| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403002250395 |
| Дугаар | ХШТ/2025/82 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар ХШТ/2025/82
Л.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч С.Ванчиг, хохирогч Ж.О, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/463 дугаар магадлалтай, Л.С-т холбогдох 2403002250395 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.С, 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар гудамж, **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин сууж байгаа, /РД: ****/,
урьд, 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял,
2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар өршөөгдөж байсан.
Шүүгдэгч Л.С нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийн зүүн замд **** УЕВ улсын дугаартай Тоёота приүс-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин эсрэг урсгал сөрсний улмаас **** УАТ улсын дугаартай Тоёота приүс-30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар гурван хүний эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Л.С-ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь оногдуулсан 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан эрх хасах ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.С-аас эд хөрөнгөд учирсан хохирол 6,935,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан эдийн бус гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Б-д олгож, 2,284,682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид эмчлүүлэхэд гарсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчиг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
1.Жолооч М.Б болон Л.С нар нь тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт хоёр талаасаа хурд сааруулагч давж гараад гол хэсэгт нь буюу явган зорчигчийн гарц дээр “А” цэгт мөргөлдсөн. “А” цэг нь жолооч Л.С-ын зорчиж явсан урсгал байх бөгөөд жолооч М.Б-ийн эсрэг урсгал байдаг. Энэхүү зам тээврийн осол гарсан даруй тухайн газар дээр зам тээврийн осол дээр тогтоосон актаар **** УАТ тээврийн хэрэгслийн жолооч М.Б урсгал сөрсөн талаар тэмдэглэсэн. /1хх-6 дугаар тал/ Хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.С-ыг энэ гэмт хэрэгт буруутгах нөхцөл байдал байхгүй байна. Харин эсрэг урсгалдаа орж бодит үйлдлээрээ “А” цэгт машин мөргөсөн М.Б-ийн үйлдлийг зөвтгөж, түүний үйлдлийн шалтгаан болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасныг үндэслэл болгон Л.С-ыг буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн нь тодорхой байх боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 33, мөн 11.5-д заасныг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-д заасан зөрчлийн хэрэг байхаар ойлгогддог. Харин М.Б-ийн үйлдэл нь бодитоор үйлдэгдсэн болгоомжгүй хэлбэртэй, нөхцөл байдлыг буруугаар ойлгож андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлүүд харагддаг. Улсын яллагч энэ хэргийн талаар “Камерын бичлэгээр тодорхой болсон, энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Л.С-ын үйлдлээс болсон” гэж мэтгэлцдэг нь дээр дурдсан жолооч М.Б-ийн болгоомжгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа мэт ойлгогдох бөгөөд камерын бичлэгээс авсан фото зургийн тайлбарын төгсгөлд “Саарал өнгийн приус (жолооч М.Б) эсрэг урсгал руу эргэх үйлдэл хийж, цагаан өнгийн приус (жолооч Л.С) өөрийн урсгалдаа орох үйлдэл хийж тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө мөргөлдөв” гэсэн байдаг. Үүнээс харахад жолооч М.Б нь өөрийн урсгалаараа чигээрээ буюу баруун гар тийш жолоогоо залаад явсан бол ийм хэрэг гарахгүй байсан нь тодорхой байхад ийнхүү бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, зөрчлийн хэрэг үйлдсэн Л.С-ыг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна. Л.С осол гарсан даруй М.Б-ээс “яаж байна аа дүү” гэхэд М.Б “...уучлаарай миний жолооны хүрд жоохон асуудалтай байгаад хүчрэгдэхгүй орчихлоо, хүний эрүүл мэнд гайгүй бол машиныг нь засаад өгнө” гэж хэлсэн бөгөөд амнаас нь архи үнэртсэн байдалтай байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад машин дотор архины шил байсан зураг байдаг. Үүнийг анхан болон давж заалдах шүүхийг хууль буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.
2.Хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчиж нотлох баримтуудыг бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, анх хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан болон зам тээврийн осол дээр тогтоосон актын цаг хугацаа зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуудасны нүүр тус бүр дээр гарын үсэг зураагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Н-ийг ирцэд оруулаагүйгээс гадна хохирогч Ж.О, Ж.Н, иргэний нэхэмжлэгч Э.М нарын шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож өгсөн мэдүүлгийг тухайн хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн. Ийнхүү хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтууд хэрэгт байгааг бүрэн дүгнэлгүй шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7 дугаар хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын яллагч зурган дээрхийг үндэслэж яллаад байгаа ба тухайн зургаас харахад Л.С нь эгнээндээ орчихсон явж байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа нь хэт нэг талыг барьж хийгдсэн гэж үзэж байна.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байдалд дүгнэлт хийхэд, шүүгдэгч Л.С-ыг буруутгахын тулд хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлохыг оролдсон, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан, эргэлзээ бүхий нотлох баримтуудын аль хэсгийг нь шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь тодорхойгүй байгаа нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолыг зөрчсөн байхаар ойлгогдож байна. Иймд гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Ж.О шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Анх М.Б урсгал сөрж орж ирсэн ба тэрээр тухайн үед хэлэхдээ “...машины хүрд гэмтэлтэй байгаа юм, хүн гэмтээгүй бол яах вэ” гэж хэлсэн” гэв.
Прокурор шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.С нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийн зүүн замд Тоёота приүс-30 маркийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, эсрэг урсгал сөрсний улмаас Тоёота приүс-30 маркийн **** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, М.Б, Ж.О, Ж.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт холбогдсон. Хэрэгт авагдсан камерын бичлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн мөрдөгч магадалгаа гарган, улмаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзээд, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилон шинжилгээ хийлгэсэн. Энэхүү шинжилгээний дүгнэлт нь мөрдөгчийн магадалгаатай ижил гарсан бөгөөд Л.С нь хурд сааруулагчийг тойрч эсрэг урсгал руу орсны улмаас зам тээврийн осол гарсан нь нотлогдсон. Хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгчийн эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулан дахин шинжээч томилсон байдаг. “2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд зарим оролцогчийн мэдүүлгийг бичээгүй орхигдуулсан” гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарладаг ба энэ шүүх хуралдааныг дахин шинжээч томилуулахаар хойшлуулсан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-аас хохирогч М.Б-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах ажиллагааг зөвхөн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор заасан хуульд заасан ойлголт, ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллага, шинжээч хийхээр хуульчилсан. 2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар талд сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох хүснэгтээр танилцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхээс хохирогч М.Б-ийн сэтгэцэд учирсан хохиролд 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаас шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн гомдлоор хэргийг хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн болж өнгөрсөн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.
3.Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, оролцогчийн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүхийн хэлэлцүүлгийг мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад бус шүүх хуралдааны явцад ч нотолдог болохыг зохицуулсан нь дээрх зарчмууд хэрэгжих нэг илрэл юм.
Нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлохоор хуульчилсны эрүүгийн эрх зүйн ач холбогдол нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн, оновчтой ял оногдуулах урьдач нөхцөл болохоос гадна цагаатгах үндэслэл болдог.
4.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөл гэмт хэргийн шууд бүрэлдэхүүн биш боловч гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн үйл явц, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг үндэслэлтэй, зөвөөр үнэлэхэд зайлшгүй урьдчилан дүгнэлт хийж бодит байдлыг тогтоохуйц эрүүгийн эрх зүйн ойлголт бөгөөд гэм буруутайд тооцох, гэмт хэргийг ангилах, ял шийтгэл оногдуулах, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд нөлөөлдөг юм.
Шүүгдэгч Л.С зам тээврийн осол болох тухайн цаг хугацаанд **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд бөгөөд бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтэд М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн, Л.С Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалтыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон гэж тусгагдсан байна.
Дээрх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээс гадна хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч болон гэрэл зураг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт хийсэн үзлэг, тэмдэглэл зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан магадлах аргаар шинжлэн судалж, тэдгээрийн нотлогдохуйц байдлын талаар яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шалгаж, шүүгдэгч Л.С тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хурд сааруулагч дээгүүр гарч, хурдаа сааруулах ёстой байтал түүнийг тойрон гарах зорилгоор эсрэг урсгал сөрж, улмаар тус эгнээгээр зорчин явсан тээврийн хэрэгслийн жолооч М.Б осол гарах аюулаас зайлсхийх оролдлого буюу зүүн гар тийш огцом дарсан хэдий ч ослыг бүрэн зогсоож чадаагүй, энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн “...М.Б-ийн үйлдэл нь бодитоор үйлдэгдсэн болгоомжгүй хэлбэртэй, нөхцөл байдлыг буруугаар ойлгож андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, ...хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтууд хэрэгт байгааг бүрэн дүгнэлгүй шийдвэрлэсэн” гэх утга бүхий хяналтын журмаар гаргасан гомдол хангагдахгүй.
5.Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт бичигдсэн осол гарах үеийн цаг зэргийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 50 минутын орчим гэж гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай 1856 дугаартай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл тус шүүх хуралдаанд хохирогч Ж.О, иргэний нэхэмжлэгч Э.М нар оролцсон бөгөөд тэд шүүх хуралдаанд “...хэлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, тухайн шүүх хуралдаанд хохирогч Ж.Н оролцсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-т холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 10, 24-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, хойшлуулсан хэдий ч хохирогч Ж.О, Ж.Н, иргэний нэхэмжлэгч Э.М нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн талаар мэдүүлж байгаагүй, хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдол гаргаагүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.С-ын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжид хамаарч байгааг шүүхээс үндэслэлтэй зөв тайлбарлан зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эдгээр байдлаас дүгнэвэл шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн “...хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан болон зам тээврийн осол дээр тогтоосон актын цаг хугацаа зөрүүтэй, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох” агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.
6.Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг тодруулан хуульчилсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нэхэмжилж буй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шүүхээс тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгадаг.
7.Хоёр шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Зургаадугаар хавсралтаар батлагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт үндэслэж, мөрдөгчөөс хохирогч М.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосон баримт, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 8,580,000 төгрөгөөр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр нь зөвхөн хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж баталгаажуулан заасан байна.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.
8.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хоёрдмол утгагүйгээр хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт гэдэг нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу шинжлэх ухаан, техник, урлаг, үйлдвэрлэлийн салбарт эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага, этгээдээс томилсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй үнэлэмжийг ойлгодог.
9.Хоёр шатны шүүх дээрх хуульд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр мөрдөгчөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон баримт, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Дөрөвт зааснаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг Гуравдугаар зэрэглэлээр тогтоож, хохирлыг мөнгөн хэлбэрээр шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
10.Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хохирогч М.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.С-аас эд хөрөнгөд учирсан хохирол 6,935,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Б-д олгож, 2,284,682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж, хохирогч М.Б сэтгэцэд учирсан эдийн бус гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ванчигийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР