| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2015/00356/И |
| Дугаар | 182/ШШ2016/00810 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2016/00810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК, ,
Хариуцагч: Д.О- нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 28.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Эрдэнэчимэг, хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагч Д.О-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 10 хүний бригадаар ажиллаж, Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн ард байрлах Хаппи таун хотхоны А, С блокын 7.734 м.кв талбайд эмульсийг метр квадрат талбайг 4.500 төгрөгөөр тооцож 34.806.690 төгрөг, А блокын 1604.57 м.кв талбайд хар замаскийг метр квадрат талбайг 3.500 төгрөгөөр тооцож 5.615.995 төгрөгөөр үнэлж нийт 40.422.685 төгрөгийн ажил гүйцэтгэхээр Д.О-тай амаар тохиролцон ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хийж гүйцэтгэсэн. Гэтэл уг компанийн ерөнхий инженер Д.О- нь өөрийн төрсөн ах болох Д.Оюунбаатарын компани болох С ХХК-ийн нэрээр тус ажил гүйцэтгэх гэрээг 1 м.кв фасадны ажлыг 6000 төгрөгөөр тооцож Өндөр буянт ХХК-иас мөнгө авчихсан байсан. Өндөрбуянт холдинг ХХК миний хийсэн ажлын хөлсийг С ХХК-д 2013 оны 12 сарын 30-ны өдөр шилжүүлсэн байсан. Энэ компани нь манайхаас гадна хөөсний компани оруулж ажил хийлгэж байсан. Д.О- нь ажлын урьдчилгаа болгож 9.450.000 төгрөгийг бригадын ахлагч П.О-ын дансанд шилжүүлсэн. Энэ мөнгө ажилчдын хоол хүнс, унааны зардал болсон юм. П.О-ын бригад ажлаа хугацаанд нь сайн хийсэн. Багаж хэрэгслийг хүртэл манай бригад гаргаж байсан. Ажлыг 2013 оны 11 сарын 30-нд хийж дуусгасан. Нийт 35.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн боловч урьдчилгаа мөнгөнөөс өөр мөнгө өдийг хүртэл өгөөгүй, чирэгдүүлж байна. 2014 оны 01 сарын 04-ний өдөр С ХХК-ийн захирал Д.Оюунбаатартай уулзахад би мэдэхгүй Д.О- мөнгийг авсан түүнтэй ярь надад хамаагүй гэсэн. Дараа нь Д.О-аас удаа дараа нэхэхэд би мөнгө олдвол өгнөө түр хүлээж бай гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК Д.О- нараас А, С блок, фасадны 667 м.кв бүхий талбайн ажлын хөлс 28.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шинжээч Эмульсдсэн хана 4572.25 м.кв, үүний 1м.кв-ийг 5212 төгрөгөөр үнэлж 25.628.185 төгрөг, Эмульсдсэн тааз 741.90 м.кв, үүний 1 м.кв-ийг 5212 төгрөгөөр үнэлж 3.866.782 төгрөг, Хар замаска хийсэн тааз 520.74 м.кв, үүний 1 м.кв-ийг 3824 төгрөгөөр үржүүлж 1.991.309 төгрөг, нийт 31.486.276 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан. Үүнээс авсан гээд байгаа 9.450.000 төгрөгийг хасаж 22.036.276 төгрөг болсон ба үүнээс 2.000.000 төгрөг хасаж, 20.000.000 төгрөгийг Д.О-аас, С ХХК-иас 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Д.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О- С ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн эрх зүйн харилцаанд үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажлын хөлсийг төлж дууссан. Бид аман хэлцлээр 15 хоногоор цалингаа өгөхөөр тохиролцсон. Ажлын хөлс 1.800.000 төгрөг өгөөд дараа нь цалинг тухай бүрт нь өгсөн. Хэдэн хүн ажилласныг мэдэхгүй Хаппи таун хотхоны А, С блокт нэхэмжлэгчийн хэлсэн хэмжээгээр ажил хийгээгүй өөр хэсэг хүмүүс компаниуд ажиллаж байсан. Барилгын талбайг нүүр нүүрээр нь тооцож нэг дүнд базаж 5.000.000 төгрөг гэж хийж байсан. Энэ тооцоо бол үндэслэлгүй тооцоо байна. Байшин өөрөө 64 м.кв нийт дөрвөн туслан гүйцэтгэгч байсан. Байшингийн 4 талын хэмжээг ч үржүүлээд энэ дүн гарахгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.О- хариуцагч С ХХК-иас ажлын хөлс 8.000.000 төгрөг, Д.О-аас ажлын хөлс 20.000.000 төгрөг нийт 28.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.О- хэсэг ажилчдын хамт 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2013 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд Өндөр буянт ХХК-ийн Хаппи таун хотхоны А,С блокын 7.734 м.кв талбайд эмульсийг метр квадрат талбайг 4.500 төгрөгөөр тооцож 34.806.690 төгрөг, А блокын 1604.57 м.кв талбайд хар замаскийг метр квадрат талбайг 3.500 төгрөгөөр тооцож 5.615.995 төгрөгөөр үнэлж нийт 40.422.685 төгрөгийн ажил гүйцэтгэхээр Д.О-тай тохиролцож, ажлын хөлс 9.450.000 төгрөгийн хүлээж авсан гэж мэтгэлцэж байна.
Хариуцагч Д.О- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хаппи таун хотхоны А,С блокын талбайг нүүр нүүрээр нь 5.000.000 төгрөгөөр тооцож, 15 хоног тутамд цалин хэлбэрээр П.О-тай тохиролцон нийт 13.800.000 төгрөгийн хөлс төлж тооцоо дууссан нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хэмжээгээр ажил гүйцэтгүүлээгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийнэ. Мөн хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах шаардлага тавиагүй боловч 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар Ажил гүйцэтгэх зарим гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно гэсэн байна. Энэ тохиолдолд маргаж буй барилгын ажил гүйцэтгэх гэрээг Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар …барилгын ажил гүйцэтгэх ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн шаардлагын дагуу талууд гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч П.О-, хариуцагч Д.О- нар барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүйд хэн алин нь маргаагүй, ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй боловч нэхэмжлэгч П.О- хийсэн ажлын хөлсөө Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Дамно ХХК-ийн 2015 оны 08 сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Барилгын заслын ажлыг бэхжүүлэгч түрхэх ажлын хөлс 1 м.кв талбайд 1.115 төгрөг, грунт хийх ажлын хөлс 1 м.кв талбайд 1.487 төгрөг, хар замаск татах ажил 1 м.кв талбайд 3.824 төгрөг, чулуут эмульсээр шүрших ажил нь 1 м.кв талбайд 2.570 төгрөг байхаар ажлын хөлсний үнэлгээг тогтоосон байна.
Ю Би Пропертиз ХХК-ийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Эмульсдсэн хана 4572.25 м.кв, эмульсдсэн тааз 741.90 м.кв, хар замаска хийсэн тааз 520.74 м.кв ажлыг хийсэн болохыг 2 тал зөвшөөрсөн. Бусад ажил маргаантай” гэсэн дүгнэлт гаргажээ.
Хариуцагч С ХХК нь 2013 оны 10 сарын 10-ны өдөр Өндөрбуянт холдинг ХХК-тай Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Хаппи таун цогцолбор барилгын А,В,С,Д блокын барилгын 1-16 давхарт тагтны тэгшилгээ, будаг шүрших, хаалга цонхны амалгаа хийх, шал хийх, хаалга суулгах ажил болон гэрээнд заасан бусад ажлыг гэрээ байгуулсан өдрөөс 2013 оны 12 сарын 22-ныг хүртэл хугацаанд хийх, ажлын гүйцэтгэлээр 33.198.062 төгрөгийн хөлс авахаар бичгээр гэрээ байгуулж, Өндөрбуянт холдинг ХХК нь ажлын гүйцэтгэлд нийт 53.181.000 төгрөгийг С ХХК-д шилжүүлэн өгсөн байна.
Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч С ХХК-тай Хаппи таун цогцолбор барилгын А,С блокын барилгын 1-16 давхрын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.О-ад ажлын хөлс төлөх үүрэг хариуцагч С ХХК-д үүсээгүй байх тул 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.
Өндөрбуянт холдинг ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн Б/184 дугаартай тушаалаар Хаппи таун хотхоны талбайн даамал Д.О-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан /хх-ийн 85 талд/ байна.
Нэхэмжлэгч П.О- нь талбайн даамал Д.О-тай тохиролцож дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргаж байгаа боловч Д.О-ыг гэрээ байгуулах эрх бүхий ажил олгогч буюу захиалагч гэж үзэх боломжгүй байх тул 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй
Нэхэмжлэгч П.О- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 824 дүгээр захирамжаар 246.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан С ХХК-иас 8,000,000 төгрөг, Д.О-аас 20.000.000 төгрөг гаргуулах тухай П.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.О- 246.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ