Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:174/2019/0258/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                       М.Мичидмаа,

Улсын яллагч                                                       М.Гэрэлбадрах,

Шүүгдэгч                                                               Д.М

    

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох 1939...  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.М нь Хэнтий аймгийн Дадал сумын төвд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Х.С-г айлын гадна сууж байхад утсаар яриад өгье гэж түүний ягаан өнгийн IPHONE 6S PLUS маркийн гар утсыг авч зугтаагаад илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.М нь Хэнтий аймгийн Дадал сумын төвд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Х.Сг айлын гадна сууж байхад утсаар яриад өгье гэж түүний ягаан өнгийн IPHONE 6S PLUS маркийн гар утсыг авч зугтаж илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан болох нь:

 

Хохирогч Х.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төвд байх өөрийн найз Больхүүгийн гэрт нь хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ойролцоогоор 10 цагийн үед би Больхүүгийн гэрээс гарч Дадал сумын төвд байх өөрийн гэр рүүгээ явсан. Тэгээд би явж байгаад замын хажуу талын төгсгөл дээр очоод утсаараа мессеж бичих гээд уг газрын ойролцоо модны хажууд суусан юм. Тэгээд намайг мессеж бичээд сууж байхад над дээр миний танихгүй 40 гаруй насны шар улаан царайтай нэг ах хүрч ирээд надад хандан ахдаа утсаа өгөөч, ах нь утсаар ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ахад итгээд өөрийн шаргал ягаан өнгийн IPHONE 6S PLUS  гар утсаа өгөхөд уг ах хэсэг миний хажууд маань утсаар ярьж байснаа гэнэт л утсыг маань аваад зугтаагаад яваад өгчихсөн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд уг хүнийг гүйцэж чадаагүй. Тэгээд би энэ талаараа Дадал сумын хэсгийн төлөөлөгчид хэлж ярьж мэдэгдсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Гэрч Б.Хосбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай сумын залуу Мөнхболдоос би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр IPHONE 6S PLUS  маркийн утас худалдаж авсан юм. Тэр өдөр колонк дээр ээлжтэй ажиллаж байсан. Мөнхболд өдөр 14 цагийн үед ирээд Хосоо мөнгөний хэрэг болоод байна. Ах нь өдөр хөдөө явах ажилтай болоод байна. Би Дорнодоос ирсэн найзынхаа утсыг үлдээчихье гэж хэлээд гуйгаад байхаар нь би авсан юм. Тэгээд би 40.000 төгрөгөөр авсан юм. Тэгэхдээ дараа ирж утсаа авна гэж хэлээд юм. Тэгээд орой нь нэлээн согтуу ирээд дахиад 10.000 төгрөгийг нэмж аваад явсан. Ингээд нийт би 50.000 төгрөг өгсөн. Тэгээд би дараа нь таараад та миний мөнгийг өгөөч ээ, энэ утсаа буцаагаад ав гэхэд ах нь адуу зараад мөнгийг нь өгнө гэж хэлээд явсан.

Ягаан өнгийн IPHONE 6S PLUS  маркийн утас байсан. Цагаан шаргал өнгийн кейстэй байсан. Асааж үзэхэд кодтой байсан. Тэгээд би дахиж оролдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  19 тал/,

 

Яллагдагч Д.М-н гэрчээр өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд би бөөр булгаас Энх-Амгалан эгчийнхээс гараад сумын төв рүү явах замд Эрчмийн Хосоогийн хашааны хойд талд танихгүй шар хүүхэн сууж байсан. Согтуу байсан. Тэгэхээр нь би ахдаа утсаа өгөөч  нэг хүн рүү яриад өгье гээд утсыг нь авсан юм. Тэгээд би утсаар нь ярьж байгаад нөгөө хүүхэн согтуу, шарталтын байдалтай толгойгоо бариад сууж байхаар нь би утсыг нь тэр чигт нь аваад явчихсан. Араас дуудаад гүйгээд байхаар нь би тэр чигтээ гүйгээд явчихсан юм. Ийм зүйл болсон. Би тэр гар утсыг колонкийн Хосбаярт 30000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөөрөө архи авч уусан. Утас одоо Хосбаярт байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

Эд зүйлийн үнэлгээний 282 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Д.М-н ял шалгах хуудас /хх-ийн 44 тал/,

Эд зүйл түр хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 тал/

Шүүгдэгч Д.М-н шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Х.С-н “...Би утсаа бүрэн бүтэн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 10, 72 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 тал/ зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Мыг хохирогч Х.Сд төлөх төлбөргүй гэж үзээд харин иргэний нэхэмжлэгч Б.Хосбаярын “... надад 50.000 төгрөгийг одоог болтол төлөөгүй байгаа. Би 50.000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ шинжлэн судлаад шүүгдэгч Д.М-с 50.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Х-т олгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Д.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийг үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсусай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 6 / зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мод Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-с 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Х-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА