Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1105

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

ХХХХ гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02560 дугаар шийдвэртэй,

                                   

Нэхэмжлэгч ХХХХ гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         ХХХХ

Хариуцагч                                                              ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                      ХХХХ

                                                                                ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 291 тоот шийдвэрээр ХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХ-н гарам салаа замын хойно байрлах мэдээллийн санд нэгж талбарын ХХХХХХХХ дугаараар бүртгэгдсэн, 9 000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай ХХХХХХ дугаартай гэрчилгээг ХХХХ д олгож, газраа хуулийн дагуу эзэмшсээр байгаа билээ. Гэтэл ХХХХ дээрх газар дээр гэр барьж нүүхгүй байгаа бөгөөд энэ талаар газрын албанд өргөдөл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанаас чөлөөлөх тухай шаардах хуудас хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч нүүгээгүй. Газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба, Геодези зураг зүйн газар зэрэг холбогдох байгууллагуудаас авсан лавлагаар маргаан бүхий газар нь ХХХХ гийн нэр дээр гарч байсан. Гэтэл шүүх хуралдаан дээр ХХХХ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн гэсэн тамга бүхий 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204 тоот захирамж болон ХХХХХХ-ийн ХХ дугаар хороо, ХХХ-н гарам задгайд 4 000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаатай олгосон 72235 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд баримтаар гаргасан. ХХХХХХХХХ дүүргийн өмч, газрын харилцааны алба 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаартай албан тоотоор "...Дүүргийн Засаг даргын 2004 оны 204 тоот захирамжаар иргэн ХХХ-д тус дүүргийн ХХ хороо, ХХ тоот хаягтай газарт амины хашааны зориулалтаар 72235 тоот гэрчилгээг олгосон байна. Иргэн ХХХХ-д олгосон гэх ХХХХХ дугаартай гэрчилгээний байршил, хэмжээ нь иргэн ХХХХ гийн эзэмшиж байгаа газартай давхцаагүй болно" гэсэн албан бичиг шүүхэд ирүүлсэн. Мөн тус албаны 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1414 дугаартай албан бичигт "... ХХХХ гээс манай албанд ХХХХ тоот гэрчилгээг хэнд эзэмшүүлсэн, ямар захирамж шийдвэртэй талаар лавлагаа ирүүлсний дагуу дараах хариуг өгч байна. Дүүргийн 2004 оны 204 тоот захирамжаар иргэн ХХХ-д тус дүүргийн ХХ хороо, ХХХ тоот хаягтай газарт амины зориулалтаар 72235 тоот гэрчилгээг олгосон болно" гэжээ. Иймд нэхэмжлэгч ХХХХ гийн эзэмшлийн газар дээр хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр барьсан ХХХ-ийн эзэмшлийн модон шон, блокон суурь, гэр зэргийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэгчийн газар дээр байрлах зүйлсийг албадан чөлөөлөх ажлыг Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны газар зохион байгуулагч ХХХ болон СХД-ийн цагдаа нарын төлөөлөл байлцан шаардсан боловч ХХХ-ийн эсэргүүцлээс болоод өнөөдрийг хүртэл эд юмс нүүгдээгүй, газар бүрэн чөлөөлөгдөөгүй, захирамж хэрэгжихгүй байх тул ХХХХ гийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар буусан хариуцагчийг /гэр, тамбар, дутуу барьсан байшингийн суурь зэрэг зүйлс газар дээр байгаа/ албадан нүүлгэж, удаан хугацаагаар хохирч байгаа нэхэмжлэгчийн газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглах боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2004 оноос эхлэн 384-н гарамд анх задгай гэсэн хаягаар оршин сууж, улмаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр тухайн үеийн засаг дарга, хорооны дарга, хэсгийн ахлагч газрын албаны хүмүүсийн зөвшөөрлийн дагуу өнөөг хүртэл суурьшин эзэмшиж байна. Энэ газартаа байх хугацаандаа тухайн газрынхаа жалга шуудууг Улаан загалмайн шугамаар хамтын хүчээр цэвэрлэн, үерийн далан гаргаж, бусад төрлийн хог новшийг цэвэрлэн арчилж ирсэн. Өөрийн эзэмшлийн газраа хамгаалах зорилгоор ах дүүсийн хамтын хүчээр тойруулан цементэн шонг цутгасан. Амгалан тайван амьдрахын тулд 7.5х6 хэмжээтэй байшинг барьсан болно. Маргаан үүсэхээс урд бид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын иргэний газар эзэмших 72235 тоот гэрчилгээг авсан. Захирамж, шийдвэрийн дагуу өөрийн эзэмшлийн газартаа тайван бүтээн байгуулалт хийх гэхээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны байцаагч ХХХ, хуулийн зөвлөх н.Тулгаа нар нь ХХХХ тэй сүлбэлдэн элдэв янзын хуурамч баримт бүрдүүлж, байнга дарамталж, өөрсдийн албан тушаалыг ашиглаж дайрч давшилж байгаад маш их харамсаж байна. Мөн миний барьсан байшинг эвдэн нурааж, машинд ачиж явах гэж байхад нь тааралдаж зогсоосон, гэрийн бүслүүр тасалсан, тойруулсан шонг эвдэж сүйтгэсэн зэрэг маш их хохирол учруулсанд гомдолтой байгаа бөгөөд энэ хохирлоо тооцож, хуулийн дагуу нэхэмжлэх болно. Газрын аж ахуйн төлбөрөө тухайн үед нь төлөх гээд удаа дараа Газрын албанд очсон боловч байцаагч ХХХ нь өөдөөс ямар нэгэн шалтгаан хэлээд төлбөрийг төлүүлэхгүй байсаар өдий хүрсэн. ХХХХ нь өөрт гаргасан шүүхийн тогтоол, шийдвэр, захирамжийг үл ойшоосон, хуулийг хүндэтгэн үздэггүй, ухамсар дорой тул, энэ хүн миний эзэмшлийн газар луу танил тал ашиглан бүдүүлгээр дайрч, давшилж байгаа тул, биднийг байнга дарамтлан сэтгэл санааны хямралд оруулж, эгч болон үр хүүхдийг давхар хүнд байдалд оруулж байгааг би зохих газарт нь өгч арга хэмжээ авахуулах болно. Энэ хүмүүс бидэнд хохирол учруулж, эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн болохыг бүгдийг нь фото зургаар баримтжуулсан болно. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зїйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ гийн эзэмшлийн ХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХ-н гарам, салаа замын хойно байрлах 9 000 м.кв талбай бїхий газрыг ХХХ-ийн эзэмшлээс албадан чөлөөлөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ХХХХ давж заалдах гомдолдоо:...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204 тоот захирамжаар ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ-ийн гарамын задгайд 4 000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон газар эзэмших гэрчилгээг ХХХХ-д олгосон гэсэн баримт хэрэгт байж байхад ХХХХ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 291 тоот захирамж, миний олон жил суурьшиж байгаа ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ-ийн гарам салаа, замын хойно газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан байгаа нь тухайн үеийн газрын албаны ажилтан ХХХ гэгчтэй хуйвалдаан гаргасан болно. 2004 он, 2014 онуудын хоорондыг харьцуулж үзсэн байдлаар бодоход 8 жилийн урд тухайн газар ХХХ-н ХХ дугаар хорооны харъяалалд багтдаг байхад манайх эрхийн гэрчилгээ аван оршин сууж байсан ба өнөөг хүртэл тухайн газартаа амьдарч байна. Энэ газрынхаа кадастрын зургийг 2008 онд гаргуулан авсан баримт ч шүүхийн материалд байгаа болно. Манайхыг 2004 оноос өнөөг хүртэл энэ газартаа амьдарч байгааг мэдэх хүмүүсийн баримт, баталгаа ч мөн шүүхийн материалд байгаа болно. ХХХХ гийн кадастрын зураг бол хэзээ хойно бидний эзгүйгээр авхуулсан нь нотлогддог. Мөн газар эзэмших эрхийн ХХХХХХХ дугаартай гэрчилгээг ч мөн хэзээ хойно газрын албаны хүмүүстэй хуйвалдан гаргасан нь огноогоор нотлогдож байгаа болно. Манайхыг албадан нүүлгэх гэсэн бичиг нь хүртэл тухайн газрын албаны байцаагч ХХХ хуурамчаар үйлдсэн байдаг юм. Түүнээс шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан нүүлгэх нэг удаа ч тийм захирамж, тоот манайд нэг удаа ч ирээгүй. 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 20174 дугаартай Дүүргийн иргэний анхан шатны 2 дугаар шүүх уг асуудлыг хэлэлцэн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж шүүхийн материалд байсаар байтал шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оноос эхлэн ХХХХ гэгч нөхөр газрын албаны байцаагч ХХХ хоёр хуйвалдан биднийг байнгын дарамтанд оруулж, элдэв янзын хуурамч бичиг баримт бүрдүүлэн дайрч давшилж байгаа нь бидний амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Анх манайхыг буухад тухайн газар нь хог новш дүүрсэн, жалга шуудуу нь мөн хогоор дүүрэн газар байсныг нь би өөрийн ах дүүс болон Улаан загалмайн журмаар хүмүүст хөлс өгч цэвэрлүүлж үер усны шуудуу ухасныг фото зургаар баталгаажуулан хэргийн материалд оруулсан зэргийг шүүх дүгнээгүй, энэ нь шүүгчийн мэдлэг чадвар, туршлагатай нь холбоотой гэж үзсэн учир би гомдолтой байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн,  “…маргааны зүйл болж буй газрын хууль ёсны өмчлөгч мөн” гэж тайлбарлан маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000419748 тоот гэрчилгээний хуулга, газрын байршил кадастрын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулга авагдсан байх бөгөөд уг бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 291 тоот шийдвэрээр нэгж талбарын 8029/5016 дугаар бүхий 9 000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ххххх дүүрэг, хххх дугаар хороонд аж ахуй зориулалтаар ххх гарам салаа замын хойно эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. /хх9-13/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа нотлохоор шүүхэд “Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”, газрын фото зураг зэргийг гаргасан байгаа боловч зургийг “ХХХХ” ХХК-ийн ХХХХгэсэн хүн хэмжсэн гэсэн гарын үсэг, тус компанийн тамга дарагдсан байх бөгөөд энэхүү  баримт нь кадастрын зургийг эрх бүхий байгууллагаар хянуулж, мэдээллийн санд оруулж баталгаажуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно

 

“ХХХХ” ХХК-ийн хийсэн дээрх зураг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Газрын кадастрын судалгааг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж хийж гүйцэтгэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

            Мөн Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанаас иргэн ХХХХг бусдын газарт зөвшөөрөлгүй бууж, хашааны суурь цутгаж байгаа тул даруй чөлөөлөхийг мэдэгдсэн шаардах хуудас ирүүлж байсныг хариуцагч үгүйсгээгүй болно. /хх 15/

 

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204 тоот шийдвэрээр иргэн ХХХХ нь ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ гарам задгайд аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлсэн гэсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулгыг ирүүлсэн байна. /хх 50/

 

Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 тоот албан бичигт “…иргэн ХХХХ-д эзэмшүүлсэн гэх 72235 гэрчилгээний байршил, хэмжээ, зориулалт нь иргэн ХХХХ гийн эзэмшиж байгаа газартай давхцаагүй” гэсэн бичгийн баримт хэрэгт авагджээ.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа нотлон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар хууль ёсны эзэмшигчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрх хамаарна гэж заасан тул нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ-ийн хууль бус эзэмшлээс газраа шаардах эрхтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 20174 дүгээр шүүгчийн захирамжаар уг асуудлыг хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлийг хариуцагч давж заалдах гомдолдоо зааж байгаа боловч тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр гараагүй байна.

   

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/ 02560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа ХХХХгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО