Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2016/00861

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.О- ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Х ХХК-д холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин үнэлгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О-, хариуцагчийн төлөөлөгч Д.Нямлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэгч О.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд ** тоот байршилтай 80 м.кв 4 өрөө орон сууцыг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 20-ны 1075 дугаар шүүхийн шиийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 16/55/05 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд” 2016 оны 05 сарын 23-нд Х ХХК-иар 5-24-75 тоот 4 өрөө байрын үнэлгээг 107,000,000 төгрөгөөр үнэлсэн болно. Энэ үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин үнэлгээ гаргаж өгнө үү. Үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Д.Нямлхагва шүүхэд болон шүүх хүралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 16/55/02 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын дагуу О** тоотод байршилтай дөрвөн өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох ажлыг манай Х ХХК-ийн Орхон аймаг дахь салбар хийж гүйцэтгэсэн. Үнэлгээний ажлыг өртгийн хандлагын арга болон зах зээлийн аргаар хийсэн үнэлгээ 107,010,000 төгрөг байсан. Үнэлгээний арга тус бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд бид харьцуулан үзсэний дүнд тус орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн хандлагын аргаар тооцсон үнэлгээ нь илүү бодитой илэрхийлнэ гэж үзсэн. Зах зээлийн хандлагын аргаар тооцохдоо Уртбулаг баг 5-р хороололд байршилтай ижил төстэй орон сууцны үнийн судалгааг NBHD TB, Мэдээллийн бирж TB зэрэг орон нутгийн TB зар болон Үнэгүй.мн зарын сайтаас мэдээлэл авч хийсэн болно. 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ нь байршил болон засварын байдлаас шалтгаалаад 80,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөгний үнэтэй байсан ба бид уг үнэлгээ хийж буй байрны засвар, байршил зэргийг харгалзан тооцон үзэж 107,010,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан. Бид уг үнэлгээг үнэн бодитой гэж үзэж байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Т.Наранбаярын тогтоолоор 2016 оны 04 сарын 22-ны 16/55/02 тогтоолоор томилогдсон гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч О.О- нь Х ХХК-д холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин үнэлгээ гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 сарын 30-ны өдөр Х ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 142/ШЗ2016/04665 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 Тус шүүхээс 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 142/ШЗ2016/05186 дугаартай шүүгчийн захирамжаар “Х ХХК-ийн Орхон салбар нь Улаанбаатар хотод байрлах Х ХХК-ийн салбар байх бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй тул хэргийг Х ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг, удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд харьяалалын дагуу шилжүүлсэн” байна. 

Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 1075 дугаартай шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 16/55/05 дугаартай тогтоол, зохигчдын зэргээр  тогтоогдож байна. 

Хариуцагч нь Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Наранбаярын 2016 оны 04 сарын 22-ны 16/55/02 тоот тогтоолоор үнэлгээ гаргасан. Уг үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаар тогтоосон бодит үнэлгээ гэж мэтгэлцэж байна.

           Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор заасан байна.

Нэхэмлэгч О.О- нь  О** тоотод байршилтай 4 өрөө орон сууцыг 107,000,000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан гомдол гаргах байтал Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул О.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг баримтлан Х ХХК-д холбогдох үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дахин үнэлгээг гаргуулах О.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь энэ шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ