Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 0029

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Рашаант сумын иргэн П.Сийлэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нарт холбогдох

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нарын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28, 20-05/03/26, 20-05/04/27 дугаарын актуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0026/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Сийлэгмаа, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Д.Сарангэрэл, Ц.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Сийлэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, 2016 онд сургуулийн захиралд ур чадварын нэмэгдэл 8 сараар олгож, 1027677 төгрөг илүү олгосон гэж тус сургуулийн захирал П.Сийлэгмаа надаар буцаан төлүүлэхээр 20-05/05/28 дугаарын, 2016 онд тус сургуульд монгол хэлний багш хүрэлцээгүйн улмаас 7 хоног Монгол бичгийн хичээл заасны хөлс 308040 төгрөгийг шийдвэргүй олгсон гэж төлүүлэхээр 20-05/03/26 дугаарын, үндсэн цалингийн 20 хувь болох 146811 төгрөг төлүүлэхээр 20-05/04/27 дугаарын актуудыг тус тус үйлдсэн байдаг. Миний бие дээрх актуудыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээд одоо шүүхэд хандаж байна. Улсын байцаагч нар нь дээрх актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа.

  1. 20-05/05/28 дугаарын актын тухайд: Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын 5-д Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй гэж заасан бөгөөд Булган аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжаар ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ захирамжийн дагуу тухайн жилийн төсөвтөө захирагдан эхний хагас жилийнхийг бөөнд нь аваад дараа нь 9, 10 сард цалингийн сан хүрэлцээтэй байсан тул нэмэгдлээ авсан байдаг. Энэ нь ямар нэр байдлаар хууль, журам, дээд газрын шийдвэрийг зөрчөөгүй.
  2. 20-05/03/26 дугаарын актын тухайд: Манай сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Мажаачум өвчний улмаас удаан хугацаагаар хичээл заах боломжгүй болсон тул аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургалтын менежер энэ тухай утсаар танилцуулж, хэрхэн шийдвэрлэх талаар асуухад нөөцөд бүртгэлтэй хоёр хүний утасны дугаарыг өгсөн. Үүний дагуу асуухад санал болгосон хоёр хүн нь хөдөө орон нутагт ажиллахгүй гэсэн хариу өгсөн. Ингээд монгол бичгийн хичээл заах багш олдохгүй байсан тул миний бие тухайн ангид монгол бичгийн хичээл заасан. Заасан цагийн хөлсөнд жилдээ 308040 төгрөг авснаа хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Хэрвээ би тухайн хичээлийг заагаагүй бол хүүхдүүдийн хичээл хоцрох байсан.
  3. 20-05/04/27 дугаарын актын тухайд: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ актыг хүчингүй болгуулах хүсэлтэй байсан боловч сумын Засаг дарга надад арга хэмжээ авсан захирамжаа эргэж харах, засах талаар хариу өгсөн тул дээрх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа.

Улсын байцаагч нар акт тавихдаа ямар хууль журмыг зөрчсөнийг тайлбарлаагүй, дээрх актуудыг гаргах болсон шалтгаан, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн материалтай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Гурван сайдын хамтарсан тушаал болон аймгийн Засаг даргын захирамжаар нэмэгдэл авах эрх зүйн үндэс нь бүрдсэн байдаг. Хичээл заасны хувьд орон нутагт багш хүрэлцээгүй нийгмийн шаардлага байсан учраас хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангаж, монгол бичгийн хичээлийг заасан байдаг. Үүнд буруутгах шалтгаан байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэв.

Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 тоот удирдамжийн хүрээнд хийсэн шалгалтаар нийтдээ 8789300 төгрөгийг төлүүлэхээр 5 акт тогтоосон. Үүнээс нэхэмжлэгч П.Сийлэгмаад холбогдох актуудыг эс зөвшөөрч манай байгууллагад хандан шийдвэрлүүлсэн байдаг. Ингээд 20-05/05/28 тоот актаас зарим хэсгийг нь чөлөөлж, 20-05/03/26 тоот актыг хэвээр үлдээсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжаар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн 2016 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэр гарсан байна. Үүний дагуу Рашаант сумын сургуулийн захирал П.Сийлэгмаад 2016 оны 1-6 сарын ур чадварын нэмэгдлийг бөөнд нь нэг удаа 880864 төгрөг, 10 дугаар сарын сард ур чадварын нэмэгдэл нэрээр хоёр удаа 293622 төгрөг нийт 1174486 төгрөг авсны 1027675 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон. Дээрх гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг аймгийн Засаг даргын шийдвэрээр олгох зохицуулалттай. Аймгийн Засаг дарга хагас жилийн ажлыг нь дүгнэж захирамж гаргаснаар ур чадварын нэмэгдэл авах үндэслэл үүсч байгаа. Эхний хагас жилд захирамжийн дагуу нэмэгдэл авсныг буруутгахгүй гэж үзээд эхний 6 сард авсан нэмэгдлийг олгохоор болж, харин 10 сард ур чадварын нэмэгдэл олгохоор Засаг даргын шийдвэр гараагүй байхад авсан нэмэгдэлийг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. 20-05/03/26 дугаарын актын хувьд захирал багшид хичээл заасан хөлсийг олгохдоо Боловсол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 21-т заасан сумын Засаг даргын шийдвэргүйгээр зөвхөн цагийн тооцоог үндэслэж илүү цагийн хөлс олгосон нь буруу гэж акт тавьсан. Тухайн үед ажлын зайлшгүй шаардлагын үүднээс багшилсан гэж байгаа боловч сумын Засаг дарга, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр захирлын үндсэн цалингаас олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч 20-05/04/27 дугаарын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар өөрөө татгалзаж байгаа учир энэ акттай холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэв.

Хариуцагч Ц.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Улсын ахлах байцаагчийн өгсөн тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Сийлэгмаагаас Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нарт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26, 20-05/04/27, 20-05/05/28 дугаарын актуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 20-05/04/27 дугаарын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, 20-05/04/27 тоот актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанд хандаж гомдол гарган хариуг авсан байна.[1]

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэлээр 20-05/03/26, 20-05/05/28 тоот актуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Рашаант сумын Бүрэн дунд сургуулийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Уг шалгалтыг хийхдээ аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 тоот хяналт шалгалт хийх удирдамжаар тус албаны 2017 оны хяналт шалгалтын графикт заасны дагуу Рашаант сумын төсөвт албан байгууллагууд хамрагдсан байна.[2]

Хяналт шалгалтын явцад Бүрэн дунд сургуулийн захирал П.Сийлэгмаа, нягтлан бодогч С.Шинэбилэг нарт 20-05/03/26, 20-05/04/27, 20-05/05/28 тоот актуудаар төлбөр хариуцуулан төлүүлэхээр тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.[3]

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нарын 20-05/03/26, 20-05/05/28 тоот актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны харилцах дансны болон кассын орлого, зарлагын гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримт, бараа материалын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журналууд, дансны бичилтүүдтэй тулгасны үндсэн дээр шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдалд Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудад заасны дагуу хариуцлага ногдуулж, төсөвт учирсан хохирлыг төлүүлэхээр акт тогтоосон гэж маргасан байна.

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нарын 20-05/05/28 тоот актын тухайд: Нэхэмжлэгч нь маргаан бүхий 20-05/05/28 тоот актад дээд шатны байгууллагад гомдол[4] гаргасан байх ба нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд дээрх актаас 734055 төгрөгийг чөлөөлж, үлдэх 293622 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Булган аймгийн Аудитын хорооны хурлын тэмдэглэлээр нотлогджээ.[5]

2016 онд бүрэн дунд сургуулийн захирал нарт ур чадварын нэмэгдэл олгохоор Булган аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/257 тоот захирамж гарсны дагуу сургуулийн захирлуудад нэмэгдэл олгож эхэлжээ. Рашаант сумын сургуулийн захирал П.Сийлэгмаа нь 2016 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгийн гэрээний биелэлтээр А үнэлгээ авч, ур чадварын нэмэгдэл авах шалгуур үзүүлэлтийг хангасан тул сарын цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал авахаар дээрх захирамжид тусгагдсан байна.[6] Аймгийн Засаг даргын А/257 тоот захирамж нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 тоот тушаалыг үндэслэж гарсан байх ба уг тушаалын 1-т Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийг хавсралтаар баталжээ. Энэхүү Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 1-д Засгийн газраас тогтоосон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, дотуур байрны багш болон цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багшид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө, 5-д Энэхүү журмын 1 дэх заалтад заасан төрийн үйлчилгээний албан хаагчдад тухайн сургууль, цэцэрлэгийн суралцагчдын сурлагын амжилтыг хагас жил тутамд үнэлсэн үнэлгээний үзүүлэлт нь тухайн аймаг, дүүргийн энэхүү үнэлгээний үзүүлэлтийн дундажаас доошгүй байх нийтлэг шаардлагыг заавал хангасан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгоно гэж заасан байх ба журамд зааснаар ур чадварын нэмэгдэл олгоход тавигдах гол шалгуур үзүүлэлт нь хагас жил тутамд үнэлсэн үнэлгээнээс шалтгаалан нэмэгдэл авах эрх бүхий албан тушаалтнуудад ур чадварын нэмэгдэл олгогдохоор зохицуулсан байна. Аймгийн Засаг даргын А/257 тоот захирамжийн 1-д Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн 2016 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж ур чадварын нэмэгдэл олгох хэмжээг хавсралтаар баталсугай гэж зааснаас харахад ур чадварын нэмэгдлийг эхний хагас жилийн ажлын үр дүнгээр олгохоор шийдвэрлэж, цалингийн сандаа багтаан олгохыг төсвийн нягтлан бодогч нарт зөвшөөрсөн байна.[7] Дээрх журам, аймгийн Засаг даргын захирамжаас харахад 2016 оны эхний хагас жилийн ур чадварын нэмэгдлийг олгох эрх олгосон гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл Рашаант сумын бүрэн дунд сургуулийн захиралд ур чадварын нэмэгдлийг олгохдоо эхний хагас жилийн буюу 1-6 сарын ур чадварыннэмэгдэлд нийт 880864 төгрөгийг нэг удаа бөөнд нь буюу 6 сард олгосон атлаа 10 сард 146811 төгрөгөөр хоёр удаа ур чадварын нэмэгдэл олгосон нь шалгалтаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх ур чадварын нэмэгдэлээ эхний хагас жилд багтаан аваад, дараагийн хагас жилд 2 сарын нэмэгдлийг авсан гэдэг нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын А/257 тоот захирамжийн дагуу бүтэн жил ур чадварын нэмэгдэл авах эрх үүссэн гэж маргаж байгаа боловч хамтарсан тушаалаар баталсан ур чадварын нэмэгдэл олгох журам болон аймгийн Засаг даргын ур чадварын нэмэгдэл олгох эрх олгосон А/257 тоот захирамжид эхний хагас жилийн ажлыг дүгнэж, нэмэгдэл олгохоор тодорхой заасан байхад 2016 оны хоёрдугаар хагас жилд 2 сарын нэмэгдэл авсан нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл эхний 6 сарын нэмэгдлийг олгохоор шийдвэр гарсан байхад 8 сарын нэмэгдэл авсан нь төсвийн мөнгийг зарцуулах эрх олгогдоогүй байхад илүү 2 сарын ур чадварын нэмэгдэл авсан нь 3 сайдын тушаалаар баталсан журмын 10-д Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 7 сараас 12 сар хүртэлх сүүлийн хагас жилийн ур чадварын нэмэгдэл олгох талаар болон нэмэгдлийн хэмжээг нэмэх, хасах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргаагүй байхад 10 сард хоёр удаа ур чадварын нэмэгдэл авсан нь үндэслэлгүй тул улсын байцаагч нарын акт үндэслэлтэй гарсан байна гэж үзлээ. Маргаан бүхий 20-05/03/26 тоот актын тухайд: Рашаант сумын бүрэн дунд сургуулийн Монгол хэл, монгол бичгийн багш Б.Мажаачум нь өвчтэй байх хугацаанд тус сургуулийн захирал П.Сийлэгмаа нь түүний оронд монгол бичгийн хичээл зааж 2016 оны 3 сард 17 цаг, 10 сард 30 цагийн илүү хөлсийг бодуулж авсан нь хэрэгт авагдсан Дунд ангийн багш нарын үндсэн цалингийн тооцоогоор нотлогджээ.[8] Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл олгоно, 50.3-т Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно гэж тус тус заажээ. Бүрэн дунд сургуулийн захирал нь ажил олгогч буюу Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж хөдөлмөрлөдөг ба түүний ажил үүргийн хуваарьт хичээл заах үндсэн үүрэг байхгүй байна. Хэдийгээр хичээл заах үүрэг хүлээгээгүй ч эзгүй байгаа багшийн оронд өөрийн эзэмшсэн мэргэжлийн хичээлийг заах нь буруу биш боловч илүү цагаар ажилласан хөлсийг олгохдоо эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй олгосон нь хууль зөрчжээ. Боловсрол, соёл,шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307//91/237 тоот тушаалаар батлагдсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам-ын 3-ийн 21-т Сум дүүргийн Засаг дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг холбогдох тогтоол, журам, тэдний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тогтоож, сургууль цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж, тушаалаараа баталгаажуулна, 23-т Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно гэж зохицуулснаас харахад эзэнгүй байгаа багшийн оронд багшлуулах үед сургалтын менежер гэрээ байгуулах, эсхүл эрх бүхий албан тушаалтны цалин хөлс олгох эрх олгосон шийдвэр байхаар заасан байна. Нэхэмжлэгч нь тус сургуулийн захирал бөгөөд өвчтэй байсан багшийн оронд түүний заах ёстой хичээлийг заахаар зохицуулалт хийхдээ сургалтын менежертэй гэрээ хийх, эсхүл энэ талаар эрх бүхий албан тушаалтанд танилцуулж шийдвэр гаргуулах ёстой байжээ. Сумын бүрэн дунд сургуулийн хувьд тухайн сумын Засаг даргад үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулж, шийдвэр гаргуулах боломжтой юм. Үүнээс гадна сумын бүрэн дунд сургуулийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар сургуулийн хэмжээнд төсвийн шууд захирагч бөгөөд 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасны дагуу тухайн байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, орон тоог батлах эрхийг эдлэхээр заасан боловч өөрөө илүү цагаар ажиллах, өөрийн авах цалин хөлсийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй байна. Иймд илүү цагаар ажиллаж, эзэнгүй байгаа багшийн хичээлийг заасныг буруутгах боломжгүй ч хичээл заасан илүү цагийн хөлсийг гэрээ болон шийдвэргүйгээр авсан нь хууль зөрчсөн, гэрээ болон шийдвэрийг санхүүгийн баримтанд хавсаргаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг зөрчсөн тул улсын байцаагч нарын акт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Маргаан бүхий 20-05/05/28, 20-05/03/26 тоот актууд нь Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын дүнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар тавигдсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бодит нөхцөл байдал шалгалтын үр дүнд үүсч, илэрсэн зөрчлийг Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актуудыг үйлдэж, хяналт шалгалтын дүнгийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тайлагнаж[9] ажилласан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, улсын байцаагч Ц.Алтанхуяг нарт холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26, 20-05/05/28 дугаарын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаарын акттай холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, 20-05/04/27 дугаар актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 23, 60 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 89-91 дүгээр тал