Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0257/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             М.Мичидмаа

Улсын яллагч                                               М.Гэрэлбадрах,

Шүүгдэгч                                                       Н.Ч  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ч-д холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ч нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр О.Ш-г зодож түүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр О.Ш-г зодож түүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Ш-йн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр саахалт айлын ах Баярсайханы хамтаар сум орж явсан бөгөөд замдаа “Цагаан дэвсэг” гэх газар Төөгөөтэй таарсан үхэр асуусан чинь уржнангийн маргаж байсан талаар яриад, үхрээ бэлчээр идүүллээ гэх зэрэг юм ярьсан. Тухайн үед би архи уусан байсан бөгөөд Төөгөө ч архи уусан байсан. Тэгээд хоёулаа үгээ даахгүй маргалдсан. Тэгээд барьцалдаад автал Баярсайхан салгачихаад яваад өгсөн. Тэгээд дахин бие биенийгээ үгээр идэж зууралдаад би унагаад дээр нь суусан. Тэгтэл миний цээжнээс хазахаар нь би боссон. Тэгтэл миний нүүр рүү цохиод авсан. Би зөрүүлээд цохичхоод мотоцикл руу очих гэхэд миний мотоциклыг өшиглөж унагаад миний фудволканы араас татаж намайг унагаасан, тэгэхээр нь би толгойг нь сугандаа хавчуулаад ууцаар нь тэврээд хойш дартал гуянаас хазсан /тэр сорви нь одоо байгаа/ тэгээд би зууралдахаа больтол дахин намайг цохиод авсан. Би буцаагаад цохисон энэ маягаар зууралдаж нэг хэсэг юм болсон. Тэгтэл харин Баярсайхан ах замын унаанд дайгдсан бололтой зам дээрээс алхаж ирээд салгасан. Салгахын өмнө намайг бас цохиж авсан. Би буцаагаад 1 удаа цохисон.Тэгээд би мотоциклоо унаад сумын руу явсан. Ирээд эмнэлэгт үзүүлсэн.......” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 06дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш Дэлгэрхаан сум орох гээд явж байхад О.Ш замын хажууд гар өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь би буугаад уулзтал ахтай уулзалгүй удсан байна гээд надад нэг лааз пиво өгөхөөр нь би ганц хоёр балгаад буцаагаад өгсөн. Тэгээд л би сум явах гэтэл О.Ш намайг хоргоогоод явуулахгүй надтай нэг шил архи ууя, түрүүлээд явсан Ганаа, Батунай хоёрт байгаа гээд байхаар нь би цуг явахаар болоод араас нь мотоциклтой дагаад яваад 2 км орчим газар яваад Ганаа Батунай нар нь замын хажууд хүлээгээд зогсож байсан, намайг очиход Батунай түрүүлээд явсан. О.Ш надад 1 шил 0.5 граммын Соёрхол нэртэй архи гаргаж өгөхөөр нь О.Ш бид хоёр хувааж уусан. Гэхдээ тэр шилтэй архи нь дуусаагүй үлдсэн Ганаа архинаас уугаагүй. Тэгээд би сум явах гэтэл О.Ш намайг явуулахгүй, миний мотоциклын түлхүүрийг аваад  халаасандаа хийгээд гаргаж өгөхгүй байсан. Би тухайн үед нүүдэл хийж байсан болохоор  яараад байсан. Тэгээд намайг цуг сум яваад ирье гээд байхаар нь цуг явахаар болоод өөрийнхөө мотоциклыг үлдээгээд О.Шгийн мотоциклын ард сундалдаад сумын төв рүү чиглээд явсан. Ингээд Дэлгэрхаан сум руу явж байтал Цагаан дэвсэг гэх газар мөн манай нутгийн Төөгөө гэх залуу мотоциклтой явж байх нь таараад О.Ш уулзсан.Тэгээд О.Ш, Төөгөө нар уулзаад байж байгаад нутаг бэлчээр, үхэр мал ярьж байгаад ам зөрөөд маргалдаж эхэлсэн, энэ хоёр барьцалдаж авах гээд байхаар нь би салгаад байтал миний үгэнд орохгүй байсан. Тэгээд би сумын төв рүү алхаад явлаа гэтэл надад ямар нэгэн үг хэлээгүй, тэгээд би зам дагаад нэлээн явж байтал сумын төвөөс нэг портер машин ирж байх нь таарсан тэгээд би гар өргөж зогсоогоод буцаад нөгөө хоёр дээрээ иртэл нөгөө хоёр эвлэрч байгаа байдалтай гайгүй болсон байсан. Намайг машинаас буугаад очтол О.Ш нь мотоцикль дээрээ  суусан. Тэгээд хөдлөх нүү гэтэл дахин О.Ш,  Төөгөө хоёр маргалдаад эхэлсэн. Тэгтэл мотоцикл дээрээ сууж байсан О.Ш нь Төөгөөг цээж орчимд нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Төөгөө нь буцаагаад О.Ш-ийн толгойд нь нэг удаа цохисон. Тэгтэл О.Ш нь мотоциклоо асаагаад Дэлгэрхаан сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

         Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ДЭлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмч хийдэг. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 35 минутад Дэлгэрхаан сумын Баянхаан багийн харьяат О.Ш хүнд зодуулсан дээгүүрээ нүцгэн, өмсөж явсан фудволк нь урагдаж бүсэлхийгээрээ орсон. Нүүрний баруун талын хөмсөгний дээр зах ирмэг нь тэгш биш 3 см орчим гүнзгий  шархтай, шархнаас нь цус урсаж гарч байсан. Баруун нүдний дээд болон доод зовхи нь хөхөрч хавдсан, баруун нүдний ухархай хэсгээр язраад цус шүүрээд хатсан байсан хамрын уг хэсэг нь хавдаж хөхөрсөн эмзэглэлтэй, хамраас цус гараад хатсан байсан. Баруун талын хацрын яс болон шанаа ясыг дарж үзэхэд эмзэглэлтэй байна гэж байсан. Мөн цээж, нуруу, 2 тал, 2 мөр, бугалаг орчмоор арьс зулгарч улайсан, цээж болон хэвлийгээрээ ямар нэгэн эмзэглэл байхгүй, толгойн оройд үсний хуйханд хатуу хавантай, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт хөхөрч хавдсан байсан. өөрөө хэлэхдээ өшиглүүлсэн гэж байсан....” гэх мэдүүлэг......./хх-ийн 19 тал/

            Гэрчээр Н.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 19-ниы өдөр Дэлгэрхаан сум орж тараг сүү зарчихаад буцаад хөдөө гэр рүү явж байгаад Цагаан дэвсэг гэх газар нутгин ах нар болох О.Ш, Баярсайхан нартай таарсан. Тэгтэл О.Ш нь намайг 1 шил архи авч өг гэж надаас нэхсэн. Би тэгэхээр нь мөнгө байхгүй гэхэд чи тараг сүү зарж байгаа байж яахаараа мөнгөгүй байдаг юм гээд намайг долир хялар гэх зэргээр доромжлоод байсан. Тэгээд би Баярсайхан ахтай адуу мал ярьж байтал О.Ш ах надаас үхэр асуухаар нь би асуусан үхрийг нь хараагүй гэтэл намайг авсан юм биш үү гэж надад хандан хэлсэн. Тэгээд намайг Шарын голд эзэн суух гээд байна уу гэж над руу агсарсан. Тэгээл мотоциклоосоо буусны дараа миний толгойн орой хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь та яаж байна гэхэд цусаар чинь нүүрийг чинь угаана гээд намайг заамдаад авсан. Тэгтэл Баярсайхан ах салгаж байгаад өөрсдөө учраа ол гээд зам дагаад Дэлгэрхаан сум руу явлаа гээд явган алхаад явсан. О.Ш ах намайг явуулахгүй замдаад байсан. Мөн намайг тонгорч унагаагаад байсан. 2 гарыг нь барихаар толгойгоороо мөргөх гээд байсан. Бид хоёр 1 цаг орчим ноцолдсон. Намайг явах гэхээр явуулахгүй надаас зулгаагаад байсан. Тэгээд байж байтал Баярсайхан ах сумын төвөөс хүний машинд сууж ирээд О.Шг надаас салгаад мотоциклыг нь унуулаад явуулсан. Баярсайхан ах бид хоёр гэр гэртээ харих гээд явсан.

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1141 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... О.Ш-н биед баруун хөмсөгөнд язарсан шарх, цээж, гуя, дал, баруун гарын тохой, шуунд зулгаралт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 43-44 тал/

   Н.Ч-н ял шалгах хуудас /хх-ийн 74 тал/

            Шүүгдэгч Н.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Ч-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Чт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Ш нь “гомдол саналгүй, бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд эмчилгээний төлбөр 500.000 төгрөгийг авсан, хохирлын хувьд харилцан тохиролцсон” /хх-ийн 112-114 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ч-т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 1 ширхэг цамцыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150.000, 150.000, 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ч-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ц.МӨНХТУЛГА