| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2016/00345/И |
| Дугаар | 182/ШШ2016/00859 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2016/00859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ц- -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: У- ХХК -д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Э.Жаргал, Т.Цэрэнминжин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У-инд 2014 оны 09 сарын 26-ны өдөр харилцагчийн менежерийн албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 11 сарын 03-ны өдрөөс 2 жилийн хугацаатай харилцагчийн менежерийн үндсэн ажилтнаар дахин байгуулсан. У-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 сарын 31-ний өдрийн Б/98 тоот тушаалаар ажлаас халагдсан. Дээрх тушаалд дурьдсан банкны дотоод журмын 2.14.7, 2.14.8 дах хэсгүүдэд заасан мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан захиргааны итгэл алдагдуулсан, банкны нууц задруулсан данс бүртгэл будлиантуулсан эрх мэдлээ хэтрүүлсэн банкны ажилтны ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр хийгээгүй хэргийг тулган ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажиллаж байх хугацаандаа 2015 оны 7 сард зээл хүсэгч Б.Б-д бизнесийн зээлийг банкны бүх дүрэм, журам зааврын дагуу олгосон байна. 2016 оны 3 сард банкны дотоод аудитын газраас тус зээлийн түрээсийн гэрээ болон бизнес эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолтыг хуурамч гэж үзэн зээлийг буцаан дуудаж, надад болон бусад ажилтнуудад анхааруулах акт өгч байсан. Одоо уг зээл бүрэн хаагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дүгээр зүйл сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг баримталж тушаал гарсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Сахилгын зөрчил давтан гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан банкны хэвийн үйл ажиллагаанд ноцтой хор уршиг саад тотгор учруулахуйц алдаа гаргаж байгаагүй, эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалаа урвуулан ашиглаж банкинд хохирол учруулж байгаагүй бөгөөд ингэж хэлмэгдүүлж ганцхан намайг биш ажилтнуудыг бөөнөөр нь халж байгаад гомдолтой байна.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул У-ны Чингэлтэй салбарын Харилцагчийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч У- ХХК шүүхэд болон төлөөлөгч Э.Жаргал, Т.Цэрэнминжин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Ц.Ц-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч Б.Б-ы гэрийн хаяг нь нэхэмжлэгч Ц.Ц-ын гэрийн хаягтай ойролцоо буюу зөвхөн байрны дугаар, хаалганы тоотоороо ялгаатай. Энэ нь Ц.Ц-, зээлдэгч Б.Б- нар урьд нь танилын болон хувийн холбоотой байхыг үгүйсгэхээргүй байна. Зээлийн материалын зарим баримт бичгүүд дээр зээлдэгч Б.Б-ы гарын үсэг өөр өөрөөр зурагдсан. Харилцагчийн менежер Ц.Ц-ын зээлдэгч Б.Б-ы зээлийн хүсэлтийн дагуу хийсэн. Зээлийн шинжилгээний тайлан, санал, дүгнэлтийн хуудаснаас үзэхэд зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан талаар мэдээлэл огт байхгүй байна. Зээлийн судалгааг зөвхөн зээлдэгчийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, түрээсийн гэрээнд үндэслэн боловсруулсан нь харагдаж байна. Тус банкны Зээлийн эрсдлийн хэлтсээс уг зээлийн материалд 2015 оны 07 сарын 06-ны өдөр дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтийн 1-р хэсэгт зээлийн зарцуулалт “Зээлдэгч нь зээлийн дэлгэрэнгүй зарцуулалтыг ирүүлээгүй бөгөөд харилцагчийн менежерийн судалгаанаас зээлийн зарцуулалт дараах байдалтай байхаар байна...”, дүгнэлт хэсэгтээ “Зээл хүсэгч нь бараа татан авалт хийхдээ холбогдох гэрээ, төлбөрийн баримт зэрэг бараа материал татан авсан талаар нотлох баримт үйлдэггүй гэх бөгөөд нэг удаагийн татан авалтын хэмжээ, давтамж, мөн одоогийн У-инд хүсэлт гаргасан зээлийн бодит зарцуулалт зэрэг мэдээлэл эргэлзээтэй байна.” гэж дүгнэсэн байна. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаарх зээлийн судалгааны гол материал болох Сутайн буянт ХХК-иас ирүүлсэн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн 03/172 дугаартай тодорхойлолт, 2014 оны 08 сарын 11-ний өдрийн “Түрээсийн гэрээ” зэрэг баримт бичгүүд бодитой хийгдээгүй, хуурамч материалууд болохыг Сутайн буянт ХХК-иас 2016 оны 9 сарын 30-ны 01/316 тоот албан бичгээр мэдэгдсэн.
Зээлийн материал дах зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газар гэх фото зургууд дээрхи контейнер нь зээлдэгч Б.Б-ых биш Д.Энхтөр гэх түрээслэгчийн болохыг Сутайн буянт ХХК-иас 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 01/316 тоот албан бичгээр нотолсон. Эдгээрээс дүгнэвэл зээлийн материал дах баримт бичгүүдэд дээрхи ноцтой зөрчлүүд илэрснээс гадна харилцагчийн менежер Ц.Ц- зээлийн судалгааг дутуу хийсэн нь илэрхий харагдаж байна.
Иймд Ц.Ц- нь анхнаасаа хуурамч материалд үндэслэж зээл олгосон, зээлийн судалгааг дутуу хийсэн ноцтой зөрчил гаргасан нь нотлогддог тул ажлаас чөлөөлөх үндэслэл хангалттай бүрдсэн гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Ц.Ц- хариуцагч У- ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч У- ХХК нь ажилтан Ц.Ц- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ
Нэхэмжлэгч Ц.Ц-ыг У- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 сарын 03-ны өдрийн Б/439 тоот тушаалаар харилцагчийн менежерийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж /хх-ийн 30 талд/ байжээ.
Нэхэмжлэгч У- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн Б/98 тоот тушаалаар Ц.Ц-ыг У-ны дотоод журмын 2,14,7, 2,14,8, Ажлын байрны тодорхойлолтын 9.3, Зээлийн үйл ажиллагааны журмын 9.2, 9.3, 9.26, 9.27 дах заалтуудыг тус тус зөрчин удирдлагын итгэл алдан ажилдаа хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь Б/98 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11.2.27.Хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журам зааврыг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан, нууц мэдээллийг задруулсан, ашигласан банкны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан, үүрэгт ажилдаа хайнга, хайхрамжгүй хандсаны улмаас банкинд их хэмжээний хохирол учирсан, учрах нь гарцаагүй болсон, энэ гэрээнд заасан бусад төрлийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн зүгээс ноцтой гэж үзсэн бусад зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 36 талд/ байна.
Ажилтан Ц.Ц- нь зээлдэгч Б.Б-д зээл олгохдоо зээлийн үйл ажиллагаатай холбоотой журам зааврыг мөрдөж ажиллаагүй болох нь Дотоод аудитын газрын “Зөрчлийн акт”-нд “Зээлдэгчийн материалаас харахад Сутайн буянт техникийн захад агуулах түрээслэн хуучин дугуйн худалдаа эрхэлдэг байсан ба бизнесийн үйл ажиллагаатай танилцахаар ажлын байран дээр очиход хаалттай байсан. Ойр орчмын худалдаа эрхлэгчид зээлдэгч Б-ыг огт танихгүй байсан ба Сутайн буянт ХХК-ийн гэрээ хариуцсан ажилтантай уулзахад агуулах түрээслэх гэрээ нь хуурамч гэрээ болохыг хэлсэн. Зээлдэгч Б нь 2016 оны 03 сарын 29-ний өдрийн байдлаар нийт 50 хоногийн хугацаа хэтрэлттэй 4,411,340 төгрөгийн зөрчилтэй байсан” гэх акт /хх-ийн 39 талд/, Ц.Ц-ын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн “зээл хүсэгчийн гэрээ, тодорхойлолт хуурамч байсныг мэдээгүй” гэсэн тайлбар, Худалдаа үйлдвэр, үйлчилгээ, нийтийн зорчигч тээврийн Сутайн буянт ХХК-ийн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн “Иргэн Б.Б-ыг хуучин 114 дугаартай контейнерт дугуйн худалдаа эрхэлдэг тухай тодорхойлолтыг манай байгууллага бичээгүй” гэх албан бичиг зэргээр тогтоогдож байх тул У- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн Б/98 тоот тушаалаар үндэслэлтэй байна.
Иймд Ц.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан У- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Ц.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ