айлган сүрдүүлж, хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдэн авсан болох нь:

 

Өсвөр насны хохирогч Х.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой Баруун-Урт сумын 2 дугар баг Цайртын байрны 2 дугаар байрны 202 тоотод байх найз болох Баярцогтын гэрт хонохоор 18 цагийн үед очсон юм. Тэгээд бид 3 хамтдаа гар утсаар тоглож байгаад хичээлээ хийсэн. Орой 22 цагийн орчим бал дуусаад бал авахаар дэлгүүр гарсан юм. Тэгээд “Нархан” дэлгүүр рүү явж байсан чинь Цайртын байрны хойд талын засмал зам дээр согтуу, танихгүй хүн зүүн талаас ирж байсан юм. Бид нартай зөрж өнгөрснөө “хөөе” гээд дуудсан. Тэгснээ бид нарыг хөөхөд Баярцогт салаад урагшаа Цайртын хашаа руу орсон байх. Сүхбат бид хоёр хойшоо гүйгээд зугтсан. Тэгээд тэр ах Сүхбатыг барьж аваад Баярцогтын гэр рүү явсан юм. Гэрт нь орсон чинь тэр ах намайг шууд алгадсан. Тэгснээ Сүхбат бид хоёрыг хоол хий гээд бид хоёр будаатай шөл хийсэн юм.Хоолоо идчихээд тэр согтуу ах намайг утсаа өгчих гэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь намайг хоёр удаа өшиглөж, шилбэ рүү нэг удаа цохисон юм. Тэгээд “утсаа өг өгөхгүй бол заазуураар гарыг чинь огтолно шүү” гээд айлгаад байсан. Тэр хүн намайг утсаа өгчих гэж хэлэхээр нь би “үгүй” гэсэн чинь 00-д оруулаад “утсаа өгчих” гэхэд нь би дахиад үгүй гэсэн юм. Тэгсэн чинь тэр согтуу хүн “утсаа өгөхгүй бол заазуураар хурууг чинь огтолно шүү” гэж хэлсэн. Би айсандаа гар утсаа өгсөн. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ сандраад заазуур барьсан гэж мэдүүлэг өгсөн байна. Гал тогооны ширээн дээр байсан заазуурыг харчихаад “Заазуураар гарыг чинь огтолно шүү” гээд байсан юм. Тэрнээс заазуур бариагүй юм. Тэр ах шөнө бараг 03 цаг болж байхад Баярцогтын гэрээс гарахдаа надад “эгчдээ утсаа алга болгочихсон гээд хэлчих” гэсэн. Тэгээд Баярцогтыг гаргаад өг гээд гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Гэрч М.Баярцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр аав ээж байхгүй би гэртээ ганцаараа байсан. Тэр өдөр би найзд Сүхбаттай гэртээ ирсэн. Тэгтэл Х.Ц 19 цагийн үед манайд ирсэн. Бид 3 хамтдаа гар утсаар тоглож байгаад Х.Ц баланд дэлгүүр гарсан, араас нь Сүхбат гарсан. Тэр хоёрыг орж ирэхгүй байхаар нь би араас нь гартал Цайртын хойд талын засмал дээр согтуу танихгүй ах Сүхбатыг барьчихсан, Х.Ц дагачихсан, согтуу хүн манай гэрийн түлхүүрийг бариад ирж байсан. Намайг гэрээ онгойлго гээд манайх руу орсон. Манайд орж ирээд согтуу ах Х.Цыг “юу хийж тэнээд яваад байгаа юм” гээд алгадсан. Тэгээд тэр ах “хоол хий” гэхээр нь Х.Ц, Сүхбат хоёр будаатай хоол хийсэн. Хоол хийгээд дуусахад 03 цаг өнгөрч байсан. Согтуу ах Х.Цыг “гар утсаа өг, өгөхгүй бол миний утсыг авна” гээд байсан. Тэгээд тэр ах Х.Цыг 00-н өрөөрүү дагуулж орсон. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд гарч ирээд Х.Цт тэр ах хэлэхдээ “ах нь чиний утсыг авбал чи эгчдээ юу гэж хэлэх вэ” гэж хэлэхээр нь Х.Ц “алга болгочихсон гэж хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд утсыг нь халаасандаа хийгээд намайг гаргаж өг гэж надад хэлсэн. Тэгээд би гаргаж өгөөд тэр ах явсан. Бид 3 найзууд юм. Бид нар урьд нь гадаа тоглож байхдаа би түлхүүрээ Сүхбатын халаасанд хийгээд аваагүй байсан юм. Маргааш нь хичээлтэй байсан учраас бал авах гээд дэлгүүр гарсан. Согтуу ах намайг 00-д дуудаад “ах нь энэ хоёрыг айлгаж байгаа юм” гэж хэлсэн. Сүхбат, Х.Цыг 2-3 удаа нүүр рүү нь цохиж алгадсан байх. Манай гэрээс юм аваагүй. Х.Цын гар утсыг аваад гараад явчихсан. Намайг зодоогүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11тал/,

 

Гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баруун-Урт сумын 2 дугаар баг Цайртын байранд найз болох Баярцогтын гэрт 19 цаг өнгөрөөд очсон. Манай найз Х.Ц удалгүй ирсэн. Тухайн үед Баярцогт надад манай аав, ээж байхгүй байна өнөөдөр манайд хоночих гэхээр нь би тэднийд очсон. Тэнд бид гурав утсаар тоглож байгаад 22 цагийн орчим дэлгүүрээс балны запас авахаар гарсан юм. Цайртын байрны хойд талын засмал зам дээр “Нархан” дэлгүүр рүү орж явахад 1 хүн “хөөе, нааш ир” гэж хэлэхээр нь бид нар зугтаад би тэр хүнд баригдсан. Тэр хүн надаас “хэний хүүхэд вэ гэр чинь хаана байдаг вэ, халаасанд байгаа зүйлээ гарга” гэж хэлэхээр нь би за гээд Баярцогтын гэрийн түлхүүрийг гаргасан юм. Айсандаа Баярцогтын гэрийг зааж өгсөн. Баярцогтын гэр рүү явж байхад нөгөө хоёр хүрээд ирсэн. Гэрт нь ороод тэр согтуу ах Х.Ц-г таньдаг бололтой алгадсан. Х.Ц-н эгч нь тэр ахтай үерхдэг байсан гэсэн. Тэр ах Х.Ц-н “хоол хий” гээд бид хоёр будаатай шөл хийсэн.Тэгээд Х.Ц-г “гар утсаа өгчих” гэхээр нь үгүй гэсэн чинь “заазуураар хурууг чинь тасална шүү” гээд айлгаад байсан. Би бас айгаад гар утсаа хөргөгчин доогуур хийсэн. Тэгээд тэр ах хоолоо идчихээд зурагт үзэж байгаад Х.Ц-н утсыг аваад шөнө 04 цагийн үед гараад явсан. Тэр ах намайг 1, 2 удаа цохисон. Тэр ах нэлээн согтуу байсан. Баярцогтыг цохиж зодоогүй. Х.Ц-г 2 удаа цохисон. Хурууг чинь тасална шүү гэж айлгасан. Х.Ц-н утас цэнхэр өнгийн утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  12 тал/,

 

Яллагдагчаар Б.Б-н өгсөн:...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танил ах болох Тулгатайгаа таараад “Гүн булаг” гэх нэртэй пааб руу ороод 3, 3  шилтэй пиво уугаад тэндээсээ гарч “Стар” гэх нэртэй бааранд орсон. Тэнд ороод архи пиво уусан. Ямар нэртэй архи, пиво ууснаа санахгүй байна. Тэгээд тэндээсээ гараад “Биллион” бааранд орж дахиад архи уусан. Тэгээд тэрнээс цааш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь гандагийн урд саравчинд байсан. Тэгэхэд өглөө болсон байсан. Миний халаасанд хөх цэнхэр өнгөтэй / маркийг нь сайн санахгүй байна/ андройд утас байсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. 16 цагийн орчим нэг цагдаа орж ирээд “ чи хүүхдийн утас авсан байна. Утсыг нь очоод өгчих, цагдаа руу явъя” гээд намайг аваад гарсан. Тэгээд цагдаа дээр очтол утасных нь эзэн болох өмнө нь надтай үерхэж байсан охиныд амьдарч байсан Х.Ц байсан. Тэрний хажууд нь хоёр танихгүй хүүхэд байсан. Мөн Х.Ц-н төрсөн эгч, багш нь бололтой нэг хүн байсан. Тэгээд гарын үсэг зуруулаад утсыг нь хүлээлгэж өгөөд уучлал гуйгаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

 

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 227 дугаартай: “Х.Ц-н биед зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх магадлалтай. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна... Х.Ц-н биед учирсан гэмтлүүд хоёроос дээшгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,

Б.Б-н ял шалгах хуудас /хх-ийн 74 тал/,

Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 6 тал/,

Эд зүйлийн үнэлгээний коммисын гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7 тал/

Шүүгдэгч Б.Б-н шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхыг ой тоондоо ортол ойлгож байна....гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-н өсвөр насны Х.Ц-г зодож, гарын хурууг заазуураар огтолно хэмээн айлган сүрдүүлж, хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны хохирогч Х.Ц-н “...Би утсаа бүрэн бүтэн авсан. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/, Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 6 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хорих ял оноож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 01 / нэг / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 / нэг / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА