| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0251/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2018-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0251/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар М.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Шүүгдэгч Г.Д, Ч.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д, Ч.Б нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Г.Д-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан,
Г.Д нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Ч.Б-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Г.Дг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Ч.Б-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тэмээгээ хайж яваад сум руу 2 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Тэгээд сумын төв дээр манай найз Наранбаярын гэрт нь очоод хоносон маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд Наранбаярын гэрээс гараад зам ангийн хэдэн хүмүүстэй “ Ханзат” дэлгүүрийн үүдэнд таараад танилцаж сумын төвийн зүүн орой дээр дөрвүүлээ 4 ширхэг 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг ууж дуучихаад Дагва ахын гэр рүү очсон. Гэрт нь ороход Дагва ах согтуу гэрийнхээ хойд талд мах хэрчээд сууж байсан. Тэгээд бид хоёр морь мал уяж байсан тухайгаа ярихдаа Дагва ахад та миний моринд мортуулж гэдэс хийж байсагн гэж хэлсэн. Тэгээд ах уурлаад намайг хажуу талд төмөр хөлтэй модон хүрэн давцантай сандлаар нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд миний хиймэл шүдний дээд талын нэг шүд доод талын шүдний нөхөөс нь хугарсан байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө сандлыг нь аваад толгой хэсэг рүү цохисон. Тэгсэн чинь эхнэр рүү яриад залгаад яриад байсан. Би сонсоогүй ээ. Тэгээд хэвтэж байсан. Удалгүй эхнэр нь орж ирээд намайг ажилтай яваад ирж байхад бөөнөөрөө нийлээд архидсан нэгнийгээ аллаа шүү дээ бөөн цус нөж болчихсон сууж байх юм гээд цагдаа руу дуудлага өгч байсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29 тал/
Хохирогч Г.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 05 цагийн үед боссон. Тэгээд цайгаа чанаад уучхаад байж байхад 08 цагийн үед Жаргалсайханы портер маркийн машинаар хөрзөн ачаад гэртээ сууж байхад эхнэр Сарантуяа аймгаас гарлаа гэхэд нь би гэртээ хоолоо хийх гээд махаа гаргаад байж байхад хуурай дүү Батбаяр гаднаас халамцуу орж ирээд надад агсраад байхаар нь би төмөр сандлаар толгой руу нь 2-3 удаагийн үйлчлэлээр цохьсон. Тэгсэн сандлаа дэргэд нь тавьчихаад махаа хэрчээд байж байсан чинь төмөр сандлаар намайг гэнэтхэн босож ирээд цохичихсон. Тэгэхээр нь би сандлыг нь булааж аваад хажуудаа тавьчихаад мах хэрчиж байсан хутгаа баруун орон доогуураа шидсэн. Батбаяр унтаад өгсөн удалгүй Отгонбаярыг орж ирээд сууж байхад нь эхнэр Сарантуяа Хэнтий аймгаас ирээд юу болсон юм бэ гээд цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 тал/
Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Миний бие 2019 оны 10 дугаарс арын 16-ны 12 цаг 45 минутын үед тамгын газрын машинтай Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Баян-Овоо сум руу хөдөлсөн. Баян-Овоо сум очих замд буюу 15 цагийн үед уртын хоолойд явж байхад манай нөхөр Дагвабаасан өөрийн 98992200 дугаарын утаснаас миний 93154988 дугаарын утас руу залгаад би хутгалуулчихлаа чи хурдан ир гэсэн. Баян-Овоо суманд 15 цаг 25 минутад шууд ажил руугаа орж аймгаас авчирсан бичиг хэргийн материал, болон халагдаж ирсэн цэргийн бичиг баримтуудыг нууцынхаа сейфэнд хийчхээд 15 цаг 40 минутын үед гэр рүүгээ тамгын газрын машинаар хүргүүлэн ороход нөхөр Дагвабаасан пийшингийн хойд талд цусаа гойжуулаад сууж байсан. харин баруун талд нь хул дээлтэй хүн цаашаа хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 483 дугаартай: Г.Дгийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт. /хх-ийн 37 тал/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 484 дугаартай: Ч.Бын биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт. /хх-ийн 42 тал/
Г.Д-н ял шалгах хуудас /хх-ийн 74 тал/
Ч.Б-н ял шалгах хуудас /хх-ийн 61 тал/
Шүүгдэгч Г.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “..:Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн : “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Ч.Б-г зодсон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,
Ч.Б-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Г.Д-г зодсон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Д, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Д, Ч.Б нарыг тус тус Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д, Ч.Б нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй, хүрэн модон давцантай 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч усгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Д, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Д, Ч.Б нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150.000, 150.000, 150.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Ч.Б нарт оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй, хүрэн модон давцантай 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Д, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА