| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0260/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0260/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 193900.......дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг “Шалз” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ш.С-ийн гуян тус газарт хоёр удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь Хэнтий аймгийн Норовлин сумы нутаг “Шалз” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ш.С-ийн гуян тус газарт хоёр удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надтай хамт ажилладаг Жалымбекийн төрсөн өдөр 2019 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн өдөр нь болно гээд бид хэд урьдчилан сумаас 4 шил архи Нуртай, Жардембек, хоёроор авчруулсан. Тэгээд бид хэд байрлаж байсан гэртэй бүгдээрээ нийлж авчирсан архиа уугаад мөн архи ууж байхдаа хөзөр тоглосон. Тэгээд би хамт ажилладаг Б-тай хөзөр тоглож байгаад маргасан. Тэгэхэд Б надад хандан “чи битгий дургүй хүргээд байгаарай хутга шаана шүү” гэж хэлсэн. Тэгэхэд нь би чи хутга шааж чадахгүй гэж хэлсэн чинь Б нь шууд хутга гаргаж ирээд миний зүүн хөлний бүдүүн гуя хэсэгт гадна талаас нь нэг удаа хутгаар хатгасан. Тэгэхлээр нь би зүүн хөлөөрөө Б-руу жийтэл мөн хутгаараа зүүн хөлний дотор талд буюу гуяны хэсэгт дахин нэг удаа хутгалсан. Тэгээд гэрээс гараад хажуу талын гэрт байрлаж биднийг хариуцан ажиллаж байгаа Даваа гэх хүнд юу болсон талаар хэлээд намайг машинд суулган Норовлин сумын эмнэлэгт ирж хутгалсан хэсэгт оёдол тавиулсан. Хөлний гадна талд хоёр, дотор талд нь 3 оёдол тавиулсан. Одоо миний биед өвдөж байгаа зовиур гэх юм бол зүүн хөл гишгэж болохгүй хөндүүр байна. Тэрнээс өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна. ...Гэрт Жалымбек, Жарденбек, Ханагат, Б, Нуртай тэгээд би бид зургаа байсан. ...Б нь хөзөр тоглож байгаад надтай муудаад тэрнээс болж намайг хутгалсан. Тэрнээс бид хоёр урд нь ямар нэгэн байдлаар муудаж, зодолдож байгаагүй. ...Б нь улаан модон бариултай эвхдэг тонгорог гаргаж ирээд хутгалсан. Тэр хутгыг Б нь ажил хийж байхдаа хэрэглэдэг хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
2. Гэрч С.Нуртайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө унтаж байгаад сэрэхэд С болон Б нар нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан тэгээд С нь Б руу хандан “чи чаддаг юм бол хутгаараа миний хөл рүү хутгал” гэж хэлсэн. Тэгтэл Б нь барьж байсан улаан өнгийн модон иштэй эвхдэг хутгаар С-ийн зүүн хөл рүү буюу гуянд нь гадна талаас нь хутгалсан. Тэгсэн С нь Б-ыг хутгалуулсан хөлөөрөө өшиглөсөн чинь Б ах дахин С-ийн зүүн хөлний дотор тал руу нь хутгалсан. Тэгээд тэнд байсан цуг ажиллаж байгаа хүмүүс босож очоод Б ахын барьж байсан хутгыг аваад С-ийг Даваа ахтай хамт Норовлин сумын эмнэлэг рүү явуулсан. Би С-ийг хутгалуулахаас өмнө юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Учир нь би унтаж байсан. Би хэд нийлж байгаад 4 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи дэлгүүрээс худалдаж авсан. Тэр архиа ууцгааж байгаад С, Б ах хоёр хоорондоо муудалцсан. ...Би болон Жалымбек, Жардембек, Ханагат, С, Б бид хэд байсан. Өөр гадны ямар нэгэн хүн байгаагүй. ...Б ах ажил хийж байхдаа тэр хутгыг багаж болгон хэрэглэдэг. Өөрт нь байнга явж байдаг хутга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
3. Гэрч Б.Ханагатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би болон надтай хамт ажиллаж байгаа хүмүүс 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 4 шил 0.75 литрийн Улаанбаатар архи ууцгаасан. Тэгээд би архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө сэрэхэд С-ийн зүүн хөлөнд нь Б ах хутгалсан гэж хамт ажиллаж байгаа хүмүүс ярьж байсан. Тэрнээс би яг юунаас болж хутгалсан талаар сайн мэдээгүй. Б ах С-ийг хутгалсан хутга нь Б ах ажил хийхдээ буюу шаланк тасдах гэж байнга биедээ авч явдаг улаан өнгийн модон иштэй эвхдэг жижиг хутга байсан. Өмнө нь Б С ах хоёр хоорондоо муудалцаж байгаагүй...Би Б, Жардембек, С, Жалымбек, Нуртай нар байсан. Өөр гадны ямар нэгэн хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
4. Гэрч Ц.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим жоншны нөхөрлөл дээрээс Норовлин сумын төвд Нуртай гэх залуугийн бие нь халуураад эмнэлэгт үзүүлэхээр орж ирсэн. Тэгээд Нуртайг эмнэлэгт үзүүлээд эмчийн бичиж өгсөн эмийг нь аваад буцаад явсан. Тэгээд хамт ажиллаж байгаа Жалымбекийн төрсөн өдөр нь болох гэж байгаа дэлгүүрээр ороод гаръя гэж Нуртай, Жардембек хоёр хэлсэн. Тэгээд Норовлин сумын төвд байх хүнсний дэлгүүрт тэр хоёрыг оруулсан. Гарч ирэхдээ тэр хоёр тор юм авсан гарч ирсэн. Нүдээр үзэхэд бэлэн гоймон, өмд, ундаа зэрэг зүйлс харагдаж байсан. Яг юу юу авсан талаар нь асуугаагүй. Тэгээд буцаад уурхай явсан. Уурхай дээр очиж оройн хоолоо идчихээд байж байтал хамт ажиллаж байгаа хүмүүс маань бүгдээрээ орж ирээд “даргаа хамт ажиллаж байгаа Жалымбекийн төрсөн өдөр болж байна” гээд ус, ундаа, нэг, хоёр шил архи гаргаж ширээн дээр тавьсан. Тэгээд бид хэд хамт сууж ууя гэж хэлсэн. Тэгэхлээр нь би амралтын цаг болсон байсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд миний амарч байгаа гэрт архи ууж дуусаад 22 цагт бүгд амарлаа гээд амралтын гэр лүүгээ орсон. Харин би гэртэй амраад үлдсэн. Тэр хэд манай гэрээс гарахад ямар нэгэн хэрүүл, маргаан үүсгэж болон хэт согтсон хүн байхгүй гарсан. Тэгээд намайг амарч байтал 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой буюу 00 цаг 20 минтуын орчимд С гэрт орж ирээд намайг сэрээгээд “даргаа намайг Б хутгалчихлаа” гэж хэлээд хутгалуулсан шархаа үзүүлсэн. Тэгээд шархыг нь харахад С-ийн зүүн хөлний гуян тус газраас нь цус гойжиж байсан. Тэгээд би машинаа асаагаад С-ийг машинд суулгаад шууд сумын төвийн эмнэлэгт ирээд С-ийн хутгалуулсан гэх хэсэгт оёдол тавиулсан. Эмчээс нь хэдэн оёдол тавиулсан талаар асуухад эмч надад С-ийн зүүн хөлний булчин хэсэгт хоёр газарт 5 оёдол тавьсан гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаад мэдэгдээд буцаад С-ийг аваад уурхай руугаа явсан. Намайг очиход ажилчид маань бүгд унтаж байсан. С, Б нар нь хоорондоо хөзөр тоглож байгаад муудалцаад Б нь С-ийг хутгалсан гэсэн. Тэрнээс би нөгөө гэрт байсан болохоор яг юу болсон талаар сайн нарийн сайн мэдэхгүй байна. Өмнө нь энэ хоёр муудаж байгаагүй. Надтай хамтраад хоёр жил гаран болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Тэр гэрт манай ажилчид байсан. Гадны ямар нэгэн хүн байгаагүй. Зөвхөн манай ажилчид байсан...Би тухайн үед ямар хутга байсан талаар хараагүй. Харин маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө босоод ямар хутга байсан талаар харсан. Тэр хутга нь улаан модон иштэй эвхдэг хутга байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
5. Гэрчээр Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой хамт ажиллаж байгаа Жалымбекийн төрсөн өдөр болно гээд Норовлин сумын дэлгүүрээс авчирсан 4 шил архиа биднийг хариуцан ажиллаж байгаа Даваажаргалын байрлаж байгаа гэрт бид хэд ороод уусан. Тэгээд архи ууж дуусаад Даваажаргалын гэрээс гарч өөрсдийн байрлаж байгаа гэрт ороод С бид хоёр хөзөр тоглосон. Бусад нь орондоо ороод амрах гэж байсан. Тэгээд С бид хоёр хөзөр тоглож байгаад түүнээсээ болж хоорондоо маргалдсан. Тэгээд С надад хандан “чи намайг хутгалж чадахгүй” гээд 2-3 удаа хэлсэн. Тэгэхлээр нь би цамцны карманд байсан улаан модон иштэй эвхдэг хутгыг гаргаж ирээд С-ийн зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа хутгаараа хатгасан. Тэгтэл С намайг зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэрийг би хутгатай гараараа хаахад С-ийн зүүн хөлний дотор талд хутга зоогдсон. Тэгтэл гэрт байсан манай ажилчид миний гарт байсан хутгыг булааж аваад нуусан. Харин С баруун гэрт байх Даваажаргал руу орсон. Тэгээд төд удалгүй тэр хоёр Норовлин сумын эмнгэлэг рүү явсан. Үлдсэн хэд нь гэртэй унтаад үлдсэн. Харин өглөө босоод С-ээс юу болсон бэ гэж асуухад С эмнэлэг явж хутгалуулсан хэсэгтэй оёдол тавиулаад ирлээ гэж хэлсэн. С бид хоёр өмнө бол ямар нэгэн байдлаар муудаж байгаагүй. Дээрх үйлдэл болоход гэрт би Жалымбек, Ханагат, Жарденбек, С, Нуртай нар байсан. Өөрд гадны ямар нэгэн хүн байгаагүй. С бид хоёр архи уусан тэгэхдээ ухаанаа алдтал их архи уугаагүй зүгээр байсан. ...Бид хоёр хөзөр тоглож байгаад С булхайцаад тэрнээс болоод бид хоёр муудалцсан. ...С-ийг би улаан өнгийн модон бариултай эвхдэг жижиг хутгаар хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
6. Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №485 дугаартай:
- Ш.С-ийн биед гэмтэл тогтоогдлоо
- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Б-ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 13, 48 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй, эвхдэг жижиг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ