| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 102/2015/10102/И |
| Дугаар | 182/ШШ2016/00866 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2016/00866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г- ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Л- ,
Хариуцагч: Ч.У- ,
Хариуцагч: Ш.Г- нарт холбогдох
Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч Д.Л-, Ч.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; ** тоот орон сууцыг худалдан авч 2015 оны 05 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Түүнээс 2 хоногийн дараа архи ууж байгаад Д.Л- богино хугацаатай багахан мөнгө хэрэг болоод байна. Байрныхаа ордерыг түр өгч байгаач удахгүй эргүүлээд өгье гэж гуйхаар нь би удахгүй бол яах вэ гэсэн яриа өрнөж байсан. Энэ үед архи уусан согтолттой байсан боловч богино хугацаанд бол найздаа өгч тус больё гэж зөвшөөрсөн. Тэгээд нэг мэдэхэд нэг бичиг дээр гарын үсэг зуруулж байх шиг байсан тухайн үед би архи их хэмжээгээр уучихсан үйлдлээ сайн хянах чадвар муудсан байсан. Л-ийг найзаа гэсэн үүднээс итгээд гарын үсэг зур гэсэн бичгийг уншихгүй гарын үсэг зурсан шиг санaгдаад байна. Надад ямар ч гарын үсэгтэй бичиг өгөөгүй. Их согтуу байсан болохоор яг ямар бичиг баримтанд гарын үсэг зураад байгаагаа сайн ойлгоогүй. Дараа нь найзаасаа ордерыг минь өгөөрэй гэхэд удахгүй Их дэлгүүрийн ард байраа түрээслээд өгнөө гэж байсан боловч өгөхгүй удаад байсан мөн утсаа авахгүй сураггүй болоод байхаар нь дөнгөж авсан гал голомтоо үрэн таран болгож байгаа юм биш байгаа гээд Л-, У- нарыг хайж яваад СХД-ийн Барс-2 худалдааны төв дээр Бямбацогтын эзэмшлийн архи, ундааны бөөний цэгийг ажлуулж байгааг нь олоод ордероо шаардахад нэг сарын хугацаа өгөөч гээд бас л өгөхгүй таг болсон. Гэтэл гэнэт Галя гэдэг хүн танай байрыг Л-, У- нар 40,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа зээлийн хугацаа нь дуусаад алга болоод байна. Тухайн үед Л- ийм их хэмжээний мөнгөний барьцаанд тавих талаар надад огт хэлээгүй миний архинд дуртай байдлыг далимдуулан итгэл төрүүлж байгаад байрны ордерыг авч барьцаанд тавьсан байна.
Миний хувьд ийм их хэмжээний өр, зээлэнд барьцаалуулах талаар Л-ид зөвшөөрөл өгөөгүй бөгөөд намайг хууран мэхэлж төөрөгдүүлэн итгэмжлэл хийлгэж авсан байна. Мөн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь миний зурдаг гарын үсгийн хэвээс огт өөр байгаагаас итгэмжлэлийг хийхэд миний биеэ хянах чадваргүй байдлыг ашиглан хийж надад хохирол учруулаад байна. Миний бие нь сайн ойлгоогүй ордероо өгсөн байна яаралтай буцааж өг гэж 2015 оны 6 сараас эхлэн шаардаж эрж хайж байсан Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.6 дах хэсэгт заасан үүргээ биелүүлж байсан. Иймд 2015 оны 05 сарын 27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.7, 58-р зүйлийн 58.3.1, 58.4, 58.7 мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.4 дэх хэсэг болон 66 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г- нь Б** тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч 2015 оны 05 сарын 20-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Д.Г- Д.Л-той архи ууж байгаад ордероо өгч тус болъё гэж зөвшөөрсөн байдаг. Д.Г- их согтуу байсан болохоор яг ямар бичиг баримтанд гарын үсэг зураад байгаагаа сайн ойлгоогүй. Л-, У- нар 40.000.000 төгрөгийн барьцаанд гэж хэлээгүй багахан мөнгө хэрэг болоод гэж хэлсэн байдаг. Мөн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг түүний гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон. Д.Г-ын биеэ хянах чадваргүй байдлыг ашиглан 2015 оны 05 сарын 27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Ш.Г-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, Галяг хариуцагчаас хасуулах хүсэлт байна гэв.
Хариуцагч Д.Л-, Ч.У- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 5 сарын 22-ны өдөр иргэн Г-аас итгэмжлэл авч орон сууцын барьцаанд тавих зөвшөөрөл олгосон дагуу Галягаас 40.000.000 төгрөг авч бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Улмаар бизнес доголдож энэ мөнгийг төлж чадахгүйд хүрсэн. Одоогоор 17,000,000 төгрөг Галяд өгсөн бөгөөд үлдэгдэл 23,000,000 төгрөгийг төлж Г-ын ордерыг авч өгнө. Д.Г- нотариат дээр очихдоо эрүүл байсан. Нотариатч үр дагаварыг тайлбарлаж өгсөн. Согтуу хүн дагуулаад очихоор итгэмжлэл өгөхгүй. Барьцааны гэрээнд Д.Л- би гарын үсэг зурсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагч Д.Л-, Ч.У-, Ш.Г- нарт холбогдуулан 2015 оны 05 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Д.Л-, Ч.У- нар барьцааны гэрээг хуулийн дагуу 2015 оны 05 сарын 22-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /хх-ийн 42 талд/ татгалзлаа бичгээр ирүүлсэн тул татгалзлыг батлах үндэстэй байна.
Д.Г-ын 2015 оны 05 сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Д.Л-, Ш.Г-тай **тоот хаягт байршилтай 38,95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж 40,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж гэрээнд Д.Л- гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 4311 тоот дүгнэлтээр 2015 оны 05 сарын 22-ны өдрийн “Итгэмжлэл” гэсэн баримтын зүүн доод хэсэгт “Төлөөлүүлэгч Д.Г- гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Д.Г-ын гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 05 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодруулж, 2015 оны 05 сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус эсэх талаар маргахгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь дээрх итгэмжлэл хууль зөрчсөн гэж үзвэл итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.
Талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 сарын 10-ны өдөр 289,200 төгрөгийг Баянгол дүүргийн шүүхийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд тушаасан орлогын баримтыг хавсаргаж ирүүлсэн боловч 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 102/ШЗ32015/30511 дугаартай шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж /хх-ийн 4 талд/ байх тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэсгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж Улсын орлого болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Д.Л-, Ч.У- нарт холбогдох 2015 оны 05 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь Ш.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ганбаатараас 357,950 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ